Төвлөрсөн эдийн засгаасаа алхам ч холдоогүй Монгол улс
- 2021-09-01
- Нийтлэл
- 0
Монгол улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд даруй 30 жилийг ардаа орхижээ. Үүнээс бага хугацаанд зарим нэгэн улс “загасчдын тосгон” гэгдэж байсан нэр хочоо “орчин үеийн шинэ технологийн тэргүүлэгч гүрэн” гэх эрхэм гуншингаар сольж чаджээ. Харин манайд “социалист нийгмийн үед бид бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэдэг байсан” гэх хуучнаа санагалзсан харуусал нийгэмд амь бөхтэй орших аж. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр бүх үйлдвэрээ нурааж, олон мянган ажилчдыг гудамжинд гаргаж хаясан тухай эрх баригчдын “тархи угаалт”-ыг аль нэгэн хэвлэл мэдээллийн хуудас, эсвэл телевизийн дэлгэцээс одоо ч харж болно. Монгол Улс социалист орон гэгдэж эдийн засгийн төвлөрсөн төлөвлөлттэй байх үед бүх бараа бүтээгдэхүүн, нөөцийг төрөөс хуваарилдаг байлаа. Энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ, тариф тогтмол, иргэдийн цалин, орлого бага ч харьцангуй жигд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, хүртээмж хангалтгүй, олдоц ховор байсан юм. Тэр үед олон үйлдвэр байсан нь үнэн. Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан нь ч бас үнэн. Гэвч тэдгээр үйлдвэрүүдэд ажиллаж байсан олон мянган ажилчдын цалин ердөө 20 ам.доллароос хэтэрдэггүй байв. Ихэнх үйлдвэр алдагдалтай ажиллаж байжээ. Тэрхүү ихээхэн хэмжээний алдагдлыг ЗХУ-аас зээл авч хааж ирсэн байдаг.
ЗХУ гэх их гүрэн задарч, социалист лагерийн улсуудаа бүү хэл өөрөө асар хүнд байдалд орсон нь 1990-ээд оны эхэн үе. Энэ үеэс Монгол төдийгүй Зүүн Европын социалист чиг баримжаатай улс орнуудад олон мянган үйлдвэрүүд ээлж дараалан хаалгаа барьж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг цаашид оршин тогтнох боломжгүй болохыг харахын тулд хэсэг бүлэг улс бүхэл бүтэн 70 жил “буруу замаар, будаа тээжээ”. Үнэндээ бол “хорь хүрэхгүй ам.долларын цалингаар гэр бүлээ тэжээх боломж байхгүй” гэдэг энгийн гаргалгаа ялсан хэрэг л дээ. Ийм бодит үнэнийг Монголын нийгэмд хэн ч ярьсангүй. Харин “ардчилал, чөлөөт зах зээл” хэмээх элдвээр харааж зүхэж болох сайхан “бай” шинээр бий болов. Чөлөөт зах зээлийн үр шимийг хамгийн ихээр хүртэж яваа баян тансаг хэрэглээтэй эрх баригчид, дээрх “бай”-г хамгийн чадварлагаар хараар будаж, тэрбумтны зиндаанд хүргэсэн нийгмийнхээ иргэдийг хагалан турхирч сууна.
Тэртээ 1990 оны цагаан морин жил монголчууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаасаа татгалзаж чөлөөт зах зээлийг сонгосон. Дэлхий дахины хөгжиж буй жишиг, замнаж буй зам мөр нь ердөө чөлөөт зах зээл юм. Бидний олонх ингэж ярьж байгаа боловч бодит амьдрал дээр өмнөх нийгмийн гаж тогтолцоо хэвээр хадгалагдан үлдсэн байх юм.
Монгол улсын төрийн албанд 205011 албан хаагч, төрийн өмчит компаниудад 66316 хүн ажиллаж байна. Энэ нь Монголын төрд нийтдээ 271327 хүн ажиллаж байна гэсэн үг. Манай улсад хөдөлмөр эрхэлж буй нийгмийн даатгалд хамрагдсан, албан журмын даатгуулагчдын тоо 825 мянга орчим юм. Тэдний гуравны нэгээс илүү нь төрд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчид ийм олон иргэдийн амьдралыг нуруундаа үүрч яваа аж.
Зах зээлд шилжмэгц албан байгууллага гэдэг хуучин нэршлээ компани гэдэг чамин үгээр солих төдий өөрчлөлт хийв. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, татвар, бүртгэл, хууль хяналтын гээд үйлчилгээний … тоолбол өмнөх нийгмээсээ дутахааргүй олон байгууллага төрийн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байна. Төрийн болон орон нутгийн өмчит 6082 хуулийн этгээд байгаа нь энэ бүхний баталгаа. Тэдгээрийн төрийн өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, санхүүгийн байдалд хяналт тавих үүргийг төрийн нэрийн өмнөөс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хариуцдаг. Ийм л хуучинсаг данхар бүтцийг чөлөөт зах зээлд шилжсэн гэх Монголын төр 30 жил чирч явна.
Одоо төрийн өмчит компаниудын талаар сонирхож үзье. Монголын төр олон компани ажиллуулж, хувийн хэвшлийнхээ орон зайг булааж тэдэнтэй өрсөлдөж байна. Нийт 339 компани бүртгэлтэй байдгийн 232 нь орон нутгийн өмчит, 107 нь төрийн өмчит компани гэх ерөнхий тоо бий. Төрийн өмчит компаниудын харьяалал харилцан адилгүй. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХКийн харьяанд 13, Сангийн яамны харьяанд зургаа, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд 83 төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт харьяалагддаг 83 хуулийн этгээдээс эрчим хүчний салбарын 21, авто зам засвар арчлалтын 21, бусад чиглэлийн хоёр төрийн өмчит компани байгаа ба төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани найм, төрийн өмчийн оролцоотой компани тав, төрийн өмчит үйлдвэрийн газар 26 байна.
Энэ олон компаниуд өмнөх нийгэмд ажиллаж байсан үйлдвэрийн газруудтай нэг зүйлээрээ ихээхэн төстэй. Энэ нь алдагдалтай ажиллах явдал юм. 2020 онд “Эрдэнэт” үйлдвэр 1.5 их наяд, “Эрдэнэс Тавантолгой” 440 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг эс тооцвол бусад нь алдагдал “үйлдвэрлэжээ”. Төрийн өмчит компаниудын өр 37 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь Монгол улсын бүтэн жилийн ДНБ-тэй тэнцэж байна. Үүнээс гадна Төрийн өмчит компаниудад 32 их наядын өгөөжгүй хөрөнгө байгаа юм. Жижигхэн Монгол улсад ахадсан буюу жилийн 2,4 их наяд төгрөгийн цалингийн сантай төрийн өмчит компаниудад ажиллаж буй 66 мянган хүн энэхүү асар их хэмжээний “өр үйлдвэрлэх” ажлыг гардан хийж байдаг аж. Ийм чөлөөт зах зээл гэж байж болох уу? Өмнөх нийгэмд байгууллагын алдагдлыг ЗХУ-аас өр зээл тавиад нөхөж байдаг байсан бол өнөө үед дэлхийн бусад улсаас зээл авч өрөө нэмээд сууж байна. Зээл авдаг улс орных нь нэр өөрчлөгдсөнөөс өөр гавьтай өөрчлөлтийг эндээс олж харахгүй. Өдгөө Монгол улсын нийт өр 32 тэрбум ам.долларыг давж, ДНБ-хээ гурав нугалах хэмжээ рүү тун дөхөж байна. Энэ нь нэг хүнд оногдох өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм.
Монголбанк нь дэлхийн улс орнуудын төв банкны жишгээр Монгол Улсын нийт гадаад өрийн статистикийг ОУВС-гаас эмхтгэн гаргасан Гадаад секторын статистикийг боловсруулах аргачлал, Мэдээлэл тараах ерөнхий системийн шаардлагын дагуу 2010 оноос эхлэн боловсруулж, олон нийтэд мэдээлж байна. Энэ статистик дүнг харвал компани, аж ахуй нэгжийн өр 8 тэрбум ам.долларыг давжээ.
Хөгжлийн банкны өр зээлийг нэмбэл энэ дүн 10 тэрбум ам.долларт мөд дөхөж очих нь. Тэртээ 30 гаруй жилийн өмнө социалист лагерь нурж унахад манай улсын ЗХУ-д төлөх өр 10 тэрбум шилжих рубль буюу 10 орчим тэрбум ам.доллар байсан билээ. Ийнхүү төрийн өмчит компаниуд зээлдэгчээ сольсон л болохоос өөр ямар нэгэн дорвитой өөрчлөлт хийсэнгүй. Улсын өрийг зузаалах ажлаа хийсээр байгаа нь харамсалтай.
Манай улсын эдийн засаг уул уурхайд суурилсан бүтэцтэй. Тэр дундаа экспортоос олж буй 100 ам.доллар тутмын 80 ам.долларыг зэс, нүүрс гэсэн уул уурхайн хоёр бүтээгдэхүүнээс олдог. Өөрөөр хэлбэл зэс, нүүрс бол манай улсын эдийн засгийн хоёр тулгуур багана юм. Тэгвэл төрд уул уурхайн томоохон компаниуд бий. Тэр тусмаа зэсийн баяжмал олборлодог Эрдэнэт улсын үйлдвэрийн газар, Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК гэсэн хоёр том компани байна. Байгалийн баялаг ихтэй улсуудын хувьд төр засаг олборлолтыг хэрхэн удирдан зохицуулж, хэдий хэмжээний орлого олох нь төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг тул тэдний нийгэм, эдийн засагт бүхэлд нь үзүүлэх нөлөө их байдаг. Гэвч манай улсын хувьд үрэлгэн байдал, өмч шамшигдуулах асуудал хэрээсээ хэтэрсэн гэж хэлж болно. Тендер нэрийн дор асар их хэмжээний хулгай нүүрлэж байдгийг энд дурдах илүүц биз. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд хангалттай жишээ дурдагддаг ч энэ нь хэвийн үзэгдэл гэдэгтэй хууль хүчний байгууллага төдийгүй, нийгэм нь ч эвлэрчээ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар ихэвчлэн гаргадаг. Тэгвэл төмөр зам ч улсын мэдлийнх. Та хувийн орд газартай байж болох ч тээвэрлэлт хийх бол зайлшгүй төрийг царайчилж таарна. Ер нь төрд байхгүй зүйл нэгээхэн ч үгүй. Төрийн банк, Хөгжлийн банк ч төрийнх. Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшилтэй зэрэгцэн бизнес хийгээд зогсохгүй тэднээс юм юмаараа илүү эрхтэй, давуу боломжтой. Гэтэл хувийн хэвшлийн компаниуд нь ашигтай ажиллаж, хувьсгалын данстай нь алдагдал, өр үйлдвэрлэдэг жишиг өнөө хүртэл үргэлжилж байна.
Ашиггүй энэ олон төрийн өмчит компанийг яагаад татан буулгадаггүй юм бэ гэдэг асуулт зайлшгүй гарч ирж байгаа биз. Шалтгаан нь маш тодорхой. Сонгууль бүрээр сонгогчдын тархи угаан гүйдэг намын нөхдүүдээ цалин, орлоготой байлгах, бараа материал, тендерийн “шахаа” хийж өөрсдийн халаасаа зузаалах, намаа санхүүжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн худалдаж авах… зэрэг олон олон арга хэмжээг санхүүжүүлэх сайхан боломж төрийн өмчит компаниудад л бий. Нийтийн буюу “ард түмний өмч” гэх ганган малгай духдуулчихаад араар нь хүссэнээ хийж байх нь эрх баригч хүчний ашиг сонирхолд яв цав нийлнэ. Компани нь алдагдалтай ажиллаад байхад захирал нь люкс зэрэглэлийн асар өндөр үнэтэй машин хөлөглөх, эхнэр, хүүхдээ албаны машинаар ажил, цэцэрлэг, сургуульд нь зөөх, хүүхдийнхээ гадаад сургалтын төлбөрийг төлөх…зэрэг маш олон баримт өнгөрсөн хугацаанд нийтийн сүлжээнд тавигдаж олон нийтэд ил болсон. Ер нь ихэнх компанийн захирал орон байрны дэмжлэг хүртдэг нь нууц биш. Энэ бүгдийг тэд “Төрийн өмчит компанийн захирлын эдлэх ёстой эрх, байгуулсан гэрээний хүрээнд хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн” гэж тайлбарладаг. Төрийн өмчит компаниуд улсын төсөвт орлого оруулж, татвар төлдөг нь тун цөөхөн. Харин ашиггүй ажиллаж, өр, зээл тавих нь хавьгүй олон. Тэнд хариуцлагын механизм дэндүү сул.
Төрийн өмчийн компаны захирал болно гэдэг нэгэн хэмжээлшгүй эрх дархтай вант улсын эзэн боллоо гэсэн үг. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд нийтдээ ойролцоогоор 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй боловч төсөвт төвлөрүүлэх орлого тун бага.
Тухайлбал, улсын төсөвт 2020 онд 150 тэрбум төгрөг, 2021 онд 180 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байснаас харвал төрийн өмчит компаниуд 0.4-0.6 хувийн өгөөжтэй ажиллаж байна. Улсын төсвөөс даруй 2-3 дахин их, ДНБний 80 орчим хувьтай тэнцэхүйц том эдийн засаг ийнхүү УИХ-ын хараа хяналтаас гадуур эргэлдэж байна.
Энэ бүгдээс харвал Монгол улс хэдийгээр чөлөөт зах зээлд шилжсэн гэх боловч бодит амьдрал дээр төлөвлөгөөт эдийн засгийн олон хэлбэрийг өөрчлөлгүй өнөөг хүртэл тээж яваа билээ. Энэ нь улс орны хөгжлийг чангаагч гол хүчин зүйлийн нэг яах аргагүй мөн. Улс орны хөгжил нэг газраа хий эргэж, иргэдийн амьдрал ядуу тарчиг байгаа учир шалтгааныг ардчилал, чөлөөт зах зээлээс хайх биш харин өнгөрсөн нийгмийн гаж тогтолцоо өнөө хүртэл үргэлжилж байгаатай холбон үзэж болохоор баримт тоог дурдвал ийм байна.
Р.ДАВААДОРЖ
/ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР/
Сэтгэгдэл (0)