Г.Баярмаа: Хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг өгсний дараа сурлагын хоцрогдлыг арилгах нь үр дүнтэй

Ерөнхий боловсролын сургуулиудад энэ хичээлийн жилээс мэргэшсэн сэтгэл зүйч нар ажиллахаар болсон. БШУЯ-ны захиалгаар Монголын сэтгэл судлалын нийгэмлэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын явцын талаар “Mema сэтгэл судлалын хүрээлэн” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Г.БАЯРМААТАЙ ярилцлаа.

-Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч нар ажиллахаар болсон. Одоо яг хичнээн сэтгэл судлалын мэргэжилтнийг мэргэшүүлээд байгаа талаар та мэдээлэл өгнө үү?

-72 хүнийг боловсролын сэтгэл зүйчээр мэргэшүүлэн бэлтгэж байна. Эдгээр хүмүүс удахгүй ажлын байрандаа очно. Хоёр жилийн хөл хорионы дараа ерөнхий боловсролын сургуулиуд хичээллэж байна. Өмнөх есдүгээр сарын 1-нээс энэ удаагийн хичээлийн шинэ жил их онцлогтой. Хөл хорионы хугацаанд хүүхдүүд хичээлдээ цахим хэлбэрээр хамрагдсан мөн гэр бүлд олон асуудал тохиолдсон, нийгмийн харилцаа хязгаарлагдмал байсан. Хүүхдийн хөгжлийг дэмжих үйл явц ерөнхийдөө зогслоо. Тиймээс сэтгэл зүйн суурь дэмжлэгийг хүүхдэд өгсний дараа сурлагын хоцрогдлыг арилгах нь үр дүнтэй. Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллана гэдэг нь багш нарт хүүхэдтэй сэтгэл зүйн тал дээр хэрхэн ажиллах, яаж туслах вэ гэдгээс гадна эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сэтгэл зүйтэй ажиллахад нь тусалж, зөвлөгөө өгөх юм. Мөн сургалт зохион байгуулж, тестээр оношилно. Өөрөөр хэлбэл, хүүхэд сургуулийн орчинд дасан зохицох, суралцах үйл ажиллагааг сэтгэл зүйн талаас дэмжих ажил болно.

 

-Хүүхдийг сэтгэл зүйчид хандах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ. Өөрөөр хэлбэл, тэдэнд сэтгэл зүйчтэй ажиллах нь асуудлаас гарах алхам гэдгийг хэрхэн ойлгуулахаар ажиллаж байна вэ?

 

-Юуны түрүүнд хүүхдүүдэд мэдээлэл өгнө. Сэтгэл зүйч эмч биш. Бусад мэргэжилтнүүдээс юугаараа ялгаатай вэ гэхээр, тухайн хүүхдэд асуудал тохиолдсон үед нь сэтгэл зүйчид хандах бус, өнөөдөр тэр хүүхдийн анхаарал төвлөрөхгүй, сэтгэл санаа тогтворгүй байх, гаднын болон гэр бүлийн шалтгаантай асуудал хүүхдэд бус гадаад орчинд нь тохиолдож, тэрэнд нь хүүхэд цочрол мэдэрсэн ямар нэг стрессийн шинж тэмдэг байгаа бол түүнтэй хамгийн түрүүнд, анхан шатанд нь ажиллах нэгж нь сургуулийн сэтгэл зүйч болно. Хүүхэд маш удаан хугацаанд айсан, сэтгэлийн түгшүүртэй яваад байвал энэ нь урт хугацаандаа сэтгэцийн өөрчлөлт болдог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх төрлийн сургалтуудыг зохион байгуулна. Өсвөр насныханд мэргэжил сонголтын сургалтыг тусгайлан орно. Мөн үерхэл нөхөрлөл, хорт зуршил гэх мэт сэдвийн хүрээнд бүлгийн зөвлөгөө ч өгнө. Багш нарын болон эцэг эхийн хурал дээр сэтгэл зүйн боловсрол олгох сургалтуудыг явуулна. Энэ нь сэтгэл зүйчид хандах эрэлт хэрэгцээг нэмэгдүүлдэг.

 

-Сэтгэл зүйчид насны хувьд харилцан адилгүй хүүхдүүдтэй ажиллана. Тэд үүнд хэрхэн бэлтгэж байгаа бол. Насны онцлогоос шалтгаалж тэдэнтэй ажиллах арга барил ч өөрчлөгдөх байх?

 

-Бид сэтгэл зүйчдэд бүх зүйлийг анхан шатны нэгж дээр өөрсдөө бие даан гүйцэтгэх чадварыг эзэмшүүлж байна. Хэрвээ шаардлага гарвал тухайн хүүхдийг сэтгэл зүйн чиглэлийн өөр байгууллагатай холбон зуучилж өгнө. Тусгай мэргэшсэн байгууллагад хандахыг зөвлөнө гэсэн үг. Цаашдаа МУИС, МУБИС-т боловсролын сэтгэл судлалын анги нээж сэтгэл зүйч нараа бэлтгэнэ.

 

-Багш, хүүхэд, эцэг эхийн хамтын харилцаа хүүхдийн сурлага хүмүүжилд ихээхэн нөлөөлдөг. Энэ гурван баганын нэг болсон эцэг эхчүүдтэй сургуулийн сэтгэл зүйч хэрхэн ажиллах вэ?

 

-Бага ангийнхны хувьд багш, эцэг эхийн харилцаа нягт байдаг.Харин өсвөр насныхны хувьд эцэг эхчүүд хүүхдээ багшид нь найдаад, даатгаад орхичихдог. Тиймээс сэтгэл зүйч хүүхдийн насны онцлогийн талаар эцэг эхчүүдтэй ярилцана. Ялангуяа өсвөр насныхны хувьд гэмт хэрэгт холбогдох, мансуурах төрлийн бодис хэрэглэх гэх зэрэг асуудалд өртөх эрсдэлтэй. Гэхдээ эдгээр нь зөвхөн хүүхдийн асуудал биш.

 

 

Гэр бүлийн асуудал нь хүүхдээр дамжин илэрч байдаг. Тэгэхээр сургуулийн сэтгэл зүйч тухайн хүүхэдтэй ажиллахаас гадна эцэг эхтэй нь уулзаж, зөвлөж ажиллана. Үүний үр дүнд эцэг эх хүүхдийн харилцаа сайжирч, илүү ойлголцон сурлага, хүмүүжилд нь эергээр нөлөөлнө.

 

 

 

-Зарим эцэг эх миний хүүхэд онц сурдаг учраас сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагагүй гэж боддог. Энэ зөв ойлголт уу?

 

-Бүх хүүхдэд сэтгэл зүйч хэрэгтэй юу гэвэл тийм биш. Тухайн хүүхдийн өссөн орчноос их зүйл шалтгаална. Сэтгэл зүйн хувьд аюулгүй орчинд өссөн хүүхэд асуудлыг өөрөө даван туулж, шийдвэрлэж чаддаг. Үүссэн асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг. Энэ нь нэг талаараа тухайн хүүхдийг цааш нь хөгжүүлээд өгдөг. Харин сэтгэл зүйн хувьд аюулгүй орчныг мэдрүүлж өгч чадаагүй гэр бүлийн хүүхдэд асуудал тулгарах үед яахаа мэддэггүй, самгарддаг.

Өөрөөс шалтгаалах зүйлээ хийж чадахгүй болохоороо өөр зүйлүүдээр орлуулж эхэлдэг. Жишээ нь, амиа хорлох талаар бодож эхэлдэг. Одоо бол хүүхэд бүрд сурах үйл ажиллагааг нь дэмжих сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй байгаа.

 

Хүмүүс хүүхдийг нас бага учраас сэтгэл гутралд ордоггүй, асуудалгүй гэж боддог. Гэтэл тийм биш юм. Хэдийгээр тухайн хүүхдэд тохиолдож байгаа бэрхшээл ялихгүй ч хүүхдэд бол маш том асуудал болж байдаг.

 

 

Ийм үед хүүхдийг ойлгохгүй, хэлснийг нь сонсох хүнгүй тохиолдолд асуудлаа даван туулах аргаа олж чадахгүй байсаар сэтгэл гутралд ордог. Түүний дараа сэтгэл гутралаас гарахын тулд цахим хэрэглээ нь нэмэгдэж, дэлгэцийн хамааралтай болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, сэтгэлээ тайвшруулахын тулд ямар нэгэн зүйлээр орлуулж байна гэсэн үг. Ингэж сэтгэл зүйн асуудлууд нь хүндэрдэг. Бас нэг зүйл нь зарим хүүхэд өөрийгөө сэтгэл гутралтай гэж бодоод явдаг. Гэтэл тэр бодоод байгаа зүйл нь сэтгэл гутрал биш байдаг. Тийм хүүхэдтэй уулзахад өөрт нь таагүй, тав тухгүй байгааг мэдрэх үедээ өөрийгөө сэтгэл гутралын хувьд асуудалтай гэж ойлгосон байдаг.

 

-Цар тахлаас шалтгаалан хүүхдүүд онлайн хэлбэрээр суралцаж байна. Тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөөг хэрхэн өгөх боломжтой вэ?

 

-Өсвөр насны хүүхдүүдэд онлайнаар зөвлөгөө өгөх боломжтой. Бага ангийнхны хувьд бараг боломжгүй зүйл. Тэдэнд анхан шатны сэтгэл зүйн тусламжийг үзүүлж болно. Харин тест уншлага авахад хүндрэл тулгарна. Гэртээ онлайнаар сурч байгаа хүүхэд сургуулийнхаа сэтгэл зүйчээс онлайнаар зөвлөгөө авч болно. Шаардлагатай тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад уулзаж ярилцана гэж ойлгох хэрэгтэй.

 

-Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллах нь бидний хувьд цоо шинэ зүйл учраас шаардагдах судалгааг хангалттай хийсэн байх гэж бодож байна. Ер нь ажиглахад аль орны сэтгэл зүйн туршлага манайхтай илүү ойр байв?

 

-Мэдээж олон орны туршлагаас судалж, харьцуулалт хийсэн. Улс орнуудаас манайхтай хамгийн дөхөм нь ОХУ байдаг. Сургуулийн сэтгэл зүй хамгийн өндөр хөгжсөн нь Скандинавын орнууд болон Канад, Финланд, Япон улс юм. Одоо манай улсад хүүхдийн сэтгэл зүйчийн эрэлт хэрэгцээ их байна. Үүнийг сэтгэл судлалын мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль анхааралдаа авч ажиллаж байна.

 

-Соёлын ялгаанаас хамаараад ази, европ хүний сэтгэл зүй адилгүй байдаг. Тэр дундаа монгол хүүхдийн сэтгэл зүй ямар онцлогтой вэ?

 

-Монгол хүүхдийн сэтгэл зүйн онцлогт бага зэргийн ялгаатай зүйл бий. Биетэй, бодит зүйлийг илүүд үздэг. Бас хийж, туршиж үзэх сэтгэл зүйн байдал давамгайлдаг. Цахим хэлбэрийн харилцаанд асуудалтай ханддаг талтай.

 

-Боловсролын сэтгэл зүйчээр мэргэшиж байгаа мэргэжилтнүүд хүйсийн хувьд ямар харьцаатай байна вэ. Ингэж асуусны учир нь, өсвөр насны хүүхэд эсрэг хүйсийн хүнээс илэн далангүй зөвлөгөө авах тал дээр асуудалтай байж магадгүй юм?

 

-Сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай хүнд мэргэжилтэн нь ямар хүйсийн хүн байх нь чухал биш байдаг. Одоо ажиллах сэтгэл зүйчдээс нэг нь эрэгтэй хүн бий. Ерөнхийдөө эрэгтэй хүүхэд энэ мэргэжлийг сонгох нь цөөн байдаг. Сонгоод сургуулиа төгссөн ч хүүхэдтэй ажиллах нь бага.

 

-Гаднын оронд нэг сэтгэл зүйч мянган хүүхэдтэй ажиллах нормтой байдаг. Харин манайд энэ үзүүлэлт ямар байна вэ?

 

-Манайд өөр байгаа. Жишээлбэл, Оросод таван зуун хүүхэд тутамд нэг сэтгэл зүйч ажиллах нормтой. Манай сумдын хүүхдийн хувьд нэг сэтгэл зүйчид мянга орчим хүүхэд оногдож байгаа юм. Гэтэл нийслэлд, гурван мянган хүүхэдтэй сургуульд нэг сэтгэл зүйч үнэхээр хүрэлцэхгүй. Энэ асуудлыг цаашид орон тооны сэтгэл зүйчийг нэмэгдүүлээд ирэхээр гарц гаргалгаа гарч ирэх байх. Гэхдээ сургууль дээр сэтгэл зүйч байна гэдэг нь тэднийг хүүхэд болгонтой ажиллах шаардлагатай гэсэн үг биш. Асуудал тулгамдсан хүүхдэд хамгийн түрүүнд хүрч ажиллах нь зөв алхам болно. Бусдад нь урьдчилан сэргийлэх сургалт хийгээд явах боломжтой.

 

-Ярилцлагын төгсгөлд таныг эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч гэж хүсмээр байна. Олон сар танхимаар хичээллээгүй хүүхдэд чадахгүй, мэдэхгүй зүйл олон удаа тулгарна. Түүнийг хэрхэн даван туулах вэ?

 

-Цар тахлын үеийн энэ хүнд цагийг туулахад хүүхдэд битгий хэл насанд хүрсэн хүмүүст ч амаргүй байна. Гэтэл учраа мэдэхгүй хүүхдэд үүнээс хэцүү байгаа шүү дээ. Хүүхдүүдийн хувьд үеийнхэнтэйгээ чөлөөтэй харилцдаг байдал нь хязгаарлагдсан. Энэ хугацаанд хуримтлагдсан стресс, тав тухгүй мэдрэмжийг эцэг эхчүүд хамгийн сайн мэднэ. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө тайван байвал хүүхэд нь адилхан тайван хүлээцтэй байна. Цахимаар хичээллэхэд хүүхдийн амьдралын хэв маяг өөрчлөгддөг. Хамгийн энгийн жишээ хүүхдийн унтаж амрах цагт өөрчлөлт орчихсон байдаг. Үүнээс болж хүүхдэд тогтвортой байдал үүсдэг. Энэ нөхцөлд эцэг эхчүүдэд зөвлөх нь, хүүхэд тань цахимаар хичээллэж байгаа ч гэсэн дүрэмт хувцсыг нь өмсүүл. Энэ маш зөв дэглэм. Яагаад гэвэл, үүний үр дүнд хүүхэд хэмнэлээ алдахгүй бас өөрийнхөө хариуцлагыг мэдэрнэ. Мөн эцэг эхчүүд хүүхдэд ирээдүйн нөхцөл байдлын талаар ярихгүй байх хэрэгтэй. Бас асуудалд хэт их анхаарал хандуулах нь таатай үр дүнд хүргэхгүй.

 

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (197.210.52.228)

    2021-11-09

    Сайн байцгаана уу, та ядуу байснаас залхаж, амьдралаа тэнцвэржүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байна уу, та бүхэндээ дуулгах сайхан мэдээ байна, Fortis эмнэлэг ноцтой сэтгэлгээтэй хүмүүсээс бөөр худалдаж авах гэж байна. Тэд таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг бөгөөд тэд ирэхээс өмнө визний үйл явцыг эхлүүлэхийн тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг бөгөөд энэ нь танд байгаа зүйлээ зарж, эрүүл саруул хэвээр үлдэх боломж юм. Хэрэв та бөөрний өвчнөөр өвдсөн хэвээр байгаа бол тэд бөөр шилжүүлэн суулгахад тусалж чадна, тиймээс тэд бөөрийг худалдан авч, зарна. Хэрэв та сонирхож байгаа бол [fortis.hospital.in@gmail.com] хаягаар эмнэлэгтэй холбогдож болно, тэдэнд бөөрний донор хэрэгтэй байгаа тул цахим шуудангаа санах хэрэгтэй. [ fortis.hospital.in@gmail.com }

  • Иргэн. (64.119.27.149)

    2021-09-08

    Эмэгтэйгээс насаар дүү эрэгтэй бол тэр эрэгтэйг янхан гэдгийг нэгдүгээр ангийн хүүхэд бүр мэднэ.

  • Иргэн. (64.119.27.149)

    2021-09-08

    Мөнгөгүй эсвэл ажилгүй бол янхан гэсэн үг.