Манай улсын эдийн засаг нэн хүнд байна
- 2021-09-14
- Нийтлэл
- 0
Монголын эдийн засаг Коронавирусийн (КОВИД-19) цар тахлаас өмнөх гурван жилд тогтвортой өссөн байдаг. Гэвч 2020 оны эхээр Хятадын Ухань хотоос гаралтай аймшигт халдварт өвчин дэлхий нийтийг цочроон хаа сайгүй тархаж эхэлсэн. Дэлхийн улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хамгаалах, ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хэд хэдэн томоохон шийдлийн өмнө ирсэн юм. 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар цар тахлаас сэргийлэх зорилгоор таван их наяд төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөр эхлүүлэх болсноо зарлалаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө зарцуулахаар болжээ. Тус хөтөлбөр цар тахлаас иргэдийн эрүүл мэнд, улсынхаа эдийн засгийг хамгаалж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ гэсэн маш тодорхой гурван зорилго тавьсан юм.
Гэвч биелэлт нь онц муу дүн авахаар туйлын хангалтгүй байв. Цар тахлын вирусийг хэдэн сарын дотор дотооддоо нэгэнт алдаж, 21 аймаг, дийлэнх сумын иргэд ковидоор өвчлөөд байна. Нэг хэсэг хугацаанд сая хүнд оногдох өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлсэн.
Тахлаар амь насаа алдагсад дөрвөн оронтой тоо давжээ. Иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан тухай олон баримт, жишээ дурдаж болно. Монгол Улсын Үндс эн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангаж чадсангүй.
2020 онд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт буурч дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 11 жилд анх удаа агшиж, аж ахуй нэгжүүд хаалгаа барин иргэд ажил, орлогогүй боллоо. УИХ-ын чуулган дээр Сангийн сайд Б.Жавхлан, 2020 онд эдийн засаг саарсан хүнд үед 68 мянган ажлын байр алдсан гэж ам алдлаа. Харин Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гаргасан судалгаагаар нийт аж ахуй нэгжийн 75 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой хувиар зогсоосон төдийгүй нийт 400 мянган ажилтан цалингаа авч чадаагүй талаар мэдээлж байв.
Засгийн газар эдийн засгаа хамгаалах, аж ахуй нэгжүүдээ дэмжих зорилгоор татвар төлөгчдийн асар их хөрөнгийг зарцуулаад ч нэмэр болоогүй жишээ дурдвал ийм байна. Улсын төсвөөс гадна гадаадын донор орнууд, олон улсын хандив тусламж олгогч байгууллагуудаас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бараг тэрбум ам.доллар авсан боловч чухам юунд зарцуулагдсан нь бүрхэг үлдлээ.
Гэвч өмнөх хөтөлбөрт зарцуулсан хөрөнгөнөөс хоёр дахин их хэмжээтэй төслийг хэдхэн хоногт боловсруулж хэрэгжүүлэхээ засаг амлав. “Эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” гэгчийг санхүүжүүлэхэд “мөнгө хэвлэхгүй, эдийн засгийн эргэлтийг сайжруулах найман их наяд төгрөг Төв банканд бий” гэж эрх баригчид мэдэгдлээ. Цогц төлөвлөгөө гэгчийг зарлах үед Монголбанкны үнэт цаасанд 8 их наяд төгрөг төвлөрсөн байв. Өнгөрсөн онд бодит байдалд огтхон ч нийцээгүй хэд хэдэн удаагийн хэт сүржин хатуу хөл хорионы улмаас жижиг дунд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь тасалдаж, зах зээл хямарч эхэлсэн юм. Ийм үед арилжааны банкууд хадгаламжид цугларсан мөнгөө зах зээл рүү гаргах нь тун эрсдэлтэй байсан тул ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) худалдаж авахыг илүүд үзсэн. Үүнтэй холбоотой Монголбанкны үнэт цаасанд их хэмжээний хөрөнгө төвлөрсөн нь үнэн.
Арилжааны банкууд зах зээлд үүсэх хямралыг хамгийн түрүүнд мэдэрдэг. Жижиг дунд бизнес эрхлэгч нарын зээлийн төлөлт хүндэрч байгааг банкууд л анх анзаарсан байж таарна.
Манай улсын ДНБ-ний (Дотоодын нийт бүтээгдэхүүн) 18 хувийг ЖДҮ бүрдүүлдэг. Энэ салбарт 906.5 мянган хүн ажиллаж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн 67.3 хувь эзлэх томоохон үзүүлэлт юм. Засгийн газар Монголбанкинд хуримтлагдсан их хэмжээний хөрөнгийг зах зээлд гаргаж идэвхжүүлэх зорилтыг тавьсан. Ингэхдээ зээлийн эрсдэлийг төрөөс даахаа амлав. Санаа нь хэдий зөв боловч тооцоо судалгаа тааруу. Тиймээс өмнөх хөтөлбөр шиг ээ үр дүнгүй болох магадлал өндөр байна.
Засгийн газрын 200 өдрийн тайланд 10 их наядын цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 3.4 их наяд төгрөгт хүрсэн дүн мэдээ танилцуулагдсан. Ийм их хэмжээний хөрөнгө зах зээлд нийлүүлээд байхад 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) есөн их наяд 147 тэрбум төгрөгт хүрч улам нэмэгдсэн байх юм.
Уг нь найман их наядаас гурвыг нь хөтөлбөрийн хүрээнд зарцуулж зах зээлд нийлүүлсэн юм бол Монголбанкны үнэт цаасанд таван их наяд төгрөг үлдэх ёстой л доо. Гэвч эсрэгээрээ үзүүлэлт гарчээ. Энэ нь арилжааны банкууд зах зээлд зээл гаргахаас илүүтэй ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) худалдаж авах нь найдвартай гэж үзсэн хэвээр байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр эдийн засагт төдийлэн үр дүнгээ өгөхгүй байгаа төдийгүй хямрал үргэлжилж байгаа аж. Түүгээр ч үл барам танил тал, эрх мэдлээ ашиглан цогц төлөвлөгөөний зориулалтын гурван хувийн маш бага хүүтэй зээлийг аваад цааш нь өндөр хүүтэй хадгаламж болгож хувиргаад байгаа юм биш биз гэдэг хардлага төрүүлэхээр байна. Үүнийг банкуудын хадгаламж болон Монголбанкны үнэт цаасны хэмжээ нэмэгдсээр байгаа статистик үзүүлэлтээс харж болно.
ИНФЛЯЦ ӨССӨН ШАЛТГААН
2021 оны долдугаар сард мөнгөний нийлүүлэлт 21.5 их наяд төгрөг байсан бол нэг жилийн дараа 27 их наяд төгрөгт хүрч манай улсын түүхэнд байгаагүйгээр огцом өссөн нь инфляцыг хөөрөгдөх үндсэн шалтгаан боллоо. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц төлөвлөгөөний хүрээнд 3.4 их наяд төгрөгийг зах зээлийн эргэлтэд оруулсан нь мөнгөний нийлүүлэлтийг нэмжээ. Иймээс инфляц өсөх нь гарцаагүй юм. Нобелийн шагналт эдийн засагч Мильтон Фридманы “Инфляц бол хаана, хэзээ ч зөвхөн монетари үзэгдэл(феноменон) юм” гэж тодорхойлсон байдгийг энд нурших илүүц биз. Өнөөдөр инфляц Улаанбаатар хотод 7.9, улсад 7.4 хувьд хүрсэн байна. Гэвч энэ тооцоо ч бодит үнэн гэж үзэх эргэлзээтэй. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь үнэд шууд нөлөөлдөг шатахууны үнэ өнөөдрийн байдлаар 33- 50 хувиар өссөн. Барилгын материалын үнэ 48 хувиас дээш нэмэгдээд байна. Энэ бүхнийг тооцож үзвэл инфляц хоёр оронтой тоонд хүрсэн байх магадлал маш өндөр. Үндэсний Статистикийн хороо инфляцыг тооцох аргачлал болон хэрэглээний сагсанд ямар бүтээгдэхүүнийг сонгож авахаас инфляцын хувь хэмжээ хамаарч таарна. Тэр бүр зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийн үнийн өсөлтийг зааж чадахгүй.
Хэрэв Засгийн газар инфляцыг бага байгаа мэтээр иргэддээ харагдуулж, нийгмээ тайвшруулахыг хүсвэл ийм боломж тэдэнд бий. Уг нь инфляцыг бодит утгаар нь хэмжиж чадвал төр тухайн нөхцөл байдалдаа тохируулж бодлого хэрэгжүүлэх боломж байдаг юм. Цаашид Монголбанкны үнэт цаасанд хуримтлагдсан есөн их наяд төгрөгөөс зах зээл рүү хэт их мөнгө нийлүүлбэл инфляц хоёр оронтой тоонд тэр даруйдаа л хүрнэ. Энэ тохиолдолд өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэж, Монгол төгрөгийн худалдан авах чадвар шалдаа хүртэл буурна.
Инфляцыг өндөр орлоготой иргэд төдийлөн мэдрэхгүй боловч хоног өдрөө арай хийн залгаж буй дундаас доош орлоготой болон тэтгэврийн насны ахмадуудын амьдралд туйлын хүндээр тусдаг. Өдөр хоногоо арай ядан өнгөрөөдөг өрх, гэр бүл манайд дэндүү олон. Тиймээс төрийн аливаа буруу шийдвэрийн золиос нь Монгол Улсын нийт иргэдийн дийлэнх нь болдог.
ТӨСВИЙН АЛДАГДАЛ ӨР НЭМЖ, ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДӨХ ШАЛТГААН
Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давуулж өргөн барьдаг зуршил тогтсон. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байх төсвийн хүрээний мэдэгдэл УИХ батлаад байгаа. 2020 оны төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөгт хүрсэн. Ийм их хэмжээний алдагдал инфляцад нөлөөлөх нь гарцаагүй. Харамсалтай нь ийм тооцоолол хийчих мэргэжлийн байгууллага өнөөдөртөө манайд байхгүй байна. Төсвийн хүрээний мэдэгдлээс харвал 2020-2023 онд манай улсын өр 10 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь. Төсвийн алдагдал бол өр! Энэхүү алдагдлыг иргэд, аж ахуй нэгжийн татвар нэмэх эсхүл гадаад зээлээр барагдуулахаас өөр арга замгүй.
Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газрын өр дөрвөн тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Монгол Улсын гадаад өр эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд хүрлээ.
Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд ийнхүү онилсон байгаа огт онохгүй байгааг дээр дурдсан эдийн засгийн макро үзүүлэлтүүд баталдаг. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой олон их наяд төгрөгийн хөтөлбөр, түүний санхүүжилтийн схемийг оновчтой боловсруулж, зөв төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Монгол Улсын цаашдын эдийн засгийн өсөлтийн төлөв нь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн нөхцөл байдал, эрдэс түүхий эдийн экспортын өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын орчин зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс ихээхэн хамаарна.
ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Р.ДАВААДОРЖ
Сэтгэгдэл (0)