Галдан Бошигт хааны унал наманчилсан судар
- 2021-09-14
- Нийтлэл
- 0
Зүүнгарын Галданбошигт хаан бага залуудаа Цастын оронд шавилан сууж, Бурханы номд нэвтэрчээ. Түүний төвд хэлээр зохиосон энэхүү сударт: орчлонд эргэх (там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэр) зургаан төрөл, сэтгэлд үүдэх зургаан нисванис (уур, шунал, мунхаг, цалгай, атаа, омог) -ын шалтгаан, үрийн холбоог илэрхийлж, түүнээс гэтлэх зам мөр болсон их хөлгөний зургаан барамид (өглөг, сахил, хүлцэл, хичээл, бясалгал, билиг ухаан)-ыг сануулан сэнхрүүлжээ.
Үйлийн үрээр үүдсэн хүмүүн заяанд алдаа уналгүй явах боломжгүй. Гэвч ухаарлын үрээр алдаа нь оноо болж, амьдрал өөрөө гэгээрлийн зам болдог. Багш бурхаддаа залбирах чин зүрхний итгэл энэ ээдрээт аянд жигүүр болдгийг сануулсан байна.
Орчлонгийн наран хамаг бурхадын хураангуй биетэй
Огоот арилсан Очир баригч мөн чанартай
Ондоогүй дээд гурван эрдэнийн үндэс
Үлэмж ивээгч багш нартаа бишрэн залбиръя.
Гайхамшигт өглөгийн ачийг мэдсээр атлаа
Хармын төмөр чөдөрт хаашаа ч үгүй хүлэгдээд
Гаслант бирдэд төрөх үйл үйлдэв би,
Гансарсан намайгаа ивээн соёрх багш минь.
Ариун шагшаабадын ачийг мэдсээр мөртлөө
Алах, хулгайлах тэргүүтнээр шуналын мөрт боогдож
Амьдаар чанагдах тамын тогоог бэлдэв би,
Ангасан намайгаа ивээн соёрх багш минь.
Бат хүлцэнгүйн ачийг мэдсээр мөртлөө
Бадарсан хилэн омгийн галд түлэгдэн
Балмад асурид төрөх үйл үйлдэв би,
Балар намайгаа ивээн соёрх багш минь.
Холч хичээнгүйн ачийг мэдсээр атлаа
Хожим үйлдье хэмээн залхууд дарагдан
Хортой муу заяанд төрөх үйл үйлдэв би,
Ховсоргон намайгаа ивээн соёрх багш минь.
Тэгш самадийн ачийг мэдсээр атлаа
Тэтгэр муу мунхгийн торд торлогдон
Тэнэг эргүү адгуусанд төрөх үйл үйлдэв би,
Тэнэсэн намайгаа ивээн соёрх багш минь.
Үлэмж билгийн ачийг мэдсээр атлаа
Үл мэдэхүйн хүчнээр согтонгуйрч
Үргэлж муу заяанд төрөх үйл үйлдэв би,
Өнчин намайгаа ивээн соёрх багш минь.
Зургаан барамидын ачийг мэдсээр атлаа
Зуур зуурын найман номд шунахайран
Зургаан зүйлийн амьтанд төрөх үйл үйлдэв би,
Зовсон намайгаа ивээн соёрх багш минь.
Хармын эрх ихэдсээр өглөгийн хөрөнгө хатав
Ханилан жаргая хэмээсээр багш таныгаа мартав би.
Харанхуй гаслангийн талд тушигдсан хөвүүнээ
Хар хүлээсийг таслан соёрх багш минь.
Хүслийн эрх ихэдсээр сахилын нуруу хугарав
Хүрэм зэ хэмээсээр багш таныгаа мартав би.
Хөлгүй далайд унасан хөвүүнээ
Хөөрөх мэт татаж аван соёрх багш минь.
Омгийн эрх ихэдсээр хүлцэнгүйн зэмсэг эвдрэв
Одом за хэмээсээр багш таныгаа мартав би.
Орчлонгийн найман номд шунан барилдсан хөвүүнээ
Огоот арилсан оронд хөтлөн соёрх багш минь.
Залхуугийн эрх ихэдсээр хичээнгүйн ташуур тасрав
Залбиран одъё хэмээсээр багш таныгаа мартав би.
Засаг ихт эрлэгийн цаламд орсон хөвүүнээ
Загасан мэт нигүүлсэхүйн гохоор татаж соёрх багш минь.
Алгасахуйн сэтгэлээр самадийн бие түлэгдэв
Амраг дайсны үймээнд хутгалдсаар багш таныгаа мартав би.
Алаач махчины оронд унасан хөвүүнээ
Асрангуй зүрхээр удирдан соёрх багш минь.
Үл мэдэхүйн хүчнээр билгийн илд мохов
Улам байз хэмээсээр багш таныгаа мартав би.
Оломгүй далайн ёроолд унасан хөвүүнээ
Осолгүй амгалангийн онгоцоор татаж ав багш минь.
Их мандлын хүрээнд эгээрлийг ханган соёрх
Эрхэм дээд багшид сүжиг оршуулан соёрх
Эрдэнэ гурван суртлыг маань дэвжүүлэн соёрх
Энэ мэт төр шашин хоёр маань тогтох болтугай.
АГНИСТЫН ГЭГЭЭ цуврал – 25 “Эрдэнийн сан” номоос
Сэтгэгдэл (0)