Д.Мөнхцэцэг: Коронавирус нөхөн үржихүйн тогтолцоонд суурь өвчин үүсгэхгүй

Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусээр халдварлаж байгаа талаар мэдээлэх болсон. Манай улсын дархлаажуулалтдаа хэрэглэж буй вакцинууд бие давхар эмэгтэйчүүдэд ямар нэгэн нөлөөтэй юү. Мөн жирэмсэлсэн үедээ вакцинжуулалтад хамрагдах нь эрсдэлтэй эсэх талаар АШУҮИС-ийн Нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.МӨНХЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.

-Бие давхар эмэгтэйчүүдэд коронавирусийн вакцин хэрхэн нөлөөлж байгаа талаар ямар судалгаанууд байна вэ?

-Коронавирусийн халдвар гарснаас хойш хоёр жил болох гэж байна. Халдвар анх бүртгэгдэхэд жирэмсэн эмэгтэйчүүд цөөн байсан. Энэ нөхцөл байдалд үндэслэн жирэмсэн эмэгтэйчүүдэд харьцангуй эрсдэл багатай гэж үзэж байлаа. Гэхдээ энэ бол хэсэгхэн үеийн асуудал. Харин одоо коронавирус цар тахлын хэмжээнд хүрч халдвар тархахад жирэмсэн эмэгтэйчүүд энэ вирусийн халдвараар олноороо өвчилж байна. Тиймээс судалгаагаа илүү эрчимжүүлсэн гэж ойлгож болно. Зарим судалгааны үр дүнг Америкийн сэтгүүлүүд нийтэлж байна. Судалгааны материалыг уншихад коронавируст халдвар жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсэн бус эмэгтэйчүүдээс илүү хүнд тусаж байгаа нь тодорхой болсон.

 

Коронавирусийн халдвар авсан ямар хүний өвчин илүү хүндэрч байна гэхээр өндөр настай, дархлаа сул, эртхэн шилжүүлэн суулгасан, хавдар, чихрийн шижинтэй болон жингийн илүүдэлтэй хүн өвчлөх магадлал өндөр. Ялангуяа халдвар анх гарахад дархлаа султай хүмүүс хамгийн түрүүнд коронавирусийн халдвар авч байсан юм. Үүн шиг нэг өвөрмөц бүлэг нь жирэмсэн эмэгтэйчүүд болоод байна.

 

-Эмэгтэй хүн бие давхар үедээ дархлаа нь сулардаг учраас вирусийн халдвар аваад байна гэж ойлгож болох уу?

 

-Эхийн хэвлийд үр хеврөл бүрэлдэн тогтож, ургийг хэвийн өсгөхөд эхийн дархлаа сулардаг. Тиймээс эмэгтэйчүүд жирэмсэн буюу дархлаа нь суларсан үедээ коронавирусийн халдвар авч байгаа тухай судалгааны үр дүнг гаргасан байна. Мэдээж, судлаачид олон талаас нь судалдаг. Сүүлийн үед ковидын вакцин хийлгэсэн жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулалтад хамрагдаагүй бие давхар эмэгтэйчүүдтэй харьцуулахад ямар онцлог байгаа талаар судалсан байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ямар ч вакциныг маш их судалгаа хийсний үндсэнд дархлаажуулалтад ашигладаг юм.

 

-Одоо манай улсад дархлаажуулалтад ашиглаж байгаа вакцинаас алийг нь жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөж байна вэ?

 

-ДЭМБ-аас дөрвөн вакциныг яаралтай журмаар хийхийг хүлээн зөвшөөрсөн. Эдгээр вакцин болгон өөр үйлдэлтэй. Хүмүүс коронавирусийн вакцин хийлгэснээр удмын санд нөлөөлнө гэж эмээгээд байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хийсэн гаднын судалгаануудад ийм зүйлийн талаар огт дурдаагүй, нотлогдоогүй. Одоо ч гэсэн коронавирусийн вакцин хийснээр урагт нөлөөлж байгаа эсэх талаар судалгаануудыг хийж байна. Тухайлбал, хүүхэд зулбах нь хүн амын түвшин эхний гурван сарын дотор 20 орчим хувьтай байдаг. Харин коронавирусийн вакцин хийсний дараах үзүүлэлт орчим байдаг байсан бол одоо энэ тоо 6000 болоод байна. Ковидын дараах өвчин гэж ярьж байна. Коронавирусийн халдвар авсны дараа олон сараар бие нь тэнхэрдэггүй, ядарч сульдах гэх зэрэг зовиур байдаг.

 

Коронавирус нөхөн үржихүйн тогтолцоонд суурь өвчин үүсгэхгүй. Түр зуурын шинж тэмдэг хэлбэрээр явагдана. Мөн ковидын эсрэг вакцин ч гэсэн ямар нэгэн нөлөөгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

-Жирэмсэн эмэгтэйчүүд ковидын эсрэг вакциндаа хэрхэн хамрагдаж байна вэ? 

 

-Вакцины хамрагдалт маш бага байна. Коронавирусийн халдварын оргил үед жирэмсэн эмэгтэйчүүд дархлаажуулалтдаа хамрагдаагүйгээс их хүндэрсэн. Эндэгдэл ч өндөр гарсан. Түүний дараа хүмүүс вакциндаа идэвхтэй хамрагдсан ч хэсэг хугацааны дараа идэвх нь буурсан. Одоо жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвараар маш их өвчилж байна. Зарим эмэгтэй “Вакцинд харшилтай учраас хийлгэж чадаагүй" гэсэн. Гэтэл өнөөдөр вакцинаас харшил үүсэх тохиолдол ховор. Хүмүүсийн сөрөг мэдээллээс болж жирэмсэн эмэгтэйчүүд дархлаажуулалтдаа хамрагдах нь бага байна.

Америкийн сүүлийн үеийн судалгаанаас харахад  ковидоор өвчилж байгаа хүмүүсийн 98 хувь нь вакцин хийлгээгүй гэсэн үр дүн гарсан. Мэдээж вакцин хийлгэсэн хүн вирусийн халдвар авна. Гэхдээ хүндрэх магадлал бага байгаа юм.

 

-Сүүлийн мэдээгээр манай улсад 1000 гаруй жирэмсэн эмэгтэй ковидоор өвчлөөд байна. Тэдгээрийн хэдэн хувь нь вакцин хийлгэсэн байна вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юү?

 

-Коронавирусийн халдвар аваад эмнэлэгт ирж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийн 18 хувьтай байх жишээтэй. Ер нь гаж хөгжлийн үзүүлэлт хүн амын түвшинтэй харьцуулахад гурав орчим хувьтай байдаг бол ковидын дархлаажуулалтын дараа гаж хөгжилтэй хүүхэд төрж байгаа нь 2.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, вакцинаас биш өөр бусад зүйлээс гаж хөгжил үүсэж байгаа шүү дээ. Эдгээр зүйл дээр үндэслэн коронавирусийн вакцин жирэмсэн эмэгтэйчүүдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа юм.

 

-Манай улсад энэ төрлийн судалгаа хийж байгаа юу?

 

-Жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулалтад хамруулснаар гаж нөлөө илэрч байна уу, ямар сөрөг үр дагавартай байна гэсэн чиглэлээр судалгаа хийж байна. Эхнээсээ ч үр дүн нь гарч байна. Судалгааны талаар ЭХЭМҮТ-ийн захирал хүртэл ярьж байсан. Өөрөөр хэлбэл, судалгааны үр дүнгээр коронавирусийн вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийсний дараа бусад хүмүүстэй харьцуулахад адилхан, хүндрэлгүй байна. Хүнд урвал өгөөгүй, урагт гаж хөгжил үүсээгүй байна гэсэн.

 

ХҮМҮҮСИЙН СЭТГЭЦИЙН ХЯМРАЛ 10 ДАХИН НЭМЭГДСЭН

 

-Коронавирусийн вакциныг тариулснаар үргүйдэл үүсэх үү?

 

-Хүмүүс энэ талаар их асуудаг. Гэхдээ дээр дурдсанчлан ямар нэг гаж нөлөө байхгүй. Үүнээс гадна олон асуудлын талаар ярьж байна. Тухайлбал, сарын тэмдгийн хугацаа алдагдлаа гэдэг. Бид одоо нийтээрээ стрессийн нөхцөл байдалд байна. Ковидын үед хүмүүсийн сэтгэцийн хямрал 10 дахин нэмэгдсэн. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд сэтгэцийн хямрал 100 мянгад 2000 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй байна. Мөн ковидоор өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн 70 гаруй нь шинж тэмдэггүй байгаа юм. Үлдсэн хувьд хүнд, хүндэвтэр, нэн хүнд хэлбэрээр өвчилж байна. Бүр тодруулж хэлбэл, ахимаг насны, жингийн илүүдэлтэй, эрхтэн тогтолцооны өвчлөлтэй, чихрийн шижинтэй бол илүү хүндээр өвчилж байна. Гэтэл өнөөдөр манай улсад эрхтэн тогтолцооны эмгэггүй жирэмсэн хүн ховор байна. Бөөр шээсний замын, амьсгалын замын, зүрх судасны өвчинтэй болон цусны даралт нь ихэсдэг хүн олон байгаа юм. Бас нэг анхаарах зүйл нь жингийн илүүдэлтэй хүний тоо олширч байна. Энэ нь цаанаа эрсдэл дагуулж байгаа юм. Жирэмсний хугацааны хувьд 28-33 долоо хоногт коронавирус илүү хүндэрч байна. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн их ачаалал авч байгаа үедээ ковидын халдвар авч байгаа юм. Мэдээж вакцин 100 хувь хамгаалахгүй. Вакцин хийлгэсэн хүн өвдөж болно.

 

Хамгийн гол нь халдвар авсан ч хүндрэл бага байна гэдгийг жирэмсэн эмэгтэйчүүд төдийгүй иргэд ойлгох хэрэгтэй.

 

ЭХИЙН СҮҮ, ЦУСААР ДАМЖИН ХҮҮХДЭД ЭСРЭГ БИЕ ҮҮСНЭ

 

-Коронавирусээр халдварласан ээжээс төрсөн хүүхдэд дархлаа тоггож байгаа эсэх талаар хүмүүс сонирхож байна? 

-Коронавирусээр халдварлаад эдгэрээд мөн вакцин хийлгэсний дараа түр зуур дархлаа тогтож байгаа. Мөн эхийн сүү, цусаар дамжин хүүхдэд эсрэг бие үүснэ. Энэ талаар дархлаажуулалтын хүрээнд илүү судалж байна. Өөрөөр хэлбэл, жирэмсэн үедээ дархлаажуулалтад хамрагдсан ээжээс төрсөн хүүхдийн цусанд вирусийн эсрэг бие үүссэн байгаа юм. Зургаан сар хүртэл хамгаалах боломжтой эсрэг бие хүүхдэд үүссэн гэсэн үг. Бас нэг зүйлийг хэлэхэд, хөнгөн хэлбэрээр, шинж тэмдэггүй ковид туссан хүмүүст дархлаа муу тогтож байна. Ийм хэлбэрээр өвчилсөн бол дахин ковид тусах магадлалтай. Тиймээс дархлаажуулалтдаа хамрагдаарай гэж зөвлөөд байгаа юм.

 

-Ярилцлагын төгсгөлд та жирэмслэхээр төлөвлөж байгаа хүмүүст хандан зөвлөгөө өгнө үү. Мөн жирэмсний эхний сарууддаа мэдэлгүй вакцин хийлгэсэн тохиолдолд эх болон урагт эрсдэл үүсэх үү?

 

-Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд дархлаажуулалтдаа хамрагдаж болно. Мөн дараагийн тунг хугацаанд л хийлгэх хэрэгтэй. Хойшлуулах шаардлага байхгүй. Манай удирдамжид 14 долоо хоногтойгоос хойш вакцинд хамрагдана гэж заасан байгаа Гэхдээ түүнээс өмнө вакцинаа хийлгэсэн ч айх аюулгүй юм. Би анх энэ өвчнийг гарахад монголчуудыг вакцины талаар арвин мэдлэгтэй гэж бодож байсан. Учир нь, манай улсад хүүхэд төрөөд л вакцинд хамрагдаж эхэлдэг. Гэтэл миний төсөөлснөөс өөр байлаа. Энэ нь сөрөг мэдээллүүд их байгаатай холбоотой. Одоо эрүүл мэндийн салбарт саад учруулж байгаа асуудал бол сөрөг мэдээллүүд байна гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна.

 

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)