Амурын эрэлд
- 2021-09-27
- Нийтлэл
- 0
Британийн эрдэмтэн зохиолч Колин Туброн шинэ номдоо зориулж Чингис хааны эх нутагт байгаа хүчирхэг Амурын эх сурвалжийг судалсан байна. Тэрбээр Хан Хэнтийн дархан цаазат газраар аялсан тэмдэглэлээ “The Guardian” сонинд нийтлүүлжээ. Колин Жералд Драйден Туброн (1939 оны зургадугаар сарын 14-нд төрсөн) бол Британийн нэртэй аялагч юм. “Таймс” сэтгүүлээс 2008 онд түүнийг дайны дараах Британийн хамгийн агуу 50 зохиолчийн жагсаалтад оруулсан байна. Туброны номууд 20 гаруй хэлнээ орчуулагдсан болно. Тэрбээр 2009-2017 онд Хатан хааны нийгэмлэгийн ерөнхийлөгч байв.
...Чингис хааны өлгий нутаг өнөөдөр бараг л ариун дагшин газар болжээ. Пакистанаас хоёр дахин том сав газар ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршино. Зүүн Өмнөд Сибириэс Хятадыг дайрч, Номхон далайн эрэг хүрэхэд 2826 миль. Хан Хэнтийн дархан цаазат газар гэх энэхүү уудам газраар орон нутгийн байгаль хамгаалагч, хөтөчтэй аялсан юм. Миний хөтөч, Улаанбаатар хотын уугуул иргэн Батмөнх Чингис хааны ариун уул Бурхан Халдунд ирснээрээ бахархах ёстой гэв. Онон голын цутгалууд намагтай учир бороо ихтэй зун хүрэхэд бэрх. Монголчууд Онон голыг “Ариун эх” хэмээн хүндэлдэг. Бид Евразийн бэлчээрээс Сибирийн тайгад бүдгэрсэн зэрлэг цэцэг үнэртэнэ. Морины туурай намаг шаварт шигдэж, Бурхан Халдун хүрэх зам амаргүй аж. Бид мориор найман цаг яваад ердөө л 20 миль туулсан байв. Хусан ойгоос шинэс модтой уулын энгэрт хүрэхэд биднээс өөр хүнгүй. Миний унасан азарга замаа сайн мэднэ. Богино хөлтэй, том толгойтой энэ морь монголчуудын байлдан дагууллын гол зэвсэг бас үнэнч туслах байв. Нүүдэлчид англичууд шиг мориндоо нэр өгдөггүй. Тэдний хувьд би зүгээр л цагаан морь унасан байлаа. Орой болоход бэрхшээлийн анхны дохио ирэв. Шөнийн хүйтэн жаварт ил гал түлж, шумуул утаанаас дайжжээ.
Монголчууд эхэндээ ихрүүд шиг санагдаж байсан бол одоо тэднийг ялгаж чаддаг болов. Наснаасаа хөгшин харагдах Мөнгөө яриа хөөрөөтэй, хурц нүдтэй Ганпүрэвийн инээд одоо ч харагдах шиг. Шөнийн нам гүмд морь ч хөдлөхгүй аж. Оддын гэрэлд зогсоо унтах нь сонин. Дэлхийд алдартай Амурын эхлэл хаана байдаг тухай маргаан олон жил үргэлжилж байна. Газарзүйн нийгэмлэгүүдийн тайлбарладаг Орос, Хятад энд гэх таамаглал үндэслэлгүй аж.
Алс холын эх сурвалж нь алслагдсан Монголын уулархаг нутаг. Онон гол бол нялх Амур.
Онон гол хил даваад хүйсээ сольж “Сибирийн эцэг” болон урссаар Хятадын хилийг Амур нэрээр давдаг. Өглөөний агаар хүйтэн бас цэнгэг. Майхан дээрх шүүдэр мөстсөн байв. Оросын хил хойд зүгт 40 милийн зайд байгаа. Энэ бол монголчуудын зүрх сэтгэл. Найман зуун жилийн өмнө Чингис хаан Онон, Хэрлэн голын дээд хөндийг халдашгүй дархан цаазтай газар болгожээ. Бурхан Халдун уул түүний асар том эзэнт гүрний оюун санааны хүч болсон юм. Одоо ч гэсэн ариун газар. Чингис хааны дайснуудаасаа хоргодсон “хамгаалалтын өндөрлөг” ширэнгэн ой байжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)