Эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс ковидоор өвдсөн иргэд хүйтэн зааланд хэвтэж, өвчнөө хүндрүүлсээр байна

Хөдөө орон нутагт коронавируст халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж нөхцөл байдал улам хүндэрч байна. Тиймээс Увс аймгийн хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар ямар байгаа талаар сурвалжиллаа.


Т.Батбаяр: Эмнэлэгт хүнд хүнээл авахаас хүндэрсэн иргэдээ авахаа больсон

Увс аймгийн иргэн Т.Батбаяр хэлэхдээ “Манай аймагт коронавирусийн халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Коронавирусийн халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй тав хонох тохиолдол ч байна. Эмнэлэгт хүнд хүнээ л авахаас хүндэрсэн иргэдээ авахаа больсон. Сумын эмнэлгүүд соёлын төв, заал танхимд коронвирусийн халдвартай иргэдээ хэвтүүлэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч эрүүл мэндийн байгууллагын стандарт хангаагүй өрөө тасалгаанд өвчтэй иргэд байрлаж байгаа гэсэн үг. Дээрээс нь ямар ч халаалтгүй, хүйтэн өрөөнд хэвтсэн нэр зүүж байгаа хүмүүс эмчлүүлэх гэсэн биш улам өвчин нь хүндрэх тохиолдол байна. Зарим нь даарсандаа орондоо давхар хувцастайгаа хэвтэж байна шүү дээ. Ийм эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа орон манайхаас өөр газар байгаа гэдэгт эргэлзэж байна. Энэ үед эмнэлгийн хүртээмжийн талаар ярих хэцүү, яриад ч нэмэргүй. Дээр нь эмч, ажилчдын хүртээмжийн талаар ч ярих хэцүү болчихжээ. Эрүүл мэндийн байгууллагынхан өөрсдийн нөөц бололцоогоороо л ажиллаж байх шиг байна. Эмнэлэг гамшгийн хэмжээнд очсон. Байж болох бүхий л газраа ор дэлгэчихсэн байгаа. Зөвхөн ковидын эмчилгээ үйлчилгээг үзүүлэх нь холгүй байна. Бусад эмчилгээ үйлчилгээг бараг орхигдуулсан. Үүнээс үүдэн суурь өвчтэй иргэд тогтмол хугацаанд эмчилгээндээ хамрагдаж чадахгүй өвчин нь хүндэрдэг дам нөлөө бас байна. Эдгээр асуудлуудыг шийдэх ганц гарц нь орон нутгийн нөөц бололцоогоо ашиглаад шинжилгээгээ хурдан шуурхай, үнэгүй болго. Бүр байг гэхэд зорилтот бүлгийн иргэдээ үнэгүй шинжилгээнд хамруулах хэрэгтэй” гэв.

С.Анхбаяр: Мөнгөгүй иргэд ковид туссан ч эмийн багц авах боломжгүй учраасөвчнөө улам хүндрүүлж байна

Увс аймгийн иргэн С.Анхбаяр “Манай аймгийн хэмжээнд коронавирус илрүүлэх шинжилгээ авах нөөц бололцоо хангалтгүй байна. Аймгийн хэмжээнд түргэвчилсэн шинжилгээ 25 мянган төгрөгөөр,PCR шинжилгээг 85 мянган төгрөгөөр авч байна. Гэтэл ийм хэмжээний үнэ өртгөөр шинжилгээ өгөх боломжтой иргэдийн тоо цөөхөн байна. Сүүлийн хоёр жил хүн бүр их, бага хэмжээгээр хөл хорионд байлаа. Эдийн засаг, иргэдийн амьжиргаа элгээрээ хэвтсэн. Тиймээс коронавирусийн шинж тэмдэг илэрсэн ч, ойрын хавьтал болсон ч иргэд тэр бүр энэхүү үнээр шинжилгээ өгч чадахгүй байна. Үүнээс үүдэн гэртээ өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байна. Шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд өрхийн эмнэлгээс олгож байгаа 160 мянган төгрөгийн эмийн багцыг авч байгаа. Гэтэл шинжилгээ өгөх ч мөнгөгүй иргэд ковид туссан ч эмийн багц авах боломжгүй учраас өвчнөө улам хүндрүүлж байна. ЭМЯ-наас шинжилгээ үнэгүй авч байна гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Бүгд үнэтэй. Зарим газар ойрын хавьтал болсон иргэнээс 15 мянгаар, зарим нь 25 мянгаар түргэвчилсэн шинжилгээ авч байна. Ойрын хавьтал болсон хүн бүр шинжилгээ өгөх боломжгүй. Үүнээс болоод хүндрэл үүсээд байна. Иймээс амжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн иргэд корона туссан л бол амьд явах баталгаа алга байна” хэмээн ярилаа.

Ц.Алимаа: Хөдөө орон нутагт ковидыг эмчлэх эмнэлгийн байр савны асуудал тулгамдаад байна

Ийнхүү иргэдийн сэтгэгдлийг сонссоны дараа Увс аймгийн ЭМГ-ын дарга Ц.Алимаагаас коронавирусийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Тэрээр ажлын байран дээрээ коронавирусийн халдвар авсан нь тодорхой болж тусгаарлах байр руу явж байна гэсэн юм.

-Та аймагт тулгамдаад байгаа асуудлын талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү. Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдын нөөц, эмнэлгийн хүртээмж ямар байна вэ?

- Хөдөө орон нутагт хүний нөөцийн асуудал маш ихээр тулгамдаж байна. Одоо коронагаар өвдөөгүй эмч, ажилтангүй боллоо. Анхан шатны тусламж үзүүлж байгаа сум, өрхийн эмнэлгүүдээрээ бид баг болон хуваагдаад байнга явж байна. Оношлуурын хувьд хүрэлцээгүй, санхүү мөнгөний хувьд ч асуудал үүсээд байна. Аймаг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 52.5 сая төгрөгийг зарцуулж хамгийн сүүлд 3500 түргэвчилсэн оношлуур татан авч сумдуудад хуваарилаад гурав хонож байна. Өөрөөр хэлбэл, сумын эмнэлэгт 100,100 өрхийн эмнэлгүүдэд 200-300 ширхэгийг л хуваарилж байна. Тухайлбал, 2-3 өдрийн нөөцийг л бүрдүүлсэн гэсэн үг. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд хандив тусламж, ЭМДС-гаар дамжин орж ирэх мөнгө санхүү гээд байж болох бүхий л санхүү төсвөө зарцуулж байна. Нэг үеэ бодвол сумын эмнэлгүүд ажиллах арга барилдаа дадчихлаа. Гэтэл гол асуудал нь нэлээд олон суманд цор ганц их эмч байна. Тэр эмчийн нуруун дээр хол ойрын дуудлаганд явах, ковидоос бусад өвчлөлтэй иргэдээ үзэх гээд ачаалал их байна. Зарим тохиолдолд ковидын улаан бүс рүү бага эмчээ оруулаад их эмч нь өдөрт нэг удаа халдвар хамгааллын дэглэмээ сахиад улаан бүс рүү орж, гардаг тохиолдол ч байна.

-Аймгийн хэмжээнд коронавирусийн халдвараар өвдсөн иргэдийг хэвтүүлэн эмчлэх хичнээн ор дэлгэсэн байна вэ. Нэмж ор дэлгэх үү?

-Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр 116 ор дэлгэсэн. Орны хүрэлцээ хангалттай биш, дотрын тасгаа чөлөөлж жирэмсэн эх болон хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байна. Мөн хувийн гурван эмнэлэг тус бүр 30 ор буюу нийт 90 орыг шаардлагатай тохиолдолд сэлгэн ашиглахаар тохирч, өнөөдөр эхний эмнэлэг нь коронагийн 30 тохиолдлыг авч эмчлэхээр боллоо. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдчихсэн учраас байр савны асуудал нэлээд хүндрэлтэй байна.Түүнчлэн өрхийн эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа учраас гаднаас хүний нөөцөө бүрдүүлэхийн тулд өмнө нь ажиллаж байсан, ажиллах боломжтой хүний нөөцүүдийг гэрээгээр ажиллуулах санал тавихад зөвшөөрөх хүн ховор байна. Хүнд нөхцөлд ажиллах учраас эрүүл мэндийн салбарт ажиллахыг хэн ч хүсэхгүй байна. Тиймээс бид аргаа барахдаа аймгийн хэмжээнд цэцэрлэг хичээллэхгүй байгаа учраас цэцэрлэгийн эмч нарыг өрхийн эмнэлгүүд дээрээ дайчлан ажиллуулж байна. Өрхийн эмнэлгийн эмч, ажилчид өдөр бүр шөнийн 2-3 цаг хүртэл иргэдээ үзэж, эмээ тарааж байгаа хэдий ч хаанаа ч хүрэлцэхгүй байна.

-Эм тарианы нөөц хэр байна вэ?

-Эм тариаг боломж бололцооныхоо хэрээр л татан авч байна. ЭМЯ-наас гарцаагүй хүнд ашиглах эмийг өгч байгаа. Түүнээс биш ковид туссан олон мянган хүнд толгой дараалан өгөх боломж байхгүй учраас хүрэлцээ муу байгааг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар манай аймгийн хэмжээнд хамгийн бага өр тавьсан өрхийн эмнэлгийн мөнгөн дүн 27 сая төгрөг байгаа бол, хамгийн их өртэй өрхөөр 11 мянган иргэнтэй өрхийн эмнэлэг 60 гаруй сая төгрөгийн өртэй байна. Өрхийн эмнэлгийн удирдлагууд энэ өрийг даатгалын сангийн мөнгөөр явцын дунд нөхөгдөнө хэмээн тооцоолж байгаа. Ерөнхийдөө 7-10 хоногийн нөөцөөр хязгаарлагдаж байна. Арав хоногийн нөөц бүрдүүлчихээрээ арай боломжийн гэж үзээд байгаа болохоос гал унтраах түвшинд ажиллаж байна.

-Шинжилгээ өгөх санхүүгийн боломжгүй иргэд эмийн багцаа авч чадахгүй өвчнөө хүндрүүлэх тохиолдол олон байгаа гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ийм асуудал байгааг үгүйсгэхгүй. Бид хүн бүрээс үнэгүй шинжилгээ авах боломж байхгүй. Эрүүл мэндийн салбарынхан юунаас ачаалал аваад, яагаад стресстээд байна гэхээр иргэдээс ирэх сэтгэл зүйн дайралтад ихээр өртөж байна. Энэ юутай холбоотой байна гэхээр төлөвлөсөн санхүүжилт зөв байгаа эсэхийг яалт ч үгүй эргэж харах шаардлага үүсээд байна. Ойрын хавьтал хэмээн асуумж бөглөсөн болон 11 бүлэг иргэдээс шинжилгээ үнэгүй авч байгаа. Тэгэхээр нийт шинжилгээний 80 хувийг үнэгүй авч,үлдсэн 20 хувийг төлбөртэй авч түүнийгээ эргэлтэд оруулж байгаа юм. Түүнээс биш бүх иргэний

шинжилгээг үнэгүй авна гэвэл эрүүл мэндийн салбар, аймаг орон нутаг нийлээд ч зөвхөн түргэвчилсэн оношлуурын төсвийг ч төлж барахгүй. Тиймээс ковид дууссаны дараа санхүүгийн өрөнд орох вий гэсэн стресст давхар өртсөн дарга нар олон байна. Сүүлдээ ажлаас гарна гэсэн эмч, эмнэлгийн ажилчид олон боллоо. Тэр дундаа нарийн мэргэжлийн эмч нар олон байна. Энэ хүмүүсийг ямар хөшүүргээр үргэлжлүүлэн ажиллуулж, яаж цар тахлын ард гарах вэ гэдэг бол тулгамдсан асуудлын нэг болоод байна. Бид хэдий болтол гал унтраах түвшинд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж ажиллах вэ гэдгээ хэлж мэдэхгүй байна.

-Сумдууд ковидын батлагдсан тохиолдлуудаа хаана хэвтүүлэн эмчилж байна вэ?

-Хичээл сургууль орохоос өмнө дотуур байр, сургуулийн байрыг зарим сумдууд ашиглаж байсан. Одоо эдгээр бүх байраа хүлээлгэн өгсөн. Манай аймгийн ихэнх сумдууд сүүлийн жилүүдэд эмнэлгийн байр шинээр барьсан учраас хуучин эмнэлгийн байраа коронагийн эмчилгээнд ашиглаж байна. Ийм нөөцгүй газрууд сумын соёлын төв болон эмнэлгийн байраа хуваан ашиглаж байна. Одоогийн байдлаар байгууллагуудын халаалт ирчихсэн байгаа хэдий ч Соёлын төв болон хуучин эмнэлгийн байрууд шаардлага хангахгүй хүндхэн байна. Ийм нөхцөлд өвчтөн, эмч хэн хэн нь аргаа барж байна.Бид зайлшгүй эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай иргэдийг эмчилж байгаа. Тиймээс хүнд өвдсөн иргэнээ гэрт нь хүндрүүлэлтэй биш, хүйтэн ч гэсэн Соёлын төвдөө хэвтүүлэн эмчилж байна. Зарим иргэд нь ийм хүйтэн өрөөнд эмчлүүлэх биш, харин ч эсрэгээрээ улам хүндэрчихлээ гэж гомдоллох ч тохиолдол гарсан. Үнэндээ бид өөрсдийн байгаа нөөц боломжийнхоо хэрээр л ажиллаж байна. Энэ бол хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын боловсон хүчин, суурь бааз нөөцийг шалгасан сорилт боллоо. Цаашид ямар ч төрлийн халдвар гарч болно. Тэр үед бид өнөөдрийн нөхцөл байдалдаа хэвээр байж болохгүй. Зөвхөн төв суурин газрынхаа эрүүл мэндийн байгууллагын нөөц бололцоо, хүний нөөцийн бэлтгэл байдлаа хангах биш, жигд анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Аймгийн хэмжээнд хичнээн нас баралт бүртгэгдээд байна вэ. Шалтгаан нөхцөл нь юу байна?

-Одоогоор 11 тохиолдол бүртгэгдээд байна. Хавсарсан өчтэй болон ковидын тохиолдлоор ч нас барсан иргэд бий. Цаашид ч нөхцөл байдал улам хүндрэхээр байна. Одоо нэг аюултай асуудал юу байна гэхээр иргэд коронавирусээс айхаа больж хэтэрхий задгайрч байна. Тиймээс хөл хөдөлгөөнд тодорхой хязгаар тавих хэрэгтэй байна. УОК-ын шийдвэрээр аймаг орон нутаг бие даан асуудлаа шийдвэрлэх, хариу арга хэмжээ хийх боломжийг хаасан. УОК-ын шийдвэрийн дээр та нар шийдвэр гаргалаа, хариуцлагаа өөрсдөө хүлээ гэдгийг бид нарт тулгадаг. Тиймээс дандаа УОК-ын шийдвэрийн араас АОК-ын шийдвэр гарч байна. Тиймээс бодит нөхцөл байдал маш хүнд байгаа гэдгийг бид өдөр тутам холбогдох байгууллагуудад мэдэгдэж байна. Үнэндээ өнөөдөр сайн дураараа шинжилгээ өгч байгаа иргэдээс өдөрт 300 гаруй тохиолдол илэрч байна. Хэрэв бид оношлуур нь хүртээмжтэй байгаад тандалтын шинжилгээ хийвэл өдөрт хичнээн иргэнээс халдвар илрэхийг хэлж мэдэхгүй. Сургууль орсноос хойш хүүхдүүд их хэмжээгээр өвдөж байна. Аймгийн хэмжээнд 451 хүүхэд ковидоор өвдсөн. Түүнчлэн өдөрт 30-40 хүүхэд өвдөж байна.

 

П.БАТЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)