“Олон Овоот”-ын лицензүүдийг олуулаа хуйвалдаж “дээрэмджээ”
- 2024-11-01
- Нийтлэл
- 0
Өнгөрсөн онд өр төлбөр нь эцэслэн шийдэгдэж, прокурорын битүүмжнээс суларсан “Олон овоот гоулд” ХХК нь төрийн нэр барьсан албатуудад хууль ёсоор эзэмшиж буй өмчүүдээ “дээрэмдүүлж” эхэлжээ.
Үнэндээ “Олон овоот гоулд” ХХК нь төлбөр төлөхөөс зайлсхийсэн юм биш. Харин төлбөр хүлээн авагч болох төр л өрөө төлөх боломжийг нь олгохгүй байгаад хамаг учир байна. Эдний уурхайн үйл ажиллагааг 2013 онд битүүмжилж зогсоосон. Үүний дараа эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд 10 гаруй жил өнгөрчээ.
Төлбөр авагч байгууллага нь авъя гэвэл өнөөдөр ч өгөхөд бэлэн авлагууд хүүхдүүдийх нь нэр дээр байдаг гэнэ. Үүний нийт хэмжээ 170-аад орчим тэрбумаар яригдах төгрөг бөгөөд баталгаатай авлагуудыг өрөнд нь суутгаад өрийг хаах бүрэн боломжтой. Төр нь иргэндээ өглөгтэй боловч өгдөггүй. Иргэн нь банканд өрөө төлөөгүй тохиолдолд өмчийг нь үнэлгээ ч тогтоохгүйгээр хурааж авдаг ийм “дээрэм” давтагдсаар байх уу?
Хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл нь бүх хөрөнгийг ямар ч үнэлгээ тогтоолгүйгээр өр төлбөртөө шууд шилжүүлэн тооцуулах ажиллагаа явуулж, “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч М.Энхтөр нь өөрийн хамаарал бүхий компанийн нэр дээр ашигт малтмалын ашиглалтын нийт найман ширхэг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан байна. Тэрбээр яагаад эрх хүлээн авагчийн үүргээ гүйцэтгээд банкны хаалгыг хаах бус, өөрийн хамаарал бүхий буюу бусадтай хамтран эзэмшдэг компанийнхаа нэр дээр тус лицензүүдийг шилжүүлээд авчихав? Яагаад холбогдох байгууллагууд нь түүнд хууль зөрчин шилжүүлээд өгчихөв?
Энэ хэрэгт хэд хэдэн байгууллага оролцсоноос хамгийн ноцтой нь Татварын ерөнхий газар байв
Нэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэсэг албан хаагчтай үгсэн хуйвалдаж, хөрөнгийг шилжүүлэхийг даалгуулсан.
Хоёр. Татвар дээр хуурамч бичилт хийж, эрх шилжүүлсний татвар төлсөн тухай тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.
Гурав. Ашигт малтмал, газрын тосны газарт нөлөөлж, хууль зөрчүүлэн тусгай зөвшөөрлүүдийг бусдад шилжүүлсэн.
Дөрөв. Үндсэн хуулиар олгогдсон өв залгамжлагчийн эрхээ эдлэхэд саад учруулсан. 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бурхан болоочийн хүүхдүүд төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж заяагдмал эрхээ эдэлж чадахгүй байсан. Харин үүн дээр алдааг залруулж, энэ оны есдүгээр сарын сүүлчээр өвийн эрхийг нь нээж өгсөн байна билээ.
Эдгээрээс ярих эхний байгууллага нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар юм. Тус газар өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хууль бусаар “Олон овоот гоулд” ХХК-ийн татварын тайланд холбогдох өөрчлөлтийг дур зоргоороо хийж, өмнөөс нь нэхэмжлэл үүсгэж, 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 296 сая төгрөг төлсөн гэх баримтыг татварын программд үүсгэсэн. Үүнийгээ үндэслэн тус газар нь өөрсдийнхөө тавьсан “Олон овоот гоулд” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын долоон тусгай зөвшөөрлийн хязгаарлалтыг цуцалсан. Ингэхдээ АМГТГ-т 2024 оны нэгдүгээр сард эрх шилжүүлсний татвар төлөгдсөн тул тавьсан хязгаарлалтуудаа цуцалсан тухай албан бичгээр мэдэгдсэн нь маш ноцтой хэрэг.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6 дахь хэсэг, Сангийн сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн №302 тоот тушаалд заасан аргачлалын дагуу тодорхойлолт гаргаж хүргүүлэхдээ хуурамчаар үйлдээд явуулчихсан байж болзошгүй үйлдлүүд харагдаж байна. Цаашилбал, энэхүү хууль бус ажиллагааны дараа дээрх лицензүүдийг шилжүүлэх хүсэлт УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр буюу энэ оны зургаадугаар сард АМГТГ-т очсон бөгөөд шилжилт хөдөлгөөн наймдугаар сард хийгдсэн байх юм.
Баримтуудаас харахад, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Минерал эксплорэйшн”, “Спиритмайнинг” ХХК-ийн захирал М.Энхтөр болон ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний №3/4531,
2023-12-04-ны №3/4532 тоот албан бичгээр ашигт малтмалын тусгай
зөвшөөрлийн үнэлгээ нь 142 тэрбум төгрөг болох аж. Энэхүү дүнгээс “Хадгаламж банк” ХХК-ийн авлага нь зөвхөн 45 тэрбум төгрөг байгаа юм. Бусад нь “Зоос”, “Анод” банкны авлага бөгөөд тус авлагыг өмнөөс нь М.Энхтөр өөртөө шилжүүлж авах хууль зүйн үндэс байхгүй. Энэ талаарх тухайн гурван банкны нэр дээр шүүхээс гарсан шийдвэрүүд нь байна. Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд ААНОАТ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар эрх борлуулсны орлогод ногдуулсан албан татварт 11.2 тэрбум төгрөг төлөх ёстой болно. Дээрх 11.2 тэрбум төгрөгийг өнөөдрийн байдлаар “Олон овоот гоулд” ХХК болон түүний өмнөөс татвар төлдөг этгээд хоёрын аль нь ч төлөөгүй байна.
Улсад бодитойгоор төвлөрөөгүй татварыг “төлсөн” гэж тодорхойлсон нь улсыг 296 сая төгрөгөөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд хууль журмын дагуу зайлшгүй төлөгдөх эрх шилжүүлсний татвараар хохироосон гэж үзэхээр байгаа нь дан ганц тус байгууллага, өв залгамжлагчийн эрх ашиг гэхээсээ нийтийн эрх ашгийг хохироосон гэмт үйлдэл биз дээ?
Үүнд өв залгамжлагч гомдол гаргаад хөөцөлдсөн байгаа юм. Үр дүнд нь “Олон овоот гоулд” ХХК-ийн татварын тодорхойлолтод илүү төлсөн дүнгээр харагдаж байсан эрх борлуулсны орлогын албан татварт төлсөн 296 сая төгрөгийн тухай мэдээлэл татварын программаас устсан байх нь тэр. Өв залгамжлагчийн гомдлын дагуу Татварын газар дотоод аудит явуулсан болж додомдоод өнгөрөхдөө дээрх ажиллагааг зөвтгөж хариу ирүүлсэн байдгийг баримтууд нотолно.
Мөн дээр нь “Олон овоот гоулд” ХХК-ийн төлөөгүй 296 сая төгрөгийг эрх борлуулсны төлбөр төлсөн гэж Татварын ерөнхий газар нь Ашигт малтмал газрын тосны газарт тодорхойлолт явуулсан байгаа нь хачирхалтай. Үүгээрээ Татварын ерөнхий газар нь Монгол Улсын Иргэний хууль, ААНОАТ-ын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Сангийн сайдын 302 тушаал, журамыг тус тус ноцтой зөрчсөн байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, эцсийн өмчлөгч “Олон овоот гоулд” ХХК нь эрх борлуулсны орлоготой холбоотой ямар ч татвар төлөөгүй, татвар дээр нэхэмжлэл үүсгүүлээгүйг баримтууд харуулж байгаа юм.
“Олон овоот гоулд” ХХК компанийн 100 хувийн хувьцааг Г.Алтан 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ноос хойш эзэмшиж байгаад, 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдөр нас барсан. Гэтэл 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр төлсөн гэх 296 сая төгрөг болон “Олон овоот гоулд” ХХК-ийг төлөөлөх эрхгүй Б.Батбаяр нь хуурамч бланк, тамга ашиглан өөрийгөө гүйцэтгэх захирал гэж 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр №ООГ23/22 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газарт хандсан байна. Б.Батбаяр нь “Олон овоот гоулд” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох нь Цахим татварын систем дээрх татвар төлөгчийн мэдээлэл болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр нотлогддог аж.
Үүнд Татварын ерөнхий газрын алба хаагчид бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд бусадтай үгсэн тохиролцож, хэн нэгний өмнөөс зөвшөөрөлгүй татвар төлөх боломжийг (татвар төлөх биш татвар төлсөн мэтээр бичилт хийх) хангах, мөн онц их хэмжээний татвараас зугтах, авлига авах зэрэг хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй байдал үүсгэснийг АТГ-т шалгуулахаар өгөөд байгаа юм билээ.
Мөн “Олон овоот гоулд” ХХК-ийн санхүүгийн тайланг “эрх борлуулсан хөдөлгөөнийг тусгаагүй” байна гэх шалтгаанаар хүлээн авахгүй буцаасан. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж хууль бусаар лиценз шилжүүлсэн үйлдлээ халхавчлан хамгаалах, авах ёстой өр төлбөрөө авахгүйгээр бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл учруулан дарамталсаар байна.
Үүгээрээ нэгэн гэр бүлийн бизнесийг олон арван жилээр нухчин дарж, хохирол учруулсаар байгаа төдийгүй үүнд нь Төвбанкны тухайн үеийн удирдлагууд хүртэл оролцон их хэмжээний хохиролд хүргэсэн гэмт үйлдэл өнөөдрийн байдлаар хууль, хяналтын байгууллагад шалгагдаж, эхнээсээ саатуулагдаад байгаа нь төрийн байгууллагын нэр хүнд, эрх мэдлийг урвуулан ашиглаж, ашиг хонжоо олсон тохиолдол бүр хэзээ нэгэн цагт хуулийн хариуцлага хүлээдгийг харуулж байна.
Дугаар шилжих мөчид нийтлэлд нэр дурдагдсан төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд буюу тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газрын албаны эх сурвалжуудаас дээрх асуудлаар тодруулахад “Энд дурдагдсан иргэн, байгууллагуудаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ хууль ёсны албан баримтуудыг сайтар хянаж нягтлахыг холбогдох албан тушаалтанд анхааруулж ажилласан. ШШГЕГ-аас тухайн албан бичиг ирсэн нь үнэн. Үүний дагуу холбогдох баримт материалуудад үндэслэн хуулийн тогтоол, шийдвэрүүдийг биелүүлж ажиллана” гэсэн хариулт өгсөн юм.
/Үргэлжлэл бий…/
Сэтгэгдэл (0)