Их гүрнүүдийн эрх ашгийн огтлолцлыг давуу талаа болгоё
- 2021-09-30
- Нийтлэл
- 0
Монголчууд бид газар зүй, геополитикийн боомилогдсон сэндвич (хавчуурга) байрлалаа дөвийлгөн харж, бэрхшээл тоочин,бусдаас бурууг эрж 30 жил суулаа. Арчаагүй ингэж суух бус, эл хавчуурга байрлалаа боломж, давуу тал болгон ашиглаж, хоёр том зах зээлийн дунд “бүжиг эргэх”-ээр цуцалтгүй зүтгэх цаг ирсэн. Хятадын эдийн засаг төсөөлж байснаас бүр эрт буюу ойрын хоёр жилд АНУ-аас түрүүлэх төлөвтэй байна. Тэр хэмжээгээр олон улсын санхүү-эдийн засгийн ертөнцөд төдийгүй гео-улс төр, гео-эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь улам нэмэгдэж байна.
Манай хойд талд буюу Сибирт Орос орныг наад зах нь 100 жил тэжээх нефть, хий, алт, алмаз, эрдэнэсийн нөөц байгаа гэж шинжээчид үзэж байна. Өдөр хоногоор хүчирхэгжиж байгаа хоёр хөршийнхөө эвийг олж зөв харьцаж чадвал бидэнд хурдацтай хөгжих том боломж байна, буруу нүүвэл буцахдаа тээх шороо ч олдохгүй байж мэднэ.
Эдийн засаг, технологийн асар чадавхитай, эрчимтэй хөгжиж буй Хятад, геополитик, байгалийн баялгийн хэмжээлшгүй нөөцтэй, олон улсын нөлөө хүч нь бэхжиж буй Оростой хил залган байгаа нь бидний тухайд хөгжлийн боломж, өрсөлдөөний давуу тал юм. Хөрш гүрнүүдийн эрх ашгийн огтлолцол дунд Монголын тоглолт хэр уран цэц байхаас бидний ирээдүй, хувь заяа хамаарч байна. Энэхүү торгон мэдрэмжийг дээдэлж “Гурван улсын эдийн засгийн коридор” байгуулах манай гурван улсын тохиролцооны хүрээнд “Хөгжлийн замаа” урагшлуулан зөв тоглож чадвал түргэн босч ирэхээр байна.
ЗХУ-ыг ид хүчирхэг их гүрэн байхад нь эдийн засаг, техникийн тусламж авч өндийж ирсэн ба мөд дэлхийн хамгийн том эдийн засаг болох урд хөршийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд түшиглэхээс өөр гарц алга. БНХАУ-ын дарга Си Зинпин 2014 онд манай улсад айлчлахдаа "Бид хөрш зэргэлдээ улс орнууд түүний дотор Монгол Улсыг "Хятадын хөгжил" хэмээх галт тэргэндээ суухыг урьсан" сайхан үг бий. Дайгдаад ургашлах хэрэгтэй байна. Өмнөд хөршийн түрэлт Монголын эдийн засагт нэгэн шинэ үеийг нээж байна. Монгол Улсын ирээдүйг Хятадгүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Ганц Монгол гэлтгүй олон орон эдийн засаг, бизнесийн гол түншээр Хятадыг сонгож байна. Дэлхийн хамгийн том зах зээл, хөрөнгө, потенциал дэргэд бэлэн байгаа учраас эс хүссэн ч бидэнд өөр гарц алга.
Өмнөд хөршийн хөгжлийн замналаас Монгол Улс суралцахын сацуу Хятадын хязгааргүй их хэрэглээ, захгүй хөгжлийн өгөөжөөс сүйхээтэй шүүрэх цаг ирээд байна. 2013 онд БНХАУ-ын дарга Си Зинпины тунхагласан “Бүс, зам (Их торгон замын эдийн засгийн бүс) гэгч өргөн уудам нутаг хамарсан том бүтээн байгуулалтын стратеги, түүний нэг хэсэг болж буй Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорийн бүтээн байгуулалтад оновчтой хамрагдаж чадвал Монгол Улсад хөгжил ойрхон байна.Үүнд:
- Амин чухаг болоод буй Тавантолгой-Гашунсухайтын төмөр замын холболтыг даруй хийх, Оюутолгойд цахилгаан станц барих, урд хойдыг холбосон төмөр болон засмал замыг шинэчлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС, Багануурын цахилгаан станц мэт эрчим хүчний том төслүүд, Өмнөговьд нүүрс баяжуулах үйлдвэрүүд гэх мэт чухаг төслүүдэд хөрөнгө оруулалт, хөнгөлөлтэй зээлийг нь авахаас өөр гарцгүй болсон. Хятадаас болгоомжлохын хамт, түүний зээл, хөрөнгө оруулалтыг нь зөв менежментээр оновчтой ашиглах аваас таатай боломжууд уг нь бүрдэж байна.
Монгол руу хуйларч байсан гадаадын хөрөнгө оруулагчид царцсан өнөө үед Хятадын хөрөнгө оруулалтыг зөв, оновчтой салбарт татан авч чадвал бид улам хурдан өндийн ирэхэд нэмэлт хүч болох нь гарцаагүй.
Эдүгээ манай нүүрсийг импортолж буй ганц том зах зээл нь Хятад. Нүүрс, түүхий эд тээвэрлэх нарийн төмөр замуудыг Хятадтай залгаа боомтуудаар олноор байгуулахаар төлөвлөж буй нь зөв. Монгол, Хятадын хилээр төмөр замын олон улсын дөрвөн шинэ гарц нэмж нээх, мөн Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, Хятадын Тяньжины боомтоос гадна Бохайн тэнгисийн тодорхой боомтуудыг Монгол Улс дамжин өнгөрөх тээвэртээ ашиглахаар хоёр тал ярьж эхэлсэн нь олзуурхууштай.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан “Транзит улс” болох сайхан зорилт дэвшүүлсэн. Жижиг улсууд транзит тээвэр хөгжүүлж босож ирсэн олон жишээ байна. Сингапур улс Европ-Австрали, Ази-Африкийг холбосон усан ба агаарын тээврийн хамгийн том зангилаа болж, хамгийн боломжтой, тохитой үйлчилгээг нислэгийн компаниудад үзүүлж Азийн бар болов. Манай ойр төстэй Латви, Литва, Эстони гэх жижиг улсууд үндсэндээ Оросын транзит тээврээр амьдарч ирсэн байлаа. Европын холбоонд элсээд оросын царигтай төмөр замаа тэд хуу татаж аваагүй. Нутгаараа ОХУ-ын барааг тээвэрлүүлж, усан боомтуудаа оновчтой ашиглуулж их ашиг олж ирсэн. Литвын Клайпеда боомтын ачаа эргэлтийн 90 гаруй хувь нь 2015 он хүртэл оросын ачаа байлаа.
Монголын транзит төмөр зам, авто замаа ойрын жилүүдэд олон улсын түвшинд хүргэх хэрэгтэй байна. Хятадаас Европтой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөтгөхөөр зүтгэж байна. Хятад Орос хоёр эдийн засгаа харилцан нөхөх бодлого явуулахаар нэлээд олон жил ярьж, Алс Дорнодод тоймтой ажлуудыг эхлээд байна. Энэ бүхэн Сибирь хүрч өргөжин, Монгол Улсаар дамжсан том төслүүд төлөвлөгдөж мэдэхээр байна.
Иймд “Бүс ба зам”-ын стратегиас нь дүүжлэгдэн, хоёр хөршийнхөө эвийг олж зөв тоглох хэрэгтэй байна.Тэгвэл Хятад-ОХУ, Европ руу чиглэсэн зам, дэд бүтцүүдийн зангилаа дээр тээврийн дамжуулан өнгөрүүлэгч болж чадвал хөгжил ойртож байна. “Бүс, зам”-аас ихээхэн унацтай тоглогчийн нэг болох боломж байна уг нь. Эхний ээлжинд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 260 километр төмөр замыг нүүрс үнэтэй байгаа дээр нь ойрын саруудад ашиглалтад оруулж чадвал эл орлогоороо бусад салбараа өөд татах боломж ч гарах юм бил үү.
Хятад бол хөрөнгө оруулалтын асар их нөөцтэй улс. Африк, ЗӨА, Латин Америкийн олон орон үүнийг нь ашиглаж байна.
Өрнөдийн хөрөнгө оруулалт хумигдсан, зээл тусламж татарсан өнөө үед Хятадаас хөнгөлөлтэй зээл ахиухан авч, Эрдэнэбүрэнгийн УЦС мэт зөв юмандаа оновчтой, хурдан ашиглаж цаг тухайд нь эргүүлж төлж байвал боломжууд их байна.
-Хажуугийн хөрш Казахстан Хятадад уранаа худалдаж ихээхэн ашиг олж ирлээ. Хятадын гаднаас импортлож буй бүх ураны гуравны хоёрыг буюу бараг 70 хувийг ганц Астана нийлүүлж ирлээ. Манай улс ураны чамгүй нөөцтэй ч Францтай хамтран боловсруулалт хийж чадахгүй өдий хүрсэн. Мардай болон Улааны ордоо Хятадтай хамтран ашиглаж эргэлтэд оруулбал Казахстанаас хоцрохооргүйгээр боломж байна.
"1.4 тэрбум хүнтэй Хятадын хүнсний импорт" хэмээх том бялуунаас томоор хүртэж байгаа АНУ, ОХУ зэрэг хөгжингүй хөдөө аж ахуйтай улс орнууд байна. Хятадын үсрэнгүй хөгжил, амьжиргааны түвшин нэмэгдэж байгааг дагалдаад хүн амын мах, сүүний хэрэгцээ хурдтай өсөн нэмэгдэж байгаа. Зөвхөн Америкийн үхрийн махны экспортод Хятадууд зах зээлээ нээснээр Америкийн фермерүүд 40 тэрбум ам.долларын ашиг олж буй тооцоо бий.
Махны хамгийн том хоёр хэрэглэгч хоёр талд маань оршиж байна. Хятад гэхэд жилд 90 сая үхрийн мах хэрэглэж байгаа юм байна.
Монгол Улс 70 шахам сая толгой малтай болж, Монголын мал эрчимтэй өсч байгаа. Монгол Улсад сүүлийн үед мал ихдээд болохоо байлаа гэж ярих болсон. Гэтэл бид жилд 10-15 сая хонины мах Хятадад нийлүүлэхэд ганц Хөх хотын хэрэгцээг л хангах төдий. Махны экспортод сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарч байгаа ч хийх юм их байна. Махны гадаад зах зээлээ Хятад,Оросоор хязгаарлалгүй ойрхи Дорнод, ЗӨА-ийн орнуудаар тэлэх их боломж байна.
Дорнодын Халх гол мэт үржил шимтэй эрүүл хөрсөндөө шар буурцаг тариалж Хятад, Япон, БНСУ-д гаргаж болж байна. Хятад нь АНУ-аас жилд 12 миллиард долларын шар буурцаг импортолж байхад манай ядахдаа 2-3 тэрбумынхыг экспортлоход л хангалттай баймаар. 2015 онд ХХААЯ-ны гаргасан Халх гол чөлөөт бүс байгуулах тухай" тогтоолыг амь оруулж энэ бүсийн 500 мянган га газрыг Хятад, Солонгос, Японтой хамтран зохистой ашиглах нь эрүүл хүнсээр дотоодыг хангаад зогсохгүй экспортын эх үүсвэр болох цаг иржээ.
Эдийн засгийг солонгоруулах нэг боломж нь аялал жуулчлал. Монгол нүүдэлчний соёл, ахуйн жуулчлалыг Өвөрмонгол эрчимтэй хөгжүүлж Хятадын бусад мужуудаас олон сая жуулчин авч их орлого олж байна. ӨМӨЗО-ы дэргэд манай зуны улирал маш сайхан, онгон зэрлэг байгаль хөвөө хязгааргүй өргөн уудам тал нутаг, нүүдэлчдийн аж төрөх хэвшил бүгд байна. Харин өвөлдөө цас мөсөнд хучигдаж, мөн л маш өвөрмөц сонин байдаг.
Энэ утгаараа Манайд ашигтай бөгөөд Хятадтай бодитой хамтын ажиллагаа хөгжүүлж болох салбар бол аялал жуулчлал билээ. 2016 онд Хятадын 130 сая иргэн гадаад орнуудад зочилсон байдаг. Жишээ нь, Хятад жуулчинг татах гэж Япон, Өмнөд Солонгос, АСЕАН, Австрали, АНУ, ЕХ, ОХУ визний хөнгөлөлт, урамшуулал өгч өөр хоорондоо өрсөлдөж байна.
Уг нь хятадууд жуулчлаад ирвэл тээвэр, буудал, хоол, сувинер, ноос ноолуурт тэд нэлээд мөнгө үлдээгээд явж магад байгаа юм. Дэлхийд нэгт орж буй эдийн засагтай хятадын жуулчид нь гадаадад их мөнгө хаядгийг дэлхий бүгдээрээ мэдэж, тэднийг авах гэж өөр хоорондоо өрсөлдөж байхад ганцхан Монгол Улс хажиглаж ирсэн нь инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй. Гэтэл Монгол орны байгаль, нүүдэлчдийн амьдралыг сонирхохоор ӨМӨЗО-д Хятадын бусад мужуудаас нь 40-50 сая гаруй жуулчин ирж байна.
ӨМӨЗО-ы Хайлаар, Манжуур, Хөлөнбуйрт хятадын урд мужуудаас нь ирж буй жуулчдаас нь зөвхөн зундаа дөнгөж 10 хувийг нь Монгол Улсад авахад л богино хугацаанд зүүн бүсийн дэд бүтэц, хөгжил, ард иргэдийн амьдрал нэлээд дээшлэх боломж байгаа юм. Хятадын аялал жуучлалын компаниуд Чингисийн Монгол, онгон тал хээрийг ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хайлаар, Манжуураар төсөөлдөг болжээ. Хятадын төв засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ газруудад жуулчлалын том том цогцолборууд болон зочид буудлууд ихээр барьж байгуулж байна. Үүний нэг жишээ бол Европ стандартын шинэ тосгон “Рашаант” юм. Рашаант нь манай Монголын хилээс ердөө 30 км, гэхдээ хаана ирчих вэ гэмээр аялал жуулчлалын авсаархан сайхан хот болжээ. Бүх барилга байшингаа хөгшин европ стиль имиджээр бүтээн босгосон нь энд ирсэн хүн Хятадад байгаагаа мартахаар тийм сайхан бүтээн байгуулалт болж улмаар зөвхөн Рашаант жилдээ 3-6 сая, Хөлөнбуйр аймаг нь 30-40 сая дотоодын жуулчин авч их хэмжээний ашиг орлого олж ирлээ.
Монгол Улсаас бодлогоор үйл ажиллагааг улам өргөжүүлж, аялал жуулчлал бизнесийн олон улсын төсөл санаачлага гарган идэвхтэй ажиллахад их ирээдүй байна.Тухайлбал:
-Хятадын талаас Манжуураар Монголын хил хүртэл тулгаад дэд бүтцээ барьчихсан боловч Монголын хүнд суртал, хуурамч эх орончдын шаардлагаас болоод 10 гаруй жил хариу хүлээж байна. Жуулчлал хөгжүүлэх бололцооотой ийм өөр олон боомт бий.
-Хэдхэн км-ын наана Монгол-Хятад-Оросын гурван улсын хилийн заагт чөлөөт бүс бий болговол Монгол Улсын нутагт ирж хоёр орныхон худалдаа эрхлэн хоёр талаас олон жуулчин татна. Төрөөс мөнгө гарах шаардлагагүй, зөвшөөрлийг нь өгчихвөл хувийнхан дор нь хийнэ.
Одоо хятад иргэд түүний дотор жуулчид Монголд ирэхэд виз авч байна. Бусад орны адил тэдний визийг нь хялбарчилвал ахиухан жуулчин ирж магад байгаа. Монгол Улсын Засгийн газар 2016 оны арваннэгдүгээр сард “Хятадын иргэд бүлгээрээ хил орчмын нутгаар аялал жуулчлалын үнэмлэхээр зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар хөдөлсөн боловч өнөө хэр ахиц гарсангүй.
Их гүрнүүдийн хавчуургын эвгүй эрсдэлүүдээс, таатай боломж бүр илүү арвин байна.Зөвхөн цагийг олж зөв ашиглах л дутаж байна.
Ахмад дипломатч Б.Баасансүрэн
Сэтгэгдэл (0)