ЭТТ Бондын хүүгийн төлбөрийг шилжүүллээ
- 2021-10-09
- Сурталчилгаа
- 0
“Эрдэнэс Тавантолгой” ХК томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бонд гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан.
ЭТТ бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн бөгөөд эхний үе шатыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулсан юм. Уг арилжаанд 956 иргэн, 14 аж ахуйн нэгж оролцож нийт 677.7 тэрбум төгрөгийн багцын санхүүжилтийг амжилттай бүрдүүлсэн.
Бондын нөхцөлийн дагуу хөрөнгө оруулагчдад хагас жил тутам хүүгийн төлбөрийг тооцон олгоно. Үүний дагуу өнөөдөр I үе шатны хөрөнгө оруулагчдын хүүгийн төлбөр болох 15.6 тэрбум төгрөгийг ҮЦТХТ рүү шилжүүллээ. Мөн хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлд хүүгийн төлбөрийн батламжийг гардуулав.
ЭТТ Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцож байгаа юм.
ЭТТ Бондын III үе шатны арилжааг энэ ондоо багтаан зарлана.
Сэтгэгдэл (0)