Ц.Жамбалсүрэн: Монгол Ардын Нам нэрээ өөрчилж ирсэн түүхийн асуудалд

Монгол Ардын Намын 100 жилийн ойд

Монголын ард түмэн ХХ зуунд шинэ нийгмийн байгуулалтад олсон ололт амжилтаа МАН–тай холбож, намаа бурханчлан хүндэтгэж, бодлогыг нь хэрэгжүүлэхийн төлөө хир бололцоогоороо хичээн тэмцэж иржээ. Монгол Ардын Нам 100 жилийн түүхэндээ  цаг үеийн эрхээр нэг удаа намын нэрээ сольж, хожим нь уламжлалт түүхэн нэрээ сэргээн нэрших болсон юм. 

Үндэсний болон нийгмийн дарлалааас чөлөөлөгдхийг хүсч байсан монголчуудад 1917 оны Орос орон дахь Октябрийн хувьсгал нөлөөлсөн нь олон улсын шинжтэй үзэгдэл байсан юм. Европ, Ази , Африка, Америкийн олон орны хөдөлмөрчдийн тэмцэл шил шилээ даран гарч байсны нэг хэсэг нь Монголын ард түмний тэмцэл мөн байв. Финлянди,  Балтийн орнуудад зөвлөлүүд байгуулагдав. Австри, Унгарт хаант засаг унав. Японд “Тутрагын дайн” дэгдэж, 1919 онд Унгар, Бавари, Словакд Зөвлөлт улсууд байгуулагдав. Хөдөлмөрчдийн тэмцлийн явцад 1918 онд Австри, Унгар, Польш, Финлянд, Германд, 19-20 онд Америк, Англи, Францад коммунист намууд байгуулагдаж, олон улсын коммунист, ажилчны болон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний хүчийг нэгтгэн зангидах зорилго бүхий Коммунист интернационал 1919 онд байгуулагджээ.

1918-1919 оны зааг үеэр Монгол оронд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах, зовж зүдэрсэн ард түмэндээ нийгмийн эрх чөлөө олгох эрхэм зорилготой хувьсгалчдын хоёр бүлэг байгуулагдсан нь Монголын эх орончдын зохион байгуулалттай тэмцлийн салхич шувуу нь байсан юм. 1920 онд 2 бүлэг үйл ажиллагаагаа нэгтгэж байгуулсан байгууллагаа  Монгол Ардын Нам гэж нэрлэжээ. Байгууллагын зорилгоо тодорхойлсон боловч  зохион байгуулалтын хувьд бол улс төрийн жинхэнэ нам байгуулагдах үйл явцын нэг чухал үе шат мөн байв.

1921 оны 3 сарын 1-ээс 3-нд хуралдсан хувьсгалчдын зөвлөлгөөн Ардын намын программ буюу Эрмэлзэх 10 зүйл, Түмэнд тунхаглан зарлах  бичиг баталж, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд үнэнч холбоотноо олж чадсанаа тунхаглаж, 2-ны өдрийн хуралдаанаараа Ардын хувьсгалын ялалтыг хангахад бүх ард түмний зэвсэгт тэмцэл зайлшгүйг ухамсарлан Ардын партизан отрядуудын штаб байгуулан бүх цэргийн командлагчаар Д.Сүхбаатарыг томилсон шийдвэр гаргажээ. Зөвлөлгөөн Намын Төв Хороог С.Данзан, Д.Лосол, Ц.Дамбадорж нарын бүрэлдүүнтэй байгуулсан нь зохион байгуулалтын гол ажлыг шийдсэн хэрэг мөн байв. Тус хурал НТХ-ны дэргэд Коминтерны төлөөлөгч суулгахыг хүссэн нь тэр үеийн хувьсгалчид гадаад харилцаагаа хөгжүүлэх асуудалд анхаарсан чухал шийдвэр мөн байлаа. Одоо ч гэсэн бид Социнтерны гишүүн болохоор АН-тай өрсөлдөн байж МАН гишүүнээр элсдэгтэй харьцуулан бодоход намын анхны зүтгэлтнүүд өргөн тэнүүн ухаантай хүмүүс байсныг бид ойлгож болох юм. Ингэж Монгол оронд Азийн бараг анхны улс төрийн нам байгуулагдсан нь Дэлхийн түүхэнд бид баттай татагдан орсны нотолгоо болсон юм.

Зөвлөлгөөнд хувьсгалт бүлгийн гишүүд, хил орчмын зарим хошуудын төлөөлөгчид, партизан цэргийн төлөөлөгчид , Коминтерны төлөөлөгч О.И.Макстенек, товчоор хэлбэл Монголын шинэ үзэл санааны төлөөлөгчид оролцжээ.   Их хурлын 26 төлөөлөгчид нь  Түшээт хан аймгийн 5 хошуу, Сэцэн хан аймгийн 2 хошуу, Сайн ноён хан аймгийн 2 хошуу, Засагт хан аймгийн 1 хошуу, шавийн 3 отог ба Нийслэл хүрээг төлөөлсөн Монголын эх орончид байв. Хурлыг гадаадынхан зохион байгуулж хийлгэсэн гэж үзэх нотолгоо үгүй байна. Хурлын бүхий л баримтуудыг Монголчууд монгол хэлээр зохиож, орос хэл мэддэгийн хувьд Цэвээн Жамсрано орчуулж, Коминтерны төлөөлөгчдөд танилцуулж, саналыг нь авч найруулан зассан ажээ.  Монгол Улсын түүхэнд онцгой ач холбогдолтой энэ зөвлөлгөөнийг 1924 онд хуралдсан МАН-ын 3-р их хурал намыг үндэслэн байгуулсан МАН-ын анхдугаар их хурал гэж үзэх түүхэн шийдвэрийг гаргажээ. 

 

МАН-ын 3-р  их хурлаас улс орноо капиталист бус замаар хөгжүүлэх чиг шугамыг тодорхойлсон нь тухайн түүхэн нөхцөлтэй холбоотой байсан юм. 1921-1924 оны үед МАН үндэсний дэвшилтэт бүх хүчинтэй нэгдэж тусгаар тогтнолоо бэхжүүлэх бодлого барьж байсан нь зөв зүйтэй байсан ч Намын зарим нөлөөтэй зүтгэлтнүүд хаант ёсны талыг баримтлах болж, бас зарим нь хөрөнгөжин баяжих замыг өөртөө сонгосон, хувьсгалын чин үнэнч зарим зүтгэлтнүүд тодорхой бус шалтгаанаар хорвоог орхих болсон,  феодлын эсрэг тэмцэх хэрэггүй гэсэн сурталчилгаа хүчтэй болсон, гадаад зарим орны зүгээс Монголын тусгаар тогтнолд заналхийлэх аюул идэвхжсэн зэрэг нөхцөл байдлын улмаас МАН баримтлах шугамаа илүү нарийвчлан тодорхойлох шаардлага тулгарсан ажээ. Орост унагаагдсан хөрөнгөтөн помешикуудын эсэргүүцэл улам нэмэгдэж, Японы хөрөнгөтний улс Ази дахь түрэмгий бодлогоо идэвхижүүлж, Хятадын хөрөнгөтнүүдийн засаг манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан зэргээс шалтгаалан монголчууд хөрөнгөтний бус замаар хөгжинө гэж ирээдүйн зорилтоо тодорхойлсныг ойлгож болох талтай юм.

Нийгэм, улс төрийн нэн ээдрээтэй дээрхи нөхцөлтэй холбоотойгоор 1925 оны 3-р сард хуралдсан МАН-ын Төв Хорооны  бүгд хурал намын нэрэнд “Хувьсгалт” гэдэг үгийг нэмж энэ үеэс “Монгол Ардын Хувьсгалт Нам” гэж нэршжээ. МАХН хамжлагат ёсыг халах, ван гүнгүүдийн илүү эрх дархыг халах, Шинэ Үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах засаг тогтоох, монголын иргэдийн тэгш, үндсэн эрхүүдийг тунхаглах, олон сургууль, эмнэлэг байгуулах, аж үйлдвэржүүлэлтийн үндсийг тавих, тээвэр, холбоо, шинжлэх ухаанаа хөгжүүлэх, гадаадын түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалах,  дотоодын нугалаа завхрал, хэлмэгдүүлэлт, бослого хөдөлгөөнийг зохицуулах зэрэг асуудлыг жинхэнэ хувьсгалт ёсоор, их төлөв ухаалгаар  хандан шийдвэрлэжээ.

 

 

 

Түүхчид судлаачдын үзэж ирснээр манай хувьсгал 1940 оны үеээс ардчилсан шатнаас Социализмын үндэс байгуулах шатны зорилтыг шийдвэрлэж эхэлжээ. Шинэ том зорилт залуу зүтгэлтнүүдийг түүхийн тавцан дээр гаргаж ирсэн бөгөөд МАХН-ын удирдлагад Ю.Цэдэнбал дэвшин гарч намаа удирджээ.

 

 

 

Ю.Цэдэнбалын үеийн МАН ард түмнийхээ төлөө үнэнч зүтгэж, хайр хүндэтгэлийг нь хүлээж, Монголын нийгмийг нэгтгэгч, удирдагч хүч нь болж чадсан юм. Ю.Цэдэнбал 1940 онд намын удирдлагад гарч ирэхийн өмнөхөн, МАН  1934 оноос хойш бараг удирдлагагүй, даргагүй байсан. Ийм ч учраас намын Х их хурал “Намын Төв Хороо нь өөрийн улс орны амьдралын толгойд зогсож чадаагүй бөгөөд намын байлдааны штаб болж чадсангүй” ( МАХН-ын 10-р их хурал: Дэлгэрэнгүй тайлан. –УБ., 1970, т.348) гэж дүгнэжээ. МАН–ыг бараг л шинээр эмхлэх, гучаад оны алдаа завхралын намгаас намыг татаж гаргах, эгнээг нь өргөтгөх, шинэ зорилго бодлогыг нь тодорхойлохоос эхлээд Монголын нийгмийн улс төрийн гол, нэр хүндтэй, чадварлаг удирдагч хүчин болгох үйлсийг Ю.Цэдэнбал толгойлсон юм. Тэрээр 1940–1954, 1958–1984 он хүртэл МАН–ын жолоог атгасан бөгөөд энэ хугацаанд тус нам Монголын төр, нийгмийг удирдагч хүчний байранд гарч, Монголын хөгжил дэвшлийн уураг тархи нь болж, 1940 онд МАН 13 мянган гишүүнтэй байсан бол наяад оны дунд үед 88 мянга гаруй гишүүнтэй болсон байлаа ( МАХН-ын 19-р их хурал: Дэлгэрэнгүй тайлан. –УБ., 1986, т.60). 

 

Монголын сүүл  үеийн түүхийн сэтгэлгээнд 1921–1984 оныг нэг намын дарангуйллын хар үе мэтээр туйлшруулан тайлбарлах хандлага цухалзах болсонтой санал нийлэх аргагүй юм. 1921 оноос нэг намын систем манайд тогтож байсан нь МАН–ын буруу биш байжээ. Өөр шинэ чиглэлийн нам байгуулах зохион байгуулалтын ядахдаа оролдлого энэ олон арван жилд гарч байгаагүй. Намын бодлогын эсрэг шинжтэй үг яриа, хуйвалдааны шинжтэй үйл ажиллагаа зарим үед илэрч байсан ч энэ нь их төлөв удирдлагыг халж сольчихоод марксизм, ленинизмдээ үнэнчээр социализм, коммунизмаа хурдан байгуулъя гэсэн чиглэлтэй байсан нь тодорхой билээ. 

Дэлхийн ихэнх орнууд олон намын тогтолцоотой байсныг харж, шүүмжлэлд мөн л өртөж байсан тэр үеийн МАН–ын удирдагчид энэ талаар бас  анхаарч, бодож хариу эрж байсан ажээ. Асуудлыг хөндөж Ю.Цэдэнбал бичихдээ: “МАХН түүхэн нөхцөл байдлын эрхээр тус орны улс төрийн ганц нам байсан бөгөөд тийм хэвээр үлдсэн юм. Тэгэхдээ манай нам ийм ганц нам байя гэж санаархан оролдоогүй… Ийнхүү ганц нам хэвээр үлдсэн нь: 1.Хувьсгалын өмнөх Монголд улс төрийн аливаа нам байгаагүй. 2.Нам байхтай холбоотой элдэв заншил уламжлал байгаагүй. 3.Манай нам ард олны дунд их нэр хүндтэй байсан. 4. Монголын хөдөлмөрчид нийгмийн талаар бараг нэг жигд байсан тул ардын ардчилсан зарим оронд үзэгдсэн шиг, жишээ нь ажилчин анги, тариачин, сэхээтний өвөрмөц эрх ашгийг илэрхийлэгч тийм намууд үүсэх бололцоогүй байсан зэрэг хэд хэдэн бодит шалтгаанаар тайлбарлагдана” ( Ю.Цэдэнбал: Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг, илгээлт. б.3, 1967, т.528) гэж 1966 онд бичсэнийг одоо уншихад сонин бөгөөд ойлгомжтой юм.

Социализмын систем нуран унаж, коммунист ажилчны хөдөлгөөн ялагдал хүлээж, ЗХУ задарч, олон арван жилээр монголчууд итгэл найдвараа холбож байсан коммунизмын өлгий Орос орон коммунист дэглэмээс салж, ардчиллын замд орж буй, товчоор хэлбэл коммунист үзэл санаа гүнзгий хямралд орсон өнөө үед МАН–ыг коммунист нам байсан, коммунист тогтолцоо эргээд сэргэлээ гэх яриа хөөрөө гарч буй нь зөвхөн улс төрийн агуулгатай юм. 

Коммунист намаар удирдуулсан ЗХУ–ыг түшиглэх бодлогыг МАН далан жил баримталж, социализм л Монголын ард түмэнд сайн сайхныг авчирна гэдэгт итгэж, социализмын системийн ерөнхий хүрээнд Монгол орон өөрийн эрхгүй багтаж байсан нь маргаангүй боловч МАХН коммунист нам байгаагүй ажээ. Намын шинж чанарыг тодорхойлох асуудлыг Ю.Цэдэнбал ямагт анхаарч байсан бөгөөд намын үүрэг ролийг бууруулах, шинж чанарыг нь гүтгэх болон бүр хөөрч коммунист нам мэтээр үзэх хоёр хэтрүүллээс тэрээр намыг хамгаалж байлаа. 

 

Ю.Цэдэнбал “Феодализмаас социализмд” (1961) бүтээлдээ: “Тэр цагт өөрийн ажилчин ангигүй, мал аж ахуйн хоцрогдмол орон байсан Монголд хувьсгалыг тариачны (малчны) нам болсон МАХН манлайлсан”; 1966 онд: “МАХН нийгмийн бүрэлдүүнээр тариачны нам байсан юм”, 1971 онд: “Хөдөлмөрчин ардын (тариачны) хувьсгалт манлай хүч–МАХН ангийн бүрэлдүүнээр үнэндээ дан малчин, тариачны нам байв”; 1976 онд: “Хөдөлмөрчин ардын (тариачны) хувьсгалт нам” байсан гэж тодорхойлж байлаа. 1939–1940 онд хамаарагдах тэмдэглэлдээ: “МАХН бол …ажилчин ангийн буюу коммунист нам биш болно” (Гэрэл,Сүүдэр.: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс. –УБ., 1992, т.40) гэж Ю.Цэдэнбал тов тодорхой бичжээ. Коммунист нэрнээс тэр айж байсан гэж хэлэх аргагүй ч түүх, уламжлалаа хүндэтгэдэг тэрээр нийгмийг хувьсгалт ёсоор өөрчлөн шинэчилсэн энэ нам нь Монголын жирийн ард түмний нам, малчин ардын нам  мөн гэдэг үзэл санаанд үнэнч байжээ.

1966 онд МАХН–ын XV их хурлын үеэр МАХН–ын нэрийг өөрчилж Монголын Коммунист Нам гэх санал бодол нэлээн гарч байжээ. Социалист систем, коммунист хөдөлгөөний хүрээлэлд байсан онцлог нөхцөлд МАН–ын удирдагч Ю.Цэдэнбал их хуралд тавьсан тайлан илтгэлдээ: “Зарим нөхөд манай намын нэрийг өөрчилж, хойшид МКН гэж нэрлэх санал тавьж байна... Манай намын уламжлалт нэр Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн түүхэн замналын өвөрмөц байдлыг хурц илэрхийлж байгаа учир уг нэрийг хэвээр үлдээх нь ажил практикийн талаар тодорхой ач холбогдолтой юм. Ийм учраас одоо намын нэрийг өөрчлөх нь зайлшгүй чухал зүйл биш гэж НТХ үзэж байна” ( МАХН-ын 15-р их хурал: Дэлгэрэнгүй тайлан. –УБ., 1966, т.18)  гэсэн хариулт өгч байжээ. 

МАХН аль нэгэн ангийн биш Монголын нийт ард түмний язгуур эрх ашгийг хамгаалсан нийт үндэсний шинжтэй нам байхыг Ю.Цэдэнбал эрмэлзэн зорьж, нийт ард түмний хамгийн тэргүүний идэвхтэй хэсгийг нэгтгэсэн манлай хүч болоход тэрээр голлон шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. 1940 онд Ю.Цэдэнбал: “Намайг хүмүүжүүлж бойжуулсан МАХН, хайрт эх орныхоо төлөө өөрийн эцсийн дусал цусыг хүртэл үнэнчээр хүчин зүтгэж, цуцалтгүй ажиллана гэдэгт төрүүлсэн ачит ээжийнхээ өмнө тангараглая… Би өөрийн бүх хүч мэдлэг, туршлагыг манай хайрт эх орныг бүх талаар цаашид бэхжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт зориулахаа ард түмэндээ илэрхийлж байна” (Ю.Цэдэнбал: Би тангарагтаа үнэнч байсан. –УБ., 1996, т.8.) гэж хэлсэн ариун тангарагтаа тэрээр насан турш үнэнч байж, нам, ард түмнийхээ төлөө өөрийн бие, оюунаа тэрээр бүрэн зориулж тэмцэж хөдөлмөрлөснийг түүх харуулж байна. МАХН–аас Цэдэнбалыг салгах аргагүйн нэгэн адил Монголын ард түмний түүхэнд тэрээр тод томруун бичигдэж үлдсэн юм.

 

 

 

Цаг цагаараа байдаггүй гэж ард түмний үг байдаг. 1990 оноос манай эх орон ардчилал, шинэчлэлийн замд орж, эртний нүүдэлчдийн нутагт шинэ цагийн хөгжилтэй гүрнүүдийн загварыг суулгах агуу том туршилтыг хийж байгаа нь хэний ч буруу биш юм. Нийгэм, эдийн засаг, соёл, оюун санаанд гүн гүнзгий өөрчлөлт гарч, Монголын ард түмэн хөгжлийн сайн үр дүнг шимтэн хүртэж, зохисгүй үйл явцын горыг амталж  өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэндээ янз бүрээр, өөр өөрсдийнхээ дүгнэлт хийцгээж байгаа билээ.

 

 

 

Сүүлийн 30 жилд бид сайн сайхан, муу муухай хосолсон өвөрмөц түүхэн үеийг туулаад байна. Энэ бол бид бүгдийн ололт, алдаа мөн байв. Өнгөрсөн үеээ дүгнэж цэгнэх, сургамж авах, сайнаа бататгаж, муу бүхнээсээ салах нь бид бүхний үүрэг билээ. Их төлөв гадаад нөлөөний улмаас бид хэд хэдэн засууштай буруу ойлголтонд автаж, хүн төрөлхтөний олонхийн жишгээр хөгжин дэвших сайхан эрмэлзлэлдээ хүрэх эсэх маань ойлгомжгүй болж, олон хүн итгэл алдрах болсон нь нуултгүй юм. Сайтар хэлэлцэж, бодит дүгнэлт хийж, шинэчлэх өөрчлөх, уламжлалаа хамгаалах, хүрсэн сайн амжилтаа бататгах яггүй сонирхолтой, магадгүй хүнд  зорилтын өмнө бид тулж ирээд байна. 

Ардчилал, хүний эрх гэдгийг “дураараа авирлах, дунд чөмгөөрөө жиргэх” явдалтай адилхан болгов. Ямарч улс орон бодож цэгнэсэн, алс хэтийг харсан төлөвлөгөөт хөгжлөөр л амжилт олдог байтал зах зээлийн жамаар  урсгалаараа л хөгждөг гэсэн номлол дэлгэрсэн нь Монголын эдийн засгийг сүйдлэв. Улс нийгмийн, ялангуяа хоршооллын  өмчийг үзэн ядах үзлийг дэвэргэж, бүх л зүйлийг хувьчлах болсноор эдийн засгийн өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон хууль бусаар хувьдаа завших нийтийг хамарсан дээрэм болов. Стратегийн ач холбогдолтой орд газрууд цөөн олигархийн мэдэлд очиж,  ард түмэнд бараг л хамаагүй мэт болж гар хоосон үлдэв. Бүр дэндээд хоршооллын өмчийг устгах ажил хийгдсэн нь хөдөө нутгийн амьдралыг бусниулж, тэсч амьдрах боломжоо алдсан малчид хотруу нүүдэллэх их аяныг эхлүүлэв. Авилгал хээл хахууль, оффшор хир хэмжээнээс хэтрэв. Гадаад тусламжийг хувьдаа завших явдал газар авч, өр зээлийн дарамтаас гарч чадах эсэх эргэлзээтэй болов. 

 

Ганц “Ардын намаар” 35 жил удирдуулсан Сингапур хөгжлөөрөө дэлхийн чихийг дэлдийлгэв. Агуу Америкт 2 нам л 150 жил улс орноо удирдав. Агуу Орост сүүлийн 20 гаран жил нэг л нам, түүнээс төрсөн Удирдагч улс орноо цэрэг улс төрийн хамгийн хүчирхэг улсын эгнээнд аваачив. Нэг коммунист намаар удирдуулсан Хятад орон “Азийн барын дээд бар” болж, авилгал хээл хахуультай тэмцэх дэлхийн тэмцлийг манлайлж, Дэлхийн хоёрдахь эдийн засгийг байгуулав. Ганц намтай Хойт Солонгос тусгаар тогтнолоо хамгаалж чадах  цөмийн зэвсэгтэй хүчирхэг улс болж, социалист зүүний чиг баримжаатай Норвеги, Швед, Финлянди, Канад улсууд ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлсэн үзүүлэлтээр дэлхийд гайхагдаж, хаант засагтай, нам гэж намчирхдаггүй Аравын Эмират, Дубай ертөнцийн хөгжлийг манлайлж болоод байхад бид ная ерээд оны зааг үеийн хуучирсан сэтгэлгээнээсээ салж чадахгүй байж болохгүй юм. 3 сая хүнтэй Монголд үзэл онолын онц ялгаагүй  20 гаруй нам байгуулагдаж, бас хатуу бодлоготой, хэт барууны, бүр нацист, фашист үг ярьдаг хэлдэг нам бий болж,  арцалдан тэмцэлдэж, удирдагчид нь өөр намруу чөлөөтөй “царцаа нүүдэл “ хийх нь ерийн, бараг л сайн үйлдэл мэт болж, улс төрийн нам байгуулах нь хашаа барихаас ч амархан мэт болсон нь Монголын нийгмийн дүр төрхийг сайхан болгохгүй байгаа нь улам ойлгомжтой болж байна. Хүн төрөлхтөний болон улс гүрнүүдийн түүхэнд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг болсон “Улс төрийн нам” нь манай орны тухайд “хүүхдийн тоглоом”- улс төрийнхний албан тушаал, мөнгөний төлөө тэмцлийн нь зэвсэг  болж мэдэх хандлага бий боллоо. 

 

Монголчуудын оюун санааны амьдрал ч гүнзгий хямралд оров. Нүүдэлчдийн өнө эртний ариун нандин ёс суртахуун алдагдаж байгааг бид бүгд харж байна. Хүн хүнээ хайрлах үзэл маань юу болж байгаа билээ. Юу зөв, юу буруу; Юу сайн, юу муу;  юу хэрэгтэй, юу  хэрэггүй; юу ашигтай, юу  ашиггүй; юу үнэн, юу худал; юу шинэлэг, юу хуучинсаг; юу сайхан,  юу муухай; юу шудрагав, юу шудрага бус вэ,  хэн сайн, хэн муу  гэдгийг ялган салгах оюуны мэлмий, ёс суртахуун  ямар түвшинд оччихоод байгаад бид дүгнэлт хийх цаг болжээ. “ХХ зуун муу, сүүлийн гучин жил онц сайн”  гэсэн туйлширсан оюуны хүчирхийлэл, тулгалт, “ардчиллын дарангуйлал” гэмээр юмуу хандлага хүчээ авах бий гэсэн болгоомжлол нийгэмд бий болж байгаа нь талцал, хуваагдал руу дөхүүлж мэдэхээр болжээ. Бидний хүссэн ардчилал, хуурамч ардчилал хоёрын ялгаа заагийг хэлээд өгөх ухаантныг нийгэм хүлээж байна.

Хүнд сорилтын жилүүд биднийг эвдрэлийн байдалд гүнзгий оруулсныг

хүн болгон сайн ойлгоосой гэж хүсч байна. Монголын нийгэм нь одоо цаг үед  газрын баялагыг хомхойрон завшигчид ба жоохон ч болов хувь хүртэхийг эрмэлзэгчид;  оффшортой тэрбумтангууд ба гар хоосон, өрөнд баригдсан ядуу гуйлгачид; хөгшчүүд ба залуучууд; хэлмэгдэгч ба хэлмэгдүүлэгч; бөөгийнхэн, буддынхан ба христ, мууныхан; халимаг Ленины талынхан ба Соросд итгэгчид;  ооциализмыг хүндэтгэгчид ба капитализмын талынхан; ардын ардчиллынхан ба хөрөнгөтний ардчиллынхан; хөдөөгийнхэн ба хотынхон; Оросыг, Хятадыг, Америкийг талархагчид; халх, буриад, дөрвөд, баяд, хужаа, төвдийнхөн;  гэгээрүүлэгчид ба троллууд;  дээр нь 36 намын өрсөлдөөн Монголыг хэсэглэн тасдаж, хагарлыг улам дэврээх боллоо. Эцэстээ оргодол цагаантан, дээрэмчин дамбийжаа, гэгээнтнийг алдаршуулагчид ба ардын журамт цэргийг дээдлэгчдийн хооронд хэрүүл хэмлэлдээн хүчтэй болж байна. Гуравхан сая хүнтэй ахан дүүс энэ их хэрүүл, талцлын дунд хөгжиж чадахуу гэдэг асуудал эргэлзээтэй болж, хурцаар тавигдах боллоо. Яс угсаагаар нэг нэгнийгээ  доромжлон дайрах аюултай үзэл, маргалдаан хүчээ авч, мөнхийн хөрш орнуудаа талцан муулж гутаах, доромжлох хэт даварсан үзэл газар авч байгааг бид эв оюунаараа зохицуулан эв нэгдлээ бэхжүүлэх зорилт хэзээ хэзээнээс илүү тавигдаж байна. 

“Газар нутаг баялаг том, хүн ам цөөн , Агуу том, хүчирхэг гүрнүүдийн дунд оршдог манай орны түүхийг авч үзвэл гол сургамж нь эв нэгдлийн үзэл бөгөөд  бидний оршин тогтнох, хүчирхэг байх, сэргэн мандахын гол үндэс байжээ” гэж үндэстний олонхи ухаантнууд номлож ирсэн байдаг. Монголчууд түүхэн  сорилтын жилүүдэд энэ зүг чигийг сонгож авах нь амин чухал ач холбогдолтой бөгөөд ийм хандлага, ойлголт манайд зонхилох болж буй нь бидний аз юм. Энэ хандлагыг батжуулахад улс төрийн намуудын үүрэг хариуцлага өндөржиж байгааг бид цөмөөрөө л ажиглаж байгаа билээ.

 

Нийгмийг нэгтгэж байсан  “ Бүхнийг хүний төлөө”  гэсэн  ХХ зууны эх орончдын амин лоозон  манай нийгэмд шинэ агуулгаар    хүчтэй цуурайтах болсон нь олон нийтийн санаа бодолд  их төлөв нийцдэг  гэж хэлж болно. Олон үзэл баримтлалын “цуглуулга”  болсон  Монголын орчин цагийн улс төрийн тогтолцоонд “Бүхнийг хүний төлөө” гэсэн “Зүүний үзэл баримтлал” хүчтэй болоход   2007 оны 8 сарын 30-нд  болсон Монголын зүүний хүчний холбооны анхдугаар их хурал чухал эргэлтийн ач тустай байв. “Бүхнийг хүний төлөө” гэсэн хэнд ч чухал үзэл санааны хүрээнд монголчуудаа нэгтгэх гэсэн энэ бодлого нь улс төржилт, намчирхлын гааралтыг намжаах, нам бусчуудаа зөв зорилгын төлөө нэгдэхэд нь тусалсан хэрэг гэж ойлгож болох юм. 

 

Монгол оронд Зүүний үзэл баримтлал хүч нөлөө нь өсч, намууд улс төрийн байр суурь, бодлогоо, зарим нь нэрээ  шинэчлэх хөдөлгөөн идэвхжсэн нь сонирхолтой үйл явц мөн байв. 2010 оны 8 сарын 21-нд  МАХН-ын Удирдах Зөвлөл  “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” нэртэй тунхаглал Тэрэлжид болсон хуралдаанаасаа баталж, МАХН гэсэн нэрээ Монгол Ардын Нам гэж нэрлэх шийдвэр гаргав. Социалист хөгжлийн уламжлалт ололтоо ардчилсан өөрчлөлтөөр баяжуулан чимэх зорилго бүхий “ардчилсан социалист үзэл санаа” энэ түүхэн үед хүчтэй байсан нь намын нэр өөрчлөгдөхөд  нөлөөлсөн гэж олонхи ойлгож байлаа. МАН анх байгуулагдах үед нийгмийн дэвшилтэт бүх  хүчинтэй нэгдэж үндэсний тусгаар тогтнолоо олж хамгаалах хүнд хэцүү зорилтыг шийдэж байсан уламжлалт бодлогоо сэргээж, Монгол улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ардчилал, хүний эрхийн  төлөө дэвшилтэт үзэлтэй бусад хүчнүүдтэй хамтран тэмцэх намын гишүүдийн олонхийн ухаалаг нийтэч бодлого намын нэр солиход нөлөөлсөн гэж хэлж болно. Олон улсын хүрээлэл, геополитикийн бодлогын үүднээс авч үзлээ гэхэд хориод он шиг зэвсэгт тэмцэл, хувьсгалт ширүүн аргаар асуудлыг шийддэг биш, олон ургальч үзлийг баримталдаг, ардчилал, хүний эрхийг дээдэлдэг бодлогыг баримталдаг нам байхыг эрмэлзэж байсан үед “хувьсгалт” үгийг намын нэрнээс авах санаа бас л олон тооны хүнд байсантай энэ өөрчлөлт холбоотой байв.

 

2010 оны 11 сарын 5-нд МАХН-ын 26-р их хурал төлөөлөгчдийн 99,3 %-ийн саналаар намаа “Монгол Ардын Нам” гэж нэрлэх шийдвэр гаргасан юм. Их хурлын тогтоолд: “Монгол Ардын Нам нь МАХН-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл бөгөөд ...Улс төрийн намын тухай хуулийн 6-р зүйлийн 2, 15-р зүйлийн 6-р зүйлд заасны дагуу аливаа этгээдийн нэр нь МАХН-ын бүтэн болон товчилсон нэртэй адил байх, уул нэрийг өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглосон болохыг тэмдэглэсүгэй” гэжээ.

МАН өөрийн үзэл баримтлалыг тодотгож: “Зүүн төвийн нам гэдэг нь нийгмийн чиг баримжаатай, бодлогынхоо төвд хүнийг дээдэлсэн,хүний хөгжил, нийгмийн асуудалд онцгой анхаарлаа хандуулна. Ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, үүний үр дүнд нийгмийн харьцангуй чинээлэг давхрагыг бий болгох, хүрээг өргөтгөхөд намын бодлого чиглэнэ” гэж заажээ. 2020 оны 11 сарын 15-нд Дээд шүүх намын нэр, мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулсныг хэлэлцэн бүртгэж авчээ. 

 

Олон ургальч үзэлд дасан идээшсэн МАН-ын дотор ХХ зууны уламжлалаа хүндэтгэдэг хүмүүс ч мэдээжээр олон тоотой байсан бөгөөд тэр бааз дээр түшиглэсэн хүмүүс МАХН гэсэн нэрээ хадгалж үлдэхийн төлөө тэмцсэн бөгөөд тэдний хүслийг Дээд шүүх 2011 оны 6 сарын 24-нд бүртгэснээр Зүүний үзэл баримтлалаа тов тодорхой тунхагласан МАН-тай зорилго, үзэл баримтлал, түүх, уламжлал, бахархал нь усны дусал шиг адил МАХН шинээр бүртгэгдсэн нь Монголын түүхэн дэхь сонин үйл явдал байв. Хоёр нам угшил, түүх уламжлал нэг юм болохоор гишүүд нь нэг нэгэн рүүгээ гүйлдэж, намын батлахаа ойр ойрхон сольцгоож,  хамтрах үедээ хамтарч бодлогоо нэгтгэж, бас ч гэж өөр нам юм болохоор заримдаа арцалдан тэмцэж, энэ нь улс төрийн бусад хүчин ялалт байгуулахад тус болж, ах дүү хоёр намын “ Хүний төлөө, Эв нэгдэл, Шудрага ёс, Хөгжил” гэсэн уриагаа хэрэгжүүлэхэд нь сайнаар нөлөөлөөгүй байна.

 Олон нийтийн дунд энэ хоёр нам нэгдээсэй гэсэн эрмэлзлэл өсч байгааг сонор соргог, улс төрийн өндөр мэдрэмжтэй удирдагчид төвөггүй ойлгосон байна. Хоёр намыг нэгтгэх санаачлагын хамтарсан баг байгуулагдаж, 2021 оны 3 сарын 17-нд 10 омин зорилгоо тодорхойлсон хамтарсан Уриалга гаргасныг түүхэн шалтгааны улмаас 2 нэртэй ч нэг зорилготой намын гишүүдийн 90% нь дэмжжээ. 

 

2021 оны 4 сарын 29-нд хамтарсан ажлын багаас боловсруулсан, 3000 гаруй анхан шатны байгууллагын хурлаар хэлэлцэж дэмжсэн “МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд” гарын үсэг зурах  үйл явдал болжээ. Ингэснээр МАН улс төрийн нэгдмэл цул хүчин болж, Эх орныхоо хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, ард түмнийхээ амар амгалан,аз жаргалтай амьдралыг цогцлоох шинэ эрч хүч, эв нэгдлийг олжээ. 

Монголын нийгэм дэх талцал хуваагдлыг эв оюугаар намжаах үйл явц нийгэм даяар идэвхжих болов. МАН, МАХН-ын нэгдлийг бараг л дагалдан нийгэмд их нөлөөтэй Ардчилсан нам эв нэгдлээ бэхжүүлж, сонгуульд хамтран нэг хүний нэр дэвшүүлж, эв нэгдлийн талынхан хүчээ авч байна. 10 гаруй намын удирдагчид Төрийн тэргүүнийхээ “Тэрбум мод” санаачлагыг дэмжин мод тарих хөдөлгөөн өрнүүлж, улс төрийн талцлын нэг сэдэв- МАН-ын түүхэн удирдагч Ю.Цэдэнбалыг Монголын шүүх  хохирч хэлмэгдэж байсныг нь тогтоон цагаатгасан, нийгэмд шудрага ёсыг сэргээн баталгаажуулах, ард түмнийхээ амьдралыг зүсэн бүрээр дэмжих хүний төлөө бодлого,  байгал орчноо хамгаалах талаархи төр, засгийнхаа бодлого, үйл ажиллагааг дэмжигчдийн нэгдэл бэхжиж, эгнээ хүрээ өргөжиж, байгаа нь ерөнхий утгаар нь авч үзвэл  нийгэмд бий болж буй нааштай хандлага мөн юм.

 

МУИС-ийн профессор, доктор (Ph, Sc) Ц.Жамбалсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)