50 мянган ам.долларын айдас, нарийн царигийн айдастай яг адилхан!?
- 2021-10-13
- Нийтлэл
- 1
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Монголын нийгэмд яг одоо шуугиан тарьж байна. Ялангуяа уг хуулийн “Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох, мөн гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэсэн хоёр заалтыг хэн хүнгүй эш татаж “Хятадуудыг олноор нь оруулж ирэх хууль зүйн орчин бий боллоо”, “Монголчууд Хятадын колони болох алхам тавигдлаа” хэмээн дур зоргоороо бичицгээж байна.
Энэхүү хуулийг санаачилсан, мөн дэмжсэн нэр бүхий гишүүдийг есөн шидээр доромжилж “Эх орноосоо урвасан хужаагийн үр удам” хэмээн цоллон, нэр төр, үндэс угсаад нь бүдүүлгээр халдаж, эрээ цээргүйгээр дайрч давшилж байна. Ер нь Монголын нийгэмд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн тухай асуудал сөхөгдөх даруйд монголчуудыг өөрсдөөр нь, Монголыг Монголоор нь намнуулах, тухайн хууль тогтоомжийг хүчингүй болгох, үйл ажиллагааг нь гажуудуулах, сааруулах, тэрхүү хуулийг санаачилсан хүмүүсийг нийгмийн шаар шавхруу, эх орны урвагч болгох энэ байдал гадны нөлөөтэй, үгүй нь мэдэгдэхгүйгээр сүүлийн хэдэн жил чимээгүй ноёрхож ирсэн. Үүний хамгийн том жишээ арваад жилийн өмнө бас л нийгмийг хагалан бутаргаж, нэгнийгээ бууны нохой, гадныхны гар хөл, Хятадын эрлийз хурлийзаар дуудацгаасан “нарийн цариг”-ийн асуудал мөн.
“Монголын экспортын бүтээгдэхүүн гардаг төмөр замын урсгалыг нарийн царигтай болгоно. Таван толгойгоос-Гашуунсухайт, Сайншандаас-Замын-Үүд, Хөөтөөс-Бичигт хүртэл нарийн царигтай төмөр зам тавина. Нүүрс тээвэрлэх шинэ төмөр замаа эдийн засгийн гол асуудал гэж үзэж байгаа бол хамгийн зөв сонголт нарийн цариг. Шилжүүлэн ачилтын зардал гэж жилдээ хичнээн тэрбумыг үрэлгүйгээр Хятадын төмөр замтай шууд холбогдоно. Хятадаас гадна Япон, Солонгос, барууны орнууд, АНУ гээд олон улсад өргөн хэрэглэгддэг дэлхийн стандартад нэвтэрнэ” гэдгийг эдийн засгийн шинжээчид, стратеги, геополитикийн судлаачид гаргалгаатай хэлж байсан. Мөн “Нарийн царигтай төмөр зам дэлхийн 60 гаруй хувийг эзэлж байна. Хятадаас гадна Америк, Канад, Австрали, Арабын орнууд бүгд нарийн царигтай. Нарийн царигтай төмөр зам нэг цуваан дээр 18 мянган тонн ачаа тээвэрлэх боломжтой, өргөн царигтай нь 3 мянган тонн байдаг, ийм зөрүүтэй гээд бүх тооцоо судалгааг гарган УИХ-аар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг батлуулж, түүндээ нарийн царигийг суулгаж өгсөн бол 2020 оны тавдугаар сард уг тогтоолыг УИХ хүчингүй болгож, нарийн царигийн асуудал дууссан.
Нарийн царигаар төмөр зам тавибал Хятадын танк орж ирнэ, Монголын бүх баялаг үнэгүй гадагш урсана гэх тархи угаалт, нийгмийг хагалан бутаргасан үйл явц үүргээ биелүүлж, Монголыг Монголоор нь намнасны үр дүнд өнөө хэр нь бид эдийн засгийн гол урсгал нүүрсээ төмөр замаар, вагоноор нь зөөж чадахгүй, цөөхөн хэдхэн машин нүүрс гаргах гэж Хятадыг царай алдаад зогсож байна.
“Хэрвээ “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр замыг “Энержи ресурс” компани барих гэж байхад тухайн үеийн Зам тээврийн сайд Х.Баттулга гэж хүн гацаагаагүй бол уг төмөр зам 2013 онд ашиглалтад орсноор энэ хугацаанд нийт 200 сая тонн нүүрс олборлож 10 тэрбум ам.долларын өгөөжийг Монгол Улсад өгөх байлаа. 2013 оноос хойших нүүрс тээврийн мэдээлэлд “Эрдэнэс-Таван толгой”, “Энержи ресурс” болон “Таван толгой” компаниуд нийт 115 сая 369 мянган тонн нүүрсийг авто тээврээр “Таван толгойгоос-Гашуунсухайт” руу тээвэрлэсэн байна. Үүний нийт зардал нь гурван тэрбум 254 сая 898 мянган ам доллар болсон. Энэ бол санхүүгийн тайлангаас гарсан төмөр замгүйгээс үүдсэн цэвэр алдагдал. Төмөр зам барих өртөг хэтэрсэн 582,2 сая ам доллар, авто тээврээр тээвэрлэсэн нүүрсний зардал 3 тэрбум 254 сая 900 мянган ам доллар гээд нийлээд 3 тэрбум 837 сая 200 мянган ам долларын бодит хохирол үүссэн байна” гэж уул уурхай судлаач Л.Наранбаатар хэлсэн.
Монголчуудыг ийнхүү улсынхаа эрх ашгийн төлөө бус хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө тэмцэлдэж шороочин, нүүрсчинээрээ дуудалцан тэнэглэцгээж байх хойгуур Хятадтай хиллэдэг улс орнууд болон Индонез, Австрали, Канад, ОХУ, АНУ гээд дэлхийн зах зээлд өрсөлдөгч бүх орнууд нарийн царигаар тээврээ явуулж эдийн засгийн асар их амжилтад хүрсэн. Өргөн нарийн гэж хэрэлдэж тэр хооронд хойд хөрш ОХУ гэхэд 32 сая тонн буюу дөрвөн тэрбум ам.долларын коксжих нүүрсийг Хятадад борлуулчихсан байх жишээний. Мөн Орос Зүүн Сибирийн нарийн царигтай төмөр замаар Хятадтай холбогдож хоёр тэрбум тонн нүүрсний нөөцтэй жилийн 25-30 сая тонн хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн цогцолбор байгуулан, Хятадын зах зээлд эзэн суусан. Ердөө ганцхан жишээ татахад ийм байна. Улс орнууд дэлхийн хэмжээний бодлого боловсруулж, нүүрсний зах зээлд ингэж ноёлж гайхуулж байхад бид өдөртөө 100 машин нэвтрүүлж чадахгүй, үндсэндээ атгахан нүүрс гаргах гэж үхэлдэж байгаа минь эмгэнэл. Цар тахлын үед бүр өрөвдмөөр байдалд орсон биз дээ. Хэрвээ нарийн царигтай төмөр замаа тавьж, нүүрсээ вагоноор зөөсөн бол ийм байдалд орохгүй, наад захын жишээ гэхэд энэ хугацаанд 10 тэрбум ам.долларын ашиг олох байлаа хэмээн амаа барьцгааж байгаа.
Өнөөдрийн нийгэмд шуугиан болоод гадны хөрөнгө оруулалтын 50 мянган ам.долларын айдас чинь нарийн царигийн айдастай яг ижил шүү. Гадны хөрөнгө оруулалтын энэ хууль хэрэгжсэнээр Монголд эдийн засгийн орчин өөр болно. Түүнээс хятадууд бөөнөөр орж ирээд суучихна, бид яваандаа Хятадын харьяат болно гэж айхын хэрэггүй. Ингэж мунхруулж нийгмийг босгож ирж байгаа нь цаанаа өөр бодлого. Хувьсгалаас өмнө, хуучин гамингийн хар хятадууд цувах шиг юм бодоод байх юм. Өнөөдөр Хятад орон бол хөгжил дэвшил, бүх талаараа дэлхийн супер гүрэн болсон. Талын там болсон Монголд ирээд бүччихнэ гэж байхгүй. Мөн тухайн улсад түр хугацаагаар оршин суух, тухайн улсын иргэн харьяат болох гэдэг асар зөрүүтэй ойлголт. Оршин сууна гэдэг товчхондоо тухайн улсын хуулиар тогтоосон татвар тогтоомжийг төлж, өөрийн бизнес үйл ажиллагаа явуулах, хаана байдаг, аль ч улсад мөрдөгддөг энгийн зарчим. Харин тухайн улсын иргэн болно гэдэг нь өөр асуудал. Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ эдэлнэ. “Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай. Хөрөнгө оруулалтын хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямар ч үндэслэлгүй” гэдгийг хууль санаачлагчид хэлсэн.
Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтын энэ хуулийг ухаалгаар шийдэж, эрдэмтэн судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд тал талаас нь авч үзэж, ирээдүйн хөрөнгө оруулалт, улс орны хөгжлийг бодож дэмжих хэрэгтэй байна. Х.Ганхуяг болон уг хуулийг санаачилсан бусад гишүүд байр сууриндаа итгэл үнэмшилтэй, эр зоригтой байх нь чухал. “Хужаагийн эрлийзүүд, эх орноосоо урвагчид” гээд нийгэм цовхчоод, сошиалаар дайрч давшлаад унангуут П.Анужин, Д.Өнөрболор гэх нөхдүүд яасан хурдан няцаж, буулт хийж, айж тэвдэж байна вэ. Нүд нь нь эргэлдээд өөрсдийгөө өмгөөлж хамгаалан, бусад руугаа дайраад, бурууг тохоод, бараг л хуулийг зассан мэтээр нийгэмд ойлголт төрүүлсэн нь “ямар ч хөөрхийлөлтэй юм бэ дээ” гэж харагдсан. Харин Х.Ганхуяг гишүүн “Бидэнд цаг үетэйгээ уялдсан бодлого шийдвэр, түүний үр дүнд ард иргэдийн амьжиргаа бодитойгоор дээшлэх, олон олон үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах нээлттэй боломж юунаас ч чухад гэдгийг бизнесийн салбараас төлөөлөл гарсан гишүүний хувьд, хийж бүтээх зорилготой залуу хүний хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй” гэдгээ мэдэгдсэн нь уг хууль нийгмийн эсэргүүцэл дундаас гараад ирэх байх гэх итгэлийг төрүүлсэн.
Нэг үеэ бодоход Монголын ард түмэн хэрсүү болсон. Уг хууль дээр ч холыг харж, ирээдүйгээ бодож, хожим нарийн цариг шиг улс орны хувь заяанд үнэлж баршгүй хохирол учруулахгүй төлөө энэхүү хуулийг бодлогоор дэмжих хэрэгтэй байна.
Их хурлын дарга Г.Занданшатар та гадны хөрөнгө оруулалтыг үндсээр нь үгүй хийсэн айхавтар хууль гаргаж, түүний чинь балгаар Монголын эдийн засаг өөдөө нар харалгүй өнөөг хүрсэн. Харин Гадны хөрөнгө оруулалтын энэ хуулийн төслийг парламентаараа нэн даруй хэлэлцүүлж батлуулах хэрэгтэй байна.
Д.БАТБОЛД
Сэтгэгдэл (1)
(192.82.90.97)
mongol hugjiduggui ng shaltgaan shine tusul huuli sanachlahaar dandaa bolohgui bbtehgui aali 10 jiliin umnuh tumur zamiin tanknii vlgerees bolj odoo nvvrsee zarj chadahgui l suuj bna ene huuli h bas adil