Чадварлаг судлаачид-хөгжлийн оньс, дэвшлийн зүтгүүр
- 2021-10-13
- Нийтлэл
- 0
Хомосапиенс буй болсноор хүмүүсээс орчноо таних, өөрийгөө таних, энэ хоёр чиглэлээр мэдлэг, мэдээлэл хуримтлуулах их үйлс анх эхэлжээ. Сэтгэн бодогч, оюун ухаантай амьтан болох биологийн энэ зүйл үүссэнээр л танин мэдэх, алс хэтдээ шинжлэх ухаан, түүний олон салбарууд угсран дараалан гарч ирэх хэрэгцээ, шаардлага буй болжээ. Эхэндээ энэ үйл ажиллагаа нь ердөө л хүн хүний практик үйл ажиллагааны явцад хэрэгждэг урсгал, удаан, бүдүүлэгдүү, үр өгөөж ч багатай байлаа. Тэгэвч олон мянган жилийн үр дүн, үр дагавраараа “мэдлэг бол хүч” гэх үнэн хүлээн зөвшөөрөгджээ. Тэгээд ч зогссонгүй мэдээлэл цуглуулах, боловсруулах, шинэ мэдлэг бүтээх, мэдлэгт тулгуурлан таамаглал дэвшүүлэх, түүнээ нотлох гэж оролдох, бүр туршилт хийж шалгах, хиймэл орчин бүрдүүлж байнгын ажиглалт хийх гэх мэтийн үйл ажлыг дагнан эрхлэх сонирхолтой хүмүүсийн тоо олширсон байна.
Хүн төрөлхтний мэдсэн, таньсан бүхэн хуримтлагдсаар биет болон биет бус соёлын асар их өв сан буй болжээ. Энэ их өв сандаа түшиглэн хүмүүс үр хүүхдээ сургах, хүмүүжүүлэх болов. Хүүхдүүд өсөж том болох явцдаа эрдэм мэдлэгтэй, үйлдвэрлэн бүтээх ур чадвартай иргэд болж төлөвших нь нийгмийн зүгээс тавих шаардлага, эцэг эхийн үүрэг, төр засгаас эрхлэн хэрэгжүүлж байх ёстой байнгын ажил үйлс болж төлөвшөөд, бүр хуульчлагджээ.
Хомосапиенсын үр сад нар ХIII-XV зууны үе гэхэд хувьсал, хөгжлийнхөө соёлжсон, нийгэмжсэн, гарваль түүхээ мэддэг, эх дэлхий хэмээх нэгэн том хөлөг онгоцны зорчигчид гэдгээ ойлгодог, энх тайвнаар зэргэцэн оршихыг хичээдэг, амьтны хуулиар биш хүмүүсийн нийтээр сахидаг хууль, ёсонд захирагдаж аж төрөхийг эрхэмлэдэг хүмүүс, иргэд болж төлөвшжээ.
Байгалийнхаа боломж, нөхцөлийг зохистойгоор ашиглаад хүмүүн ёсны хэв хэмжээг сахиад, улс үндэстэн бүр бие биенээ хүндэтгээд, бүтээсэн соёлоо улам их арвижуулсаар аж төрөхөөс өөр арга, зам үгүйг таван тивийн хүмүүс ойлгох ч ёстой, сахих ч ёстой, ойлгох ба сахихыг бусдаасаа шаардах ч эрхтэй болсны илэрхийлэл, хэрэгжилт болж НҮБ мэтийн олон улсын байгууллагууд олноороо буй болж идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж эхэлжээ. Энэ бол оюун ухаантай хүмүүсийн нийгмийн хөгжилд гарсан том дэвшил, тэдний соёл-иргэншлийн хөгжлийн нэгэн дээд шат мөн болно. Цааш цаашдаа нийгмүүдийн хөгжил бол шинжлэх ухаан-техникийн дэвшил, шинэ шинэ мэдлэгт суурилан урагшлах цорын ганц замтай болохыг ч хүн төрөлхтөн таниад, зөвшөөрөөд байгаа билээ.
Тэгэхлээр хүн төрөлхтний өмнө нийгмийн ухамсар ба ард түмний оюун санааны амьдралын энэ -Шинжлэх ухаан гэж нэрлэгддэг гол, чухал бүрэлдэхүүн хэсгийг хөгжүүлэх тусгай хөтөлбөр, зорилтот программыг хэтийн (10 жилийн) болон ойрын (4 жилийн) зорилтуудтайгаар боловсруулж, хэлэлцүүлж, он оноор хуваарилан (хариуцах эздийг нь тодруулж, томилж) хэрэгжүүлж байх том, гол асуудал байнгад зогсож байх болжээ.
Энэ асуудал мөнхөд зогсож, хүмүүс түүнийг мөнхөд шийдвэрлэж байх нь хүн төрөлхтний заяа тавилан, жам ёс юм. Ийм хэмжээ, түвшинд авч үзэж, шаардлагатай мөнгө, хөрөнгө, хүн хүч гаргаж, хамгийн оновчтой зохион байгуулалт, удирдлагаар хангаж байх үүрэг бол төр, засгийн хувьд хуульчлагдсан үүрэг нь болох учиртай. Улс орон нэг бүр энэ байдлыг үндсэн хуульдаа тов тодорхой зааж өгөх ёстой, нэмэлт болгож оруулах ёстой.
Манай орны хувьд энэ талаар юу хэлж болох байна вэ?Шинжлэх ухааны салбар нэг бүр чухам юу юутай байж чадваас үр бүтээлтэй ажилладаг юм бэ? гэдгийг эхэлж авч үзье.
Өндөр хөгжилтэй орнуудын жишээ, туршлага гэвэл дараах болно. Салбар бүр шинэ мэдлэг үйлдвэрлэж, амжилттай ажиллахын тулд НЭГДҮГЭЭРТ, Ерөнхий боловсролын дунд сургуулиудаас шигшигдэж шилэгдсэн хүүхдүүдийг мөн л улс орондоо нэр зард гарсан их, дээд сургуулиудад сургаж төгсгөөд зөвхөн хувийн нь сонирхлын дагуу эрдэм шинжилгээний ажилд авдаг, ХОЁРДУГААРТ, Уг эрдэм шинжилгээний газарт ахмад ба дунд үеийнхний төлөөлөл болсон нэрт эрдэмтэд ажилладаг, ГУРАВДУГААРТ, Шинжлэх ухааны тухайн салбарын тусгай онол ба түүннй философи үндэслэлийг шинэ залуу судлаачдад тусгай программаар баттай эзэмшүүлдэг, ДӨРӨВДҮГЭЭРТ, Тухайн эрдэм шинжилгээний байгууллага хамгийн орчин үеийн техник, төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг, ТАВДУГААРТ, Урд өмнө хийгдсэн судалгааны ажлын дэлгэрэнгүй тайлангууд, үр дүнг нь амьдрал, үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн байдал, түүний үр ашиг, үнэлгээний танилцуулга зэрэг материалтай залуу судлаачид заавал танилцдаг, ЗУРГАДУГААРТ, Онол-аргазүйн семинар, хэлэлцүүлэг, ном бүтээлийн талаарх шүүмж, маргаан, шинэ сонин мэдээ зэрэг арга хэмжээ тогтмол явагддаг, ДОЛДУГААРТ, Залуу судлаачийн жаахан ч гэсэн шинэ санаа, ололтыг нийтэд мэдээлж, сурталчилдаг. Ийм байдлыг буй болгож зуршуулах үүргийг эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага хүлээдэг, биелэлтийг нь дээрээс шалгадаг, НАЙМДУГААРТ, Эрдэм шинжилгээний байгууллагын яг судалгаанд зориулагдах зардлыг төлөвлөж өгснөөс нь ямагт өсгөж олгодог -ийм арга, аргачлалаар эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулж удирддаг байна.
Тухайн салбарын тусгай онол мухардалд орох, философи үндэслэгээ нь доголдох, эргэлзээ төрүүлэх болмогц л ээлжит шинэчлэлт, гүнзгийрэлт, тэлэлт, бусад салбартай холбогдох арга, шүтэлцээг нь өөрчлөх зэрэг ажлыг салбарын дэлхийн хэмжээний ололт, амжилтыг ашиглан яаралтай хийж, гарц олж, мухардлыг арилгадаг ажээ.
Шинжлэх ухааны байгууллагын удирдах ажилтан удирдах, зохион байгуулах чадвараа зөв үнэлдэг, тэргүүн хүмүүсээс байнга суралцдаг, хоцрогдсон болохоо мэдэрмэгц сайн дураараа огцрох ёс суртахуунтай байдаг гэнэ.
Монгол оронд шинжлэх ухааны салбар өмнө өгүүлсэн хэмжээ, түвшинд ажиллаж чадаж байгаа билүү? Салбарын яам иймэрдүү байр сууринаас үйл ажлыг нь үнэлж, дүгнэдэг үү? Академичид гэгддэг өндөр хэргэмтнүүдийн бүтээл, нөлөө, бодит нэр төр гэж юу байна аа? Тэд үнэхээр эрдэм, чадалтай судлаачид мөн үү? Тэдний дуу хоолой эгзэг ээдрээтэй үед, эгзэг ээдрээтэй асуудлаар ер сонсогддоггүй нь ямар учиртай билээ?
Эрдэмгүй эрдэмтдээр биш авъяаслаг залуу судлаачдаар хүрээлэн нэг бүрийг бэхжүүлэх юмсан даа!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл (0)