Ч.Отгочулуу: Төсвийн алдагдлын цаана хувийн хэвшилд очих зээлийн хомсдол үүсч байдаг
- 2021-10-14
- Эдийн засаг
- 0
Ирэх оны төсөв тойрсон асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Дэлхий нийт сүүлийн хоёр жил гаруй хугацаанд корона-вирусийн цар тахалтай тэмцэж байгаа энэ үед манай улс ирэх жилийнхээ төсвийг хэлэлцэж байна.
Ирэх оны төсвийн талаарх таны байр суурь ямар байна вэ?
-Ирэх оны төсөв ковидын эсрэг төсөв болж чадаагүй. Өнгөрсөн 2020 оны төсвийг хоёр их наядын алдагдалтай баталж, дараа нь төсвийн тодотголоор таван их наяд болгон өсгөсөн. Төсөв батлах үедээ ковидын жилийн төсөв хэмээн сүржигнэж байсан ч, яг бодит байдал дээр халдварын улаан бүсэд ажиллаж байгаа хэсэгт зориулсан санхүүжилтийг харахаар 220 тэрбум төгрөгөөс хэтрээгүй. Тэгэхээр ковидоор халхавчилж, тойргуудын усалгаанд зориулсан, сонгуульд зориулсан төсөв болсон. Ирэх оны төсөв ч мөн ялгаагүй. Ковидтой холбоотой гэж хэлэхэд хэцүү. Эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа мөнгөн дүн нь асар бага.
Гэтэл соёлын салбарт их хэмжээний мөнгө зарцуулахаар тусгасан. Татварын нийт орлогыг дунджаар 25-30 хувиар өсгөхөөр тусгасан байна. Нийт дүнг нь өсгөнө гэхээр татвар төлдөг цөөн хэсэг дээрээ татварын ачаалал дарамтыг асар ихээр өсгөх юм байна гэж харагдаж байна. Гэтэл бусад орнуудад ажлын байр бий болгож байгаа татвар төлөгч нартаа аль болох татварын дарамтаас чөлөөлөх бодлого баримталж байна. Ковидын эдийн засаг гэсэн ойлголт бий. Уг ойлголтод эдийн засгаа, ажлын байраа, хувийн хэвшлээ, нөгөө талаас иргэдийнхээ эрүүл мэндийг ч боддог. Гэтэл манайд аль алийг нь тавиад туучихлаа шүү дээ. Эдийн засагт ажлын байраа хадгалж үлдэх гэж байгаа компаниуд цөөхөн, ажилгүйдэл нэмэгдэх төлөвтэй байна.
Хоёрдугаарт, нэг сая иргэнд оногдох ковидтой иргэдийн тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Эрүүл мэндийн салбарынханд ирж байгаа ачааллаас үүдэн эмч, сувилагч нар ажлын байрнаасаа татгалзаж байна. Амьсгалын аппарат хүрэлцээгүй, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр татвар төлөгчид хэдэн их наядаар төсөвт мөнгө төвлөрүүлж байгаа хэдий ч яг иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, улаан бүсэд ажиллаж байгаа холбогдох байгууллагуудад зарцуулах хөрөнгө оруулалт бага байна.
-Улсын төсвийнхөө дийлэнх хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг манай улсын хувьд ирэх жил 16.4 их наяд төгрөгийн орлого олох боломжтой юу?
-Энэ оны буюу 2021 оны төсвийн орлогыг 13 их наяд төгрөг, зарлагыг 15 их наяд төгрөг гэж хуульчилсан. Харин ирэх 2022 оны төсвийн орлогыг 16.4, зарлагыг 18.1 их наяд төгрөг гэж төсөөлжээ. Орлого, зарлагаа өнгөрсөн жилийнхээс даруй гурван их наядаар нэмчихэж. Ирэх оны төсвийн тодотголд зэсийн үнийг 8,900, алтыг 1,800, нүүрсийг 129 ам.доллараар таамаглажээ. Биет хэмжээний хувьд нүүрс 36 сая тонн, зэсийн баяжмал 1.2 сая тонн, алтыг 20 тонноор экспортолно гэж өөдрөгөөр төсөөлжээ. Бид энэ онд олон сая тонн нүүрс экспортлохоор төсөвтөө тусгасан боловч одоогийн байдлаар талыг нь ч гаргаж чадаагүй. Гэтэл ирэх жил 36 сая тонн нүүрс гаргах юм гэнэ. Одоогийн байгаа дэд бүтэц, хурдаар энэ ямар ч боломжгүй. Зэсийн үнийг ч мөн өөдрөгөөр төсөөлсөн байна. Гэтэл БНХАУ-ын орон сууцны банк бараг дампуурчихлаа. Тус улсын ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг ирэх онд 0 хувь байна гэж үзэж байгаа юм билээ. Цахилгаан эрчим хүчний хомсдолд орж, үйлдвэрлэлийн хэмжээ буурсан учраас ерөнхийдөө БНХАУ-ын талаас эрэлт бага байх болов уу. Дээр нь манай улсын боомтын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байгаа ийм үед зохиомлоор хэмжээг нь өсгөж болохгүй. Тухайлбал, 1.2 сая тонн зэс гаргана гэж тооцоолсныг үнэхээр ойлгохгүй байна. Бодвол Оюу толгойн далд уурхай ашиглалтад орчихсон байх юм байлгүй дээ. Төсвийн орлого хэтэрхий өөдрөг байна. Мөн Хүн амын орлогын албан татварын нийт орлогыг 14 хувь, НӨАТ-ыг 20 хувиар тус, тус өсгөжээ. Харин бодит байдал дээр ажилгүйдэл ихэсч, иргэдийн цалин багасаж байна. Хэрхэн бүрдүүлэх юм бол доо. Ажил хийж байгаа цөөхөн хэдээ нэмж мөлжих гээд байх шиг.
-Төсвийн орлогоо хэт өөдрөг төсөөлөх нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Эдийн засаг өндөр харагдахаар Засгийн газрын өр тавих боломж буюу өрийн тааз дагаад өндөр болдог. Засгийн газар нэмж өр тавихын тулд сууриа зохиомлоор өндөр харагдуулж байна. Энэ бол муухай заль. Ийм заль хэрэглэхийг хориглосон тогтолцоо бий. Дунд хугацааны төсөөлөл гэж баталдаг. Гурван жилийн төсвийн алдагдлын эдийн засагт эзлэх хувь тогтвортой байх ёстой гэдгийг зааж өгсөн. Гэтэл эд нар яаж байна гэхээр яг ирэх жил нь өндөр тавиад түүний дараагийн жилүүдэд бага дүнгээр тавьчихдаг. Тэгээд дундажлаад үзэхээр төсвийн хязгаараа бариад байдаг. Дараа жил болохоор тэр хатуу шалгуураа дахиад л хойшлуулчихна. Сүүлийн таван жил энэ байдал жишиг болсон. Зориуд өндөр алдагдалтай төсөв баталдаг. Алдагдлынхаа шалгуурыг дараагийн 2-3 жил рүү шилжүүлдэг. Дараа жил дахин хойшлуулдаг. Жишээ нь хүн тамхинаас гарахаар шийдлээ гээд өөртөө өдөрт гурван ширхгийг татъя. Маргааш, нөгөөдөр огт татахгүй гэж амлалт өгөг. Маргааш нь “За за өнөөдрөөс л эхэлье. Өнөөдөр арай олныг татчихаад маргааш цөөхөн татъя” гэж өөрийгөө хуурч байгаатай ижил. Өнөөдрийн Засгийн газар ийм л байдлаар ажиллаж, өөрсдийгөө хуурч байна.
-Алдагдсан төсвөө гадаад өр болон үнэт цаас гаргаж нөхөхөөр тусгасан харагдана лээ?
-Алдагдлыг хоёр эх сурвалжаар буюу гадаад зээл тусламж болон дотоодын бонд гэх сувгуудаар нөхнө гэсэн байна лээ. Өмнөх жилүүдэд ч ингэж ирсэн. Төсөв алдагдах нь иргэнд яаж мэдрэгдэх вэ гэвэл хамгийн наанадаж төлөх татвар нь ихэсдэг. Хойч үе маань илүү их ажиллаж, илүү их татвар, шимтгэл, хураамж төлөх замаар илүү олон дарга нарыг тэжээнэ гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд илүү их татвар төлнө гэсэн үг. Одоогийн байдлаар Засгийн газрын гадаад өр 7-8 тэрбум доллар болчихсон байна. Цаашид ч өснө. Тэгэхээр төсвийн алдагдал өснө гэдэг бол гадаад өр зээл өснө гэсэн үг. Энэ бол хоноцын сэтгэлээр хандаж байгаагийн илрэл. УИХ-ын гишүүд дахин сонгогдох сонирхолтой учраас тойрогтоо ахиухан төсөв батлуулчихвал сэтгэл нь ханадаг. Тэдгээр гишүүдэд урт хугацааны бодлого гэж байхгүй. Дөрвөн жилийн дараа нутаг руугаа буцаад очиход иргэдийн асуудаг зүйлс нь ч их сонин л доо. “Улс эх оронд хэрэгтэй юм хийсэн үү, төсвийн сахилга баттай байсан уу” гэдэггүй. Харин “Энд гүүр барьсан уу, тэнд гэрэлтүүлэг тавьсан уу” гэцгээдэг. Тиймээс 76 гишүүн өөрсдийнхөө эрх ашгийг боддог. Тэгэхээр талын нэг тараасан үрэлгэн төсөв нь дахин сонгогдох сонирхолтой УИХ-ын гишүүдэд л ашигтай. Тиймээс тэд тойрогтоо өндөр төсөв тусгах, тууз хайчлах талаар л бодохоос төсвийн алдагдал, төсвийн зарцуулалтад санаа тавих боловсролтой, мэдлэгтэй ч хүн алга. Энэ бол тогтолцооны гажуудал юм.
-Угтаа төсвийг алдагдалгүй батлах ёстой биз дээ. Гэтэл сүүлийн жилүүдэд алдагдалтай баталдаг жишиг тогтчихлоо шүү дээ?
-Тийм шүү дээ. Айлаар бодоод үзэхэд, айл гэрийн сарын зарлага нь орлогоосоо давчихвал өртэй болно. Сүүлдээ мөнгө зээлэх ч хүн олдохоо больдог биз дээ. Гэтэл манайх төсвөө байнга алдагдалтай баталж байна. Нөгөө талдаа төсвийн зардал жилд 30-40 хувиар өсч байна. Яагаад хэдхэн жилийн өмнө есөн их наяд төгрөгөөр болоод байсан хэр нь одоо 16 их наяд болгоод өсгөчихөөд байхад л хүрэлцэхгүй нэмж алдагдал батлаад сууна вэ. Энэ хэрээр манай улсын эдийн засаг өссөн үү гэхээр үгүй. Төрийн үйлчилгээний чанар сайжирч, иргэдийн амьдрал дээшилсэн үү гэхээр үгүй л байгаа байхгүй юу. Дотоодын эдийн засагт энэ мөнгө шингэхгүй байна. Гадагшаа урсаад байна. Ерөөсөө алдагдалгүй төсөв батална гэдэг бол нийгмийн хамгийн энэрэнгүй бодлого. Төсвийн алдагдал бүрийн цаана инфляци бий. Төсвийн алдагдал бүрийн цаана хувийн хэвшил дээр бий болох ёстой байсан ажлын байр устаж байгаа.
-Ажлын байр нэмэгдүүлэх, эргээд эдийн засагтаа үр өгөөжөө өгөх асуудал төсөвт хэр туссан байна вэ?
-Байхгүй шүү дээ. Тухайлбал, Хэнтий аймгийн сум бүрд 1-2 тэрбум төгрөгөөр соёлын ордон барьж байна. Сум бүрд иргэдэд үйлчлэх мэдээллийн төв 1-2 тэрбумаар барьж байна. Жилд нэг хоёр удаа ашигладаг, асар их мөнгө зарцуулдаг зүйлд хөрөнгө оруулж яах юм бэ. Тэр хэзээ үр өгөөжөө өгөх юм бэ. Дээр нь ХУР гээд систем гаргаж ирээд өчнөөн олон тэрбум төгрөг зоочихсон байна. Гэтэл ГЭРЭГЭ гээд хувийн систем түүнийг нь хийгээд л байгаа. Хувийн хэвшлийн өөрсдийн мөнгөөрөө хийж байгаа ажлын зах зээлийг булаан байж төрийн мөнгөөр хийх ямар хэрэг байгаа юм бэ. Энэ чинь улсын төсөв болохоос намын төсөв биш.
-Ер нь Сангийн сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч сонгогдсон аймгуудад өндөр төсөв тавьдаг жишиг тогтоод байна уу?
-Тэгж хэлж болно. Ирэх жил Хэнтий аймагт харьцангуй өндөр төсөв тавигдлаа. Бусад аймгуудад З тэрбумын төсөвтэй яг ижил барилга дээр 300 саяыг өгч байхад Хэнтийд дунджаар 2 тэрбумыг хуваарилна. Коронавирусийн халдвар ойрын 2-3 жилдээ намжихгүй гэдгийг судлаачид хэлж байна. Тэгэхээр энэ хугацаанд манай улс хилээ нээж, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нэн тулгамдсан асуудал биш болчихлоо шүү дээ. Гэтэл Хэнтий аймагт олон километр зам, байшин барилга барихаар төсөвлөсөн мөнгөн дүнгийн хэмжээ нь ижил төстэй байгууллагуудтай харьцуулахад хамаагүй өндөр байна. Яагаад Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүйн улмаас гурван ээлжээр хичээллэж, ковид туссан өвчтөнүүд нь эмнэлгийн хүрэлцээгүйгээс тусламж авч чадахгүй гэртээ өнгөрч байхад Хэнтий аймагт аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд зам тавих асуудал нэн тэргүүнд тавигдаад байгааг ойлгохгүй байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ хэзээ юунд, хэдэн төгрөг зарцуулах эрэмбэ байх ёстой. Энэ бол ард түмнээ алагчилж байгаа, Үндсэн хуулиа зөрчиж байгаагийн нэг хэлбэр юм. Ерөнхий сайдын тойрогт 2024 оны сонгуулийн өмнө ашиглалтад орох олон барилга овоолох нь.Үүний тулд монголчууд илүү их татвар төлөхөөр байна. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн тухай хуулиа тогтвортой хөгжлийг хангасан тэгш шударга хуваарилсан гэж байгаа боловч задлаад уншвал тэгш байдал харагдахгүй байна. Дээр ярьсан Хэнтийн төсвийг Дорнодтой харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаатай. Сонгинохайрхан дүүрэг Хэнтий хоёрыг харьцуулаад үзэх хэрэгтэй. Үүнээс нь харвал Сонгинохайрхан дүүрэгт төрсөн хүүхэд хүн биш гэмээр. Төсвийг иргэдэд алагчилсан хуваарилж болохгүй. Энэ нь Үндсэн хуульд зааснаар хүний эрхийн зөрчил болно.
-Эдийн засгийн өсөлтөө 5.0 хувь гэж 2022-2024 онд тооцсон юм билээ. Хэдийгээр гадаад орчинд алт, зэсийн үнэ өсч байгаа ч манай улс энэ өсөлтийг ашиглаж чадах уу?
-Оюу толгойн далд уурхай 2022 онд ашиглалтад орно гэдэг төсөөлөл тавьж байгаа юм билээ. Тэгэхээр зэсийн хэмжээг өснө гэж харж байгаа байх. Тэр таамагласан 1.2 сая тонн нь баяжмалаар юмуу, эсвэл баяжмал дахь металлаар буюу цэвэр зэсээр юм уу гэдэг нь ойлгомжгүй. Тэгэхээр Засгийн газар хамгийн том төсөл дээрээ нэг байр суурьтай байж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуудал гараад ирж байгаа юм. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд нь Оюу толгой руу дайраад байгаа шүү дээ. Гэтэл Сангийн сайд нь Оюу толгойн далд уурхайгаас асар их хэмжээний мөнгө төвлөрүүлэх юм шиг төсөв оруулж ирсэн. Тэгэхээр үг үйлдэл нь зөрөөд байна. Яг яах гээд байгаа юм. Оюу толгойгоо дэмжих гээд байгаа юм уу, тэмцэх гээд байгаа юм уу. Төсвийг нь харахаар Оюу толгойгоос их хараат байгаа гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн байгаа юм. Тэгэхээр төсвийн орлогоо тооцохдоо томоохон төслөө яах нь ойлгомжгүй байна.
-Мөнгөний бодлогоо төсөвтэйгөө хэрхэн уяж өгөв?
-Аль ч улсын макро эдийн засгийн бодлогын хувьд төрөөс эдийн засагт шууд нөлөөлдөг хоёр бодлого байдаг. Нэг нь төсвийн бодлого, нөгөөх нь мөнгөний бодлого. Төсвийн бодлогын үндсэн үүрэг бол татвар төлөгчдөөс цуглуулсан мөнгөөр эргээд иргэддээ үйлчилгээ үзүүлэх, батлан хамгаалах, нийтийн боловсрол, эрүүл мэнд гэх зэрэгт зарцуулах ёстой байдаг. Харамсалтай нь манайд улсын төсөв улстөрчдийн төсөв болж хувирсан. Дандаа сонгуульд зориулна.
Мөнгөний бодлогын үндсэн чиг үүрэг төгрөгийн ханшийг тогтвортой байлгах байдаг. Төгрөгийн ханш дотроо хоёр янз. Нэг нь инфляци буюу үнийн өсөлт. Хоёрдуигаарт, валютын ханшийн тогтвортой байдал. Хэрэв төгрөгийн ханш тогтвортой байвал манай улсад хөрөнгө оруулагчид орж ирнэ. Манайх шиг хэрэглэгч улсын хувьд инфляци чухал нөлөөтэй. Төгрөгийн ханш сулрах тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд л байдаг. Ийм чөтгөрийн тойрогт орчихдог. Гэтэл манай төв банк маш бөөрөнхий бодлоготой. Төсөв мөнгөний бодлогыг уялдуулах, хариуцлага тавих, батлах үүрэг нь УИХ-д байдаг. УИХ ерөөсөө анзаардаггүй.
Тэд тойрогтоо хэдэн цаас яаж тавиулахаа боддог. Төсвийн өндөр алдагдал мөнгөний бодлого явуулах орон зайг хумьдаг. Төсвийн алдагдлын цаана хувийн хэвшилд очих зээлийн хомсдол үүсч байдаг. Тэгэхээр яаж ажлын байр бий болгох юм бэ. Манайд ажлын байрны хамгийн том дайсан УИХ өөрөө болчихоод байна. Өөрөөр хэлбэл, ажлын байрыг устгадаг хамгийн том хортон шавж нь УИХ өөрөө болсон. Учир өнөөгийн гишүүд маань мэдлэггүй, чадваргүй, боловсролгүй, хийрхсэн популистууд байна. Үүнийг нь Сангийн яам, Монголбанкны зальтай түшмэлүүд мэддэг. Тэд нараар тоглоод сурчихсан учраас манай төр өөрсдийгөө хуурдаг системд орчихсон. Энэ нь эргээд нийт макро эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Хувийн хэвшилд ч маш том ачаа болж байна.
Нэг талаасаа өндөр татвар төлнө. Нөгөө талаасаа зээл олдохгүй, дотоод үйлдвэрлэл хумигдана. Ингээд улам л импортоос хараат хэрэглээний эдийн засаг болно. Тэгэхээр төсөв мөнгөний уялдаа холбоо муу байна. Сангийн яамныхан, Монголбанкныхан өөрсдийгөө ажлаа тайлагнаад хамгаалах байх, УИХ бодлого боловсруулсан, батлуулсан гээд баяр цэнгүүн хийх байх. Гэхдээ макро эдийн засагт ямар том эрсдэл учруулж байгаагаа ойлгоогүй байна. Үүнийг нь иргэд биеэрээ мэдэрнэ, туулна.
-Эцэст нь сүүлийн жилүүдийн төсвийг дүгнээд хэлбэл?
-Манай улсын эдийн засаг сүүлийн 10 жилийн туршид 10-13 тэрбум доллар дотор хий эргэчихлээ. Гэтэл Вьетнамын эдийн засаг энэ хугацаанд 120 тэрбум доллар байснаас хоёр дахин томорч 250 тэрбум ам долларт хүрчихээд байна. Дэлхийн эдийн засаг томроод байхад манайх хий эргээд байгаа. Учир нь манайх эдийн засгийг өсгөдөг, баялаг бүтээдэг бий болгодог хүмүүсээ ховх сороод дарга ангид үйлчилдэг, улсын төсвийн тендер иддэг, түүгээрээ урд хөршөөс чанаргүй юм авч ирж төсөвт өндөр үнээр шахдаг паразитууддаа илүү үйлчилж байна. Тэгэхээр манай улсын эдийн засаг бодитоор өсч чадахгүй. Жил бүр манай улсын хүн ам өсч байна. Хэдэн мянган залуучууд хөдөлмөрийн зах зээл рүү орж байхад тийм хэмжээний ажлын байр бий болгож чадахгүй байна. Энэ ажлын байрыг хувийн хэвшлийнхэн бий болгодог. Гэтэл хувийн хэвшлээ дарласан төсөв батлаад байхаар эдийн засаг чинь томрохгүй байгаа. Тухайлбал, та хоол идэхэд тэр хоол таны бие махбодыг тэжээж байх ёстой. Гэтэл ходоод дотор чинь маш том шимэгч хорхой, хорт хавдар үүрлэчихээд хоол тэжээлийн шимийг нь сороод байвал яах вэ. Биед чинь юу ч очихгүй. Яг ийм байдал руу орчихоод байна. Тэгэхээр үүнийгээ засахгүй бол бид улсын төсвийн орлогыг хичнээн нэмээд ч цаад биедээ ямар ч нөлөөгүй. Харин ч нөгөө паразитууд нь өсч томроод байдаг. Монголчууд өттэй мал таргалдаггүй гэж хэлдэг дээ. Өтчихсөн малын өт нь олшроод язганаж байдаг. Манай улсын төсөв яг л ийм болчихоод байна. Ерөөсөө л тендерчид, дарга ангиа дагасан, паразитууд улам томроод баяжаад байдаг. Жижгүүд нь жижгэрээд байдаг. улсын төсвөө ийм байлгаж байна. Үүнийг зориуд санаатай хийж байгаа нь УИХ-ын гишүүд. Дахиад хэлье, ийм муу төсөв баталдаг учраас Монголын ажлын байрны хамгийн том дайсан УИХ өөрөө болчихоод байна.
П.БАТЗАЯА
Сэтгэгдэл (0)