Дипломат харилцаатай зуун жил
- 2021-10-18
- Нийтлэл
- 0
Монгол Улс Орос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 100 жилийн харилцааны түүхийг хорь дугаар зууны ерээд оноос урьдах ба хойш үеийн гэж хоёр хувааж хармаар санагддаг. Тухайлбал, 1921 оноос хойших далаад жил бол Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс хэмээх социалист системийн хоёр улсын харилцааны түүх бөгөөд 1990–ээд оноос хойших 30 жилийн Монгол Улс ба Оросын Холбооны Улсын хоорондох харилцааны түүх нь хоёр улсад улс төр эдийн засгийн систем эрс өөрчлөгдөж байгаа үеийн түүх юм. Ийм учраас тухайн үеүүдийн хоёр улсын харилцааны түүхийг тэр үеийн нөхцөлтэй уялдаатай авч үзвэл хийх дүгнэлт, авах сургамж зохимжтой байх болов уу.
Дипломат харилцаа тогтоосон 1921 оноос хойших 70 жил бол Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсын бүрэн хамааралд байсан социализмын үе юм. Монгол өөрөөр байх нөхцөлгүй байсан энэ хугацаанд юу хожсоныг хамгийн гол зүйлээр товч дүгнэвэл:
Монгол Улс тусгаар тогносон улс болж түүнийгээ баталгаажуулсан. Монгол Улсын тусгаар тогнолыг зөвшөөрсөн улс 1921 онд зөвхөн Орос улс байсан бол 1990 он гэхэд дэлхийн 107 улстай дипломат харилцаатай, 1961 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс болсон байлаа. ЗХУ-ын дэмжлэгийн ачаар 1949 онд хөрш БНХАУ манай улсын тусгаар тогтнолыг зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улсыг 1939 онд Японы квантуны армийн товтолгооноос Оросын улаан арми хамгаалсан, Оросын ард түмэн Германы фашизмын түрэмгийлэлийн эсрэг 1941-1945 онд хийсэн дайнд ялалт байгуулахад Монголын ард түмэн бүх боломжоо дайчилж дэмжсэн.Хоёр улсын цэрэг эрчүүд хамтын хүчээр 1945 онд Хятад улсын зүүн хойт нутгийг Японы түрэмгийлэлээс чөлөөлсөн түүхэн үйл явдлууд бол хоёр улсын нөхөрсөг харилцааны түүхэнд тодоор бичигдэх, манай улсын тусгаар тогнолыг бэхжүүлсэн онцлог үйл явдал юм.
- Монгол Улс 1921 онд Ази төвийн хоцрогдсон феодалын нийгмийн, мөхөж магад улс байсан бол эрүүл чийрэг, боловсролтой, жилээс жилд өсдөг ард иргэдтэй улс болсон. Хүн амын тоо 1921 онд 600 орчим мянга байсан бол 1990 онд 2 сая 150 мянга болж 3,6 дахин өссөн. Хүн амын дундаж наслалт 40-45 жил байсан бол 1990 онд 75 жил болсон. Хүн амын ихэнх бичиг үсэг мэддэггүй байсан бол бүх хүн бичиг мэдэх төдийгүй хүүхэд бүр бүрэн дунд боловсролтой, залуучуудын ихэнх нь их дээд сургууль, техник мэрэгжлийн сургуульд суралцаж төрөл бүрийн мэрэгжил эзэмшсэн чадварлаг ажиллах хүчний нөөц бүрдсэн.
Монгол Улс 1921 онд 13 орчим сая малтай, зөвхөн мал аж ахуй эрхэлдэг байсан бол хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн эдийн засагтай улс болсон. Мал сүргийн тоо нь 1990 оны үед хоёр дахин нэмэгдсэн. Мал, мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдээ боловсруулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ ихээхэн хэсгийг гадаад зах зээлд борлуулдаг, Буудай гурилын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны зарим хэсгийн хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр хангадаг, Цахилгаан дулааны эрчим хүчний болон уул уурхайн үйлдвэрүүд хөгжсөн улс болсон.
Социализмын үед Монгол Орос хоёр улсын ард иргэд хоорондоо харилцан итгэлцэлтэй, ахан дүүсийн сэтгэлийн харилцаатай байсан. Үүнийг Монголд ажиллаж байсан олон мянган орос, Орост ажиллаж суралцаж байсан олон мянган монголчууд бахархаж дурсацгаадаг.
Гэвч БНМАУ, ЗСБНХУ–ын харилцаанд харамсмаар алдаа гарч байсан: –Коминтернийн бодлогоос болж Монголын засаг төрийн зүтгэлтнүүд, олон мянган лам сүсэгтэн болон хэлмэгдэж амь алдсан, - Монголын өв соёлын үнэт зүйлс үрэгдэж устгагдаж байсан, - Монгол Улсын нутаг дэвсгэрт Оросын олон мянган цэрэг, байлдааны зэвсэг техникийг байршуулж байгаль орчинд хохирол учруулсан, -Эдийн засгийн харилцаанд үнийн хайч бий болгож Монголын талд хохирол учруулж байсан зэргийг дурьдаж болно. Гэвч одоо цагтай бол өнгөрсөн түүхэн үеийн тооцоо бодох цаг биш, ололт алдаанаас сургамж авч сайн ирээдүйг бүтээхэд ашиглаж байх цаг юм.
Манай хоёр улс хорь дугаар зууны ерээд онд социализмын үеийн харилцаандаа цэг тавьж, эдийн засгийн хувьд харилцан өр төлбөргүй болоод шинэ үе буюу зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн.
Хоёр улсын харилцааны шинэ үе 1990 оны үед Монгол Улс Орос улсаас хараат байдлаа халж, Парламентийн засаглалтай, Ардчилалтай, зах зээлийн эдийн засагтай улс байхыг тунхагласан Шинэ Үндсэн Хуультай, Гадаад харилцаандаа хоёр хөрш улстай тэнцвартэй харилцаатай, бусад улс орнуудтай гурав дахь хөрш гэх үзлээр харилцахыг эрхэмлэдэг улс болсон. Энэ үед ЗХУ гэж байсан их гүрэн задарч Ерөнхийлөгчийн засаглалтай Оросын Холбоот Улс бий болсон.
Хоёр улсын төрийн байгуулалт, эдийн засаг нийгмийн чиг баримжаа, гадаад бодлогод огцом өөрчлөлт гарсан боловч төр, ард түмний хоорондын найрсаг харилцаатай байх сэтгэл хэвээр үлдсэн бөгөөд газар нутгийн болон үндэстний холбогдолтой маргаантай асуудалгүй, олон улсын харилцааны асуудлаар шийдэхэд бэрхшээлтэй асуудалч үгүй юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс, Оросын Холбооны Улс нь хөрш хоёр улсын хувьд аль аль талын ашиг сонирхол, төрийн байгуулал, ард түмний өв соёл, хэв заншилд хүндэтгэлтэй хандаж, хоёр талын нөөц бололцоог хамтран ашиглаж, хамтдаа хөгжих боломж байгаа юм. Үүнийг хоёр улсын ард иргэд хүсч байгаа нь эргэлзээгүй.
Сүүлийн гучаад жилд Орос Улс өөрчлөгдөж, шинэ орос хүмүүс бий болсон. Монгол Улс мөн өөрчлөгдөж, шинэ монгол хүмүүс бий боллоо. Харамсалтай нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ нөхцөлд хөгжүүлэх асуудал анхаарлын гадна орхигдсон. Үүнээс хамаарч Монгол Улс Оросын Холбооны Улсын хооронд эдийн засаг, нийгмийн салбар дахь хамтын ажиллагаа зогсонги байдалтай, нөөц боломж ашиглагдахгүй байгаа. Хоёр улсын төр засгийн бүх шатны удирдагчдын зүгээс хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн бодлогоор санаа сэтгэлээ харилцан нээж, шинэ нөхцөлд шинийг санаачлан хамтарч ажиллахад төдийлөн анхаарахгүй байгаа гэж боддогоо ил хэлэе.Өнгөрсөн 2018,2019 оны дүнгээр хоёр улсын гадаад худалдааны жилийн дундаж эргэлт 1,8 тэрбум ам. доллар болсон. Гэтэл Монгол Улс БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 8,7 тэрбум ам. доллар болтол өсчээ. Өөрөөр хэлбэл одоо Монгол Улс ОХУ-ын гадаад худалдаа Монгол улс БНХАУ-ын худалдаанаас бараг 5 дахин бага байна.
Монгол Оросын худалдааны нийт эргэлтэд Монголын экспорт дөнгөж 4 орчим хувь буюу Монголоос ОХУ-д эрэлттэй байж болох мал, мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай ноос ноолуур арьс ширийг боловсруулсан бүтээгдэхүүн,зэсийн баяжмал, алт, мөнгө, жонш зэргийг Монгол Улсаас экспортолж байх боломж ашиглагдахгүй байна. Гадаад худалдааны эргэлтэд ОХУ-ын экспорт 96 орчим хувь бөгөөд тэр нь үндсэндээ Монголд нийлүүлж байгаа нефть бүтээгдэхүүн. Одоо Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд нутагтаа олборлож байгаа газрын тосыг боловсруулж, нефть бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангадаг болох бодлого нь амжилттай хэрэгжээд ОХУ-аас нефть бүтээгдэхүүн импортлохгүй болчихвол манай хоёр улсын хооронд худалдааны харилцаа бараг алга болох бололтой.
Монгол Улсын Засгийн газар Европын Холбооны Улсууд болон Америкийн Нэгдсэн Улстай тэдгээр улсад Монголоос экспорлосон 7 мянган нэрийн бүтээгдэхүүнд татвар оногдуулахгүй байх тохиролцоонд хүрсэн, мөн Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байдаг. Гэтэл ОХУ-тайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй байгаа. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг юуны өмнө хөрш улсуудын хооронд байгуулах, харилцан нийлүүлж байгаа бүтээгдэхүүнд татвар оногдуулдаггүй болох нь зөв.Үүнд зөвхөн сэтгэл л хэрэгтэй.
Манай хоёр улс социализмын үед Монгол Улсад хэд хэдэн хамтын үйлдвэр байгуулж, Оросын талаас хөрөнгө оруулдаг туршлага байсан. Тийм боловч одоо зөвхөн Улаанбаатар төмөр зам хэмээх ганцхан хамтын аж ахуйн нэгж үлдээд байгаа бөгөөд түүний үйл ажиллагаа өргөжсөнгүй. Хамтарсан хөрөнгө оруулалтын шинэ төсөл саначлагдахгүй байгаа. Эдийн засаг нийгмийн салбар дахь хамтын ажиллагаа зогсонги болсоны олон сөрөг үр дагаварын нэг бол Монгол Улсад орос хэл мэддэг олон мянган ахмадууд цөөрч, залуучуудад орос хэл сурах сонирхол бага байгаа.Харамсмаар.
Одоо хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд анхаарах цаг болжээ.Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хооронд Оросын Холбооны Улсын иргэдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг Монгол улсад хөгжүүлэх, хоёр улсын сонирхолд нийцэх, харилцан хамаарлыг хадгалахад хэрэг болох төслүүдийг зөв сонгон хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байна. Хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөтгөхөд тус болох оновчтой төслийг сонгож, өндөр үр ашигтай болохыг баталсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, хэрэгжүүлэлтэд хамтрахсанаачлагыг юуны өмнө Монгол улсын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс гардагбайгаасай билээ. Миний бодлоор:
- Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа 9000 орчим тонн ямааны ноолуурыг зуун хувь ээрсэн утас болгох үйлдвэр бий болгож улмаар ноолууран сүлжмэл, нэхмэл эдлэл болгох төсөл хэрэгжүүлэхэд ОХУ-ын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийх боломжийг ашигламаар байна. Ноолууран эдлэлийн хэрэгцээ Оросын иргэдэд байгаа.
- Монгол улсад жилд 20-25 сая малын арьс шир бэлтгэж, тэдгээрийг орчин үеийн тэргүүний технолог ашиглаж боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд ОХУ-ын компани хөрөнгө оролцуулах боломж бий.
- Дэлхий дахинд билчээрийн малын махны амт чанарыг мэддэг, үнэлдэг болжээ. Зарим улсад гахайн махнаас билчээрийн малын махыг 3 дахин өндөр үнээр борлуулж байна.Монгол улс одоо бараг далан сая малтай, билчээрийн даацаас хэтэрсэн малын тоог өсгөхгүй байхын тулд жилд зарлагадах малын тоог 20 саяаас доошгүй байлгах шаардлагатай. Энэ үүднээс тооцвол 5 сая гаруй малын махыг экспортод гаргаж байх боломжтой. Оросын бизнесменүүд дотор Монгол улсад мал төхөөрөх, мах боловсруулах орчин үеийн үйлдвэр нэмэж байгуулахад хөрөнгө оруулах сонирхолтой нөхөд байж болох.
- Монголд 30 орчим мянган тонн хонины ноос бэлтгэгддэг. Бүдүүн ширхэгтэй ноос ихэнх учраас хивс үйлдвэрлэхийн зэрэгцээ эсгийн гутал үйлдвэрлэхэд тохиромжтой байдаг. ЗХУ-ын үед Монголд эсгийн гутлын томхон үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулахыг сонирхож байсан. Одоо бас судалж үзхэд хэрэг болж магад.
- Монгол улсад барьж эхлээд байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орох үед түүхий газрын тосыг ОХУ-аас нийлүүлж байх боломжийг ч одооноос судалж, зарчимын шийдвэрийг гаргах нь зүйтэй юм. Нефть бүтээгдэхүүн биш гэхэд түүхий газрын тосны нийлүүлэлтээр ОХУ-аас хамааралтай байхад болохгүй гэх юмгүй санагддаг.
- “Улаанбаатар төмөр зам“ хувь нийлүүлсэн нийгэмлэгт хоёр улсын засгийн газар нэмэлт хөрөнгө оруулж Наушки - Замын үүдийн төмөр замын тээвэрлэлтийн хүч чадал, транзит тээврийг эрс нэмэгдүүлэх арга хэмжээг ойрын жилүүдэд хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь хөрш гурван улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөж хөгжүүлэх тодорхой ажил болно.
Монгол улс Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд болж байгааг тохиолдуулж хойр улсын харилцааны түүхийн зарим хэсгийг гадарладаг гэж үзэж намайг дурсамж бичиж өгнө үү гэсэн залуучуудынхаа хүсэлтийг хүлээж аваад багагүй бодсоны эцэст зуун жилийн хугацааны амьдралд гарсан гол түүхэн үйл явдлын сайн саарыг ил товч хэлэхийн зэрэгцээ тулгамдаад буй болон ирээдүйг бодсон санаагаа илэрхийлэхийг хичээв. Зөв бурууг шүүн, хоёр улсын харилцан итгэлцэл, найрсаг харилцааг бэхжүүлэх, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх оновчтой санал санаачлага гаргаж идэвхитэй ажиллахыг залуучууддаа чин сэтгэлээс хүсье. Өвөг дээдсийн “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг, Эзэн хичээвэл заяа хичээнэ“ гэдэг сургаалийг санаж ажиллахыг захия.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан
Гавьяат эдийн засагч Думаагийн Содном
Сэтгэгдэл (0)