Монголчуудын хувьд тусгаар тогтнолоо ард нийтээрээ баталгаажуулсан түүхэн өдөр
- 2021-10-20
- Үнэн
- 1
Одоогоос 76 жилийн өмнөх аравдугаар сарын 20-ны өдөр Монголчууд тусгаар тогтнолоо баталгаажуулах ард нийтийн санал хураалтад оролцож байжээ.
Өөрөөр хэлбэл Монголчуудын хувьд тусгаар тогтнолоо ард нийтээрээ баталгаажуулсан түүхэн өдөр юм.
Үүнтэй холбоотой түүхэн баримт, фото зургийн хамт хүргэж байна.
Их гүрнүүдийн шахалтанд орсон БНХУ 1945 оны 8-р сарын 14-нд "ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр"-т гарын үсэг зурж, байгуулсан гэрээгээр БНМАУ-ын тухай 2 этгээд тохиролцохдоо "Японыг ялсны дараа, Гадаад Монголд Ард иргэдийн санал хураалт явуулахыг БНХУ-ын Засгийн газар зөвшөөрөв.
Түүний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүнд тусгаар тогтнолыг сайшаавал БНХУ-ын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна" гэж заасан байна.
Энэ хэлэлцээрт БНХУ буюу Гоминданы Хятадын талаас ерөнхий сайд Сүн Зи Вен, Гадаад яамны сайд Ван Си Зы нар оролцсон.
"Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм" гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Хятад улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс Монгол улсад 1945 оны 08 дугаар сарын 14-ны өдөр илгээсэн байна.
Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай" хэмээн заасан байдаг.
Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ.
Санал хураалтын төв комиссыг БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр даргалуулан байгуулж, орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, нарийн бичгийн дарга Г.Дамба, Б.Ширэндэв нар томилогджээ. Ухуулга таниулгын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна улс даяар 13,000 удаа хурал цуглаан зохион байгуулж малчин, ард, ажилчин, сэхээтнүүдийг оролцуулсан. Санал хураалтын төв комиссын дарга болон орлогч нар аймаг бүрийг хуваарилан авч, өөрийн биеэр бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан байна. Ийнхүү 1945 оны 10 сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан юм.
Санал асуулгыг нийт 4,251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494,074 хүн бүртгэгджээ.
Тэдгээрээс 487,285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 6,791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт өнөөдөр Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.
Санал хураалтанд “будлиан” орно гэж Хятадын засгийн газраас тусгайлан Ли Фа Жан тэргүүтэй төлөөлөгчид ирж 1945.10.20-нд санал хураалт эхлэхэд ажиглалт хийсэн байна.
Харин саналын дүнг санал хураасан өдрийнхөө маргааш, нөгөөдөр нь нэгтгэн дүгнэж, Төвдөө мэдээлж байжээ. Зарим санал авах газар мэдээгээ 11:00 гэхэд хийж дууссан байсан тул санал хураалтын дүнг нэгтгэхэд асуудал гараагүй ажээ.
1940 он гэхэд Монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байлаа.
Иймээс санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан байдаг юм. Гарын үсэг зурагчдын дийлэнх нь Монгол бичгээр бичсэн бол кирилл үсгээр тун цөөн хүн гарын үсгээ зурсан байна.
Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны XI сарын 10-нд батлаж, түүнийг хэвлэлд нийтэлж, ЗХУ ба Хятад Улсын Засгийн газарт тус тус мэдэгджээ. Хятадын гоминданы Засгийн газар Гоминдан намын төвийн байнгын хорооны 16-р хуралдаанаар Ар Монголын төрийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын дүнг хэлэлцээд БНХУ, БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 оны 1 сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.
Үүний дагуу 1946 оны нэгдүгээр сарын 12-нд Хятадын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, баталсан тухай нот бичиг ирүүлсэн юм. Уг нот бичигт “10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн Газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав” гэжээ.
Эх сурвалж: @yanzagad
Сэтгэгдэл (1)
(197.210.52.228)
Сайн байцгаана уу, та ядуу байснаас залхаж, амьдралаа тэнцвэржүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байна уу, та бүхэндээ дуулгах сайхан мэдээ байна, Fortis эмнэлэг ноцтой сэтгэлгээтэй хүмүүсээс бөөр худалдаж авах гэж байна. Тэд таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг бөгөөд тэд ирэхээс өмнө визний үйл явцыг эхлүүлэхийн тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг бөгөөд энэ нь танд байгаа зүйлээ зарж, эрүүл саруул хэвээр үлдэх боломж юм. Хэрэв та бөөрний өвчнөөр өвдсөн хэвээр байгаа бол тэд бөөр шилжүүлэн суулгахад тусалж чадна, тиймээс тэд бөөрийг худалдан авч, зарна. Хэрэв та сонирхож байгаа бол [fortis.hospital.in@gmail.com] хаягаар эмнэлэгтэй холбогдож болно, тэдэнд бөөрний донор хэрэгтэй байгаа тул цахим шуудангаа санах хэрэгтэй. [ fortis.hospital.in@gmail.com }