Адлагдахын зовлон, адлах өвчин
- 2021-10-21
- Нийтлэл
- 1
Аль ч улс орон, аль ч нийгэмд олон түмэнд хилсээр адлагдахын зовлон бол дээд гамшиг, эмгэнэл, хагас үхэл байжээ. Ард нийтэд, тухайн хүн амд, үе тэнгийнхэндээ хилсээр адлагдсанаас болж хүмүүс амиа хорлох үзэгдэл аль ч зуунд тохиолдож байв.
Тухайн орны хүн амын олонх нь ухамсар дорой бол, мухар сүсэгт хэтэрхий автсан бол, юмс үзэгдлийн шалтгаан, үр дагаврыг таних, тооцох чадваргүй бол нэг нам эсвээс нэг шашны үзэл сурталд сохроор итгэж, автаж төөрөлдсөн бол шудрага иргэнээ, халуун эх орончоо, том эрдэмтнээ, үндэсний баатраа хүртэл хилсээр адлан адалсаар хөнөөж байжээ.
XX зууны дундуурх үеийн Монголын жишээ гэхэд хар, шар феодал, хувьсгалын эсэргүү, Японы тагнуул гэх нэр хоч зүүж олон олон эх орончдоо, бүр давраад тэдний эхнэр, хүүхдүүдийг хүртэл адлан хавчиж хэлмэгдүүлж, олон арван хүнийг цаазлан хороожээ. Тайж, гүн, бээл, бэйс, ван, хан хэргэмтэй явсан хүмүүсийн өмч хөрөнгийг хурааж, сонгох сонгогдох эрхийг нь хасаж, зохиомол хэрэгт холбогдуулж цаазалж, цөлжээ. 1960, 1970-аад оны үест хүртэл зүй бусаар адлах үзэгдэл байсаар, ялангуяа улс төрийн хэрэгт холбогдсон гэгдэх сэхээтнүүдийг ажилд авдаггүй, цалин хөлсийг нь нэмдэггүй, шагнал урамшуулал олгодоггүй, албан тушаал дэвшүүлдэггүй, эрдмийн зэрэг хамгаалуулдаггүй, гадаад томилолт өгдөггүй, бүр том найр хуримд ч урьдаггүй байлаа. Тийм хүмүүстэй найзалж нөхөрлөхөөс хүртэл эмээдэг, цэрвэдэг байв. МАХН-ын гишүүн аав, ээж нь санаачилж хавчсаар охиноо улс төрийн хэрэгт холбогдож байсан нөхрөөс нь салгасан тохиолдол ч гарчээ.
Хардах, сэжиглэх, адлах, нүд үзүүрлэх, элдвээр хавчих үзэгдлийн сөрөг үр дагаврыг таньж мэдсэн, ийм үзэгдлийн аливаа илрэл, хөөрөгдлөөс болгоомжилдог ухаалаг, оюунлаг, юм үзэж нүд тайлсан хүмүүс гэж байнаа. Үүний зэрэгцээ ухвар мөчид, хөөргөн хөвсгөр, хов живд автамхай, хүний мөс, чанараар муу, өөрөөсөө бусдыг муучлах, сэрдэх, адлах хоруу сэтгэл зүйтэй хүмүүс олон буй. Бусдын сэтгэл санааг хэрхэн хорлож, хордуулж байгаагаа ойлгох ухаан, мэдрэмж тийм хумууст байдаггүй. Байнгад бусдыг адлаж, дарамталж явдгаараа гайхуулж, эрдэж, бах тав нь ханаж байдаг араатан төрхтэй хүн өнөөдөр ч бас цөөнгүй. Нэр, нүүрээ нууцлаад бусдыг гүтгэж, харааж, занаж, зүхэж ханал авдаг хүн сүгүүд цахим ертөнцөд олширсоор байна. Тэдний дайралт, хараал, зүхлээс иргэдээ хамгаалах ажил, арга хэмжээ тун ч хангалтгүй хэвээрээ...
“Ковид-19’’-тэй холбоотойгоор, түүний эргэн тойронд шинэ цагийн хүн сүгүүд махчин шувууд шиг эргэлдэх боллоо. Өвчилсөн хүмүүсийг хараах, зүхэх, элдвээр муучлах, гүтгэх, гуйвуулах, орох байх газаргүй болгож хорлох, хөөдөх нь гамшгийн хэмжээнд хүрлээ. Ямар замаар халдвар авснаас үл хамааран өвчилсөн хүмүүс бүгд л нуугдах, нууцлах болов. Эмчлүүлсэн, эдгэрсэн тухайгаа ярих, бичихээс ч айдаг болжээ. Ярилцлага өгөх хүн олдохгүй байна гэж сэтгүүлчид ярих болов. “Юунаас болгоомжлоод байгаа юм бэ? Ярилцлага өгч болохгүй гэж та нарт анхааруулсан юм уу?” гэхлээр бусдыг занаж, зүхэж, харааж, харлуулж, гүтгэж, доромжилж байдаг хүмүүс цахимаар юу ч гэж шуугиулж болно шүү дээ. Энэнээс айх юм. Аав, ээж, ах, дүү, бэр, хүргэн, хадмууд маань тэдний гүтгэлэг, гуйвуулганд итгэвэл яанаа гэж л эмээх юм. Ор үндэсгүй зүйлүүдийг зохиогоод л адлаж эхлэх болно шүү дээ. Хамт олон маань ч юу гэж бодох юм билээ” гэцгээх юм. “Халдвар аваад эдгэсэн нэг ч хүн өнөөдрийг хүртэл ярилцлага өгөөгүй цаад учир энэ шүү дээ” гэсэн байх ажээ.
Өвчлөөд эдгэсэн хүн бусдад зориулж сургамж болох үгээ ч хэлэх боломжгүй болчихжээ...
Худал зүйл, зохиомжилсон гүтгэлэг, ор үндэсгүй хардлага мэт нь хувь хүнд ямар ч гай учруулж болох билээ. Замбараагүй задгай, үнэн худал нь тодорхойгүй, ёс жудаггүй цуурхал, мэдээ мэт нь хор, хорлол болдог нь үнэн юм. Бодитой аюул, түгшүүрийн харангыг өдөр, шөнөгүй дэлдэх аваас, бүр хэтрүүлж, хөөсрүүлж, хүмүүсийг психозод ортол нь сүрдүүлэх, айлгах аваас эерэг биш сөрөг үр дүн гарах тохиолдол ч их байжээ. Хүмүүсийн амьдралыг бүхэлд нь удаан хугацаагаар хар дарсан зүүд мэт болгох аваас олон хүн сэтгэл санааны гажиг, согогтой болдог.
Дэлхийн I ба II дайны жилүүдийн аллага, хядлага, аймшгаас болж олон арван мянган хүн галзуурч, солиорч, амиа хорлосон байна. Айж үргэсэн амьтад галзуу мэт болдог шиг аймшиг түгшүүрт автаж солиорсон хүмүүс яг л галзуу өвчин туссан амьтан, араатан шиг болдог нь үнэн юм. Ялангуяа өвчин, тахлын үед энэ байдлыг тооцож олон түмний сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж, итгэл төрүүлж, халдвар авсан хүмүүсийг өрөвдөж хандах ёс суртахууныг хэвшүүлэх, хүмүүнлэг энэрэнгүй уур амьсгалыг нийгэмд зуршуулах нь зөв болно. “Тахлын халдвар авах юм бол би, бид үхэх нь гарцаагүй юм байна” хэмээн эмзэглэж, зовиурлаж буй хүн олон байгаа нөхцөлийг тооцож эмч нар, эрүүлийг хамгаалах байгууллагууд хүмүүст бэрхшээлээс гарах, аюулыг даван туулах зөв гарц, гаргалгааг сурталчилж, итгэл, найдварыг өгч, зоригжуулж, хатуужуулж байх ёстой. “Хүн эхлээд сэтгэлээрээ үхсэнээс болж л биеэрээ үхдэг юм” гэсэн үг байдаг даа! “Аймхай хүн арав үхэхэд зоригтой хүн нэг үхдэг” гэж ч ярьдаг. Айхын оронд болгоомжлох ёстой, үйлдэл, алхмаа цэнэж хянаж байх ёстой, урьдчилан сэргийлж сурах ёстой, халдвар авч болох бүх нүх сүвийг хааж байх учиртай. Өвчилсөн нэгийгээ өрөвдөж, тайвшруулж, зоригжуулж, сэтгэл санааг нь өөдрөг байлгах ёстой. Харааж, нүд үзүүрлэж, адлаж хандах нь хүмүүний ёс биш, соёлтой нийгэмд байх учиргүй ааш авир, өвчин.
Халдвар авсан нэгийгээ харааж зүхээд л, элдвээр гоочлоод л, ажпаас нь халаад л, дүүрэг хорооноос нь хөөгөөд л, “золигт гаргаад” зүй бусаар шившиглээд л, нэр нүүрийг хөөдөөд л, яллаад байхыг хүсэгчид бол өөрсдөө хүн биш.
Өвчний зовиур, гамшигт өртсөн нэгнийгээ адлагдахын зовиураар нэрмэх нь хүмүүний мөс чанаргүй үйлдэл, боловсрол, соёлгүй, бүдүүлэг этгээдүүдийн гаргадаг араатанлаг ааш авир юм.
Хүн айж болно, түгшүүрт автаж болно, сэтгэлээр унаж, итгэл алдаж болно, үхэл хагацал үзэж болно, гэхдээ ямар ч нөхцөлд хүн хүнээрээ, хүмүүнлэг мөс чанартай хэвээрээ байх, үлдэх ёстой. Хүүхэд бүхэн ийм шинж, чанарыг олж хүмүүжсэн, хэрсүүжсэн, хатуужсан байх учиртай. Энэ бол өвөг дээдсийн маань баримталж байсан зарчим, зан чанар юм шүү.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл (1)
zochin (202.179.15.71)
monchigrooroo bizness hiisen humuusiig bayachuud gej adlah bolson,argagui toroos torson hulgaich nartai anduurdag bz,gehdee ard olon bas shudarga zovj hodolmorloj olson humuusee yalgaj salgaj bodoj bh heregtei shuu