Идеализм шөвгөрч үлдлээ

Сармагчин, чоно, арслан мэтээс хүний ялгарах гол зүйл бол оюун ухаан. Хүмүүс угсаа, гарвалаа мэддэг. Түүхээ мэддэг. Өнгөрснийг санадаг. Одоо байгаа байдлаа ухаардаг. Бас ирээдүйгээ төсөөлдөг, төлөвлөдөг.

Угсаа гарвалаа мэддэг болохоор үндсэрхдэг. Түүхээ мэддэг болохоор бахархдаг, бас хонзогнодог. Өнгөрсөнөө санадаг болохоор гунигладаг, гэмшдэг. Одоогийн байр сууриа ухаарч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, тэмцдэг. Ирээдүйгээ төсөөлж төлөвлөдгөөс болж элдэв үзэл онолд автагддаг...

Хүнээс бусад амьтны хувьд сүсэг бишрэл, шашин байхгүй. Гэтэл хүний оюун санааны ертөнц олон олон байхгүй зүйлийг "үйлдвэрлэн” бүтээжээ. Бурхан, чөтгөр, буг савдаг, шулмас, хойт нас гэх мэтийн хийсвэр зүйлүүд бол зөвхөн хүмүүсийн хувьд л байдаг, яригддаг. Морь, тэмээ, үхэр мэтийн оюун ухаангүй амьтанд ийм хийсвэр зүйлүүд байхгүй. Гэтэл хүмүүс өөрсдийнхөө оюун ухааны бүтээлүүдийг бүр биежүүлж, л үрсжүүлж, түүх намтартай болгож, тэдэнт зориулж сүм дуган барьж бурхдад үйлчилдэг хүмүүсийг хүртэл буй болгожээ. Байхгүй бурхдад үйлчилж буй дүр эсгэсээр насаа элээх нь даан ч хайран билээ...

Ертөнцийн эзний тухай үлгэр домог зохиож, түүндээ өөрсдөө итгээд, бас өрөөл бусдыг итгээч гэж ятгасаар хоёр мянга гаруй жил боллоо. Ингэж удаанаар төөрөлдөхөд хүрсэн нь тийм ч энгийн үзэгдэл биш юм. Мөнхүү төөрөгдөлд олон олон шалтгаан, нөхцөл, хүчин зүйл нөлөөлжээ. Анхны шашин буй болж олон хүнийг эзэмдсэн нь өөр бусад шашин төрөн гарахад хүргэсэн байна. Дайснуудынхаа шүтдэг, дээдэлдэг зүйлийг эсрэг тал нь шүтэж, дээдэлж чадахгүй нь тодорхой юм. Ингэж нөгөө тал мөн өөрийн ивээгчдийг, бурхдыг тодруулж, өвөрмөц зан үйлийг зохиомжлон гаргаж, аажмаар шашинчлан сурталчлах болжээ. Нийгмийн философийн томоохон төлөөлөгчдийн үзэл, онол, сургаалийг шашин болгож хувиргах ажил мөн зэрэгцэн хийгджээ.

Ингэж Буддагийн үзэл, онол, сургаал, мөн Күнзийн үзэл, онол, сургаал шашны хэлбэртэй болж шүтэгдэж эхэлсэн байна.

Шашин хоорондын өрсөлдөөн, дайсагнал ч бас төрөн гарчээ. Энэ үндсэн дээр дайн дэгдэж хүн төрөлхтөн удаа дараа хэлмэгдсээр л байв. Оюун ухаан хүмүүсийг хаашаа ч хөтөлж болдог нь эндээс тодорхой харагдаж байна. Чоно, бор, арслан мэтийн хооронд дэлхийн дайн гэж гарсангүй. Мөн хувьсгал хийгдэж иргэний дайн дэгдсэнгүй.

 

Түүхэн мөчөөрхөл, өш хонзон үүсэж нэг нь нөгөөгөө аймаглан устгаж байсангүй. Амьтдын хооронд өнгөрсөн түүхээс нь улбаалсан үл эвлэрэх зөрчил, зөрөлдөөн гэж үгүй, шашин хоорондын тэмцэл, өрсөлдөөн ч бас байхгүй. Амьтад хүний хэрийн оюун ухаантай байсансан бол энэ бүхэн бүгд л байх, гарах байсан нь эргэлзээгүй. Ингэхлээр энэ бүхний шалтгаан нь оюун ухаан өөрөө ажээ.

 

Өмнө өгүүлснээс үзэхэд өнгөрснөөс үүдэгдсэн, өнөөгөөс шалтгаалсан, бас ирээдүйгээс улбаалсан бүхий л үйлдэл, алхам нь хүмүүсийн хувьд тэдгээрийн оюун ухаанаар л түлхээслэгдэн хийгддэг, хэрэгждэг ажээ. Энэ нь юу өгүүлж байна вэ? хүний оюун ухаан, нийгмийн ухамсар, төрийн бодлогоор л сайн муу, зөв буруу бүх зүйл хийгддэг, хэрэгждэг болохыг үзүүлж байгаа бус уу? Ингэхлээр өнгөрсөн түүхээ хүмүүс, ард түмэн оюун ухаанаараа бүтээжээ. Түүхэн үйл явдал бүрийн анхдагч нь. тодорхойлогч нь оюун ухаан байжээ. Байгалийн биет, бодисуудын хувьд матери, материаллаг зүйлс анхдагч нь, шалтгаан нь билээ. Тэгвэл нийгмийн хувьд түүний хувьсал, өөрчлөлтийн анхдагч шалтгаан нь, тодорхойлогч тал нь оюун ухаан, ухамсар, бодлого. зорилго юм. Өнөөдөр бид ч гэсэн нийгмийн машстабад оюун ухаан, ухамсраараа урьдчилан товлосон, төлөвлөсөн зүйлсээ хэрэгжүүлэн амьдарч, түүгээрээ түүхээ бичиж байгаа болно.

 

 

Хүнийг оюун ухаан л амьтнаас ялгаруулж хүн төрөлхтний түүх эхэлсэн юм. Тэгвэл хүн төрөлхтний эцсийн хувь заяа ч мөн оюун ухаанаас л хараат ажээ. Хүний оюун ухаан бидний энэ газар дэлхий (гариг) мөхөх үед хүн төрөлхтнийг аварч ч магадгүй, эсвээс зам зуурт нь хүмүүс өөрсдийгөө буруу үйлдэл, шийдлийн харгайгаар мөхөөж ч бас болно...

 

Сансрын уудам зайд хүмүүс шилжин сууршин аж төрсөөр байх бололцоог зөвхөн оюун ухаан олгож чадна. Хүн нэг бүрд амьдрах аятай таатай орчин, нөхцлийг мөн оюун ухаан л бүтээнэ. Байгаль мөнх байхад матери л хэрэгтэй бол хүмүүс мөнх байхад оюун ухааны ихэд хөгжсөн чадамж зайлшгүй шаардлагатай болно. Нийгмийн оршил, түүний үргэлжлэлд анхдагч, тодорхойлогч тал нь хүний оюун ухаан, нийгмийн ухамсар, төрийн бодлого, зорилго ажээ. Байгалийг материализм тайлбарлаж чадахын адилаар нийгмийн түүхийг идеализм л тайлбарлаж чадах учиртай байна. Нийгмийн философичдын дийлэнх олонхи нь идеализмд талтай байсны цаад уг шаг ийм юм. Нийгмийн хувьсал, дэвшилд оюун санааны гүйцэтгэх үүрэг үнэхээр шийдвэрлэх тодорхойлох ач холбогдолтой ажээ. Өөрөөр хэлэх аваас байгалийн үзэгдлүүдийг ойлгох, тайлбарлахын хувьд материализм чухал эхлэл, зөв аргачлал мөн байхад харин нийгмийн үзэгдлүүдийг ойлгох, тайлбарлахын тухайд бол идеализм л чухал эхлэл, зөв аргачлал мөн юм.

Чингэж нийгмийг судлах, шинжлэхийн хувьд идеалист онол-аргазүй тунаж шөвгөрч үлдээд байна.

Амьгүй байгалиас амьд байгаль, амьд байгалиас оюун ухаан үүсчээ. Хүний оюун ухаан элдэв онол, үзэл санааг буй болгоод түүнийхээ дагуу байгаль ба нийгмийг өөрчилж эхэлжээ. Энэ процесс одоо үргэлжилж бид түүнд элдэв янзын үүрэгтэйгээр оролцож байна. Үзэл, онолууд цаашид хувьсана, хөгжинө. Эл үйл явцад дотоод логик төгсгөл гэж үгүй. Харин гадаад хүчин зүйлүүд л энэ үйл явцыг зогсоож мөхөхөд хүргэж болох юм.

Амьгүй байгалийн түүх мөнхөд үргэлжлэх болно. Бас амьд байгалийн түүх ч мөнхөд үргэлжлэх бололтой. Харин хүн төрөлтний түүх хүмүүсийн оюун ухааны “бүтээж, олгож чадах” тэр цаг хугацааны туршид л үргэлжлэх нигууртай ажээ.

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)