Монгол улс “Rio Tinto”-гийн 66%-ийг худалдан авах уу?
- 2021-10-29
- Нийтлэл
- 0
Ойрын өдрүүдэд “Оюутолгой” төслийг тойрсон асуудал тун сонирхолтойгоор өрнөж олон нийтийн анхаарлыг татаад байна. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Rio Tinto”-гийн төлөөлөгчидтэй Хөрөнгө оруулалтын гэрээнд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолоор “Rio Tinto” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах, Монголд ашигтай хувилбарыг хөрөнгө оруулагчидтай тохирох саналыг боловсруулахыг ЗГ-т үүрэг болгон дээрх ажлын хэсгийг байгуулсан байдаг. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг амаргүй талтай тулаад байгаа юм. “Rio Tinto” гэдэг бол дэлхийн өнцөг булан бүрт “гар, хөл”-тэй, 100 гаруй тэрбум ам.долларын үнэлгээтэй дэлхийн конгломомерит компани. Гэсэн хэдий ч Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус ажлын хэсэг өндөр үр дүн гарган ажиллажээ.
Тухайлбал “Rio Tinto”-оос 4 удаагийн буулт хийх санал авсан ч тухай бүрд нь ахиц гарган шинэ санал дэвшүүлсээр байгаа аж. Гэхдээ сэтгэл амрах болоогүй Монгол улс эрх ашгийнхаа үүднээс барьцаа ахиулах ёстой.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр Х.Нямбаатар сайд, Монгол улс “Rio Tinto”-гийн 66%-ийг худалдан авах санал гаргасан сурагтай. Хэрэв энэ санал ажил хэрэг болвол “Оюутолгой” 100% монголын талд шилжинэ. “Rio Tinto”-гийн зүгээс ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. Хурлын үеэр өөр нэг сонирхолтой асуудал хөндөгдсөн нь “Rio Tinto” Монголыг 22 тэрбумын өрөнд орох луйврын гэрээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хөндлөнгийн аудитаар энэ бүгд батлагдвал “Оюутолгой” 100% монголын мэдэлд ирэх өдөр ойрхон байна.
Одоогоор “Туркуаз хилл” ХХК ОТ-н 66%-ийг, “Эрдэнэс ОТ” 34%-ийг эзэмшдэг. “Туркуаз хилл” ХХК-ийн дийлэнх хувьцааг “Rio Tinto” эзэмшдэг. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр далд уул уурхайн бүтээн байгуулалтын талаар худал мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр “Туркуаз хилл” ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью Йоркийн шүүхэд гомдол гаргаад байгаа аж. Яг энэ эгзэгтэй үед Л.Оюун-Эрдэнийн засгийн газар Оюутолгойг Монголдоо авчрах нүүдэл хийж байж мэдэх юм. Хэрвээ энэ нүүдэл амжилттай болвол ОТ-г Монгол улс өөрөө эзэмших, ноогдол ашиг авах, зэс алтны борлуулалтын орлогыг хянах, зардлын хяналт тавих гэх мэт маш олон давуу тал үүснэ.
Сэтгэгдэл (0)