​Б.Батзориг: Шүүгч, мөрдөгч, прокуроруудыг хуучны системээс нь салгаагүй учраас л хэрэг буцаад байгаа юм

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор, Криминологичдын холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Батзоригтой ярилцлаа.


-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байхад шүүх дээрээс хэрэг буцдаг байдал хэвээр байна. Буцсан хэргүүдээс олон тооны хэрэг хэрэгсэхгүй болж байгаа нь тэр хэмжээний хүнийг хэлмэгдүүлэв үү гэх хардлага байна. Судлаачийн хувьд та үүнийг юу гэж харж байна вэ?

-Монгол Улс 2017 он хүртэл байцаагаад шийтгэдэг хуультай явж ирсэн. 1927 онд Аливаа хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай хууль, 1935 онд Аливаа эрүүгийн хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай хууль, 1949 онд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 1963 онд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 1994 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулга, 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд, 2017 онд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль болж өөрчлөгдөж ирсэн. Энэ маань мэдүүлэг буюу байцаалтан дээр тулгуурлаж хэрэг шалгадаг байсан. Харин одоогийн хууль бол баримтанд тулгуурлаж хянан шийдвэрлэдэг зарчимтай. Өөрөөр хэлбэл, цагаатгаж ч магадгүй, шийтгэж ч магадгүй.

Гэтэл 1927-2017 он хүртэлх хуулийн концепци маань байцаагаад шийтгэдэг хуультай байсан. Үндсэндээ бид 100-гаад жил шүүх хэргийг илрүүл гэдэг үзэл баримтлалаар явчихсан. Мөрдөгч, прокурор бол тэр аргаар шалгаж хэрэгтнийг олох ёстой. Нөгөө талаар тэд бас буруугүйг нотлох ёстой. Сая олон хэрэг хэрэгсэхгүй болгочихож гэж байна. Шүүгчид бас 2017 он хүртэл хэргийг илрүүлэх үүргийг олгодог байсан. Тэгвэл шинэ хуулиар шүүгчид мэтгэлцээний үндсэн дээр хянаад шийд гэдэг болгочихсон. Өмнө нь шүүгч хавтаст хэргийг уншаад хэрэг хийсэн нь тодорхой, харин нотлох баримт дутуу байвал дутуу байна гээд буцаадаг байсан. Одоо бол та хянаад шийдвэрээ гарга. Хичнээн хэрэгтэн байсан ч тэр баримт нь хангалттай биш байвал цагаатга. Цагаатгана гэдэг бүр байхгүй болгочихно гэсэн үг биш. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар цагаадсан хэргийг дахин сэргээгээд буруутныг шалгаад явах ёстой. Харин хариуцлагагүй ажилласан прокурор, мөрдөгчид шийтгэл оноох ёстой. Мөрдөгч, прокурор яагаад дутуу хэргийг шүүх рүү явуулчихав гэж.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдаад, тэр хуульдаа нийцүүлээд 1994 онд эхний том шинэчлэлийг хийсэн. Шууд 100 хувь шинэчилж чадахгүй. Социалист сэтгэлгээгээр ажиллаж байсан хүмүүсийг шууд өөрчилж чадахгүй.

-Хуулийг шинэчилсэн ч хуучин сэтгэлгээ өөрчлөгдөхгүй байна гэсэн үг үү?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 онд батлагдахдаа ганцхан сарын дотор мөрдөгдсөн хууль. Өмнө нь процессын бүх хууль дор хаяж есөн сар болж байж мөрдөгддөг байсан. Социализмын үед ч тэр. Тэр үед мөрддөг хүмүүсийн сэтгэлгээ, арга барилыг өөрчилж сургаж байсан. Хуучны тогтолцоонд хууль гэхээс илүү хувь хүний ёс зүй сэтгэлгээн дээр тулгуурлаж явдаг. Хүн өөрөө асуудлыг шийдэх боломжтой зохицуулалттай хууль. Гэтэл одоо нөгөө шүүгч, прокурор, мөрдөгчдийг дураар нь зохицуулаад ажилла гэхээр зохицуулахыг хахууль, танил талаараа зохицуулдаг болгоод ойлгочихсон.

Одоо ч шүүх хуучнаараа ажиллаад хэрэг буцаадаг технологи байгаад байгаа нь энэ. Байгаа учраас шүүгч нар түүнийгээ ашиглана. Өмгөөлөгчид ч тэр, яаж ийгээл хэргээ буцаалгачихъя гэдэг. Магадгүй үүн дотор хэргийг завааруулъя гэж байгааг үгүйсгэхгүй. Хэрэгсэхгүй болгож байгаа хэргүүд бүгд буруугүй учраас хэрэгсэхгүй болгож байгаа юм биш. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад хэрэгсэхгүй болж байгаа нь ч бий.

Харамсалтай нь хуулиуд бага багаар чангараад сайжраад байгаа боловч хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхгүй бол болохгүй. Үүнийг төр хийх ёстой. Эрх зүйн цоо шинэ систем бий болчихоод байхад сургууль нь хүртэл хуучин сэтгэлгээтэй хүн үйлдвэрлээд явуулаад байх юм бол очоод хуучнаараа л ажиллана. Хэчнээн цагдаагийн мундаг дарга, Хууль зүйн сайд, Ерөнхий сайд байсан ч очоод, үсрээд л загнана. Дарга загнахаар юм сайжирч байвал систем муу байна гэсэн үг. Уг нь даргатай, даргагүй тэр ажил чинь өөрөө явж байх ёстой.

-Хэрэг буцаж байгаа нэг шалтгаан мөрдөгч, прокурорын ур чадварын асуудал гэж харж болох уу?

-Энэ бол гэмт хэрэг. Албан тушаалдаа хайнга хандаж байгаа, эсвэл албан тушаалаа урвуулж байгаа албан тушаалын гэмт хэрэг. Яагаад хүнийг буруутай байхад бүх нотлох баримтыг цуглуулаад хэргийг нэг талд гаргаж, бусдын эрхийг хамгаалах ёстой байтал дутуу хэргийг шүүх рүү явуулж, шүүх нь нотлогдоогүй байна гээд цагаатгаж байгаа юм. Үүний цаана хохирогч тэр чигээрээ хохироод үлддэг. Хохирол бодитой бус, 100 төгрөг, 10 тэрбумын хохиролтой хүн адил. Хэргээ буруу, дутуу шалгаад шүүх дээр оччих юм бол хэрэг цагаадлаа, буцлаа гэхэд нөгөө 100 төгрөг, 10 тэрбумын хохиролтой хүн хохироод л үлдэнэ. Хүчирхийлүүлчихсэн, ойр дотны хүнээ алуулчихсан, өөрөө гэмтээд тахир дутуу болчихсон хүний эрх тэр хэмжээгээр хохироод сэргэхгүй үлдээд байна. Яагаад гэвэл буруутныг олоогүй.

Манай шүүгчид хэргээ уншаад дотроо бол аргагүй хэрэгтэн мөн байна гэж боддог ч нотлох баримт хангалтгүй бол “Дутуу байна, дахин шалгаад ийм баримтууд олоод ир” гээд явуулдаг. Цаанаа бас хохирогчийн эрхийг хамгаалах гээд үзээд байгаа юм.

-Тэр нь зөв юм уу?

-Ингээд байгаад байвал цагдаа, АТГ хэл амтай хэрэг ч юмуу, томоохон хэргийг хагас дутуу шүүх рүү шидчихдэг. Ингэхээр бүх гал шүүх рүү очоод шүүхийн нэр хүнд унаад байгаа юм. Тэгэхээр шүүх бол дутуу мөрдөгдсөн хэргийг шууд цагаатгах л ёстой.

-Саяхан болж өнгөрсөн хууль сахиулах байгууллагын зөвлөгөөн дээр цагдаагийн байгууллагын удирдлага өмнөх хуулийн зохицуулалт манай улсад тохирохоор байна гэх агуулгыг ярьсан нь хуульчдын төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байна?

-Хуучны байцаагаад шийтгэдэг хуулийн арга барилаар олон жил ажиллаад сурчихсан хүмүүс 2017 онд арга барил нь өөрчлөгдөх болсон гэж хэлсэн шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд өмнөх арга барил, сэтгэлгээ нь арилаагүй байна. Мэдээж мөрдөгч, прокурор, шүүгч нар өмнө хуулийг маш сайн мөрдсөн гээд одонгоор шагнуулаад, албан тушаал ахичихсан байгаа. Тийм учраас яалт ч үгүй тэр орчинд ажиллах сонирхол байгаад байна гэсэн үг. Тэр хүмүүсээ өөрчлөх ажил хийхгүй бол захын цагдаа ч тэгж хэлнэ.

Яагаад процессын том өөрчлөлт орсон хуулийг маш богионо хугацаанд мөрдөхөөр болсон юм бэ. Түүнээс хойш үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр яагаад том алхам хийгээгүй хэрэг вэ. Тэр хүмүүсийг сургаад ажиллах бололцоогоор хангаж өгөөгүй байгаа учраас хүссэн хүсээгүй хуучнаа санагалзана. Хэн ч хэлнэ, прокурор ч хэлнэ, шүүгч ч хэлнэ. Хамгийн наад зах нь шинэ системд тохирсон шүүх байна уу, шүүхийн байр байна уу. Социализмын үеийн шүүхийн байртайгаа л байгаа шүү дээ.

-Нөгөө талд шүүх, прокурор, цагдаа нар хоорондоо толхилцдог болж харагдаад удлаа. Цагдаа нь дургүй хүрвэл шүүгчдийн бичлэгийг задална, эсвэл тагнуулынхны бичлэгийг задална. Энэ нь хэр зөв юм?

-Тэр гурван байгууллага ойлголцож болохгүй. Зүгээр өмнөх ажлаа хуульд зааснаараа хий. Та дуртай байна уу, дургүй байна уу хамаагүй. Манайд систем маань өөрөө муудалцахаараа явдаггүй. Эсвэл дарга ирээд аймар загнахаар явчихдаг. Эсвэл гурван байгууллагын дарга нар дал, мөрөө алгадахаар явж байдаг. Энэ чинь систем чинь буруу гэдэг онош юм. Нөгөө талаар муу, муухай нь гарч л байг. Гаргаж байгаа нь зөв. Тийм учраас бие даасан хараат, бус бие биенээ хянаж байдаг систем. Алдааг нь олох биш, алдаа гарахаас сэргийлэх механизм юм. “Намайг тэнд хянаж байгаа, би алдаа гаргавал, хүний эрхийг зөрчих юм бол илрүүлдэг хүмүүс байгаа шүү” гэсэн ойлголттой байдаг..

Тогтолтоо нь өөрөө ил болгодог систем. Үүнийг ил болгодоггүй систем хийчих юм бол хамгийн аюултай. Ил гаргадаггүй болохоос биш маш олон ийм хэргүүд шалгагдаад явж байгаа. Шүүхийн шийдвэрээс харж болно. Сэвэгдэж байгаа нь ил болж байгаа нь тэр.

-Цагдаа, АТГ хуулийн төсөл хийсэн гэж байсан. Хуучин хууль руугаа очих төсөл хийсэн болов уу?

-Олон жил эрүүгийн процессын хуулийг хийхдээ шүүх, прокурор, цагдаагийн дарга нар эрх мэдлээ хувааж авдаг. Өөрсдөдөө тааруулж хуулиа боловсруулдаг байсан нь нууц биш. Энэ хууль тэдний эрх мэдлээ хуваарилдаг, өөрсдийн ажлын ачааллаа багасгадаг хууль биш. Ерөөсөө иргэний эрхийг хамгаалдаг хууль шүү дээ. Цагдаа нь цагдаагийнхаа хуулийг, мөрдөгч нь мөрдөгчийнхөө хуулийг хийнэ гэхээр жирийн иргэдийн эрх яах болж байна. Бас л хууль хийдэг технологи хуучнаараа.

-Ноцтой гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаа нарын ачааллыг, ажиллах нөхцөлийг яаж хангах вэ. Хууль нь болохгүй байна гээд байгаа?

-Төр иргэнээ өөрөөр хэлбэл цагдаа, АТГ амар, хялбар аргаар хүнийг шалгаж шоронд хиймээр байна гэдэгтэй адил. Энгийнээр хэлбэл байлдахад хэцүү байна, дайснуудыг хөдөлгөөнгүй зогсож байдаг, дуудахад толгойгоо ил гаргадаг хууль хий гээд байгаа бололтой. Үүнийг ямар ч байсан эрүүгийн процессын хуулиар биш, Цагдаагийн, Прокурорын, Шүүхийн тухай хуулиар, дарга нарын удирдлага зохион байгуулалтаар, Засгийн газрын бодлогоор хийгддэг юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогоо гаргаад, хүнээ шоронд, эсвэл шороонд булдаг системээ өөрчлөх гээд зөндөө юм байна даа.

 

Б.ЭНХЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)