Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
- 2021-11-04
- Байгаль орчин
- 0
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Сэлэнгийн баруун хэсгээр, маргааш өдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-6-нд нутгийн өмнөд хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд хальтиргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах нөхцөл бүрдэж байна.
Иймд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих;
- Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Арваннэгдүгээр 4-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
- Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
- Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 13-15 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр зарим үед секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
- Агаарын температур: Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Увс нуурын хотгороор 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, говь, талын нутгаар 9-14 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Арваннэгдүгээр 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 8-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
- Ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)