Ковид-19: Цагийн байдал хүндэрч, шаардлага улам чангарсаар

Ойрын 3 сарын хугацаанд Европ тивд коронавирусний халдварын улмаас 0,5 сая хүн амиа алдах эрсдэл үүсээд байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхаарууллаа. Үүний сацуу Орос улсад нэг өдөрт нас барсан хүмүүсийн тоо хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна. Харин сайн мэдээ гэвэл, Их Британи улсад ковидыг эмчлэх анхны эмийг хэрэглэх зөвшөөрлийг олгожээ.

 

ДЭМБ-ын анхааруулга

 

ДЭМБ-ын Европыг хариуцсан захирал Ханс Клюге хэлэхдээ, Европ тив дахиад цар тахлын голомт болж хувирсны улмаас ойрын 3 сарын хугацаанд 500 мянган хүн амь насаа алдаж болзошгүй гэж анхаарууллаа.

Ер нь бол Европт нөхцөл байдал нэлээд хүндэрчээ. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд, цар тахал дэгдсэнээс хойших хугацаан дахь халдварын тохиолдлуудын 50-иас дээш хувь, нас барсан тохиолдлын бараг тал хувьтай тэнцэхээр тооны тохиолдол бүртгэгдсэн нь аюулын харанга дэлдсэн хэрэг байлаа.ДЭМБ-ын Европын бүс нутаг гэдэг нь 53 улс орон, нутаг дэвсгэр, Төв Азийн хэд хэдэн улсыг хамардаг бөгөөд 2019 оны эцсээр Хятадад коронавирусний халдвар дэгдсэнээс хойш энд нийтдээ 78 сая тохиолдол  бүртгэгдээд байна.

 

Европ тивд өдөрт шинээр халдвар авсан хүний тоо 6 долоо хоногийн турш, нас барсан хүмүүсийн тоо 7 долоо хоногийн турш өссөөр байна. Тодруулбал, өдөрт дунджаар 250 мянга орчим халдварын тохиолдол илэрч, 3600 хүн нас барж байна. Халдвар ба нас баралтын тоо Орос, Украин, Румын гэсэн 3 улсад хамгийн өндөр байгаа юм. Пүрэв гарагт гэхэд, Орос улсад 1195 хүн нас баржээ.  Украинд 3 сая гаруй хүн халдвар авсан бол цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд 70 мянга гаруй нас баржээ.

Бусад улсад ч нөхцөл байдал сайнгүй байна. Европын хамгийн том эдийн засаг болох Германд өдөрт 34 мянга орчим хүн халдвар авсан тухай мэдээ иржээ.  Хөрш Австри улсад уг тоо эрчимтэй нэмэгдсээр байгаа учраас вакцин хийлгээгүй иргэдэд хязгаарлалтын хатуу арга хэмжээ авна гэдгийг эрх баригчид үгүйсгэхгүй байна.

Словакт өдөрт 6713 халдварын тохиолдол, Польшид 15,5 мянган тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оны 4 дүгээр сараас хойших хамгийн өндөр тоо юм.

Чех улсад гэхэд, зөвхөнн коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан, дархлаажуулалтад хамрагдсаныг гэрчлэх сертификаттай хүмүүст зоогийн газрууд үйлчлэх ёстой гэсэн журам гарснаас гадна маск заавал зүүх ёстой гэсэн хатуу шаардлага тавьж, хичээлдээ орохоос нь өмнө сурагчдаас шинжилгээ авч байна.

 

Ковидын эсрэг эмийг хэрэглэхийг зөвшөөрлөө

Ковид-19-ийн өвчлөлийн шинж тэмдгүүдийг зөөлрүүлдэг анхны эмийг эмчилгээнд хэрэглэхийг Их Британийн холбогдох байгууллага зөвшөөрчээ.

Молнупиравир гэдэг нэртэй энэ эмийг шинжилгээний хариу нь эерэг гарсан, өвчнийг хүндрүүлдэг эрсдэлт хүчин зүйлүүд болох илүүдэл жин, 60-аас дээш настай, чихрийн шижин, зүрх-судасны өвчний аль нэг нь илэрсэн хүмүүст зориулан гарган авчээ. 

сонин mn

Их Британийн Эм, эмнэлгийн хэрэгслийг зохицуулах агентлагийн мэдэгдсэнээр, уг эм нь аюулгүй бөгөөд хөнгөн ба дунд зэргийн хэлбэрээр өвчилсөн хүмүүс эмнэлэгт хүргэгдэх, амь насаа алдах эрсдэлийг бууруулдаг байна. Шинжилгээний хариу эерэг гарсан даруйд, өвчилснөөс хойш 5 хоногийн дотор эмийг хэрэглэвэл үр дүнтэй гэдгийг зөвлөжээ. Өнөөдрийг хүртэл судсанд тариа хийх байдлаар Ковид-19-ийн хүндрэлийг бууруулж байсан бол одоо эмийг ууж хэрэглэх боломжтой боллоо.

Ridgeback Biotherapeutics ба Merck гэдэг хоёр компанийн хамтран гаргаж авсан уг эм вирусний үржлийг зогсоосноор өвчин хүндрэх магадлалыг бууруулдаг байна.

 

“Өнөөдөр бол манай улсын хувьд түүхэн өдөр. Их Британи улс дэлхийд хамгийн түрүүнд гэртээ ууж хэрэглэж болох ковидын эсрэг эмийг бүртгэн авч зөвшөөрлөө” гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавид мэдэгдсэн байна.

 

Merck компанийн захирал Роберт Дэвис хэлэхдээ “молнупиравир эмийг хүлээн зөвшөөрсөн нь тэргүүний технологийг ашиглан эм, вакцин гарган авах талаар идэвхтэй ажиллаж буй манай компанийн хувьд асар том амжилт юм. Энэ эмийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа өвчтөнүүдэд аль болох ойрын хугацаанд хүргэхийн төлөө бид ажиллах болно” гэлээ.

 

АНУ: 1 дүгээр сарын 4 хүртэл 84 сая хүнийг вакцинжуулна

 

Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын тал дээр хатуу шаардлага тавьж, үүнтэй холбоотой дүрэм журмыг ирэх оны 1 дүгээр сарын 4-нөөс эхлэн мөрдөнө гэдгээ Жо Байдены засаг захиргаа мэдэгдлээ.

сонин mn

Тухайн өдрийг хүртэлх хугацаанд 100-аас дээш хүнтэй бүх компани ажилтнуудаа вакцинжуулалтад бүрэн хамруулсан байх ёстой. Мөн эмнэлэг болон төрийн өмчийн компаниудын бүх ажилтан, албан хаагчид вакцин хийлгэсэн байх ёстой ажээ. Ингэснээр уг журмын дагуу тус улсын ажиллах хүчний 2/3 нь буюу 84 сая хүн дархлаажуултад хамрагдах юм.

Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 4-нөөс хойш зөвхөн вакцинжуулалтад хамрагдсан эсвэл шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүст ажил эрхлэхийг зөвшөөрнө. Гэхдээ тэд өөрийнхөө зардлаар долоо хоног бүр шинжилгээ өгч байх ёстой аж. Байдены энэ шийдвэрийг Бүгд Найрамдах намынхан “вакцинжуулалтыг дарангуйллын аргаар явуулах гэж байна” хэмээн шүүмжилжээ.

 

БНХАУ: Олимпын өмнө бэлэн байдлын зэргийг өндөржүүлэв

Бээжин хотод 100 хоногийн дараа эхлэх Өвлийн Олимпын тоглолтын өмнө Хятад улсын хил гаалийн хяналтын цэгүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ба хязгаарлалтын нэмэлт арга хэмжээнүүдийг авч магадгүй байна. 10 дугаар сарын дунд үеэс хойш тус улсад коронавируст халдварын 700 тохиолдол бүртгэгджээ. Энэ бол тус улсын хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээтэй харьцуулахад, мөн Европ дахь халдварын тоотой харьцуулахад өчүүхэн цөөн юм. 

сонин mn

Гэсэн хэдий ч тус улсын эрх баригчид халдварын тохиолдлыг 0 болгох бодлого баримталж байгаа бөгөөд үүний тулд хамгийн хатуу арга хэмжээнүүдийг авсаар байна.

Цар тахлын цаашдын өрнөлийн 4 хувилбар

7 дугаар сарын сүүлчээр "Lancet" сэтгүүлд нэгэн өгүүлэл нийтлэгдсэн бөгөөд түүнийг хамтран бичсэн Европын шилдэг 30 эмч нар коронавирусний цар тахал ойрын сар, жилүүдэд ямархуу байдлаар дэгдэх вэ гэдэг талаар өөрсдийн дүгнэлтийг хийж, үйл явцын өрнөлийн талаар 4 хувилбарыг дэвшүүлжээ. Тэдний санааг зовоож буй гол зүйл бол “ойрын 3-5 жилийн дотор цар тахал дарагдах уу?” гэсэн асуултанд өгөх хариу.   

Хамгийн эхний хувилбар бол Covid-19 гэдэг өвчнийг манай гараг дээр байхгүй болтол нь уг үндсээр нь устгах (eradication) явдал юм. Одоогоос 50 жилийн өмнө хүн төрөлхтөн салхин цэцэг /оспа/ өвчнийг бүрмөсөн дарсантай нэгэн адилаар.

 

Гэхдээ үүний тулд вакцин хийлгэсний дараа ба халдвар аваад эдгэсний дараа тогтсон дархлаа нь хүчтэй, удаан хугацаанд үргэлжилж, дахин халдвар авахаас болон түүнийг цааш тархаахаас сэргийлэн хамгаалж байх ёстой.  

 

Харин өнөөгийн нөхцөл байдлыг ажваас, хамгийн бодитой, ойрын хугацаанд хэрэгжүүлж болохоор хувилбар нь халдварыг хөөн зайлуулах (elimination) явдал болж байна. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн дархлаажуулалтыг явуулж, маш хатуу хязгаарлалтын арга хэмжээ авснаар тухайн улсад халдварын тоог 0 хүртэл бууруулна гэсэн үг. Хүүхэд ахуйд нь хүмүүсийг вакцинжуулалтад хамруулснаар улаан бурхан өвчнийг хяналтанд авч чадсан нь үүний жишээ мөн. Коронавирусний цар тахлын үед түр хугацаанд ч атугай ийм амжилтанд хүрсэн улсууд гэвэл, Австрали, Вьетнам, Хятад, Шинэ Зеланд, Сингапурыг нэрлэж болно.  

Дараагийн III хувилбар бол - вирустэй зэрэгцэн амьдрах (cohabitation). Өөрөөр хэлбэл, цаашдаа шинээр гарган авах вакцинууд ковид-19 өвчин хүндрэх, нас барахаас хамгаалж чадах хэмжээнд хүртэл боловсронгуй болсноор коронавирус үхлийн аюул учруулахаа больж, ердийн ханиад болж хувирна.

сонин mn

Цар тахлын өрнөлийн 4 дэх хувилбар бол өргөн хүрээтэй тархалт буюу англиар conflagration юм.  Хэрвээ вакцины хүрэлцээ, түүний сөрөг нөлөө эсвэл хувь хүн өөрөө хүсэхгүй байх зэргээс шалтгаалан манай гарагийн хүн амын ихэнх нь вакцинжуулалтад хамрагдаж чадахгүй тохиолдолд коронавирус мутацид орсноор цар тахлыг хяналтаас алдах магадлалтай.

 

Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай