Модыг тоолохоос илүүтэй хайрладаг иргэн хэрэгтэй
- 2021-11-09
- Өөр өнцөг
- 0
Улс, үндэстнийг мөхөөхөд цөмийн бөмбөг хэрэггүй. Харин боловсролын чанарыг нь л унагаахад болно. Оюутнуудыг нь юу ч хийдэггүй болго, зугаацагч, хуурч мэхлэгчид болгоод дипломыг нь өг. Ийм боловсролтой эмч нарын гарт өвчтөнүүд нь эндэнэ. Инженерүүдийнх нь барьсан барилгууд нурна. Эдийн засагчид нь улсаа өрөнд оруулна. Шүүгчид нь шударга ёсыг мөхөөнө... Энэ үгийг та хаа нэгтэй харсан ч байж мэднэ. Боловсролын ач холбогдлыг ийм энгийнээр, нүдэнд харагдтал хэрхэн тайлбарлах билээ.
Энэ онд Засгийн газраас Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганаар амжиж баталбал 2002 оноос хойш 25 удаа нэмэлт, өөрчлөлт ороод буй одоогийн хууль халаагаа өгөх юм.
Шинэ хуулийн агуулга, заалт аль болох алсын хараатай байх ёстой. Улиг болсон сургуулийн захирлыг сумын дарга томилох эсэх гэх мэтхэн дээрээ төвлөрвөл салбарын суурь энэ нийтлэлийн эхний өгүүлбэр рүү хазайх болно. Боловсролын асуудал сургуулийн байшин, багш, сурагч, сурах бичиг төдийхөн биш болжээ. Боловсрол нь бүх нийтийн баялаг, үндэстний дархлаа, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг бий болгох арга зам боллоо. Энэ салбарыг шинээр харахад тус болгож анхаарч үзүүштэй цөөн зүйлийг дор сийрүүллээ.
Заахаасаа илүүтэй суралцахуйг нь дэмжих хандлага
“Ковид-19” цар тахал эрүүл мэнд, эдийн засгийн агуулгаараа сөрөг боловч боловсролын салбарт олон эерэг зүйлийг авчирсан гэхэд хилсдэхгүй. Нэн тэргүүнд самбар, шохойтой 100 жил зууралдсан сургалтын орчинг цахим орчинд хүчээр ч болох нь ээ авчирч чадлаа. Миний хүүхэд гэхээсээ илүүтэй сургуулийн хүүхэд, цэцэрлэгийн хүүхэд гэж ярьдаг болсон эцэг, эхчүүдийн хандлагыг буцааж гэрт нь авчирч өглөө. Хэдийгээр теле хичээлийг 20 орчим хувь нь үзэж чадахгүй, үр дүнгүй байна гэж шүүмжилж байгаа боловч үүний цаадын цаад шалтгаан нь техник, технологийн боломжтой ихээхэн холбоотой. Зурагтгүй, интернэтгүй, датагүй, төв суурингаас алслагдсан цөөнхийн зовлонг Боловсролын яам хэрхэн нөхөх нь цаг хугацааны асуудал. Юутай ч 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилийн тэн хагасыг теле хичээлээр үдсэн ч ЭЕШ-д 800 оноо авсан хүүхдүүд гараад л ирсэн. Энэ нь “теле, цахим хичээлийг үр дүнгүй” гэж нийтийн давлагаанд сөрөг эможи нэмэгсдийн эвэр рүү дэлссэн мэдээ байсан юм. Харин хүүхдэдээ анхаарал тавьж, суралцах орчин, нөхцөлийг нь бүрдүүлж чаддаг эцэг, эхийн оролцоо дэмжлэг, бие даан суралцах чадвар эзэмшсэн, өөрийгөө дайчилж, хөгжүүлж, мөрөөдлөө “хөл хорионд оруулаагүй” хүүхдүүдийн хичээл зүтгэлийн 800 оноо байсан юм. Энэ нь боловсролын салбарын шинэ хандлага, багш нарын арга зүйн “сургахаас суралцахуйг дэмжих” өөрчлөлтийг мэдрүүлсэн жишээ болов.
Дэлхий дахины боловсрол улам бүр суралцагч төвтэй болж байгаа тухай сүүлийн 20 гаруй жил ярьсаар ирлээ. Багш заадаг хандлага хумигдаж, суралцагчийн сурах эрх, хүсэл мөрөөдөл, авьяас чадвар, хувийн онцлогт тохируулсан сургалтын арга зүй тэлж байна. Гэхдээ хүмүүс өнөөдөр ч хичээл “заах” гэж ярьсаар байгаа. Одоо заахаа больж багш хүн суралцахуйг хөтлөх, сурахуйг дэмжих үүрэгтэй болсон.
Энэ зүйлийг заавал сур, мэд гэж албадан тулгадаг арга барил XX зуунд үлдсэн. XXI зуунд бол хувь хүн өөртөө хэрэгтэй мэдлэг, туршлагаа өөрөө олж авна.
Багшийн ажил бол түүнд туслах, хаана ямар үнэтэй, чухал мэдээлэл байдгийг чиглүүлж, дэмжлэг үзүүлэх явдал юм гэж МУБИС-ийн профессор, доктор Ш.Ичинхорлоо арга зүйн шинэ хандлагын талаар ярьж байна.
Үүнтэй холбоотойгоор багш мэргэжлийг “сурах үйл ажиллагааны дизайнер” гэж Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Бадарч урьд огт сонсож байгаагүйгээр тодорхойлж байна. Багшлахуй бол хүүхэд залуусын сэтгэл, сэтгэхүй, танин мэдэхүй дээр тоглож буй “Шинжлэх ухааны урлаг” юм хэмээн Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн тодотгож байна. Тэгэхээр самбар, шохой, сурах бичиг, лекц гэсэн үгсийн зарим нь хуучирч, зарим нь шинэ агуулгаар төсөөлөгдөх болжээ.
Боловсрол, мэдлэг хуучин цагт зөвхөн мэддэг хүний өмч байсан бол одоо бүх нийтийн баялаг болж ирлээ. Сургалтын нээлттэй нөөц материалууд цахим орчинд ил задгай байршдаг болсон. Таны мэдэхгүй дууг Youtube-ээс, таны хэлж өгөөгүй мэдээллийг Wikipedia, Pintrest-ээс, танд байхгүй зураг, дизайныг Google, Behance-ээс хүүхдүүд олж чадна. Одооны хүүхдүүд уншихаа больсон гэж шүүмжлэх нь бий. Гэхдээ тэдэнд үзэж, сурч дийлэхээргүй их мэдээлэл теле болон цахим орчинд байна.
Хуучны үлгэрүүдийг хүүхэлдэйн кино, романуудыг уран сайхны кино, онигоонуудыг хошин шогийн тоглолт, дуунуудыг клиптэй болгон өөр орчинд хувиргасныг та ч мэднэ.
Телевизийн багш, сонсдог ном, интерактив хичээл, дуу хоолойн бичлэгийг бичвэр хэлбэрт буулгадаг программ зэрэг нь багш нарын ажлыг нэг талаар хөнгөвчилж, нөгөө талаар тэднийг өөрийгөө хөгжүүлэхэд хүргэж байна.
Мэдлэгийн зэрэгцээ хүмүүжил, амьдрах чадвар чухал
Хүүхдүүд орчноосоо суралцдаг. Гэхдээ одоо тэдний орчин биднийхээс тэс өөр болсон. “Золиг минь, санах ойгоо гээчихээ юу” гэж та хэлдэггүй байж болох ч Солонгос кино хэлж байна. Одооны хүүхдийг эцэг, эх, багшаас гадна зурагт, фейсбүүк хүмүүжүүлж байгаа нь нууц биш. Ийм үед хүүхдүүдээ гэрт нь цоожлоод, эсвэл багшид 100 хувь даатгаад “сайн хүн болгох” гэдэг эцэг, эхчүүдийн мөрөөдөл биелэхэд бэрх. Ер нь Монголчуудын сурган хүмүүжүүлэх өв уламжлалд эцэг, эхийн үүрэг оролцоо их байсныг орхигдуулж болохгүй.
Ардын хувьсгалаас өмнөх үеийн хүмүүжил шашин төвтэй байсан бол хувьсгалын дараа үе, үндсэндээ XX зуун нийгэм төвтэй байсан. Нүгэл, эсвэл нам засгаас айдаг байсан үе нэгэнт ард хоцорсон. Орчин үед хүн төвт хүмүүжил зонхилж байна. Хүний эрх, эрх чөлөө, хүүхдийн эрх, жендерийн асуудал бурхан, нам засаг хоёроос өндөр байр суурьтай болоод ирчихлээ.
Ийм үед айлгаж хүмүүжүүлдэг арга барил хог дээр хоцорсон шүү дээ. Ийм шинэ нөхцөл байдалд Боловсролын хуулийн шинэчлэл, түүний дотор суралцагчийн сургалт, хүмүүжлийн асуудлыг өмнөхөөсөө өөрөөр томъёолох нь гарцаагүй нийгмийн захиалга болох юм.
Мэдлэгээс илүүтэй хүмүүжил, төлөвшил, эх оронч үзэл, хүмүүнлэг сэтгэл ямар чухал болохыг өнгөрсөн 30 жил бидэнд хангалттай харууллаа. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн гэх цагаан зах, улаан дипломтой хүмүүс яаж төр улсаасаа хумсалж, уул усаа худалдсаныг бид нүдээрээ харлаа. Мэдлэгтэй хулгайч мэдлэггүйгээсээ илүү уршигтайг хууль сахиулах салбарынхан бэлхнээ хэлнэ.
Орчин цагийн сурагч, оюутнууд хангалттай их мэдээлэлд дарагдаж, бэлэн мэдлэгийг цээжлэхээс залхдаг болжээ. Тиймээс боловсролын мэргэжилтнүүд сургууль хүүхэд, залууст шүүмжлэлт сэтгэлгээ, харилцаа, хамтын ажиллагаа, бүтээлч чадвар олгох ёстой гэж зөвлөдөг болсон. Ерөнхийдөө, сургууль техник ур чадварт бус амьдрах ур чадварт анхаардаг боллоо. Түүний дотроос өөрчлөлтөд дасан зохицох, гэнэтийн нөхцөл байдалд сэтгэцийн тэнцвэрээ хадгалах ур чадваруудыг онцолж байна.
Аж үйлдвэрийн IV хувьсгал, ажлын байр
Чулуун, хүрэл, төмөр зэвсгийн сүр хүч улиран одож, хүн төрөлхтөн аж үйлдвэрийн үр шимээр амьдарсаар ирлээ. Аж үйлдвэрийн III хувьсгал нь мэдээллийн технологи, интернэтийн ололтоор эхэлсэн бол IV хувьсгал нь хиймэл оюун ухаан, робот, 3D принтер, физик, химийн инженерчлэлийн хүний амьдрал дахь нөлөөллөөр тодорхойлогдох болж.
Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб хүмүүсийн 90 хувь нь интернэтэд хязгааргүй, үнэгүй хадгалалтын орон зайтай, ухаалаг утастай болно, 80 хувь нь интернэтэд дижитал хуудастай болно, 3D принтерээр хэвлэгдсэн автомашин үйлдвэрлэгдэнэ, хүний биед суулгах боломжтой гар утас худалдаанд гарна гэж “Аж үйлдвэрийн IV хувьсгал” номдоо бичжээ.
Хиймэл оюун ухааны хувьсгал нь зөвхөн компьютерууд илүү хурдан болох тухай биш тэд хүнээс илүү ухаалаг болох асуудал юм. Компьютерууд хүний сэтгэл хөдлөл, хүсэл, сонголтыг мэддэг болж, бидний зан үйлийг дүгнэх, таамаглах ухаантай болсноор эхний ээлжид жолооч, нарийн бичиг, эмнэлгийн шинжилгээ, банкны ажилтан, хуульчдыг орлох талаар судлаачид бичих болов. Энэ янзаараа 2050 он гэхэд ажилгүйдлийн түвшин нэмэгдэх боловч чадварлаг ажиллах хүчин дутагдана гэнэ.
Ирээдүйд үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд олон хүн ажиллуулах шаардлагагүй болж, зарим мэргэжлийн ажлыг робот гүйцэтгэж, бүрэн автоматжуулалт, технологиор асуудлыг шийддэг болох нь.
Тиймээс бид орчин цагийн нийгэм, технологид дасан зохицож, цоо шинэ ур чадварыг эзэмшихээс өөр аргагүйд хүрнэ. Энэ утгаараа боловсролын бодлого, мэргэжил сонголт, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа нь зөвхөн сургуулийн биш ажил олгогчдын асуудал юм. Тэгэхээр компанийн захирал, байгууллагын дарга нар “хоёр дээд сургууль төгссөн хүн үйлчлэгчээр авна” гэж даапаалж суухын оронд ашиг, амжилтын үндэс болсон ажилтнаа сурган бэлдэх тогтолцооны хөгжилд хувь нэмрээ оруулбал сайнсан. Харамсалтай нь айсуй өөрчлөлтийн өмнө хүний нөөцөө чадавхжуулахын зэрэгцээ нийгэмд тулгарах таагүй үр дагаврыг бууруулах талаар бэлтгэлтэй байгууллага үндсэндээ алга.
Тогтвортой хөгжлийг тооцох учиртай
Нүүхдээ буурь бууцаа цэвэрлэж, гадас шонгийн нүхээ бөглөдөг хэвшил, булаг, усанд цус бүү хэл цагаа дусаадаггүй цээр, уул хайрхан, мал, амьтныг онголон дархалдаг заншил та бидний өвөг дээдсийнх. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын хариуд хишиг, ивээлийг нь хүртэхийн учрыг Монголчууд эртнээс мэддэг байсан. Тиймдээ ч ухдаг биш ургуулдаг газар, үгүйрдэг биш үрждэг малын өгөөжөөр амьдарч ирсэн юм. Байгальд ээлтэй, нүүж, суухад амар төсөр, жинхэнэ минималист амьдралын хэмнэл бидэнд байжээ.
Өмнөх үе нь дараагийн үедээ байгаль дэлхий, нөөц баялгаа өвлүүлэн үлдээх ахуй, соёл бүтээхүйг тогтвортой хөгжил хэмээн томъёолж, дэлхийн Засгийн газар болсон НҮБ-ын зүгээс хүн төрөлхтний 2030 хүртэлх нийтлэг зорилгоор тодорхойлсон билээ. Хэтэрхий их агуулгатай энэ нэр томъёог бүрэн дүүрэн бичихэд бэрх. Ихэд хураангуйлбал, тогтвортой хөгжил гэдэг нь
1. Амьдралын тухай шинэ философи, онол,
2. Дэлхийн 193 орны төрийн тэргүүн оролцож, 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан, 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий хөгжлийн баримт бичиг,
3. Сайтар мартагдсан хуучин юм буюу Монголчуудын нүүдэлчин ахуй, соёл ажээ.
“Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ)-ууд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгээ “Алсын хараа-2050” нэртэйгээр баталж, уг бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон нь ТХЗ-уудтай уялддаг. ТХЗ-уудыг бас л нэг гадны юм гэдэг хүйтэн өнгөөр биш, бидний юм гэж харж хандах өнцгийг дээр цухас дурдсан. Австралид үер болоход Монголын экспортын нүүрсний үнэ өсдөг, Сибирьт түймэр дэгдэхэд Улаанбаатарыг утаа май бүрхдэг гэдгийг бид хэдийнээ мэддэг болсон. Нэгэн хөх тэнгэр, нэгэн бор газартай хүн төрөлхтний зовлон, жаргал ч нэг гэдгийг “Ковид-19” цар тахал мэдрүүлсээр удлаа.
Дэлхий дахины хүн амын тоо, хэрэглээ өсөн нэмэгдэж, хотжилт, үйлдвэрлэл тэлж, техник, технологи хөгжихтэй зэрэгцээд байгалийн нөөц, экологийн асуудал хурцадсаар байна. Хэмжээгээрээ дэлхийд дөрөвт орох Арал тэнгис ердөө хагас зууны дотор "Арлын цөл" болон хувирав. Саяхныг хүртэл Арал тэнгис 68 мянган кв.км талбайтай байсан бол өнөөдөр тэр тоо 10 мянга болж, 90 хувь нь ширгэжээ. Булаг, шанд биш тэнгис ширгээсэн гашуун түүх давтагдахыг хэн ч хүсэхгүй.
Хүн төрөлхтний өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээ энэ хандлагаараа цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоос хоёр дахин давна гэж үзсэн учраас ТХЗ-уудыг дэвшүүлж, ногоон хөгжилд уриалсан байдаг. Тиймээс хүн бүрийн хандлага, хэвшлийг засаж залруулахад тогтвортой хөгжлийн боловсрол онцгой үүрэгтэй байх болно.
Монгол Улс “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг хэрэгжүүлж байгаа нь их ажлын эхлэл болжээ. Тэд Улаанбаатар хот болон 6 аймгийн 30 сургуулийг загвар сургуулиар сонгож, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байгаа юм. Эх дэлхийгээ хайрлан хамгаалж, байгаль орчинтойгоо зохицон амьдарч ирсэн Монгол ухаан, унаган чадварыг тогтвортой хөгжлийн шинэ агуулга, орчин үеийн ололтоор баяжуулж, боловсролын тогтолцоогоор дамжуулан хүүхэд, залууст эзэмшүүлэхийн чухлыг юутай ч харьцуулшгүй. Газар хөнддөггүй ээтэн гуталтай, гадас үлдээдэггүй өвгөдийн заншлаараа тогтвортой хөгжилд манлайлах боломж бидэнд бий.
Эцэст нь хэлэхэд тэрбум модыг тоолох нь чухал биш тэр моддыг хайрлаж, хамгаалах нь чухал гэдгийг хүүхэд бүрийн саруул ухаан, тунгалаг ойд тарих цаг ирж байна.
Т.Сайхнаа
Төр.мн
Сэтгэгдэл (0)