Мод тарьж амь амжиргаагаа дээшлүүлцгээе

Мод тарих хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй болоод явчихлаа. Ялангуяа саяын Шотландын Глазко хотноо болсон  “COV-26” уур амьсгалын өөрчлөлтийн уулзалтын үеэр АНУ, БНХАУ, Энэтхэг мэтийн том орнууд нүүрсхүчлийн хийн ялгарлаа 1950 он гэхэд тэглэх амлалт авсны дараа Ази, Африкийн ядуу орнуудад мөн мод тарих хөдөлгөөн эрс нэмэгдэх нь.

 

Сар гарны өмнө ерөнхийлөгч маань НҮБ-ын индэр дээрээс “Монголчууд бид тэрбум мод тарина” гээд палхийтэл зарлачихаар нь цочирдоод савж унах шахаж байсан чинь өчигдөр энэ талаар зохиогдсон “Тэрбум мод” үндэсний чуулганы  салбар хуралдаанд оролцоод бага зэрэг тайвширч, интернет ухаж энэ тэндээс баахан мэдээлэл олж авснаа хуваалцъя.

 

  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Кю Донгю нь Голландад цэцэрлэгжүүлэлт мэргэжил эзэмшсэн, БНХАУ-ын ХААЯ-ны орлогч сайдаар олон жил ажилласан энэ талаараа асар их туршлага хуримтлуулсан хүн юм. Энэ хүн манай томчууд шиг ангайтал амалчихаад алсдаа бүлт  үсрэхгүй нь ойлгомжтой.

  Дэлхийн ой модны асуудлыг НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ХХААБ /FAO/ хариуцдаг.   Ноён Кю Донгю Ази, Африкийн 30 оронд том том хотуудын ойролцоо 500 000 га  буюу 5000 ам дөрвөлжин киломөтр газарт мод тарих төлөвлөгөө гаргасан юм байна. Энэ нь харьцуулбал манай Улаанбаатар хотын /47.000 га/ газар нутгаас арав дахин том газар мод тарина гэсэн үг. 

  1980-аад оноос Хятадууд  цагаан хэрмийнхээ дагуу ногоон хэрэм бариад эхэлчихсэн, 40 гаруй жил болж байна. Дахиад 50 жил мод тариад  энэ ажлаа дуусгахаар төлөвлөжээ. Тэд овсгоо гарган хөөцөлдөж байгаад бүр өөрийн хүнээ ч маш чухал албан тушаал дээр тавиулаад авч. Өвөр Монгол ногоорчихлоо. /Архи уугаад биш шүү/.Түрүүчийнхээ нийтлэлд би Ордосоор явж байгаад хятадууд улаан элсэн цөлийг ногооруулсныг хараад атаархсандаа уйлах дөхсөн тухайгаа бичсэн. 

  Тэгвэл Ар монголчууд бид яаж хөдлөхийг даян дэлхий харж байгаа. Цөлжилтөөрөө өвөр монголын нутаг манийхаас хэд дахин илүү. Бид одоо мачийхаас өөр замгүй. “Ард минь Москва байгаа ухрах газар айхгүй гэж орос ах нар маань аугаа их эх орны 2-р дайны үед яаж гүрийж байж ялалт авчирсан. Яг тэр нь шиг гурван зууны тэртээ нэгэн дээвэр дор байсан Чингэсийн үр удам бид эх дэлхийгээ ногооруулах дайнд зэрэгцээд үзэлцвэл үзэлцье л дээ, яадгийм. 

Их зохиолч Галсан гуай маань улсаас нэг ч төгрөг авалгүй ганцаараа гүрийж байгаад сая мод тарьчихлаа ш дээ. Хүүтэй нь өчигдөр би хурлын завсарлагаанаар танилцлаа, ярианаас нь харахад аавыгаа дууриасан ажилсаг, эх нутагтаа элэгтэй сайхан залуу байна. Ная гарсан өвгөн хөрөнгө босгож байгаад ганцаараа удирдаад ийм ажил хийж дөнгөж байгаа юм чинь Байгаль орчны яам шинээр байгуулагдах агентлагийнхан нийлж зохион байгуулаад  дороос нь гурван саяуулаа элбэж байгаад дундуур нь хулгай оруулчихалгүй хянаж цагдаж чадвал  энэ ажлын ард гарах нь дамжиггүй.

Би хувьдаа facebook-ийн 10 мянган найз дагалдагч нараа чиглүүлээд хяналтын үүргээ орон нутгийнхантай хамтарч гүйцэтгээд, дарга нартай түншлэлийн гэрээ хийгээгүй ХМБ-уудтай  хамтран гүйцэтгэж болно. Хэрэв дарга сайд нар зөвшөөрвөл чаддагаараа ССС-д нь /сургалт, судалгаа, сурталчилгаа/ чадах ядахаараа оролцоно. Надад ямар нэг ААА /авилга, албан тушаал, амбиц/ байдаггүйг намайг таньж мэддэг олон түмэн мэдэх учраас айж, ичих юм огт алга.

 

  Модыг ялангуяа байгаа орчиндоо тарьж ургуулах нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах том зорилтоос гадна нь өөрийнхөө амьдрах орчныг өөрөө өөрчилж, эрүүл мэндээ сайжруулж,  ялангуяа үр хүүхдийнхээ танин мэдэхүйн хөгжил, боловсролын түвшин дээшлүүлж болдгоороо онцгой ач холбогдолтой. Хавайнхны туршлагыг эх нутагтаа нутагшуулахаар санаа шулуудаж, хайлаасан хашаатай болохын тулд 15 жил өвөл зунгүй өглөө оройгүй өцгөнөсний ачинд 2 мянга гаран  мод бут тарьж ургууллаа, хорвоогоос буцсаны минь дараа эх нутагтаа амьд суваргаа үлдээлээ. Үүндээ сэтгэл минь өег байдаг юм.

Ойн цэвэрлэгээнээс гарах хаягдал бүтээгдэхүүнийг ашиглаж чадвал багагүй орлого олох боломжтой талаар салбар хуралдаанд оролцогсод үнэтэй саналууд гаргалаа.  Үүнийг “Тэрбум мод” үндсэний хөтөлбөртөө БОЯ сайн тусгах ёстой.  Модыг агааргүй орчинд шатаагаад сайн чанарын нүүрс гаргаж авч чадвал дэлхийн зах зээл дээр антрацид нүүрснээс дутахгүй үнэтэй эд. Модноос хэд хэдэн төрлийн канифоль, скифидар, давирхай гаргаж авч болно. Сайн чанарын бордоо, хөрс сайжруулагч биочар гарна. Энэ ажлыг сүүлийн хэдэн жил хөлийнхөө тавхайг эргэтэл хөөцөлдөөд яваа миний үеийн нэг товарищ байдаг юм. Ерөнхийлөгчийн тэрбум модны сургаар нойр нь хүрэхгүй харайлгаж яваа энэ нөхөрт маань хийх ажил одоо мундахгүй нь бололтой. Хятадаас зөөгөөд байгаа шахмал үртсэн тавилгаас хэд дахин илүү чанартай модон эдлэл, монгол гэрээ бид хийж гадаадад гаргаад ногоон цаасыг шуудайлж болж байна.  Гагцхүү санаачлага гаргаж  ажиллах л хэрэгтэй. Дэлхийн 8 тэрбум хүний өмнө энэ асуудлыг хариуцдаг Ноён Кю Донгю гуай “Та энгийн даруу байж болно, харин ажил бол огт тийм биш шүү” гэж хэлэх дуртай гэнэ лээ. /“Simple life, but not simple work”/. 

 

 Мод нь агаарын бохирдлыг бууруулахад асар их ач холбогдолтой.

 

  Байрны хаа ойролцоо тарьсан гуравхан мод агааржуулалтын зардлыг 50 хувь бууруулдгийг мөн нэг мод дөрвөн ам бүлтэй гэр бүлийн амьсгалах хүчилтөрөгчийг хангалттай гаргадгийг  АНУ-ын эрдэмтэн судлаач Дейв Новак тогтоосон  байдаг. Мод бут сөөг нь дуу чимээ намсгахад асар их нөлөөтэй  тул одоо байгаа 1500 гаруй км, мөн ойрын ихээдүйд баригдах төмөр замын дагуу ойн зурвас нэн даруй байгуулах шаардлагатай. Төмөр замын 15000 гаруй хүнтэй хамт олон тарих материалаа ч өөрсдөө үржүүлгийн газар байгуулж бэлдээд язгануулж өгөх юм байгаа биз дээ. 

 Би дээр амь гэж нэг үг оруулсан. Шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв технологийн дагуу тарьсан мод эрүүл мэндэд сайнаар нөлөөлж хүнд эерэг бодол төрүүлэх, бухимдал, стресс, хүчирхийлэл, айдас түгшүүрийг бууруулах, амьдралаас таашаал авахад нөлөөлдөг. 

Миний танил нилээд түрийвч томтой нэг нөхөр Герман руу эхнэртэйгээ хамт эмчилгээнд явсан тухайгаа онигоо шиг юм ярьсныг санаж байна. Германы тэр эмнэлэг нарсан ойн дундах жижиг дүнзэн байшинд мань хоёрыг хэвтүүлээд мартчихаж гэнэ. Хэзээ эмчилгээ нь эхлэхийг нь асуутал “Та хоёр чинь Германы нарсан ойгоороо алдартай сувиллын газар байгааш дээ” гэхэд нь сая сэхээ авч, бушуухан буцсан гэнэ лээ. Герман нарсан ой бол эх орны дайны дараа тарьсан, ямар ч үнэр танаргүй саглагар модод. Манай нарсан ойд алхахад ялангуяа өвөл ямар үнэр сэнгэнэдэг билээ. 

Сургуулийн орчинд мод тарих нь сурагчдын сурлагын дүн, анхаарал тевлөрөлт сайжруурах, хамт олонч, өөдрөг үзэлтэй, хувь хүн болж төлөвшихөд эерэгээр нөлөөлж, төгсөгчдийн их дээд сургуульд орох дунгийн түвшин сайжирсан нь судалгаагаар тогтоогдсон байна

     АНУ тарьсан модноосоо жилд 18.3 тэрбум долларын ашиг олдог. Замын хажуугаар тарьсан мод хатуу хучилттай замын насжилтыг уртасгадаг Германы 9 настай Реих хүү “мод тарих, байгаль орчныг хамгаалах” олон улсын байгууллагыг санаачилж, "Нэг их наяд мод" тарих хөдөлгөөнийг 2018 оноос эхлүүлээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар 13,96 тэрбум мод таригдаж дээрх байгууллагын судалгаагаар дэлхий дээр зөвхөн 2020 онд тарьсан модны тоогоороо хамгийн их мод тарьсан орноор БНХАУ/2 тэрбум 407 сая, БНЭУ/ 2 тэрбум 159 сая мод тарьж тэргүүлсэн гэнэ. 

 Мод бол дэлхийн дулаарлыг бууруулах байгалийн үндсэн хүчин зүйлийн нэг. 

Ямар мод нүүрстөрөгчийг илүү шингээдэг вэ гэвэл улиас, хайлаас, нарс шинэс, хамгийн хурдан ургадаг мод бол бургас, улиас. Хамгийн арчилгаа багатай нь хайлаас бургас, улиас юм шүү гэдэг хариултаар нийтлэлээ өндөрлөе дөө. Үргэлжлэл бий.

Ш.Пүрэвсүрэн 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)