Вирустай хийж ирсэн тэмцэл ялалтаар л дуусаж байсан түүхтэй

Манай гарагийн хувьд ус бол эхийн хэвлий юм, нялхсын өлгий юм. Хаана л ус байна тэнд амьдрал, амьтад л байж байдаг. Макро амьтдын хувьд гэхэд л оготноос аваад заан хүртэлх бүх амьтад үр хөврөл болон бүрэлдэх анхны хормоосоо эхлээд л ус хэрэглэж, усан дотор торниж, ус ууж өсөж, амьдардаг. Харин микро биетүүд, жишээ нь вирус, хэдийгээр амьтан болж чадаагүй ч гэсэн усгүй орчинд өөрийгөө хадгалаад байх чадавхтай ажээ. Ер нь сансар хорвоо дахь ямар ч орчин, нөхцөлд зарим вирус амьтай ба амьгүйн хоорондох оршлоо хичнээн ч болов хугацаагаар үргэлжлүүлсээр ирсэн бололтой. Органик молекулууд сансар хорвоогийн хаанаас ч болов олдох боломжтойн нэгэн адилаар зарим вирус мөн л хаанаас ч болов олдох магадлал нэн өндөр юм. Ингээд бодохлоор манай гараг дээрх амьдралын анхдагч эх сурвалж нь Нэгдүгээрт, органик молекул, вирус, Хоёрдугаарт, ус бололтой. Бусад нь бүгд аль эсвээс хаана ч мөнх байсан, эсвээс өмнөх хоёроос үүсмэл юм.

Ус огт байхгүй орчинд амьдрах чадвартай нэг ч амьтан манай гараг дээр байхгүй. Хэдий амьтан биш ч гэсэн вирусууд л харин усгүй орчинд өөрийгөө хадгалаад байж чаддаг ажээ. Ингэхлээр вирус бол манай гараг дээрх анх үүссэн биет ер биш бололтой. Түүний “бэлчээр нь” сансар хорвоо бүхлээрээ байж болох талтай. Гэхдээ вирус ургамал, амьтны эс дотор орж байж л үрждэг, тоогоо олшруулж шинэ шинэ овгийг үүсгэдэг болохоор вирусууд хаана ч юм анх ургамалтай, амьтантай, эсвээс зөвхөн л ургамалтай (амьтангүй) орчинд үүсчээ дээ. Тийм орчин, нөхцөл галактикийн “өмнөх төрөлд” байсан байж ч болно. Эсвээс манай галактик үүүссэний дараа хаа нэгтэйгээс “золбин вирусууд” ямар нэгэн арга, замаар зочин болон ирсэн байж ч бас болох юм. Сансрын хаа нэгтэйгээс манай дэлхий дээр тоос шороо, солир, сүүлт одны “ялгадас”, хаягдал гээд л олон олон тоотой, олон арван тонн жинтэй зочид жил бүр л ирдэг, одоо ирсээр л байгаа билээ. Өөр гараг, өөр галактикийн гарвалтай зочид ирээдүйд ч ер тасрахгүй нь ойлгомжтой. Ингэхлээр дэлхий дээр маань байгаа бүхэн үнэндээ бол олон эхлэлтэй, “олон эцэг, эхийн” үр сад, удам судар юм байна. Дэлхий дээрх амьдрал, амьд биетүүдэд ч гэсэн энэ нь шууд хамааралтай ажээ. Оргүйгээс, “эцэг, эх” үгүйгээр амьтад анх, үүссэн гэх аваас тэд хэнээс юуг удамшуулж, хэнийг дууриаж анх төрсөн байх билээ? Тэдний удамшлын материал, генийг хэн зохион бүтээсэн юм бэ? Тэд хэн, хэний удам судар юм бэ? ДНХ, РНХ бүр анх яаж цогцлон бүтсэн, тэднийг анх хэн нийлэгжүүлэн гаргаад, ямар схемээр юу юутай угсран эсийг, амьтныг бүтээв ээ? Энд мэдээжээр бурхан мэтийн аль нэгэн субъектийн оролцоо байхгүй. Өөр глактикаас ухаантай амьтан авч ирээд мартаж орхиогүй. Ямраар ч хувьсаж чадах материаллаг зүйлс, ямар ч шинж. параметрийг үүсгэж чадах орчин, нөхцөл, хэмжээ ба тооцоо үгүй цаг хугацаа, тохиолдлоор юутай юу ч холбогдож болох олон хөдөлгөөнт, олон хувилбарт эх захгүй, дээр дооргүй, сансар хорвоо л энэний “цаад эзэд” бололтой. Вирус бүрийг нэгэн барилга гэвэл түүнд орсон бүх материалыг нийлэгжүүлэн гарган авч болно. Ингээд зохих схемээр нь угсраад вирус бэлэн болох ба тэр нь биет соёлын нэгэн элемент болж үнэлэгдэх бизээ. Гэвч яг хэрэг дээр энэ нь тун ч нарийн чимхлүүр ажил, супер нарийн багаж, супер мэргэжилтэн, төр, засгийн том дэмжлэг шаардсан туршилт байх бизээ.

 

 

 

Вирусын геномын бүтэц, азотлог сууриудын онцлог, нуклеодуудын дарааллыг мэдсэнээр аль ямар ч генийг нь шинээр бүтээж, бас өөрчилж болох юм. Вирус судлалын шинжлэх ухаан одоо яг л энэ зааг, түвшинд ирчихээд байна. Энэ ололт, амжилтынхаа үр дүнг хүн төрөлхтөн зөвхөн, гагцхүү зөв зүйлд хатуу хяналттай ашиглах нь чухал болно.

 

 

 

Бидний бие, эд, эс вирусуудын шинэ шинэ олон омгийг буй болоход тусалдаг нь Ковид-19-ийн жишээнээс ч тодорхой байна. Нэг жил гаруйн дотор л дөрвөн хувилбар буй болгочихлоо шүү дээ. Цаашдаа Ковид-19 хичнээн ч хувилбартай болох юм билээ. Олон хувилбар үүсэх хэрээр өн олон хувилбарын зарим нь устах болно. Вирусын хувирлын түүхээс энэ нь тэгж ойлгогдож байна.

Цагаан цэцгийн цар тахлын үед өвчилсөн хүний 30 хувь орчим нь нас барж байсантай харьцуулахад Ковид-19-ийн хоруу чанар бага байгаа хэдий ч шинэ шинэ хувилбарууд нь юу авч ирэхийг хэн мэдэх билээ. Бүрхэгдүү ирээдүй биднийг күлээж байна даа. Гэхдээ шинжлэх ухааны чадамжид хязгаар үгүй болохоор Ковид-19 вируст бууж өгөх цаг, бүр устах цаг ирэх нь эргэлзээгүй юм.

Жаахан уураг, жаахан нуклейн хүчлийн нэгдэл болох вирус нь амьтны эсэд орж, эсээс эсэд дамжин мутацлагдсаар хэмжээ нь томорч, генүүд нь олширч, янз янзаар угсрагдсаар аварга том вирус болох үедээ амьтны шинжийг олсоор нэг эст бүдүүлэг биет болж хувирдаг сололтой. Ингэхлээр цөөхөн гентэй жижиг вирусууд нь амьгүй биет талдаа ойр, харин олон гентэй аварга том вирусууд нь амьд биет талдаа ойрхон юм. Энэ бол завсрын биетэд байх ёстой шинж, түүний хоёрдмол мөн чанарыг илтгэх чухал үзүүлэлт мөн болно.

 

Аварга том вирусын үржих үйл ажиллагаа нь зарим талаараа эсийн үйл ажиллагаатай төсөөтэй юм. Ингэхлээр аварга том вирус ба эсийн хооронд хатуу зааг тогтоох зогагүй байна. Амьгүй болон амьд хоёрын хоорондох шилжилтийн гинжин хэлхээ нь том вирус болон эс байх магадлал нэн өндөр юм. Манай дэлхий дээр нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, фосфор, азот гэх мэт амьтанд, амьдралд хэрэгтэй бүх бодис байгаа. Гагцхүү тэдгээрийг эс, эд, амьтан болгож хэн угсраа вэ? гэдэг нь үл мэдэгдэх нууц, танигдаагүй хүч мөн болно. “Барилгын материал байнаа, барилгачин л алгаа” гэсэн үг...

 

 

Органик молекулууд болон вирусууд анх далай, тэнгисийн эрэг хавийн гүехэн усанд л үүссэн болов уу. Нарны илчээр бүлээсдэг, байнгын шахам хөдөлгөөнд оршдог, хуурай газраас элдэв төрлийн эрдсээр байнга баяжиж байдаг эрэг хавийн бүлээхэн ус бол амьд биет үүсэж болох эхийн хэвлий л гэсэн үг.

 

 

 

Загаснууд түрсээ цэнгэг бүлээн усанд шахдаг нь ч учиртай. Уусаж болох бүхнийг өөртөө агуулсан бүлээхэн ус бол юу юутай ч учирч, юу юутай ч холбогдож болох чөлөөт орчин юм. Цагийн хязгааргүй уртад, хязгааргүй тооны уулзалтууд, хязгааргүй олон хувилбараар хэрэгжиж, хэзээ ч юм амьд биетийг үүсгэсэн байхад гайхах зүйл үгүй билээ.

Байж болох бүхий л минерал, бодисыг өөртөө уусгасан ус бол микро (амьтай ба амьгүй) биетүүдийн хувьд байж болох бүхий л тал, хэсгээрээ учрах, авцалдах орчин юм. Тэнд санаатай биш, төлөвлөгөөтэй биш, тодорхой зорилго, схемийн дагуу биш, үнэндээ тоолох, бүртгэх ч аргагүй туйлын замбараагүй, бүр байж боломгүй гэхээр эх захгүй харилцан үйлчлэл явагдсаар иржээ. Бүр хэдэн тэрбум жилийн туршид шүү! Ийм замбараагүй, эх захгүй, жинхэнэ хоосон орчин, нөхцлөөс тохиолдлоор юу ч юутай ч угсрагдан, юуг ч төрүүлж болох юм. Өөрөө бүтэх ёс, аяндаа үүсэх жам, шалтгаан, үйлийн үрийн бүтээл, барилдлага гэж ийм ажээ.

 

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.55.191.194)

    2021-11-15

    байгалийн өөрийнх нь бүтээл бол ямар ч өвчин тодорхой цаг хугацааны дараа хүч нь суларч, тархац нь хумигдсаар замхардаг жамтай. Жам бусаар тархсан вирус цаг хугацаа өнгөрөх тусам бүтээгч эздийнхээ тусламжтайгаар улам төгөлдөржин хүчийг авч хэмжээ хязгааргүй орон зайд тархаж, гай гамшигийг тарьдаг.