"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэмэрлэх санал

Хүн төрөлхтөн бид байгаль эхийнхээ хүү нь болж төрөөд түүнийг   залгих “үр могой” болон хувирснаа өдгөө дутуу хагас ойлгож байна.  Хүн төрөлхтний их шуналыг нэг байтугай хэд хэдэн дэлхий ч хангаж хүчрэхгүй тийм хэмжээнд хүрчээ.   

Мод тарих ажил хүн төрөлхтнөөс байгаль эхийнхээ өмнө үйлдсэн нүглээ наманчлах цорын ганц боломж юм. Тийм ч учраас мод тарих ажлыг буянтай үйлс  гэдгийг  үндэстэн бүхэн хүлээн зөвшөөрдөг.   Монголчууд бид ч “Нэг мод таривал нэг насны буян, Хоёр мод таривал хойт насны буян” хэмээн ярьдаг.

Тийм болохоор Монгол улсын Ерөнхийлөгч эх дэлхийгээ аврах буянт үйлсийг манлайлан НҮБ-ын хүндэт индэр дээрээс тэрбум мод тарих санаачилга гаргаж  дэлхий дахинд зарлалаа. Тэрбум мод тарихад 290-400 мянган га буюу 29-40 мянган км² талбай шаардагдах бөгөөд 2030 он хүртэл хүн бүр жилд 41 мод тарина гэсэн тооцоог зарим хүмүүс хийж сошиал орчинд тавьсан байна лээ. 

Гэвч энэ ажлыг үр дүнтэй болно гэдэгт олон хүн эргэлзэж байна. Тэрч байтугай ойн салбарын тэргүүлэх эрдэмтний нэг С.Жамъянсүрэн “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг тэрбум мод тарина гэж дэмий мөнгө зарцуулах гээд байна” гэж хэлсэн байна лээ. 

Энэ ажлыг амжилтад хүргэхийн тулд юунд анхаарлаа хандуулах вэ гэдэг талаар дараах 6 чиглэлээр бодол саналаа илэрхийлье гэж бодлоо.

 

1. Сайн туршлага, чиг баримжаа 

 

Манайхан алив нэг далайцтай ажлыг эхлэхдээ гадаад орны туршлага, сайн үлгэр жишээг эрхэмлэдэг. Би энд БНСУ-ын ойжуулалтын ажлын туршлагыг авч үзэхдээ алсыг харсан төлөвлөлт, залгамж чанар, шинжлэх ухаанч хандлага, хичнээн чухал болохыг онцлон тэмдэглэх гэсэн юм.

Японы эзлэн түрэмгийлэгчид Солонгос улсын ойн баялгийг цөлмөж, хоёр Солонгосын их дайнд байгаль орчин нь сүйрч, солонгосын хойг ойгүй болж, хожгор толгой шиг нүцгэрч  үлдсэн билээ. Цэргийн эргэлтээр төрийн эрхэнд гарсан ерөнхийлөгч Пак Жөн Хэй өрх бүрээс нэг хүнийг ойжуулалтын ажилд дайчилж энэ ажлыг дөрвөн 10 жилийн төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлжээ.  

1960-1970 онд нүцгэрсэн талбайг түргэн ургалттай навчит модоор сэргээх ажлыг нэн тэргүүн хэрэгжүүлж эхэлжээ. Энэ үед улс орон туйлын ядуу байсан учраас АНУ-аас үзүүлсэн хүнсний тусламжийг ойжуулалтын ажлын хөлс болгон олгож, Япон улсаас авсан дайны төлбөр, түлшний ой ургуулах чиглэлээр Дэлхийн банкнаас авсан тусламжийг энэ ажлыг санхүүжүүлэхэд зориулж 6 жилийн хугацаанд  1 сая га талбайг хүний гараар бүрэн ойжуулсан байна.

 

 

 

1970-80 онд хэрэгжүүлсэн 2 дугаар 10 жилийн төлөвлөгөөгөөр ойн үүлдэр солигдох байгалийн хуулийг зохиомлоор явуулж навчит ойн дор шилмүүст мод тарьж ойн үндсэн үүлдрийг  сэргээсэн байна, 

 

 

 

1980-1990 онд хэрэгжүүлсэн 3 дахь 10 жилийн төлөвлөгөөгөөр шинээр бий болсон шилмүүст ойн товарлаг чанар, байгальд үзүүлэх нөлөөллийг дээшлүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр ойн төлөв байдлыг унаган төрхөд нь бүрэн оруулжээ. 

1990-2000 онд хэрэгжүүлсэн  4 дэх 10 жилийн төлөвлөгөөгөөр ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр 40 жилийн хугацаанд Солонгосын ойн нөөц  12.6 дахин нэмэгдсэн байна. Хувийн хэвшлийн жижиг ойн аж ахуйнуудад ШУТ-ийн сүүлийн үеийн ололт амжилт нэвтрүүлэхэд төвөгтэй учир ойн аж ахуйг улсад төвлөрүүлэх бодлого баримталж байгаа ажээ.  

Солонгос бол халуун дулаан, хур тунадас хур чийг ихтэй газар ойжуулах ажил амархан гэж манайхан бодож магадгүй.  Гэвч  улс орон бүрд өөр өөрийн   бэрхшээл, саад байдаг ажээ. Нэг газар дутагдахын зовлон байхад, нөгөө газар илүүдэхийн зовлон байдаг байна. Монголд жилд 200 мм тунадас ордог байхад Солонгост 2000 мм тунадас унадаг.    Тэр нь ихэвчлэн зун намрын улиралд тохиолдох учир уулын хөрс нэлдээ дэвтэж бамбалзан гулгаж бүхэл бүтэн хот тосгоныг ч  залгих аюултай аж. Ургаа мод үндсээрээ гулгах нь энүүхэнд. Тиймээс өвслөг ургамлын нөмрөг тогтоох, хөрсний усыг  шүүрүүлэх, үерийн усыг  зайлуулах, хөрсийг бэхлэх инженерийн байгууламж барихад ихээхэн хөрөнгө хүчийг зарцуулдаг байна. Түүнийг тооцож  үзвэл худаг ус гаргах, услалтын систем, хөв цөөрөм  байгуулах  зардал юу ч биш ажээ. 

 

2. Эрсдэлийн менежмент чухал

 

Тэр бум мод хөдөлгөөнийг өрнүүлэхийн өмнө өнөө болон хэтийн эрсдлийг давхар тооцох шаардлагатай. 

Өнөөгийн эрсдэл. Мод тарих гэдэг үгийн утгыг алдтал реклам шоу хийж,  арчилгаа усалгаа хийлгүй хаяж, нэр хүндийг унагаснаас өнөөдөр энэ үгэнд итгэл алдарч ургуулах гэдэг үг л хүлээгдэх боллоо.  Иймээс тэр бум мод ургуулахын тулд бага сургуульд үзсэн “Салан баавгай”-н үлгэрээ эргэж нэг санацгаая. Тэгээд хаана, ямар төрөл зүйлийн хэдэн модыг хэн суулгав гэдгийг жил жилээр нь үндэсний хэмжээний цахим бүртгэл, мэдээллийн санд байрлуулж, хөдөлгөөн өрнөх 10  жилийн турш тарьсан бүх мод, түүний амьдралтын түвшнээр нь эцсийн дүнг гаргах хэрэгтэй санагдана. Бүртгэж тооцох ажлын хэсгийг жил бүр ТББ-ын мэргэжлийн хүмүүсээр  томилж хэвлэл мэдээллээр сурталчилж, хариуцлага тооцож, урамшуулж сайн туршлагыг дэлгэрүүлж  байж эзэнгүйдлээс ангижруулж өнөөгийн эрсдлээс хамгаалж чадна. Уул уурхайн компаниудын ойжуулалтын ажлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар намайг тавьчихаасай гэсэн зарим ТББ, хүмүүсийн санал ч сошиал орчинд явж байна лээ.  

Шилмүүст ойг нарс шинэсний тарьцаар ойжуулах ажил 1980 онд эхэлж 2010 он гэхэд 159,5 мянган га-д хүрсэн статистик байна. Га-д 2000-аар тооцвол 319 тэр бум тарьцыг энэ 30 жилийн хугацаанд суулгасан тооцоо гарна. Одоо хэд нь ургаж байгаа гэсэн бүртгэл тооцоо алга. Ойжуулалтын ажлын хөрөнгө санхүүжилт, цалин хөлс бага тул арчилгаа усалгааг шаардлагын дагуу хийх боломж дутмаг байдаг. Ер нь манай ойн салбарт мод огтолсон нь баяжиж хангалуун амьдардаг, мод тарьсан нь хөрс шороотой улаан гараараа  олон жил зүтгэсэн хэрнээ тарчиг амьдардаг нь нууц биш. Ойжуулалтын ажилд тооны хойноос хөөцөлдөх дутагдал арилахгүй байна. Энэ нь 2000-2004 онд жилд 9000 гаруй га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөснөөс харагддаг. Үүний оронд цалин хөлс төсөвт зардлыг нэмж хүчин чадалын хэмжээнд нь тохирсон ойжуулалтын ажил гүйцэтгүүлж бүртгэл тооцоо хариуцлагыг өндөржүүлмээр байгаа юм. 

 

 

2-3 жил арчилгаа усалгааг тогтмол хийж, мал, түймрийн аюулаас хамгаалж чадвал шилмүүст модоор ойжуулах ажил үр дүнтэй байх бүрэн боломжтой. 

 

 

Манай орны хувьд алив төрлийн тариаланд мал аж ахуйн үзүүлэх  сөрөг нөлөө их байдаг. Хайс хамгаалалтад өчнөөн зардал гардаг боловч үр дүн бага. Ойжуулалтын ажлын ихээхэн хэсэг нь малын хөлд талхлагдаж устдаг. Өвөрмонголд тухайн бүс нутгийн малчдын малыг улс худалдаж аваад ойжуулалтын ажилд өндөр цалинтай ажиллуулж тодорхой хугацааны дараа эргэж малжуулдаг туршлага байдаг юм билээ. Манай улс ардчилсан улс болохоор эсэргүүцэл тэмцэл болоод явчих байлгүй дээ. Малчид, нутгийн иргэдтэй үйл ажиллагаагаа зохицуулах шинэ арга зам хайх л үлдлээ.

 

1. Хэтийн эрсдэл. Монголчуудын хөгжил дэвшлийн хамгийн том садаа болсон хэтийн эрсдлийг төр засаг бодож үзэх хэрэгтэй санагдана. Тэр бол урьд хийснээ устгаж байж шинээр эхэлдэг залгамж чанаргүй хийрхэл. Тухайлбал 70,80-аад онд  бэлчээр усжуулалтыг үндсэнд нь шийдэж 30 гаруй мянган худаг гаргасан, тэжээл тариалах олон арван услалтын систем байгуулсан. Тэр услалтын системүүдэд ойн зурвас байгуулах ажлыг миний үеийн ойн инженерүүд гүйцэтгэж бүтээн байгуулалтаараа бахархаж байсан үе саяхан. Жимс жимсгэний тариалан бүхэл бүтэн салбар болтлоо хөгжиж алимны олон төрөл, сортуудыг нутагшуулсан. Тэр бүхэн үрэн таран болж дахин нойл цэгээс эхэлсэн. Хамгийн сүүлийн үеийн 2 жишээ дурдвал: 

• Засгийн газрын 2005 оны 44 дүгээр  тогтоолоор “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр баталж 2500 км урттай 150.0 мян.га талбай бүхий үндсэн зурвас,  1200 км урт, 50.0 мян.га талбай бүхий туслах зурвас байгуулахаар төлөвлөж эхний хэдэн жил жилд 200-300 мян төгрөгний санхүүжилт бүхий ажил хийгдэж байгаад орхигдсон. Тэр ажлын үр дүн одоо ургаж байгаа нь хэд бол? 

 

• Мөн 2012 оноос Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Дөрвөн зүг, найман зовхис” төслөөр Улаанбаатараас дөрвөн зүгт гарч байгаа засмал замын хажуугаар 40 гаруй км газарт мод тарьсан боловч өнөөдөр хэдэн сэрийсэн хашаа хатсан мод болж үлдсэн. 

Тэгвэл тэрбум мод тарих хөдөлгөөний үед худаг, хөв, цөөрөм, услалтын систем зэрэг багагүй хөрөнгө оруулалт,  бүтээн байгуулалт хийгдэнэ. Тэр бүхнийг цааш нь эзэнгүйдүүлэхгүй байх асуудлыг тооцож үзэх шаардлагатай. 

Энд хамруулж үзэх нэг асуудал бол Солонгос монголын ногоон хэрэм хөтөлбөрийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад, Төв аймгийн Лүн сумд өндөр хүчин чадалтай мод үржүүлгийн газар, Өмнөговийн Булган сумд заг үржүүлгийн газар байгуулагдан ажиллаж байсан. Өнөөдөр түүний хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах талаар ч анхаармаар байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан 3000 га ойжуулалтын ажлын өнөөгийн байдлыг ч эргэн харах шаардлагатай санагдана. 

 

3. Бүх нийтийн үйлс.

 

Энэ хэллэг хуучирсан мэт сонсогдож магад. Гэвч өнөө үед мод тарих сонирхол өргөн хүрээг хамарч хэний ч шахалт шаардлагагүйгээр ханцуй шамлан орох их хүч бүрдээд байна. Энэ их үйлс бол зөвхөн ойчдын ажил биш. Харин манай ойчдод өөрсдийн үйл ажиллагаагаараа тэдэнд үлгэр дуурайл үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө тусламж үзүүлж, хянаж шалгаж ажиллах шаардлага гарна. Зарим ойчдод энэ ажлыг өмчлөх хандлага харагдаж, сонирхогч олон түмнийг “Би чадначууд” хэмээн хочлох явдал ч сошиал сүлжээнд харагдах боллоо. “Би чадначууд” гэдэг бол мэргэжлийн бус сонирхочид юм. Тэдэнд  тарья ургуулья  гэсэн хүсэл сонирхол  чин сэтгэл бий. Харин мэргэжлийн удирдлага туслалцаа, хяналт шалгалт хариуцлагын тогтолцоо байвал  асар их хүч. Тэгээд ч энэ хөдөлгөөний нэг гол зорилго  бол ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулахад оршино. 

 

Бусад бүх салбарын үйл ажиллагаатай нарийн уялдах учиртай. Ялангуяа усны салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдийн оролцоо туйлын чухал. 21-р зуунд 2 хувин барьчихаад тэрбум модыг усална гэж байхгүй.  Худаг ус гаргах, хөв цөөрөм услалтын систем байгуулах инженерийн шийдэл хэрэгтэй. Солонгос Монголын ногоон хэрэм төслийн амжилттай хэрэгжсэн гол үндэс нь 200-300 га талбайд тус бүрд дуслын усалгааны систем суурилуулж шийдвэрлэсэн явдал юм. Олон улсын төмөр зам, авто зам дагуух ойн зурвасыг хэсэг тус бүрд нь тохирсон услалтын систем байгуулж шийдэх боломж илүүтэй санагдана. Эрдэнэт Дарханы замд хайлаас модны үр унаж  байгалийн аясаараа ургаж байгаа харагддаг. Түүнийг дэмжээд өгөхөд л ойн зурвас бий болно. Үүний зэрэгцээ хаягдал хуванцруудаар усалгааны хоолой хийж услалтын системд хэрэглэх боломжийг ч судлууштай.

 

 

Жимс жимсгэний аж ахуй бол ойжуулалтын ажлын салшгүй хэсэг бөгөөд хүчил төрөгч ялгаруулалт, нүүрстөрөгч шингээлтийн нэг том эх үүсвэр юм. Өрхийн аж ахуй, туслах аж ахуй,  бие даасан аж ахуйн нэгжийн аль ч хүрээнд хөгжүүлэхэд  тохиромжтой эзэнгүйдэхгүй, тогтвортой хөгжих хамгийн боломжит чиглэл юм. Тэрбум модны 40-өөс доошүй хувьд жимс жимсгэний тариалан эрхлэх санал гарч байгаа нь хамгийн дэмжүүштэй санаачилга юм. 

 

 

 

“Улс гэрийн хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй” тухай их жанжны минь үг бий. Тэгвэл энэ хөдөлгөөнд өрх бүр, ялангуяа хот суурин газруудын айл өрхийн оролцоо чухал. Өрхийн 400 м2 талбай бүхий хашааны ургамлын нөмрөг 50-100% устаж тэр хэмжээний хүчилтөрөгчийн үйлдвэрлэл зогсоно гэсэн үг. Тэгвэл нэг мод 30-40 м2 ногоон гадаргуу үүсгэж тэр алдагдлыг нөхнө.  Энэ хэмжээгээр газрын төлбөр хураамжаас чөлөөлөх асуудал ч байж болох юм. 

 

4. Шинжлэх ухаанч хандлага

 

• Сүүлийн үед нарс, шинэс зэрэг шилмүүст модны үрлэлт муудаж үрийн хомсдолд орох боллоо. Их үрийн жилийг хүлээж түүнд зохицуулж мод тарих тухай манай зарим ойчид ярих боллоо. Биологийн зуун гэгдэх 21-р зуунд арай ч ингэж байгалийн хараат байж болохгүй байх аа. “Байгалийн хишгийг горьдож суух биш булаан авах ёстой” гэсэн алдарт И.В.Мичуриний үг байдаг. Тэрээр ухаж төнхөж, огтолж хяргаж булаах  тухай биш 20 гр жимстэй өрөлийн модноос 240 гр жинтэй том алим ургуулахыг л булааж авна гэж хэлсэн хэрэг. Харамсалтай нь түүнийг гуйвуулагчид байгалийг цөлмөх мэтээр тайлбарлаж байсан үе бий. Үр ургахгүй жил үр ургуулах талаар эд эсийн түвшинд ажиллах хэрэгтэй байна. Лабораторийн ийм хүчин чадал бүрдүүлэхэд л харин төр засгаас дэмжлэг хүсмээр байгаа БНСУ-д нарс модны камбий буюу долонгийн ширхэгт нь цочрол үзүүлэх замаар үрлэлтийг нэмэгдүүлж жил бүр арвин ургац авдаг аргыг ойн үрийн аж ахуйд нэвтрүүлээд олон жил болж байна.  Ядаж энэ туршлагыг судалж үзэхсэн. Мөн улиас модны долонгийн ширхэгт вегетатив ургалтыг дэмжиж генератив хөгжлийг сааруулах замаар үрлэлтийг зогсоож манайхны ярьдаг цагаан хөвөн хийсэхгүй болгодог.  

 

• Тэрчлэн биотехнологийн эд эсийн өсгөврийн аргаар хамгийн дээд зэргийн чанартай цөөн үрийг сонгон авч хэдэн мянган ширхэгээр хувьлан үржүүлэх боломж ч бий. Монгол оронд тариалах торниун алимны суулгацыг бойжуулахын  тулд манайд ургадаг өрөл модны суурь дээр тухайн сортынхоо мөчрийг залгах замаар бэлтгэдэг. Энэ ажиллагаанд 5-7 жил шаардагдана. Тэгвэл хуруу шилэнд энэ ажлыг явуулснаар хэдхэн сарын дотор суулгац материалыг гаргах боломжтой. Ойн генетик селекцийн ажлыг  in vitro (хуруу шилэнд) нөхцөлд  явуулснаар цаг хугацаа хэмнэх төдийгүй алслагдмал төрөл зүйлийг ч эвцэлдүүлэх бололцоо олгодог  

•  Мод суулгах хамгийн тохиромжтой субсрат бэлтгэх чиглэлд ч анхаарах шинжлэх ухаанчаар хандах шаардлага байгаа юм. Шон зоох мод суулгах 2 өөр. Хөрс нягтарч хатуурдаггүй агааршил сайтай байх, усалгааны усыг алдахгүй үндэс орчинд хадгалж байх  чадвартай тийм материалаар мод суулгах хөрсийг сайжруулснаар мод ургах нөхцөлийг бүрдүүлж чадна.  Байгалийн эрдэс болох циолит усыг шингээж өөртөө удаан барих чадвартай тул түүнийг үйлдвэрийн аргаар нунтаглаж ашиглах чиглэлд анхаарал тавиуштай санагддаг. Тэрчлэн хөрс сийрэгжүүлэх агроперлит компост бордоо, бионүүрс гээд боломж их бий. Хуучин модны үйлдвэрүүд төвлөрч байсан газруудаас модны ялзарсан үртэс олборлож хөрс сайжруулагчаар хэрэглэх боломжийг ч судалж үзмээр. 

• Усалгааны ажилд ч шинжлэх ухаанч хандлага чухал.  Манайхны  услалгүй байж байж нэг услахаараа хэт усалдаг явдал түгээмэл. “Сар услахааргүй болтол шалбайтал усаллаа” гэсэн яриа бол жирийн үзэгдэл. Тэгвэл хэт их усалснаас  корбанатлаг давхарга уусч  капиляраар өргөгдөн талбайг давсжуулж хужир ургуулдаг.  Ийм байдлаар ашиглалтаас гарсан услалтын системүүд ч бий. Тийм болохоор тухайн талбайн онцлогийг мэдэж усалгааны норм, услах хугацааг тогтоож мөрдүүлэх шаардлага гарна. 

 

5. Тарьц суулгац

 

Тарьц. Мод бутны үрийг тарьж 1-3 жил ургуулсан үрслэгийг ойн аж ахуйд тарьц гэж нэрлэнэ. Үржүүлэх агротехникийн асуудал нь бүрэн шийдэгдэж үйлдвэрлэлд нэвтэрсэн нь нарс шинэсний тарьц ургуулах ажил юм. Сүүлийн 40 гаруй жил нарс шинэсний 2-3 настай тарьцаар ойжуулалтын ажил хийж байгаа тоо баримтыг дээр дурдсан билээ. 6-20м хэмжээний хүлэмжнээс нарс шинэсний 30-40 мянган ширхэг тарьц гаргах боломжтой. 

Суулгац.  Тарьцыг бойжуулах талбайд шилжүүлэн суулгаж 3-4 жил ургуулж бэлтгэсэн модыг суулгац гэнэ. 

 

Ойжуулалтын ажлын үндсэн материал бол тарьц суулгац. Одоогийн хүчин чадал улсын хэмжээгээр жилд 9 сая ширхэг тарьц суулгац үржүүлдэг бөгөөд тэр бум мод ургуулахад жилд 100 сая тарьц суулгац шаардагдана. Тарьц суулгац үржүүлэх ажил бол хэцүү бэрх зүйл биш ээ. Сошиал орчинд нэг мод үржүүлэгч иргэн: 

- Тарьц сууулгацын зах зээл бага, борлодоггүй байсан учраас бидний ажил хязгаарлагдаж байлаа. Зах зээл нээгдэх юм бол жилд хэдэн саяар нь ч ургуулж болно гэж бичжээ.  Энэ үнэн. Гэхдээ чанарын асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Говь хээрийн бүсийн ойжуулалтыг зөвхөн суулгацаар хийх шаардлагатай. Мод сөөгний суулгац бойжуулах  MNS 6254:2011 стандартаар шилмүүст модны тарьцыг 4 талбайд, навчит модны тарьцыг 3 талбайд сэлгүүлэн суулгаж 3-4 жил бойжуулж байж стандартын суулгац болдог. Энэ бол хүнд нүсэр ажил. Гэтэл “Ногоон хэрэм” хөтөлбөрийг хэрэгжүүлж байх үед хайлаас модны үрийг шилжүүлж суулгалгүй үр тарьсан талбайд нь 2-3 жил ургуулж хэт сунасан амьдрах чадваргүй  суулгац нийлүүлэх тохиолдол их байсан билээ. Иймээс суулгацын чанарт стандартын ягштал мөрдүүлэх хэрэгтэй.

Уулын модыг ухаж ойжуулалт хийж байгаа тухай сүүлийн үед сошиал сүлжээгээр их бичих болж. Уулын модыг ойжуулалтад хэрэглэх ямарч шаардлага байхгүй. Энэ талаар манай ахмад ойжуулагч инженер С.Дашдаваа тодорхой хариулт өгсөн. 

 

6. Мод бутны төрөл зүйлүүд 

 

Манай оронд 140 гаруй зүйлийн мод сөөг ургадгаас 40 шахам зүйлийг нь бургас, 10 гаруй зүйлийг нь харгана эзэлдэг. Эдгээрээс говь хээрийн бүсийг ойжуулах, хамгаалалтын зурвас байгуулах, жимс жимсгэний аж ахуй эрхлэхэд шаардагдах мод бутны голлох зүйлийг танилцуулж байна. Тариалах арга технологийг тусгайлан эзэмшүүлэх шаардлагатай. 

Хайлаас. Монгол орны бүх бүс нутагт газар хөрс гололгүй ургаж  олон зуу насалдаг мод. Түүний амьдрах чадвар тэсвэр гайхамшигтай.  Ганцхан хаврын үрээр монголыг ойжуулж болно гэж манай нэг ойжуулагч эрдэмтэн бичсэн нь бий.  “Өрхийн үйлдвэрлэл” сэтгүүл 3 жил дараалан хайлаас модны үрийг тарих арга технологийн хамт давхардсан тоогоор 4000 айл өрхөд хүргэснээс бидний судалгаагаар 700 гаруй нь тарьж ургуулан зохих дадал чадварыг эзэмшсэн байна. 

1980-аад онд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд элсний нүүлтээс хамгаалах ойн зурвасыг инженерийн зураг төслөөр барьж 10 гаруй зүйлийн мод бут тарьсан билээ. Зах зээлийн үед услалтын систем эвдэрч хашаа хамгаалалт нь устаж мал бэлчих болсноор бусад зүйлсийн мод бут бүрэн устаж, дороосоо малд идэгдэж дээрээ шүхэр хэлбэрийн титэмтэй болсон хэдэн хайлаас үлдсэн бөгөөд одоо ч үрээ өгч ургасаар байна.  

Харгана. 1960-аад онд говийн сумдад ой шугуй шиг их харгана ургадаг байсан боловч одоо устаж алга болжээ. Халуун хүйтний аяыг даана, үндэс урттай болохоор газрын гүнээс ус чийгээ сороод авчихна, бордоо шаардахгүйгээр элс шавар ямар ч хөрсөнд ажрахгүй ургана. Харгана бол лусын бэлэг гэж манай нэг эрдэмтэн бичсэн нь голыг нь олсон үнэлгээ гэлтэй. Үрээр тарьж ургуулах өргөн боломжтой боловч үндэс нь маш түргэн ургаж ухаж авахад хүндрэлтэй байдаг тал бий. 

Заг. Монгол орны говь цөл нутагт ой үүсгэдэг цорын ганц мод бөгөөд хамгийн хүчтэй ган, тэсвэрлэшгүй халуун болон давсархаг хөрсөнд ч ургана. Хуурай гандуу бүс нутгийн хувьд заган ой нүүдэг сул элсийг бэхжүүлэх, хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, хөрс усны горимыг зохицуулна. Загийг үрээр тарьж үржүүлнэ. Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөл Өмнөговь аймгийн Булган сумд заг үржүүлгийн газар байгуулан  хагас сая  загийн бортготой тарьц үржүүлж 1540 га талбайд ойжуулалтын ажил хийсэн байна.  

Улиас. Хамгийн түрүүнд хаана ч тариалж болох модны нэг. Улиас мод нь  манай орны хангай говь хээрийн бүсэд өргөн тархсөн экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтой мод юм. Манай нөхцөлд модожсон мөчрөөр үржүүлэх аргыг хэрэглэж байна. 

 

Тоорой. Улиасны төрөл зүйлд хамаарна. Говь цөлийн элсэрхэг хөрсөнд, чийглэг орчинд ургана. Говийн бүсийн 30 орчим баянбүрдийн хүрээнд 53 мянган тоорой бүртгэгдсэн байна. Үржүүлэхэд төвөгтэй мод гэж үздэг байсан боловч Солонгос монголын Ногоон хэрэм төслийн хүрээнд Эрдэмтэн Ц.Даваасүрэн, солонгосын зөвлөх мэргэжилтэн Ким Жун Гуан  нар үрээр маш амжилттай үржүүлж олон мянган тарьц суулгацыг бойжуулаад байна. Үр нь 48 цагийн дотор ургах чадвараа алддаг тул тэр хугацааг чадамгай ашиглаж үр дүнд хүрчээ. 

Бургас. 40 гаруй зүйлийн бургаснаас тухайн орон нутагт тохирох зүйлийг сонгож, модожсон мөчрөөр үржүүлж суулгац гаргах замаар ойжуулалтын ажилд хэрэглэх боломжтой. 

Алим. Алимыг өвлийн тэсвэр болон жимсний хэмжээ, чанараар нь торниун  алим, бэсрэг жимст алим, жижиг (давжаа) жимст алим гэж гурван бүлэг болгож үздэг.  Том жимст алим нь ихэвчлэн европын гаралтай алим бөгөөд өвлийн тэсвэрээр бага учир манай нөхцөлд хэвтээ хэлбэрээр ургуулж өвөл хучиж өвөлжүүлдэг. Амт чанар сайтай 150-200 гр хүртэл том жимстэй. Бэсрэг алим нь Сибирийн алимнаас гаргасан хоёрдахь үе. Жимс нь том 11-25 г орчим жинтэй, амт сайтай. Жижиг алим (ранетка)-ыг чөлөөт хэлбэрээр ургуулдаг, жимс нь жижиг (5-10г), дунд зэргийн амттай, өвлийн хүйтэнд тэсвэр сайтай, ихэвчлэн бутлаг хэлбэрээр ургуулна. 1959-1970-аад онуудад алим тариалах монголын гэсэн арга ажиллагаа нэгэнт тогтож бүх талбайн 60 орчим %-ийг алимын сорт эзэлж байжээ.   

Тэдгээрээс өнөөдөр Ховд аймгийн Булган сумд байгуулагдсан жимс ой турших станц жимст цэцэрлэгээ авч үлдсэн байна. Энд торниун алимны суулгацыг залгах аргаар үржүүлж байгаа  цөөхөн хүн бий. Тэдгээрийг дэмжих замаар алимны суулгацаар хангах ажлыг зохион байгуулууштай. 

Жимс жимсгэнэ.  Манай орны жимс жимсгэний үндсэн тарималууд нь чацаргана, үхэр нүд, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, тошлой, чавга бөгөөд сүүлийн үед интоор, чавга, тоор  зэрэг таримлууд нэмэгдэж байна.  Жимс жимсгэнэ тариалах талаар “Чацаргана”  “Жимс жимсгэнэ” хөтөлбөрүүд батлагдаж хамрах хүрээ нь жилээс жилд тэлж байгаа бөгөөд 2020 оны байдлаар 3295.8 га-д хүрсэн байна.  

сонин mn

Ойжуулагч инженер, Доктор (Ph.D), профессор Д.Энэбиш 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)