"Ковид-19"-ийн үр дагавраас хийх завсрын (урьдач) дүгнэлтүүд

Бидний өвөг, дээдэс болох амьтад ч тэр, бичин хүмүүс ч тэр бас хомосапиенсын анхны популяциуд ч тэр бактери болоод вирусын довтолгоонд бишгүйдээ л нэг өртөж байсан биз ээ. Тэдгээрээс үүдсэн үхлийн хэмжээ ч олон янз байдаг байх. Гэхдээ л хүмүүс бид тэр бүхнийг даваад гарчээ. Харин өнөөдөр “вирус-хүн” гэсэн харилцан нөлөөлөлд бид хэрхэн, яаж оролцож, хэр даван туулж байна вэ? Иймэрхүү харилцан нөлөөлөлд оролцох бидний чадавхи, дархлаа улам бүр хүчирхэгжиж байна уу? Эсвэл улам бүр муудаж доройтож байна уу? Ер нь байгалийн гаралтай бэрхшээлүүдийг давж гарах бидний чадавхи хэр байна вэ?

Байгалийнхаа жам ёсоор бол энэхүү тэмцэл, шалгаралд хүмүүс бид өндөр хөгжилтэй амьтад болохынхоо хувьд ялагч нь болж байх учиртай. Вирусууд эцэстээ зөвхөн гэм хоргүй шимэгч болж л үлдэх ёстой. Өмнөх түүх тийм байжээ. Харин өнөөдрийн бодит байдал ямар байна вэ? Аль ч орон дахь үхэл, эндэгдлээс харахад голлож л нийгмийн гэх шалтгаанаас үүдэж буй болсон олдмол эмгэг согогтой хүмүүс, тэр дундаа ахмадууд их энджээ. 

 

Баян чинээлэг гэгдэх орны хүмүүс илүүдэл жинтэй, сахарын шижинтэй, зүрх судасны гажигтай, хөдөлгөөний дутагдалтай, цусны даралт их, бөөрний дутагдалтай гэх мэтийн архаг хууч өвчнөөсөө болоод Ковид-19-ийн хүндрэлд илүү их орж байна. Ядуу буурай гэгдэх орны иргэд тэжээлийн хомсдол, витамин, минералын дутагдлаас шалтгаалан мөн л олноороо энджээ. Агаар мандал, усан мандал, хөрс шороон мандлын бохирдол ихтэй зарим оронд Ковид-19-ийн хүндрэл, үхэл мөн их байна. Өмнөх дурьдсанаас Ковид-19-ийн холбоотон нь нийгмийн гарвалтай сөрөг хүчин зүйлүүд, экологийн доройтол, зүй бусын тансаглал, хүмүүсийн эрүүл ахуйн боловсролын нам түвшин, архаг хууч өвчнүүд болж таарах нь ээ. Хүмүүс байгалиас холдож, байгалиа хордуулах хэрээр тансаглалд автаж амьтны хувьд өөрийгөө доройтуулах хирээр хөдөлгөөний дутагдалд орж хөшүүн, хөлдүү болох хэрээр элдэв өвчин тусаж тэдгээр нь архагшин үлдэх хэрээр бактери болон вирусын эсрэг хүчин мөхөсдөх болжээ. Ковид-19-өөр хэн хэн өвдөж, хэрхэн яаж хүндэрч, эндэж байгаа нь бидний нүдийг нээж өглөө. Ёстой л “амьд нь үхсэнийхээ нүдийг хааж, үхсэн нь амьдынхаа нүдийг нээж” байна даа. Үлдээх сургамж нь ч ихийг өгүүлэх нь ээ. 

Ковид-19-ийн халдвар орж ирэх үед манай хүн амын эрүүл мэндийн байдал ямар байв аа? Гурван сая гаруйхан хүнтэй, тархуу сийрэг амьдардаг монголчууд энэ цар тахлыг хөнгөхөөн давна гэж мэдлэг, мэдээлэл муутай хүмүүс бодож, бичиж байв.

 

Гэтэл Монголд маань архаг хууч өвчтэй хүн 350 мянга, хорт хавдартай хүн 16 мянга, эрхтэн шилжүүлэн суулгасан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй хүн 500 гаруй, бөөр орлуулах эмчилгээ хийлгэдэг хүн 1000 гаруй байжээ. Өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, сүрьеэгээр өвчлөгсөд, ДОХ-ын халдвар авсан иргэд Ковид-19-өөр хүндрэх аюултай билээ. Үүн дээр мухар сүсэг, худал цуурхал, мэдлэггүйгээ мэддэггүй тэнэглэл нэмэгджээ. 

 

Ковид-19 олон үнэнийг, гашуун үнэнийг, өрөвдөлтэй бодит байдлыг тодрууллаа: Өвчин тахлын үед аль ч ямар ч шашин огт хэрэг болдоггүй юм байна. Зөвхөн шинжлэх ухаан л аврал, гарцыг олдог юм байна. Аливаа тансаглал, хэт тансаглал бол удаан үйлчилгээтэй хор юм байна. Зоргоороо загнах, хоосон мэдэмхийрэх нь амиа хорлох нэг хэлбэр юм байна. Өвчин тахал, гай зовлонг баяжих боломж гэж хардаг хүний мөсгүй шуналтангууд бидний дунд ч байдаг юм байна...гэх мэт. 

Монголчууд биднийг нөмрөөд байгаа, бүр 24-46 насны залуусыг эзэмдээд байгаа нэгэн гамшиг, гажиг бол “Судлаач, шинжлэх ухааны хүн ярьж байгаа гэвэл сонсдоггүй. Харин үзмэрч, бөө, лам, популист, цуурхагч ярьж эхэлбэл чих тавин сонсдог, утсаа маажин, малтан уншдаг” болчихсон “өвчин” юм. Энэ “өвчин” Ковид-19-өөр эндсэн гэгдэх хүмүүсийн лав л 20-30 хувийг нь хохироолоо, амийг нь авлаа. Шинжлэх ухааны суртал нэвтрүүлэг, эмнэлэг-гэгээрлийн ажил, ариун цэвэр-эрүүл ахуйн сургалт 30 жил орхигдсоны үр дагавар энэ байх л даа...

 

Дурьдсан насны хүмүүсийн зарим нь Ковид-19-ийн хүндрэлээр өөрсдөө хорвоог орхилоо. Зарим нь ойр дотныхоо хүмүүсийн аминд хүрлээ. Энэ бол үнэхээр эмгэнэл юм. Амьд үлдэх боломжтой олон хүн үхлээ. Оношлуур, эмчилгээ, вакцин, дээр нь эмчилсэн, эдгээсэн туршлага, сурц, бүр тусгайлсан жор, эм гаргачихаад байхад шүү... Амьд үлдэх боломжтой хүнийг буруу үг, яриагаар төөрөгдүүлсээр байгаад үхүүлчихсэн бол энэ маш том нүгэл, гэмт хэрэг мөн биз дээ? Зөвхөн эмч, сувилагч нар биш бүр ард иргэд нийтээрээ эмнэлэг-гэгээрэл, ариун цэвэр-эрүүл ахуйн зохих түвшний мэдлэг, хүмүүжилтэй болгох хэрэгтэй байна. Хүмүүс амьтанлаг мөн чанараа байнгад тордож, архи, тамхи, амьтан, хэтэрсэн тух тохь, илүүдэл жин мэтээсээ салах учиртай. Өнгөрсөн хоёр жилийн байдлаас харахад хөхтөн амьтан, сүүгээр бойжигч гэх амьтанлаг эх чанараа нийгмүүдийн бүтээсэн тансаглалаар сольсон, гээсэн хүмүүс л голчлон эндэцгээжээ. Ийм л гажуудалд хараахан автчихаагүй байгаа залуус, бага насны хүүхдүүд Ковид-19-ийн халдвар авлаа ч гэсэн тун хөнгөхөн даван туулж чадаж байна. Хүүхдэд олгогддог байгалийн төрөлх өгөгдөл үнэхээр хүчтэй ажээ.

 

 

 

Хүний таван мэдрэхүйд таашаагдаж, тансаглалын илрэл, үзүүлэлт болж заншсан олон зүйл (архи, дарс, пиво, давс, сахар, кофе, элдэв зүйлийн амтлагчид, хийжүүлсэн ундаа, олон нэрийн коктейль гэх мэт) өнөөдөр хэтрүүлэн хэрэглэгдэж, хөнөөл тарих болов. Цаад учир, холбогдол хор хөнөөлийг нь үл мэдэх залуус, хүүхдүүдийн хувьд өмнө нэрлэсэн зүйлүүд “аажим үйлчилгээтэй хор” болж хувираад байна. Үүн дээр цахим техникийн сөрөг нөлөө нэмэгдлээ. 

 

 

 

Хөгжиж, дэвшиж, соёлжиж байгаа нь энэ гээд хүмүүс өөрсдийгөө бүх талаар хэврэгшүүлж, эмзэг болгож, байгалийн мөнхийн шалгарлын хувьд арчаагүй, өрсөлдөх чадваргүй, үхээнц дорой амьтан болгочихож болохгүй билээ. Хүн яаж нийгэмжээд ч байгалийн л амьтан шүү дээ! Атганд багтах хулганаас эхлээд аварга том заан хүртэлх бүх амьтад зөвхөн ус ууж л амьдардаг. Гэтэл хүмүүс бид усанд юу юу хольж ууж байгаа билээ? Хүний биенд орохоосоо өмнө аль нэгэн бодисын ханасан уусмал болчихсон ус байгалиас олгосон үүргээ 100 хувь биелүүлж, элдэв хаягдлыг хүний биенээс амжилттай гадагшлуулж чадах уу? Бидний өвөг дээдэс (мич, бич) өвсөн тэжээлтэн байсан. Гэтэл өнөөдөр зарим маань гагцхүү мах, махан бүтээгдэхүүнээр хооллох болов. Үүний үр дагавар болсон өвчин, эмгэг хүрээгээ тэлсээр л байна. Агаар мандал дахь нүүрсхүчлийн хий ч хэрээс хэтэрчээ. Дээр дурьдсан бүхэн дээр Монголчуудын хэрэглэж байгаа эмийн чанар, олон нугалсан өндөр үнэ, өвчин эмгэгийг төдийлөн тоодоггүй манайхны хэнэггүй зан, эрүүлийг хамгаалах тогтолцооны өнөөдрийн хоцрогдол, арчаагүйдлийг нэмэхлээр “амьд явнаа гэдэг чинь аз, ёндоо болж л ойлгогдох ажээ”...

 

 

Корона төрлийн вирусын Ковид-19 зүйлийн мутацлагдсан омгуудын тоо болон хоруу чанар өсөх хэрээр амьтны хувьд өөрийгөө торддоггүй, тансаглалд шунаж автдаг, суурь архаг өвчнөө илааршуулахыг боддоггүй, ариун цэвэр-эрүүл ахуйн боловсрол, хүмүүжилгүй хүмүүс халдвар авах, хүндрэх, амь эрсдэх, аюулд өртөх магадлал нэн өндөр байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд 4 сая гаруй хүн эндлээ. Цаашид хэрхэх нь хүмүүс биднээс л хамаарах болно. 

 

 

 

Ковид-19-ийн халдвар, хүндрэлээр нас барсан 4 сая 700 мянга гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнд өнгөцхөн судалгаа хийхэд тэдний тун багагүй хувь нь “хүний төрөлх эрх, иргэний эрх, шүтэн бишрэх эрх чөлөө”-г буруугаар ойлгож, өөрсөддөө хортойгоор, зүй бусаар эдлэгсэд байгаа нь анхаарал татаж байна. Зарим орны зарим муж улсад хар тамхины төрлийн элдэв мансууруулагч бодисыг хэрэглэхийг зөвшөөрдөг нь ч үүнд нөлөөлжээ. Монгол орны хувьд гэхэд л элдэв төрлийн хорт хавдраар нэг жилд нас барагсдын тоо Ковид-19-ийн хүндрэлээр нас барагсдаас тоогоороо илүү (хорт хавдраар жилдээ 3000 шахам) байна. Ингэхлээр Монголд нэг биш наад зах нь л “хоёр тахал” хэргээ хийж байгаа болно. Ард иргэдийн эрүүл мэндийн асуудлыг сүүлийн 30 жилд ядаж л Улсын Ерөнхийлөгч асан 5 хүн, Ерөнхий сайд асан 10 гаруй хүн, төрийн эрх барьж байсан 2 нам төдийлөн анхаарч үзээгүйн үр дагавар ийм байна. Дүрсэлж хэлэх аваас баячуудын тэрбумтан болоход тусалсан барилга, байгууламжийн тоо 100 дахин өссөн байхад жирийн иргэдэд үйлчилдэг, төлбөр багатай эмнэлгийн тоо 20 хувь ч өссөнгүй. Монголын төр засгийн толгой ингэтлээ дүнхүүрчээ....

 

Энэ дүнхүүрэлд эмчилгээ байдаг болов уу? Эмчилсэн хүн, хүчинд алтан хөшөө босгоё. Ядуучууд бүгд нийлж, нэгдэж байгаад 10 сантиметрийн ч болов өндөртэй алтан хөшөө босгож чаднаа даа. Баячууд хандив өгөхгүй биз дээ. Гуйгаад ч тэд хөдлөхгүй л болов уу...

Хорт хавдраар өвчилж байгаагийн уг шалтгаантай тэмцэх, өвчилснийг эрт илрүүлэх, эмчилж илааршуулах, архаг хууч өвчинтэй хүмүүст онцгой анхаарах, төлөвлөгөөт үзлэгт жил бүр хамруулж эрчимтэй эмчилгээ хийх шаардлагатай байгааг Ковид-19 илчилж, илрүүллээ. Эрүүлийг хамгаалах яам ч тэр, хувь иргэн өөрөө ч тэр архаг хууч өвчнөөс аль болохоор түргэн салах талаар онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Архаг хууч өвчтэй хүмүүс ямар эмзэг байдаг нь мянгаар тоологдох үхлээр нотлогдлоо шүү дээ. 3 сая гаруйхан хүнтэй улс оронд 300,000 шахам архаг хууч өвчтөн тоологдож байгаагийн бурууг хэн хэн хүлээх ёстой юм бэ? Эрүүлийг хамгаалах яам, газрууд, эмч нар, хулхи эм импортлогчид, эмчлэх эрүүлжүүлэх ажлыг шунахай бизнес болгож хувиргасан зарим хувийн эмнэлгүүд үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, хүн ардаа эрүүлжүүлэх хэрэгт жинхэнэ хувьсгал гаргамаар байна. Ковид-19 нь хүүхдүүд, залуус, архаг хуучгүй хүмүүст хөнгөн тусаж, бүрэн илааршиж байгаа нь хүмүүс бидний нийгмийн гарвалтай элдэв тансаглал, амьтны хувьд өөрсдийгөө хамгаалдаггүй байдлыг илчилж, бас яллалаа. Хүмүүс бид хөхтөн амьтдын дотроо бараг л хамгийн арчаагүй, дорой, буурай нь болчихжээ. Хүмүүс бид микро биетүүдтэй хийх тэмцэлдээ байнгын ялагч байх чадавхаа ихээхэн гээжээ.

 

Хүмүүс бид маш олон тооны удаан үйлчилгээтэй хорыг амт, үнэрт нь, согтуурах мансуурахын таашаалд нь, тансаглах, баярхахын ид хаванд нь, ховор нандин гэх үнэлгээнд нь маллагдаад хэрэглэж, бүр хүсэн, баясан байж хэрэглэж даджээ. Ингэж бид буруу замаар оржээ. Өнөөдөр Ковид-19-өөс “үхэх ял” сонсож байна. Хатууруулж хэлэх, үнэлэх аваас ийм байна. Хэмжээ тунгийг нь тааруулаад хэрэглэхэд болох биш үү гэж маргацгаах байх л даа. Тэгж тааруулж чаддаг нь яг амьдрал дээр хэд билээ дээ?

 

Макро биетүүдийг бид тоолж, бүртгэж чадна. Тэр дундаас амьтан ба ургамлыг бид зүйл зүйлээр нь ялган бүлэглэж хамгаалж, хянаж, тоо ба чанарыг нь зохих түвшинд хадгалж чадна. Өнөө гэхэд эх дэлхий дээр маань 500 мянга гаруй зүйлийн ургамал, 2 сая гаруй зүйлийн амьтан оршин буй билээ. Бид харин микро биетүүдийн, тэр дундаас бактери, вирусын төрөл, зүйл, омог болон тоог нь мэдэхгүй. Мэдэх, тоолох, хянах боломж ч байхгүй. Гэхдээ бид өөрийн эрхгүй л тэдэнтэй зэрэгцэн амьдрах тавилантай. Хэн хэндээ хоргүй зэрэгцэн орших аргыг тэд биш, бид л нээх, олох, хэрэгжүүлж байх учиртай. Энэ талын ажил хаа хаанаа, тивүүд, улс болгонд чамлалттай бага хийгдэж байна. Уг нь зэвсэглэлээр хөөцөлдөн зарж буй их хөрөнгө, мөнгөний багаахан хувийг л энэ талын судалгаа, үйлдвэрлэлд ашиглахад л бидний чадавх, бактери, вирустай тэмцэх, ялах чадвар шаардлагатай түвшинд хүрчих юм шүү дээ. Цар тахлаар үхэж үрэгдэж байх аюулыг хүмүүс байсхийгээд л мартчихдаг өвчин хэзээ илаашрах бол оо ?

 

Өгүүллийнхээ төгсгөлд дараах зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдлаа:

 

Байгальд олон янз амьгүй биетүүд мөн олон янз амьд биетүүд бэлхнээ байж л байдаг. Ингэхлээр энэ хоёрын завсрын биет мөн л байж байх ёстой. Учир нь завсрын биет үгүйгээр амьд биет үүсэх боломжгүй юм. Завсрын биет нь яг л завсрын шинжүүдтэй байх нь ч тодорхой билээ. Ийм биет бол вирусууд юм. Тэд бие дааж гадаад орчинтойгоо бодисын солилцоо хийх, мөн бие дааж өсөн үржих чадваргүй. Харин амьтан ургамлын эсэд нэвтрэн ороод уг эсийг эвдэлж, өөрийгөө олшруулж чаддаг. Энэ чадвар нь улам бүр хөгжсөөр вирусууд нэг эст бүдүүлэг амьтан болж, цаашид төгөлдөржин олон эст бүдүүлэг амьтан, бүр амьд биет, амьтан болж чаддаг ажээ. Үүний нотолгоо бол бараг л нэг эст бүдүүлэг амьтан болох шахсан олон гентэй аварга том вирус юм. Цөөхөн гентэй жижиг вирусууд мутацид орсоор олон омог үүсгэж, ген нь олширч бие нь томорсоор аварга том болж хувирдаг ба энэ шатандаа тэрээр эсийн шинжтэй болдог байна. Амьтан ургамалд халдаж, эсүүдээс нь генүүдийг нь авсаар амьтны зэрэгт хүрэх нь байгалийн ердийн л үзэгдэл, өөрийнх нь л хөгжил ажээ. Вирус хувьссаар ямар амьтан болох нь ерөнхийдөө бол тохиолдлын л хэрэг юм. Энд урьдчилсан бодлого, төлөвлөгөө гэж үгүй. Байгаль дээр байгаа бүхэн бүгд л түүний өөрийн нь бүтээл гэдгийг бодолцох, тооцох аваас оюун ухаант хүнийг буй болгож чадсан эх байгаль маань амьтай болон амьгүйн завсрын биетийг ямраар ч болов бүтээж чадах нь маргаангүй билээ.

 

Вирусын хэмжээ болон хор нөлөөг нь ойролцоогоор төсөөлөн ойлгохын тулд хүмүүс болон дэлхийг жишээлэн авч үзэж болох юм. Дэлхийн ус агаар, хөрс шороог хүмүүс бид ашиглан үржиж өсдөг. Муугаар хэлбэл дэлхийг сүйтгэдэг. Энэ нөлөө улам л их хоруу болсоор байна. Тэгэхлээр бид дэлхийн хувьд вирус мэт ажээ. Ковид-19 биднийг гэмтээж, бид дэлхийг гэмтээж байна. Ингэхлээр бид эх дэлхийдээ хоргүй шимэгч болох ёстой. Вирус бүрийг ч тийм болгож хувиргавал сайнсан. Нэгээр их ба бага ямар ялгаа байх билээ. Тэртээ тэргүй л бидний биед ашигтай, ашиггүй вирус санаанд багтамгүй тоотой байж л байгаа шүү дээ. Ковид-19 бидний хувьд л шинэ болохоос биш, өмнө нь байж л байсан биет юм. Харин бид саяхнаас түүнтэй харилцаж байна. Өөр амьтны биед шимэгчлэн амьдарч байсан түүнийг болгоомжгүйгээсээ болж биедээ халдаасан нь хүмүүсийн л буруу. 

Том жижиг амьтдыг баруун солгойгүй нядлаад л, түүхий цус уугаад, бөөр цөсийг нь залгиад л байвал юу болдгийг сайн ойлгож авах хэрэгтэй. Сармагчныг агнаж махыг нь шүүрхийгээр идсээр ДОХ-ын вирусыг халдааж авсан баримтыг хүмүүс мартах болоогүй л баймаар даа...

Одоо дээр нь шувууны томуу, гахайн томуу, Ковид-19!

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)