Зэсээ хайлуулж зах зээлд нийлүүлбэл төсөвт ирэх орлого хоёр дахин нэмэгдэхээр байна
- 2021-11-17
- Эдийн засаг
- 0
Зэсийн ханшийн өсөлтийн супер циклийг ашиглаж эдийн засгийн өсөлтийг тэлэх боломж байгааг энэ оны эхнээс эдийн засагч, шинжээчид хэлсээр ирсэн. Харамсалтай нь ирэх он болон цаашид зэс хайлуулах үйлдвэрийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн шинэ бүтээгдэхүүн гаргах тухайд ирэх оны төсөвт нэг үг, өгүүлбэр ч алга. Өнөөдөр зэс хайлуулдаг “Эрдэнэ”, “Ачит эх” гэсэн хоёр жижиг үйлдвэр байдаг ч үйлдвэрлэл нь зэсийн нөөцтэй харьцуулахад арван хувьд нь ч хүрдэггүй байна. Одоогоор зэсээ баяжуулж гаргаж буй ч зэсээ хайлуулж эцсийн бүтээгдэхүүн болох зэс утас, кабель, хавтан, сэлбэг, эд анги болгож гаргавал илүү өгөөжтэй.
Манай улс дээрхи хоёр үйлдвэрийн хүчин чадлаар тооцвол 12 мянган тонн зэс хайлуулж цэвэршүүлэх боломжтой байна. “Эрдэнэ” нь 20, “Ачит эх” нь арав орчим жил ажиллаж байгаа туршлагатай. Гэхдээ 12 мянган тонн манайдаа бага мэт боловч бусад улстай харьцуулахад 30 дугаарт жагсдаг байна. Харин нийт нөөцтэй харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Цаашид төрөөс зэс хайлуулах төслийг эрчимтэй дэмжих шаардлага бий. Зэсийн ордыг олборлож баяжуулахаас илүүтэй зэсээ хайлуулж нэмүү өртөг шингээсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж хөгжлийн дараагийн шатанд хүргэнэ хэмээн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан ч бодит байдалд дэмжлэг огт алга гэж хувийн хэвшлийнхэн ярьж байна. 2022 оны төсөвт Сайншандын нефть боловсруулах үйлдвэрт хэдэн төгрөг төсөвлөжээ. Гэхдээ тус үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа ч түүхий эдээ 700 км-ээс татах болохоор өртөг өндөр түлш гарна. Тиймээс энэ үйлдвэр жигд тогтвортой ажиллах гэсээр 2030 онтой золгоно. Тэр үед дэлхий нийтээр ногоон эко түлш хэрэглэх болохоор шатахууны хэрэглээ үгүй болно. Харин зэсийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэж цахилгаан автомашины хэрэглээ ирээдүйд эрэлт улам нэмэгдэнэ. Тиймээс жил, жилийн төсөвт зэс хайлуулах үйлдвэрээ дэмжиж хэдэн төгрөг төсөвлөх нь ирээдүйтэй л баймаар юм гэж эдийн засагч Ч.Отгочулуу хэлсэн юм.
Зэсийн хэрэглээ өндөр байгааг хойд хөрш мэдэрч боломжийг алдалгүй зэсээ утсаар нь гаргах чиглэлд хандсан байна. Зэсийн хэрэглээ ирэх 30 жилдээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Ирээдүйд цахим шилжилт, цахилгаан автомашин үйлдвэрлэл зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болно. Тэгэхээр автомашины салбарт томоохон хувьсгал болох тухай ч хэлсээр.
Монгол Улс зэсийн хүдрийн 11.4 сая тонн, металаар 49.5 сая тонн зэсийн нөөцтэй. Зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 530 орчим тэрбум ам.долларын үнэ цэнтэй гэсэн үг. Одоогоор “Эрдэнэт”,“Оюу толгой” ордыг ашиглаж байгаа бол дараагийн ээлжинд “Цагаан суварга”-ын ордыг ашиглахаар төлөвлөж байна. Уул уурхайн салбараас төсөвт орж ирж байгаа татварын орлогын дийлэнхийг зэсийн орлого эзэлж байна. Зэсийн ханшийн өсөлтөөс шалтгаалж “Оюу толгой” компанийн зэсийн орлого 1.95 пунктээр нэмэгдэхэд манай төсөвт ирэх татвар 81 пунктээр нэмэгддэг аж. “Эрдэнэт” үйлдвэр цар тахлын хүнд үед иргэд, албан байгууллагын цахилгааны төлбөрийг хөнгөлсөн нь мөн л зэсийн ханшийн зөрүүгээр төлөгдөж байх жишээтэй. Түүнчлэн зэсийн үнийн өсөлт богино хугацаанд биш урт хугацаандаа өсөлт хэвээр үргэлжлэх таваарын зах зээлийн цикл эринд ирээд байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Ер нь аж үйлдвэрлэл сэргэсэн 120 орчим жилийн хугацаанд супер цикл буюу зэсийн ханшийн өсөлт дөрвөн удаа тохиож байсан байна. Хамгийн сүүлд 2000, 2010 онд тус тус тохиож байснаас харвал энэ цикл арван жилийн мөчлөгтэй байгаа юм. 2011 онд зэсийн үнийн өсөлтөөр манай эдийн засаг 17 хувиар өсөж байсан.
Тэгвэл 2021-2031 онд мөн хоёр оронтой тоонд хүрч өсөх магадлалтай аж. 2011 онд зэсийн үнэ 4.5 ам долларт хүрч байсан бол энэ жилийн тухайд 9.5-10 ам долларт хүрээд байгаа юм. Ингэснээр ирэх арван жилд зэсийн хэрэглээ хоёр дахин өсөх хандлагатай байгааг зэсийн шинжээчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүч, цахилгаанжуулалт болон хабрид авто машин, хотжуулалт, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан тасралтгүй өсөхөөр байгааг илүүтэй онцолж буй. Хэдийгээр цар тахлаас шалтгаалан зэсийн экспортын биет хэмжээ нэмэгдээгүй ч ханшийн өсөлтөөс энэ оны төсвийн орлого нэмэгдсэнг Үндэсний статистикийн газраас мэдээлсэн.
Зэсийн ханшийг дагаад шар металл болон төмрийн хүдрийн үнэ өссөн. Тэгэхээр зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх суурь шалтгаан нь цахим хувьсал, ногоон эдийн засгийн хөгжил болж байна.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)