Нэмэлт тун вакцин бол цар тахлаас хамгаалах “гол зэвсэг”
- 2021-11-19
- Топ сэдэв
- 0
COVID-19 цар тахлаар дэлхийн 224 орны 255.6 сая хүн халдварлаж, 5.1 сая хүн амиа алджээ. Үүнээс 231 сая нь эдгэрсэн байна. Тив, бүс нутаг, хил хязгаар, хэл, соёл үл харгалзан тархаж буй энэ цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ хамтдаа тэмцэх нь хамгийн зөв, оновчтой шийдэл гэдгийг ДЭМБ онцолж байна. Тодруулбал, дэлхийн зорилтот бүлгийн бүх хүн ам вакциндаа хамрагдсан цагт цар тахал арилна гэдгийг ДЭМБ мэдээллээ. Тиймээс иргэдээ хоёр тун вакциндаа хамруулсан улс орнууд дараагийн шатны арга хэмжээ болох нэмэлт тунг нэвтрүүлсэн бол буурай орнууд вакцинжуулалтад хөрөнгө мөнгө, хүч чадлаа зарцуулж байна. Вакцины үр нөлөөгөөр халдвар буурч, ихэнх орон хэвийн амьдралдаа шилжсэнтэй холбогдуулан нэмэлт тун вакцины үр нөлөөний талаар тоймлон хүргэе. “Our world in data” сайтад бичсэнээр COVID-19 халдварын эсрэг нэмэлт тун вакцинд АНУ-ын 30 гаруй сая, Английн 13 сая, Оросын 2.4 сая иргэн хамрагджээ.
АНУ-ЫН 30 ГАРУЙ САЯ ИРГЭН НЭМЭЛТ ТУНГАА ТАРИУЛЖЭЭ
АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) коронавирусын эсрэг Pfizer болон Moderna вакцинд хамрагдсан 65 болон түүнээс дээш насны ахмадууд, архаг болон суурь өвчтэй иргэд, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсийг нэмэлт тундаа хамрагдахыг өнгөрсөн сарын 21-нд зөвлөсөн. Мөн нэг тунт Johnson and Johnson вакциныг тариулаад хоёроос дээш сар болсон 18 ба түүнээс дээш насныхныг нэмэлт тундаа хамрагдахыг санал болгов.
Тэгвэл пүрэв гарагийн байдлаар тус улсын 30 гаруй сая иргэн буюу найман хүн тутмын нэг нь нэмэлт тун вакцинаа хийлгэжээ. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тэргүүлж байна. Одоогоор тус улсад нэмэлт тундаа хамрагдах боломжтой 181 сая гаруй иргэн байгаа юм.
Бүрэн тун вакцин хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь халдвар авсан ч хөнгөн тусч, зарим нь шинж тэмдэггүйгээр өвчлөөд эдгэрчээ. Гэвч вакцингүй хүмүүс халдварыг үргэлжлүүлэн тараасаар байхын сацуу вакцины хамгаалах чадвар өдрөөс өдөрт буурсаар байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс нэмэлт тун нь халдвараас сэргийлэх эсрэг биетийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
АНУ-д хийсэн судалгаагаар бүрэн тундаа хамрагдаад зургаан сар болсны дараагаар вакцины хамгаалах чадвар 88 хувиас 48 болж буурчээ. Гэхдээ нас баралтаас урьдчилан сэргийлэх чадвар нь хэвээр байгааг онцлов.
Энэ талаар Файнбергийн анагаах ухааны сургуулийн туслах профессор Доктор Садияа Хан “Вакцины нэмэлт тунд хамрагдсанаар сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин коронавирусын халдвар авах эрсдэлээс сэргийлнэ. Өвлийн амралтаараа болон бусад үед хүмүүстэй харилцаж, хэвийн амьдралдаа шилжихийг хүсч байгаа бол нэмэлт тундаа зайлшгүй хамрагдах хэрэгтэй. Цар тахалгүй дэлхийд удаан амьдрахыг хүсэхгүй байгаа бол нэмэлт тундаа хурдан хамрагдах нь чухал” гэв.
ИЗРАЙЛЬ 5-11 НАСТНУУДАА III ТУНД ХАМРУУЛСАН АНХНЫ УЛС БОЛЛОО
Израйль улсад дөрвөн сая гаруй хүн буюу 100 хүн тутмын 43 нь нэмэлт тундаа хамрагджээ. Израйль 5-11 настнуудаа энэ сарын 11-нээс нэмэлт тунд хамруулахаа зарласнаар хүүхдүүдийг гуравдугаар тунд хамруулж эхэлсэн дэлхийн анхны улс боллоо. Тус улс сургуулиудаа нээж, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг нь энэ юм. Тус улс наймдугаар сараас 12-оос дээш насны бүх хүмүүсийг нэмэлт тундаа хамрагдахыг Засгийн газраас зөвлөсөн юм. Энэ талаар Израйлийн шилдэг анагаах ухааны шинжээч Габриел Барбаш “Нэмэлт тун вакцин Израйлийг аварсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэмэлт тун халдвараас сэргийлэх хүчирхэг хэрэгсэл юм. Дархлаа буурч байгаа үед бид сэрэмжтэй, эрсдэлд бэлэн байх хэрэгтэй. Амьдрал буцаад хэвийн үргэлжилж байна. Гэхдээ өмнөхөөс арай ялгаатай нь бид маскаа тайлж болохгүй. Ялангуяа дотор, хаалттай орчинд зайлшгүй маскаа зүүх хэрэгтэй” гэж ярилаа.
Хамгийн эхэнд буюу энэ оны зургадугаар сард хөл хориогоо цуцалж, хэвийн амьдралдаа шилжсэн ч Израйльд долдугаар сараас дельта хувилбар тархан есдүгээр сарын дундуур оргилдоо хүрсэн юм. Энэ үеэр эмнэлгүүд маш олон хүндэрсэн өвчтөн хүлээж авсны ихэнх нь вакциндаа хамрагдаагүй хүүхдүүд байсан юм.
Израйлийн цар тахал хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Салман Зарка “Израйль болон бусад орнуудын хувьд вакцин “гол зэвсэг” байсан. Гэвч дельта хувилбарын тархалт эхлэх үеэр хоёр тун вакцин халдвараас бүрэн хамгаалж чадахгүй бид ухаарсан. Тиймээс маш хурдан нэмэлт тунд иргэдээ хамруулах шийдвэр гаргасан. Ингэхдээ зургаан сарын дараагаар дархлаа буурч байна гэсэн судалгаанд үндэслэн ахмад настнууд эрсдэл өндөртэйг ойлгосон. Тиймээс 2020 оны арванхоёрдугаар сард вакциндаа хамрагдсан хүмүүсийн эхний бүлэг долдугаар сард нэмэлт тундаа хамрагдах боломжтой болсон” гэв.
Израйль улс бүрэн тун вакциндаа хамрагдаад 4-6 сар болсон 4.8 сая насанд хүрсэн хүмүүсийн халдвар авч байгаа үзүүлэлтийг өнгөрсөн сард судалжээ. Ингэхэд вакциндаа хамрагдаад зургаан сар болсон 1000 хүн тутмын гурав, дөрвөн сар болсон 1000 хүн тутмын нэг нь халдвар авчээ. Энэ тухай Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, доктор Фрэнсии Коллинз “Сүүлийн саруудад дельта хувилбар халдварын тархалтыг нэмэгдүүлээд зогсохгүй дархлаа сулрахад нөлөөлж байна” гэж ярьжээ.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)