Достоевскийгоос олох ухаарал
- 2021-11-20
- Нийтлэл
- 1
Дэлхий даяар л Фёдор Михайлович Достоевскийн (1821-1881) мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэж байна. Достоевскийн амьдрал уран бүтээлд залуусын анхаарал хандуулах, хүсэл сонирхлыг төрүүлэх үүднээс амьдрал, бүтээлээс нь сэтгэлд хоногшин үлдсэн зарим нэгэн санаа бодлоо хуваалцъя.
Би атеист буюу шашингүйн үзэлтэн. Миний хувьд бурхантай харилцах нь хаа нэг маанийн зургаан үсэг хэлэх, Цагаан сараар ном уншуулахаас хэтэрдэггүй. Миний ертөнцийг үзэх үзэл төлөвшиж байх үед шашин шүтлэг хаалттай, "шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи", Монгол даяар 800 гаруй сүм хийдэд жинхэнэ бүтээж, зүтгэж байх ёстой эрчүүдийг шавилан суулгаж, үйлдвэрлэх хүчний талаас илүүг нь номхруулан доройтуулсан гэсэн төр засгийн албан ёсны байр суурь, түүнийг хэрэгжүүлэх ухуулга, үзэл суртлын компани ноёрхож байсан юм.
Хэдий Ерөнхий боловсролын сургуульд Достоевскийн зохиолыг заадаг, эх зохиолыг нь уншдаг байсан ч хөрөнгөтний нийгэм ямар бузар булай, хүнийг өөрийн эрхгүй муу муухайд хөтөлдөг талаас нь унших ёстойгоор "чиглүүлдэг" байж. Тиймээс ч би Достоевскийн зохиолын үндсэн нэг сэдэв болох Бурхан, шашин шүтлэг, цаашилбал итгэл үнэмшлийн асуудлыг нэлээн хожуу сонирхож эхэлсэн хүн. Миний хувьд немецийн их гүн ухаантан Ф.Нитцшег нэлээн сонирхдог, ялангуяа түүний “Заратустра” дахь "Бурхан үхсэн" гэдгийн тайлбарыг ухаж ойлгох гэж оролддог. Ф.Нитцше Достоевскийд ихэд хүндэтгэлтэй ханддаг, үнэлдэг, зохиол бүтээлийг нь өөрт нь нөлөөлсөн гэж үздэг байсан хүн л дээ.
Бурхан гэж байх ёстой, түүнд итгэж шүтэж бай, эс бөгөөс ямар нэгэн ёс суртахууны хязгаар, ах зах, айж ичихийн хэм хэмжээ үгүй болж, хөл толгой нь олдохгүй дураар дургиж, дээдэс нь суудлаа, доодос нь гүйдлээ олохоо байж, дэг журам, жудаг алдагдаж хорвоо ертөнц дэх бидний амьдрал хөмрөгдөж, цөвүүн цаг бүрмөсөн ноёрхоно гэж Достоевский үзэж байсан юм. Яг энэ өнцгөөсөө сүсэг бишрэлийн ач тусыг (хувь хүнд ч тэр, нийгэмд ч тэр) илэрхийлсэн нэгэн. Энэ санаа нь "Ах дүү Карамазовынхон" зохиолд нь их тод илэрдэг. "Бурхан үхсэн"-одоо чамайг барьж хязгаарлах зүйл үгүй болсон тул тун болгоомжтой байхгүй бол аюултайг Ф.Нитцше зарлан тунхаглахаас өмнө Достоевский сануулж байсан. Тэр энэ зохиолдоо ч бурхан буй эсэхийг маш хүчтэй хөндсөн байдаг. Хэрвээ бурхан буйг хүлээн зөвшөөрөхийн тулд гэмгүй, нялх үр хүүхэд, багачууд "доголон нулимстай" зовох ёстой бол "бурхан үгүй" юм байна гэхээс өөр аргагүй. Аливаа дааж давагдахын аргагүй зовлонгоос ангижран бурхны ивээлд багтахын тулд үр хүүхдийг "доголон нулимстай" үлдээх сонголттой нүүр тулсан нөхцөлд чи хэн бэ гэдэг нь илрэх юм шүү.
Энэ зохиолд гарч буй Алешагийн дүр тун сонирхолтой. Өмнөх үеэ үгүйсгэж, өвөг дээдсээ нулимж, хөгшчүүлээ хөөж тууж, ямар ч үүрэг, хариуцлага хүлээхгүй хөнгөн амьдрахыг илүүд үзсэн залуу үеийнхэн ба энэрэл хайр түгээж, сэтгэлийн асар их тэнхээ гаргаж, эр зоригтой аж төрж, өдөр тутмын чимхлүүр үүргээ сүржигнэхгүй, дуулиан шуугиангүй гүйцэтгэж яваа залуусын дүр төрхөөс хэн нь чиний сэтгэл зүрх, үнэт зүйлсэд ойрхон байгааг эргэцүүлж бодоорой.
Достоевский итгэл үнэмшилдээ үнэнч байх, эрх чөлөөг эрхэмлэх нь санаж бодсоноос тийм ч амархан зүйл биш гэдгийг хөндөж, дотоод зөрчил, тэмцэл шаардсан сонголтын өмнө биднийг аваачдаг. Жишээ нь, дээрх зохиолд гардаг "Их инквизитор" домогт сүм хийдийг хамгийн хүмүүнлэг институт хэмээгээд “Энд л хүн сэтгэл уужран тайвширч, амьдралын турш үүрч явдаг эрх чөлөөний (байнга сонголт хийх) хүнд ачаанаас сална” гэж тодотгодог. Ингэж төсөөлөхийн зэрэгцээ эргээд амилсан Христийг баривчлан хорих нь хүртэл сүм хийдийн хувьд хүнлэг, хүмүүнлэг үйл гэж өргөмжилсөн нь эрхгүй анхаарал татна.
Яагаад ч юм “Революция, как бог Сатурн пожирает своих детей” гэсэн үг санаанд тод байдаг. Францын агуу их хувьсгалын үеэр гарсан үг л дээ. Пьер Верньо-гийн хэлсэн бас нэг үг бий. “Бид өвдөг сөгдсөн учраас агуу хүмүүс агуу санагдаад байгаа юм” гэсэн утгатай. Бид өөрсдөө л Бурхан бүтээгээд байгаа шүү дээ. Христийг даган бишир гэдэг нь оюун санааны адал явдал бүхий уртын урт аянд дуудсан урилга. Толгойгоо гашилгахаа хэн нэгэнд (энэ нөхцөлд Христос) даатгаад өөрөө оюун санааны хувьд дэмийрээд гиюүрэхийг Достоевский хэлээгүй юм шүү.
Достоевскийн зохиолд өршөөл, энэрэл, хайрын сэдэв онцгой байр суурь эзэлдэг. Сайн муу нийлж сав дүүрдэг. Гэгээрэлд хүрэх хүсэл мөрөөдлийн зэрэгцээ хамгийн адгийн зан чанар ч хүнд агуулагдаж байдаг. Рационал биш сэтгэлгээ, үйлдэл, донтолт (Достоевский мөрийтэй тоглоомд донтсон нэгэн байсан), өөрийгөө болон өрөөл бусдыг шаналган зовоох, харгис хэрцгий зан гаргах, хүчирхийлэл үйлдэх, уур хилэндээ хөтлөгдөх зэрэг муу, хав харанхуй, мунхаг тал нь хүний мөн чанарт байж л байгаа. Тиймээс ч тэр "Би өвчтэй хүн... Би хорон муу хүн" гэж хэлсэн болов уу.
Тэрхүү "өвчтэй ... хорон муу хүнийг" яах ёстой вэ? Достоевскийн өгч буй нэг хариулт нь өрөвдөн хайрлах. Өрөвдөн хайрлахаас өөр аргагүй үе байдаг. “Ах дүү Карамазовынхон” зохиол дотор "Их инквизитор"-ын тухай домог гардаг юм. Зовж зүдэрч шаналсан ахдаа үнсүүлэхээр хацраа тавьж өгч буй Алешагийн дүр Христосын үйлдлийг сануулдаг. Хайртай эрхэм хүндээ алдаж буйг нь ойлгуулахын төлөө, асуудлын учир начрыг тайлбарлахын тулд үйл хөдлөлийг нь өөрчлөх гэж хичээж буй бидний яриа, ятгалгаа, тайлбарлан учирлах, гуйж гувших нь заримдаа огт үр дүнгүй, юу ч хэлээд яриад хэрэггүй, ёстой нөгөө илжигний чихэнд элдэв юм хийсэн ч ялгаагүй мэт үе ирдэг. Энэ нөхцөлд хайртай, эрхэм хүнийхээ сайн, зөв, гэгээлэг бүхнийг бодон дурсаж ойр, хамт байх ч юм уу эсвэл "хацраа үнсүүлэх гэж тавьж өгөөд" тэднээс татгалзахаас өөр аргагүй. Энэ нөхцөлд хэн нь илүү их сэтгэлийн тэнхээ эр зориг гаргаж байгаа вэ? Өршөөж байгаа нь уу, өршөөлгөж байгаа нь уу? Энэ сэдвийг тойрсон түмэн зангилаа асуудал байгаа, уран зохиолын хувьд шавхагдашгүй сэдэв л дээ.
Чин сүсэглэж итгэж байсандаа эргэлзэх, итгэл алдрах цаг ирдэг ч айх зүйл биш ээ. Тиймээс сүсэглэн бишрэх, итгэлтэй явах нь таны оюун ухаан, сэтгэн бодохыг боож хязгаарлаж байгаа хэрэг огт биш. Достоевский "Би нялх хүүхэд шиг Христэд итгэн мухраар сүсэглэн дагадаг нэгэн биш ээ. Эргэлзэж шаналахын зовлонг бүрэн туулж өдий зэрэгт хүрсэн хүн" гэсэн байдаг юм. Тиймээс амьдралаас урган гарч буй хүнд хэцүү, төвөгтэй асуудлаас сүсэгтэн нэгэн айж эмээх ёсгүй, харин ч тийм асуудал, хүнд хэцүү сонголтууд таныг хурцлан, сүсэг бишрэл итгэл үнэмшлийг чинь илүү ихээр бататгаж өгнө.
Тамд хүрэх зам хамгийн ариун сайхан, сайн санаагаар хучигдсан байдаг. Ариун үйл, шүтэн барилдлага, үзэсгэлэнт зохицолдоон, эв эе, хөгжил дэвшлийн бэлгэдэл бүхий “Зааны ясан” орд харшийг хэн нэг нь байгуулдаг юм бол атаат нэгний гар хөл болсон үгээгүй хоосон, гуйлгачин доодос “энэ юу юм бэ, юу ч биш” гэж үл тоомсорлож, “Муусайн баячууд гайхуулан цамнаж, биднийг дээрэлхэж байна” хэмээн дургүйцэн эсэргүүцэж, улмаар солиорон улангасан дайрч давшилна. Бүтээсэн түүнийг мөшгөн муулж, хорлон, алхам тутамд нь гай тарьж эцсийн эцэст “Зааны ясан ордон”- г нурааж байж л санаа нь амарна.
"Зааны ясан ордон тус болохоосоо ус болох нь их, өөрөөр хэлбэл таны сайн санаж эхлүүлсэн үүсгэл санаачлага, Прометей мэт авчирч өгсөн “гал”-ыг арчлаад цааш нь аваад явж чадахгүй хүмүүст “саванд нь тохируулан дүүргэж байх” ёстойг Будда ч анхааруулсан байдаг даа. Прометейн авчирсан гал нь аугаа их technological transfer юм шүү гэдгийг ухаарсан хүмүүс нийгмийг авч явдаг. Ерэн оны хувьсгалаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нам засгаас айж, бусдаас ичилгүй шашин шүтлэгээ дээдлэх, мэдлэг чадвартай зөв хүмүүсээ сонгож улс орноо удирдуулах, өмч хөрөнгөтэй байх, түүнийгээ өсгөн үржүүлэх бүрэн эрхийг авчраад өгчихсөн байхад цааш нь төгөлдөржүүлээд хөгжүүлээд аваад явж чадахгүй байгаа, боолын сэтгэлгээ, айдас хүйдсээ үзэн ядалт, ангилан ялгаварлах, аймаглан устгах популизмаар өнгөлөн далдалсан хүмүүсийг эрх чөлөөт тусгаар улсын бүрэн эрхт иргэн болгон төлөвшүүлэх амаргүй арга замыг Ф.Достоевскийн зохиолоос хайж болно.
Ф.Нитцше-гийн "Бурхан үхсэн" нь үнэн юм бол хөгжлийн цоо шинэ парадигмд тулгуурласан нийгэм байгуулах, цоо шинэ хүн буюу "советский человек"-ийг бүрдүүлэх төрөл бүрийн оролдлого, туршилт хийгдсэн байдаг л даа, олон улс оронд. Бүгд л бүтэлгүйтсэн. Буруу аргаар сайн юм бүтээх эсэх олон зуун жилийн мэтгэлцээн одоо ч дуусаагүй байна. Гэрэлт ирээдүйг цуст гараар бүтээх үү, ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэн байж шинэ хүн бүрэлдүүлэх үү? Бохир бузар аргаар төрийн эрхийг авч, авсан хойноо “Одоо л зөв шударга, зарчимтайгаар улс орноо удирдана даа” гэсэн хаад ноёд улс ардаа яаж сүйтгэж байлаа даа.
Раскольников өөрийгөө супер хүн гэж ойлгон мораль, ёс суртахууны нийгэмд тогтсон хэм хэмжээг үгүйсгэн, “Хууль надад үйлчлэх ёсгүй. Учир нь би бусдаас онцгой хүн. Бусдын хувь заяаг шийдэх эрх надад заяагдсан. Гэтэл би хоосон тарчиг амьдарч байна. Энэ бүхэнд бусад л (ростовщик эмгэн) буруутай” гэж байгаад хүн алсан. Зохиолын баатар сэтгэл санааны гүнзгий хямралд орж эцсийн эцэст өөрийгөө илчлэн шоронд хоригддог. Гэтэл гэмээ ухаарахгүй, эрлэгийн хаантай учирдаг нь хэд билээ?
Достоевский там бий хэмээн бичсэн ч шууд биет утгаар нь хэлээгүй. "Бусдыг хайрлах чадваргүй нэгний шаналан тамлагдахыг" л там гэсэн байдаг. Чи энэ насандаа яаж ч өвчигнөсөн тамд очно, эсвэл энэ насандаа тарьсан үйлийн үрээ дараа амьдралдаа эдэлнэ гээд хойш тавих уу? Достоевскийнхоор бол там гэдэг энэ насандаа сэтгэл санаа, сэтгэл мэдрэлийн хувьд эдлэх зовлон тарчлаанаар эхэлдэг. Бүр тодруулж хэлбэл, оюун санааны шийтгэл юм.
Зосима санваартан хайр сэтгэлийг "амьдрал дээр тун ч аймаар, хахир хатуу юм шүү" гэж хэлдэг. Амьдрал хайр дээр тогтдог бол тэр хайр гэдэг нь өөрөө туйлын эмзэг, ихэнх тохиолдолд хэсэг хугацааны дараа унтран бөхдөг, харгис хэрцгий үйлдлээр дамжин илэрдэг, хоромхон зуур үзэн ядалт болон хувирдаг хачин үзэгдэл юм. Ийм хачин юман дээр тогтдог амьдрал гэж юу байх вэ дээ. Тийм бол яаж амьдрах ёстой юм бэ? Хариулахад амаргүй ийм асуултуудыг Достоевский байнга тавьдаг. Тэгэхээр энэ бүхний нэг шийдэл нь хорвоогийн жаргал зовлонг тоо ёсоор нь эдэл, хариуцлагаас мултрах гэж бүү оролд гэсэн санаа байж болох юм.
Зосима бас ингэж хэлдэг. “Бусдын нүглийг чи үүрээд үз... бусдын өмнөөс болон бусдын төлөө бүх нүглийг чи үүрэх ёстой. Учир нь чи л буруутай. Залхуу арчаагүй, хэнэггүй байснаараа чи чөтгөрийн боол зарц болсон түүний талд бурхны эсрэг үйлчилж байгаа шүү дээ” гэж хэлдэг. Хэрвээ буяны талд биш л бол нүглийн талд, хэрвээ гэрэл гэгээрлийн талд биш бол харанхуй мунхаг, сүүдрийн талд үйлчилж байгаа гэсэн санаа л даа. “Эргэн тойронд болохгүй бүтэхгүй байгаа түмэн юмны учир шалтгаан нь би биш байгаа” гэж бодсон удаа танд бий юү. Бурууд хатуу байж чадахгүй эвлэрч, дуу чимээгүй, биеэ оторлон аж төрж, бурууг дандаа бусдаас хайдаг арчаагүй байсны минь үр дүнд нийгэм ийм бохир болчихжээ гэж ухаарч сэхээрч яваа нь бидний дунд хэд бол.
Ингээд бодохоор зүсэн зүйлийн хамаг амьтны тусын тулд амьдармаар. Хэдхэн мянган жилийн өмнө амьтны ертөнц дотор та бид өчүүхэн нэгэн байсан. “Бутанд нуугдсан туулай” шиг юм бүхнээс айж нуугдаж амь зууж байсан билээ. Тэр үед амьтай бүхэн бүгд л байгалын, хувьслын хатуу хуулинд захирагдсан “Ахан дүүс” байсан. Харин өнөөдөр Хүн гэдэг амьтан төрөл арилжиж, зүсэн зүйлийн хамаг амьтан танихын аргагүй байгаль дэлхий, тэр ч байтугай сансрын уудмыг эзэгнэсэн нэгэн болж. АНТРОПОЦЕН үе эхэлжээ. Гэсэн хэдий ч бид “Ахан дүүсээсээ” хэр холдсон юм бэ дээ? Бодит үнэн гэвэл нэг их холдоогүй. Бид (хүн гэдэг амьтан) биеэ тоож, онгирч “өчүүхэн амжилтандаа сагсуурч, "ахан дүүс"-ээ үл тоомсорлоод яваад байж болно гэж ойлгож аж төрсөөр ирсэн. Харамсалтай нь энэ бүхэн маань эндүүрэл байжээ. Тиймээс хүрээлэн буй орчиндоо, зүсэн зүйлийн хамаг амьтны аймгаа хүндлэн хандаж, сав шим ертөнцдөө зохицон амьдрах ёстойг Достоевский Зосимагаар дамжуулан бидэнд захисан гэж би ойлгодог.
Гэхдээ энэ бүхнийг тунгаан бодох, ухааран ойлгох нь хэд билээ? Цаг уурын өөрчлөлтийн талаар гарамгай шийдвэр гаргах гээд СОР 26-д цугласан хэд чухам юу шийдэв? Достоевскийн үзэж буйгаар "Суут ухаан, халуун зүрх сэтгэлтэй хүн хамгийн их шаналж зовдог". Будда, Христос зэрэг аугаа хүмүүс бусдын гаргаж буй шударга бус үйлдэл, харилцаа, үйлдэж буй нүгэл бүхнийг өөрийн биеэр мэдэрч, зовж шаналж, зөв замд оруулах гэж үлгэрлэн уриалж ирсэн. Ер нь аливаа нийгмийн хамгийн агуу хүмүүс хамгийн их зовлон үүрдэг. Бусдыг зовлонгоос гэтэлгэх арга замыг өөр өөрийнхөөрөө цаг үед нь тохируулан санал болгож учирлан тайлбарласаар ирсэн. Достоевский ч мөн өөрийнхөө шийдлийг "Солиот" зохиолдоо "Красота спасет мир" буюу гоо сайхан хорвоог аварна гэсэн томьёоллоор илэрхийлсэн юм. Энэ томьёолол ихийг бодогдуулах учиртай. Үнэндээ өнөөгийн нийгэмд чухам хэн нь үнэн зөвийг хэлээд байгаа, аль нь дагах ёстой шийдэл бодлого болохыг таних, ухааран ойлгох тун ч амаргүй. Энэ нөхцөлд хэн ч хараад хүлээн зөвшөөрч, даган баясах зүйл нь хорвоогийн гоо сайхан буюу таны сэтгэл, дотоод ертөнцөд буй тэр зүйл билээ. Гоо сайхан ч гэсэн харьцангуй ойлголт гэж хэлэх нэгэн бий. Яг энэ агшинд Д.Нямсүрэн найрагчийн нэг шүлэг санаанд орж байна.
Үе үе бороо амсхийх сайхан
Өлгөсөн цувнаас ус дусах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхан -ыг мэдэрсэн хүн
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан гэж хэлэхээс өөр яахав дээ.
Хаана гоо сайхан оршино, тэнд л чин үнэн, сайн зүйлс дэлгэрч байгаа. Сониуч зан, өчүүхэн жижиг ч гэсэн аливаа юмнаас таашаал хүртэж, сэтгэлийн ханамж авах чадвар хэн бүхэнд заяагдмал гэж би боддог. Харин тэр чадвараа илрүүлэн бүрэн дүүрэн ашиглаж сурах л хэцүү. Хэцүү хэдий ч зайлшгүй санаж бодож, хүсэж байх учиртай.
Д.Рамсфельд ухаант хүний шинжийг "мэдэхгүйгээ мэдэж байх, мэдэхгүйгээ мэдэхгүй байгаагаа мэдэж байх" гэж хэлсэн байдаг. Энэ үгийн энгийн тайлбарыг Достоевский бичээд үлдээчихсэн байдаг. “Өөрийн тэнэгийг сард нэг удаа ч гэсэн хэлдэг, хүлээн зөвшөөрдөг нэгэн л хамгийн ухаантай" гээд. Учир нь, бүх асуултын хариултыг мэддэг юм шиг загнаж, өөрийгөө бусдаас ухаантай мэтээр ойлгож ихэрхэж явсан нэгэн унадаг. Эгэл даруухан оршиж, бусдыг хүндлэн үгийг нь сонсох чадварын тухай, үхэл хол биш, байнга чамайг дагасаар явдаг талаар, энэ хорвоод хэдхэн арван жилээр “уригдан ирсэн” хэрнээ мөнх мэтээр аашилж, өгөөмөр сэтгэл гарган амьдарч чаддаггүй гашуун үнэний тухай, амьдралын цаг мөч бүр ямар их үнэ цэнэтэй тухай, ийм үнэ цэнэтэй цаг хугацаагаа дэмий үрэхгүй байх учир утгын тухай Достоевский цаазлуулах гээд (цаазын ял уншаад дараа нь өршөөгдөж цөлөгдсөн) хүлээж байхдаа ухаарсан юм. Энэ тухай "Солиот" зохиолдоо их тод илэрхийлсэн.
“Хүний биеийг олж төрөх, амьд явах, утга учиртай амьд явах хичнээн үнэ цэнэтэй болохыг дэндүү хожуу ухаардаг хорвоо гэж үү? Хүн гэж чухам юу вэ? энэ нууцыг тайлж чадвал би өөрөө хүн болно" гэж 18 настай Федор Достоевский ахдаа бичиж байжээ. Түүний уран бүтээлийн "Улаан шугам нь" ердөө л энэ. Хүний мөн чанар, түүнд агуулагдсан сайн муу, эр зориг ба үхээнц дорой, аймхай хулчгар байдал, нээлттэй өгөөмөр хайр сэтгэл ба хорон муу санаа, атаархал хорслын зөрчилдөөн, эсрэг тэсрэгийн тэмцлийг илэрхийлсэн зохиолууд нь түүний уран бүтээлийн жанжин шугам юм. Хүний дотоод ертөнц рүү хичнээн их өндийсөн ч гэсэн хүн гэдэг амьтны нууцыг одоог хүртэл нээж чадаагүй л байна. Тиймээс залуус минь агуу их зохиолч Ф.Достоевскийн хөндсөн асуудал, сэдэв болгоныг тунгаан, түүний мөрөөдөл болох хүний “нууцыг” тайлах гэсэн их аянд мордоцгоогоорой.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
Сэтгэгдэл (1)
William (129.205.124.89)
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]