Нүүдэлчдийн ахуй, оршил, ухамсрын өвөрмөц онцлог

Бэлчээр даган нүүдэллэх аргаар мал аж ахуй эрхлэх болсон нь Монголчуудыг суурин аж төрдөг иргэдээс нэн өөр болгон ондоосгожээ. Нэгэн газар суурин аж төрж, газар тариалан эрхлэн амьдрах нь хүмүүсийн хувь заяаг нэгэн цэгийн нөхцөл ба хүчин зүйлүүдтэй салшгүй холбож эсвээс тэр цэг дээр сэхэх, дэгжих, эсвээс мөнхүү цэг дээр үхэх, сүйрэхэд хүргэдэг байна. Энэ бол суурин аж төрөх ёсны нэгэн өрөөсгөл хамаарал, сул, эмзэг тал мөн болно. Тариачин хүн орон байр ба эзэмшил газраасаа салбал сөнөлөө л гэсэн үг. Орон байр нь үл хөдлөх хөрөнгө, эрхэлдэг үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл ч үл хөдлөх хөрөнгө юм. Иймийн учир тариачдын амьдралын бүхий л тал, хэсэг нь газартай холбоотой, уг газарт хадагдмал байдаг онцлогтой. Суурин иргэдийн хувьд төр, нийгэмийн зохион байгуулалт, захиргаа, цэргийн зохион байгуулалт ч гэсэн тодорхой хэмжээний газар нутагт харгалзаж буй болдог. Оноосон нэр ус бүхий тосгоны дарга, тосгоны оршин суугч, тосгоны эзэмшил газар, тухайн тосгоныхны хувь заяа.... гэж л ярих болдог. Мөнхүү тосгоны нутаг дэвсгэрээс гадна, түүнээс хол, ангид шилжиж явах, хэвийн амьдрах бололцоо тариачдад үгүй байна. Үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх үйлдвэрлэл нь мөн л амьдрал, аж байдлын үл хөдлөх хэлбэр, аргыг төрүүлэн гаргаж хэвшүүлдэг ажээ. Тэгвэл нүүдэлчдийн хувьд байдал огт өөр байна. Энэ тухай нилээд дэлгэрэнгүй авч үзье.

Нүүдэлчид, тэр дундаас нүүдэлчин Монголчууд хэдэн мянганыг дамнан амь бөхтэй оршин аж төрсөөр иржээ. Гэхдээ энэ урт хугацааны туршид ёстой “долоо дордож, найм сэхсэн” ажээ. Долоон мянганы тэртээгээс нааш эрхэлж ирсэн аж ахуйгаа ер өөрчилсөнгүй. Мөн нүүдэллэн амьдарч ирсэн унаган газар нутгаа ер орхисонгүй. Өмнөд хилийн цаана мөнхөд зэрэгцэн оршиж байсан суурин амьдралтай, эртний их соёлтой, хэдэн арван саяаар тоологдох хүн амтай Хятад улсын зүгээс байн байн нүүрлэж ирсэн их аюулыг мөн сөрөн зогсож Монголоороо үлдсээр өнөөг хүрчээ. Монголын газар нутаг, хүн ардад заналхийлсэн өөр нэгэн том хүчин гарч ирсэн нь хойд хилийн чанадад буй болсон Орос улс, Их Оросын дээрэнгүй үзэл, түрэмгийлэл байв. Зөвхөн Азидаа төдий биш бүр дэлхий дахинд томдоо орох хоёр их гүрний дунд хавчуулагдан явах хувь тавилан чингэж монголчуудын хувьд мөнхийн заяа төөрөг болон үлджээ.

XIX зууны сүүлчээс эхлэн Европ ба Азид нийгэм-улс төрийн элдэв сургаалууд буй болж, олон-изм төрөн гарсан нь уламжлалт нийгмүүдийг ихэд улс төржүүлжээ. Монголчуудын хоёр том хөрш ч хөдөлж, доргиж эхэлсэн билээ. Хоёр том хөршийн дотоодод болж өнгөрсөн томоохон “салхи, шуурга” бүр бага буурай Монгол оронд шууд шахам нөлөөлж, ул мөрөө үлдээдэг болов. Өмнө Монгол Хятадын харъяат болж, Хойд Монгол Оросын харъяат болчихсон хэдий ч хоёр хөрш маань үүгээр сэтгэл ер цадсангүй. Жижиг буурай Ар Монгол хоёр их хөршөө адилхан хэмжээнд хүндэтгэн үзэж, алинд нь ч ялгаагүй элдвээр тал зассаар ирсэн боловч өнөө хоёрын нь идэх, залгих сэтгэл хэвээрээ байсаар өнөөг хүрчээ. Араатан амьтан цатгалан байхдаа бусад уруу довтолдоггүй бол хүний нийгэм тийм бус ажээ. Том гүрнүүдийн жишээ гэхэд тэд өлсгөлөн байхдаа ч бага буурай оронруу өнгөлздөг, мөн тарган цатгалан байхдаа ч бага буурай оронруу өнгөлздөг байжээ. Чингэж монголчууд эдүүгээ байнгын түгшүүр, завсарлагагүй дарамтын доор орших болов. Хоёр их хөрштэйгээ хилээ арай ядан товлон тогтоох хүртэл хойд хил маань ч урагшилсаар, урд хил маань ч хойшилсоор л байсан билээ...

 

Одоогоос хэдэн зуу, хэдэн мянган жилийн өмнө байдал огт өөр байлаа. Өмнөд хил маань “түмэн газрын Их Цагаан хэрэм”-ээр тэмдэглэгдсэн алсад байж, хойд хил маань үндсэндээ хязгааргүй мэт хол байлаа. Эл уудам орон зай бидний өвөг дээдэст авралыг авч ирж, аюулыг зайлуулж, Алтай, Хангай, Хэнтийгээ, гурван голын саваа, Дорнодын их талаа, Өмнөдийн их элсээ алдсан ч эргээд олох, дайжсан ч буцаад буух, шахагдаад гарсан ч түрээд орж ирэх боломж олгож байсан юм.

Нийт нүүдэлчдийн, тэр дундаас Монголчуудын амь бөхтэй, “долоон голтой” байсны хамгийн гол, үндсэн шалтгаан бол хөдөлгөөнтэй байж чадах үйлдвэрлэл эрхэлж, хөдөлж, шилжиж чадах сууцанд амьдарч, унаа хөсөг нь ургэлж гэрийн хаяанд байсан давуу тал, мөн малчин, анчин, нүүдэлчдийн эрэмгий дайчин чанар, уул ус газар орноо шүтдэг, хайрладаг эх оронч сэтгэлгээ билээ. Богино хугацаанд буулгаад ачаад явчихаж болдог гэр сууц, туугаад хөөгөөд явчихаж болдог мал сүрэг, хүн хүчээ их хурдтайгаар дайжуулж, зугтаалгаж болдог унаа морь, ус хоолгүйгээр хонон өнжин тасралтгүй явж чаддаг тэмээн хөсөг, урт хөлийн мал-эд бүхний ачаар бидний өвөг дээдэс олон олон аюул, сүйрлээс аврагдаж, устаж, сөнөхөөс зайлсхийж чадаж байв. Нүүдэлчдийн довтолгоонийг няцаахад нэн бэрх байсан бол тэднийг хариу довтолж бүрэн устгах нь бүр ч бололцоогүй зүйл байжээ. “Нүүдэлчдийн морин цэрэг маневр сайтай, богино хугацаанд ямраар ч зохион байгуулагдаж чаддаг, нэгдэж цул хүч болох, эсвээс хоромхон зуур хэд тасарч тал талаас бүслэн, ороож довтлох нь нэн аюумшигтайн дээр цэргүүд харвах ба цавчихдаа гарамгай, морьд ба хүн нь цуцахыг мэддэггүй” хэмээн дүрслэн өгүүлсэн нь олонтой тааралддаг билээ.

 

Нүүдэлчид нь тайван цагт тархуу сарниу амьдрах боловч дайн байлдааны цагт цэрэг дайчид нь өмнө нь гарч фронтыг бүрдүүлэх ба гэрээ ачиж, малаа туусан их нүүдэл түүний ар тал болж ойрхон явдаг байв. Дайн, тулаан амжилтгүй болох нь мэдэгдмэгц ар тал нь нүүн зайлах ба цэрэг дайчид нь бүтэн өдрийн турш дайсныг тосон байлдаж элдвээр маневрлан байсаар цаг хожоод ар тал нь ухарч холдмогц шөнөөр тэднийхээ хойноос нэхэн оддог байжээ.

 

Хэдэн өдөрчийн газар зогсолтгүй дайжин одсон цэрэг ба ар талыг нь мөрдөж олох, гүйцэх. эцсийн цохилт өгөх нь бараг боломжгүй зүйл болдог ажээ Тэгээд ч ухарч буй дүр үзүүлж байгаад эргэж цохидог нүүдэлчдийн арга тактикийг сайн мэддэг эсрэг тал нь тэднийг хурдан шуурхай нэхэх, хөөхөөс ямагт бэргэж болгоомжилж ирсэн байна. Суурин иргэд дүрвэн одох боломж ер үгүй бол нүүдэлчид дүрвэлтийн ачаар бүрэн мөхөх аюулаас ямагт аврагдаж иржээ. Тухайн тэр цаг үед наад зах нь явган цэргийн хүчээр нүүдэлчдийг хөөн гүйцэж устгах боломж ер байсангүй. Зугтан, саринаж одсон нүүдэлчид хэдэн жилийн дараа нэгдэж нийлээд сэхэж хүчирхэгжээд уугуул нутаг орноо дахин эзлэн суудаг байжээ. Их Хүннү гүрэн бутран сарних үед дайн дажны хөлөөс зайлсхийж дүрвэсэн олон олон нүүдэлчин аймгууд Европ зүгийнхнийг ч сандчааж, бас Ази дахиныг ч ихэд сандчаасан билээ. Хөнгөн болон хүнд морин цэргийн урагшлуур их хүчийг өмнөө гаргаад шинэ нутаг орныг зорин, эрэлхийлэн яваа нүүдэлчдийн хүчирхэг урсгалыг зогсоож чадах хүч тухайн цаг үедээ алга шахам байжээ. Нүүдэлчдийг бүрэн ялна, бүрэн устгана гэдэг огт бололцоогүй шахам байв. Тэд ухардаг, дайжин алга болдог, хэсэг хугацааны дараа дахин гарч ирдэг, тэгээд төдхөн хүчирхэгждэг байжээ. Үл хөдлөх үйлдвэрлэл ба үл хөдлөх хөрөнгөөр нэгэн цэгт хадагдсан ард түмнүүдийн хувьд бол дээрх үл устах чанар, чадавх үгүй билээ. Суурин иргэд нь эцсийн шийдвэрлэх тулалдаанд орж үхэх, сэхэхээ үзэхээс өөр замгүй байв. Тэд хот тосгоноороо хядагдаж, газарт тэгшлэгдэн хоцрох нь олонтой байжээ. Нүүдэлчдийн ахуй, оршлын хөдөлгөөнт шинж, зөвхөн хүнээ, айл өрхөө аравтаар зохион байгуулсан өвөрмөц, хөдөлгөөнт удирдлага нь асар уудам орон зайд шилжин, хөдлөн явах, бүхнийг хөдөлгөөн дундаа гүйцэтгэх, эсвэл ялах, эсвэл мөхөх хувилбараар эцсийн тулалдаанд орохоос тухай бүр зайлсхийх, цаг хугацааны олгох боломжийг хүлээх орон зай болон цаг хугацааны үнэмлэхүй давуу чанарыг нүүдэлчдэд олгосоор иржээ.

Өдрийн цагт ар тал нь ухран зайлаад, шөнийн цагт морин цэрэг нь ухарч тэднээ гүйцэн очсоор буй нүүдэлчдийн хойноос явган цэрэг нэхэж ер чаддаггүй байв. 2-3 өдөр мэдэхгүй газар, хэцүү замаар нэхэн унд усаар гачигдсаар өөрийн эрхгүй буцдаг, цуцдаг байжээ. Нутаг усаа, зам харгуйгаа сайтар мэддэг, нар сар, од гаригсын байрлалаар зүг чигээ хэдийд ч олж чаддаг нүүдэлчид хэдэн өдөрчийн газар дүрвэн зайлахад л харьцангуй аюулгүй байдлыг олж дараа цугларах газраа товлоод олон зүг, чигт тасран нүүдэллэж ул мөргүй алга болдог удаа ч олон байв. Салхи сөрөн зогсох аварга том мод хугаран унаж сайдаг хэдий ч салхины аясаар бөхөлзөн буй өвс хэзээ ч хугарч сүйддэггүйг сайтар мэддэг нүүдэлчид цагийн аясыг дагах, ирэх цагийн урийг ашиглах, боломжтой үеийг хүлээх, нөхрийг олж хүчээ зузаалах, эгзэгтэй цаг мөчийг далимдуулах, эсрэг этгээдээ хуурч занганд оруулах, сул талыг нь овжиноор ашиглах зэргээр ахуй, оршлын их өрсөлдөөнд тэсэн тэсэн үлдсээр л байжээ. “Ар газрын хүн, чоно шархаа гурав долоогоод л эдгэрүүлдэг” гэж нүүдэлчдийн тухай ярьдаг байв.

 

Нүүдэлчдийн нүүх, хөдлөнгө байх, чөлөөтэй шилжин явах бололцоо нь Европ ба Азийн улсуудын хувьд гай ч их тарьсан, бас олон олон ард түмнийг нойрноос сэрээж, нэг янз, зогсонги, царцанги байдлаас сугаран гарахад нь ч удаа дараа тусалсан билээ.

 

5-7 мянган жилийн туршид нүүдэлчид нүүдэллэн аж төрж ирсэн гэвэл мөнхүү хугацааны ихэнхи хагасад нүүдэлчдийн оюуны ертөнц шашин суртлын хуваарьгүй хүчтэй нөлөөнөөс харьцангуй ангид, чөлөөтэй байсан онцлогтой юм. Буддын болон Христосын шашин нүүдэлчдийн дунд ихэд хожуу дэлгэрч лалын шашин мөн хожуу үүсэж хүчтэй болсон нь нүүдэлчдэд оюун санааны чөлөөтэй байдлыг урт удаан хугацааны туршид бэлэглэжээ. Энэ нь нүүдэлчдийн соёл иргэншлийг унаган ахуй, нөхцөлд нь хадаж, голчлон түүнээс нөхцөлдүүлж, тэр хөрснөөс ургуулж, ихэд хүмүүнлэг, энэрэнгүй болгожээ. Тиймээс ч нүүдэлчдийн хувьд бүх нүгэл нь бурханы өмнө хийсэн нүгэл биш харин байгалийн өмнө, өөртэйгөө ижилхэн хүмүүсийн өмнө хийсэн нүгэл болон ойлгогдсоор ирсэн юм.

Жилийн дөрвөн улирлын үүддэг бэрхшээл, эх газрын эрс тэс уур амьсгалын үүддэг бэрхшээл, байн байн тохиолддог ган ба зудын үүддэг бэрхшээл, том зай талбайд нэг нь нөгөөгөөсөө тусгаар, алсад амьдардаг таруу сарниу байдлын үүддэг бэрхшээл, эрэл хайгуулд хатах ядрахын зовлон, төл хүлээн авах үеийн нойр хоолгүй их ачаалал, ёстой л хүмүүсийн “дэм дэмэндээ дээс эрчиндээ” байхаас өөр аргагүй амьдралын шаардлага, “айл гэрийнхний амь нэг, саахалт гэрийнхний санаа нэг” байхын учир утга, “гар хөдөлж байж ам тостох”, “ах нь сургадаг дүү нь сонсодог” гэхчлэн ах захаа сонсож тэднээс суралцаж ирсэн сургах-хүмүүжүүлэх уламжлалт ёс энэ бүхэн нь нүүдэлчдийн ухамсар ба сэтгэл зүйг төлөвшүүлж, тодорхойлж, бүгдийг, бүхнийг амьдралаас ургуулан бодох, ядарсан зүдэрсэн хүн, зовсон шаналсан хүний оронд өөрийгөө тавьж, өөртэйгээ адилтган бодож тусалж, дэмждэг, өрөвдөж хайрладаг болгож ирсэн байна. Нүүдэлчид хэн нь боловч их зочломтгой, элэгсэг, хүний өөрийн гэлтгүй ижил тэгш хандаж туслаж дэмжихийг урьтал болгодог, зочин гийчнийг баярлан угтаж дайлан цайлдаг, хэрэг зоригийг асууж чадах хэрээрээ тусалдаг, бусдын гэрээр ороод гарах хоорондоо л билэгтэй сайн үгсээр ерөөл хэлж, хийж, үйлдэж буй зүйлд нь гар бие оролцон туслаж, дэмжээд өнгөрдөг заншилтай билээ.

 

Нүүдэлчдийн ухамсар, сэтгэл зүй нь дан ганц ахуй, орчноороо тодорхойлогдон буй болдог, эцэг өвгөдийн уламжлалыг ихэд хүндэтгэн тусгадаг, төр, ёсыг дээдлэн сахихыг эрхэмлэдэг, тэнгэр ба газрыг бурханчлан тахиж шүтдэг, амьтай бүхнийг өрөвдөж хайрладаг, бусдын зовлон, жаргалыг өөрөөрөө жишээлэн тусгаж ойлгодог ихэд хүмүүнлэг, энэрэнгүй шинжтэй ажээ. Тиймээс ч нүүдэлчдийн соёл, иргэншил нь суурин амьдралтай ард, иргэдийнхээс нилээд өөр, өвөрмөц юм. Олон мянган жилийн туршид нүүдэлчид нь бурхан тэгж сургасан учраас бид бие, сэтгэлээ ингэж, тэгж авч явах учиртай гэж ойлгож, мөрдөж байсангүй, харин бид хүн учраас бас бусад маань ч хүн учраас хүний ёсоор бусдад чухам ингэж, тэгж хандах ёстой гэж сэтгэж, мөрдөж ирсэн юм. Өөрийгөө өрөөл бусадтай адилтган үзэж, өөрөөсөө өөрцгүйгээр харьцуулан ойлгож, бусдад хүний ёсоор хандахыг үүргээ гэж ойлгож, тооцож ирсэн нь хэрэг дээрээ бол хүний эрхийг, хүний төрөлх заяагдмал эрхийг нүүдэлчид хүндэлж, өөрөө эдэлж, ерөөлд эдлүүлж ирсэн байна. Ийм шинж, учир нь иргэншилийн хөгжлийн нилээд дээд шатны үед ирдэг, буй болдог үзүүлэлтүүд юм.

 

Хүмүүсийн хоорондох харилцаанд аль нэгэн шашин, суртал хүч түрэн орж ирснээс болж тухайн улс, үндэстний соёл, иргэншил нь мөнхүү шашин суртал, ёс, дэг жаягийн хүрээ, хязгаар дотор боомлигдон орж нэгэн жороор үргэлжилж аажимдаа зогсонги, царцанги, зарим тохиолдолд бүр харгис, хүмүүнлэг биш болох нь ч байдаг. Нүүдэлчдийн соёл иргэншил ийм хувь тавиланг тодорхой хэмжээгээр тойрч чадсан онцлогтой юм.

 

Нүүдэлчдийн хувьд угсаа гарлын хамаарал их эртнээс чухалчлагдаж, овгийн байгуулал эрт задарч, төр төстэй зохион байгуулалтанд эрт орж, угсаатан бүрэлдэх процесст эрт автагдаж эхэлсэн нь нэгдсэн соёл, нэг хэл, захиргаа-цэргийн ижилхэн зохион байгуулалт төрөлх газар нутаг, түүний хил хязгаарын тухай ойлголт, өөрсдийгөө тодорхой нэгэн угсаатанд хамаатуулан үзэх ухамсар, сэтгэлгээ мөн л эрт үүсэх, төлөвшихөд хүргэжээ. Тийм дээрээс нүүдэлчид, тэр дундаас Монголчууд ямар ч том хэмжээний цохилт авлаа гэсэн, яаж ч тархан саринаж бутарлаа гэсэн, эх нутгаасаа хичнээн алсас түрэгдэн гарлаа ч гэсэн, өөр улс угсаатны хичнээн ч хүчтэй нөлөөнд автлаа гэсэн “Унасан газар, угаасан ус, эцэг өвгөдийн ясыг хадгалсан нутаг, орноо” ахин дахин зорин ирж, цугларч, булаан эзлэгчдийг хөөн зайлуулж чадсаар байжээ. Монголчууд цөөн тоот үндэстэн хэрнээ одоо ч гэсэн олон ястанаас бүрэлдэж буй нь, монгол хэлээр олон аялгуугаар ярилцаж байгаа нь,  өнөөдөр ч гэсэн олон оронд тасран тасран амьдарсаар буй нь тэдний урьд өмнө нь өнгөрөөсөн их зовлон, гамшигийг илтгэсээр, үзүүлсээр байгаа болно. Хуваагдан тасарсан үндэстэн бүхэн нэгдэж нийлэхийн төлөө орь дуу тавин гасладаг, гангинадаг байхад Монголчууд тэвчээр заан, шүд зуун чимээгүй байсаар байгаа нь ч гэсэн тэдний иймэрхүү шинж, байдлын зовлонг дааж, давж сурсныг нууцхан гэрчлэх мэт санагдана.

Монгол үндэстэн шиг их асуудалтай үндэстэн өнөөдөр дэлхийн аль ч өнцөг буланд алга байна...

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)