Генетик нөөцөөр улс орны эдийн засагт баялаг бүтээх боломжтой
- 2021-11-25
- Нийтлэл
- 0
Монголчууд эрт цагаасаа ургамал, амьтныг өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн маш олон янзаар ашигласаар ирсэн байдаг. Тухайлбал, манай ард түмний дунд ургамал, амьтны гаралтай түүхий эдийг хүн, малын төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийг тамиржуулах, өвчнийг анагаах, хүнс, малын тэжээлд хэрэглэх, цавуу, саван, утас зэргийг боловсруулах зэргээр ашиглаж ирсэн уламжлалт мэдлэг арвин их. Уламжлалт мэдлэг нь нэг талаас, манай ард түмний соёлын биет бус өвийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг, нөгөө талаас байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэй амьдарч ирсний гэрч юм.
Тэдгээр уламжлалт мэдлэгийн ихэнх нь ард түмний дунд амнаас ам дамжин өвлөгдөж ирсэн бол нэлээдгүй хэсэг нь эртний Монгол, Төвд болон Санскрит хэл дээр бичигдсэн судар бичиг байдлаар өвлөгдөн ирсэн нь бий.
Орчин цагт шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан эдгээр уламжлалт мэдлэг, эмийн жор, цаашлаад амьд биесийн удамшлын материал, түүнээс үүдэлтэй биологийн идэвхит нэгдлийг судлан хөгжүүлэх аваас урьд өмнө байгаагүй төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгон ашиглах илүү өргөн боломж нээгдэх юм. Үүнтэй зэрэгцээд байгалийн ургамал, амьтанг биологийн нөөц байдлаар нь ашиглах гэхээсээ илүүтэйгээр шинжлэх ухаан, тэр дундаа генийн инженерчлэлд тулгуурлан өндөр идэвхитэй бүтээгдэхүүн хөгжүүлж ашиглах нь биологийн олон янз байдлын хамгаалалд илүү ач холбогдолтой болсон байна.
Манай уламжлалт анагаах ухааны эмийн түүхий эд байдлаар түгээмэл ашиглагддаг ургамлын 70-75% нь Монгол орны ашиглалтын нөөцгүй ховор, нэн ховор ургамал байдаг нь тухайн ургамлын ашигт нэгдлийг биотехнологийн аргаар судлан хөгжүүлж ашиглавал илүү ашиг тустайг илтгэж буй нэг баримт юм.
Манай орны судлаачид эх орны ургамал, амьтан, бичил биетний биологийн болон генетик нөөцөд суурилан хөдөө аж ахуй, хүнсний технологи, хүн ба мал эмнэлэг, эм үйлдвэрлэл, гоо сайхны чиглэлд суурь болон хавсарга судалгааг хийж зүрх судас, хоол боловсруулах системд нөлөөлөх бэлдмэл, бөөр, шээсний замын эмгэгийн эсрэг бүтээгдэхүүн, амин дэм, дархлаа сэргээх бэлдмэл, хүнсний уураг витаминт нэмэлтүүд, сувилалын болон синбиотик ундаа, хэвийн микрофлор сэргээх бэлдмэл, малын төрөл бүрийн өвчний эсрэг сулруулсан болон амьд вакцин, ийлдэс, нян залгиур, оношлуур, ферментийн бэлдмэл, төл малын пробиотик бэлдмэл, сүү орлох бэлдмэл, харшлыг оношлох болон харшлаас сэргийлэх өвөрмөц аллерген бэлдмэлүүд, ургамал газар тариаланд хэрэглэх бактерийн бордоо, ургамал хамгаалах өвчин, хортон, мэрэгчийн эсрэг бэлдмэл, эрүүл мэндийн хүнс, гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн зэрэг олон зуун бүтээлийг бий болгосон байдаг.
Энэ мэтчилэн ургамал, амьтан, бичил биетний ашигт шинж чанарыг илрүүлэх зорилгоор судлах, шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэх, арилжааны бүтээгдэхүүн гаргах зэрэг нь бүгд генетик нөөцийн ашиглалтад хамаардаг бөгөөд Генетик нөөц бол ашигт малтмал, эрдсийн нэгэн адилаар улс орны эдийн засагт баялаг бүтээх боломжит нөөц юм.
“Манай улсад лабораторийн чадавхи төдийлөн бэхжээгүй, биотехнологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл дорвитой хөгжөөгүйн улмаас генетик нөөцийг хадгалах, хамгаалах цогц бодлого байхгүй, генетик нөөц хангалттай хэмжээнд судлагдаагүй, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал, гадны орнуудад манай улсаас гаралтай генетик нөөц хэрхэн ашиглагдаж байгаа талаар бүртгэлгүй байсаар байна. Ийм нөхцөлд технологи өндөр хөгжсөн орнууд Монгол орны генетик нөөцийг судлах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, улмаар эдийн засгийн үр ашгийг өөрсөддөө бий болгох сонирхолтой байдаг”.
Монгол Улс генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтыг улс хооронд зохицуулах Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь Конвенц, түүний нэмэлт болох Генетик нөөцийн ашиглалтаас үүдэх үр шимийг шударга, харилцан эрх тэгш хүртээх тухай Нагоягийн протоколд нэгдэн орсон орнуудын нэг.
Биологийн олон янз байдлын тухай Конвенцоор биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах үндэсний стратеги боловсруулах, хууль эрх зүйн орчинг бий болгохыг улс орнуудаас уриалсан байдаг.
Түүнчлэн Нагоягийн протоколоор генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ач холбогдлыг генетик нөөцтэй эн тэнцүү авч үзсэний зэрэгцээ улсын хилээс гадна ашиглагдаж байгаа тохиолдолд олон улсын мэдээлэл солилцох тогтолцоо, хяналтын цэгээр дамжуулан хяналт тавих, үр шим хүртэх боломжийг гишүүн орнууддаа бий болгож өгсөн.
Манай улс нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам Генетик нөөцийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна.
Генетик нөөцийн тухай хуультай болсноороо генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах зөвшөөрлийг өөрийн хууль тогтоомжийн дагуу олгох, ашиглалтыг бүртгэх, ашиглалтаас үүдэх үр шимийг хүртэх, хүртсэн үр шимээс биологийн олон янз байдлын хамгаалал, судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дотоодын шинжлэх ухаан, биотехнологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцөө чадавхижуулахад зарцуулах боломжтой болох юм.
Түүнчлэн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэлийг бий болгож, эртний судар бичгүүдэд тэмдэглэгдсэн ардын уламжлалт эм тан бэлтгэх, цагаан идээ боловсруулах, мал аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэгээ бүртгэн баталгаажуулж, хамгаалснаар эдийн засгийн хөгжилд үр дүнтэй ашиглах боломж бүрдэнэ.
Хуулийг хэрэгжилтийг хангахад шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлогч, судалгааны цөм болсон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд үр шим тэгш шударгаар хүртэх энэхүү харилцааны гол тулгуур багана байж, гадаад улсаас генетик нөөц ашиглагч судлаач, эрдэмтдийг татах, технологи дамжуулалт, сургалт, хамтарсан эрдмийн бүтээл байдлаар үр шимийн урсгалыг эх орондоо авчрах, үндэсний биотехнологийн хөгжлийг тэтгэх гол үүрэгтэй оролцоно.
Генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгт суурилсан үйлдвэрлэл эрхлэгч бизнесийн байгууллагууд нь судалгаа хөгжүүлэлтийг гүйцэтгэхээс гадна ашигласнаас үүдэх үр шимийг бий болгож, үйлдвэрлэлийн түүхий эдийг тарималжуулсан эх үүсвэрээс бэлтгэх зэргээр биологийн олон янз байдлын хамгаалалд өөрийн хувь нэмрээ оруулах нь зүйтэй юм.
Сэтгэгдэл (0)