Польш, Беларусийн хил дээрх цагаачдын хямрал
- 2021-11-29
- Дэлхий
- 0
Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг Польш, Беларусийн хил дээр үүссэн цагаачдын хямрал татах болов. Дэвшилтэт нийгэмд шинэ амьдрал эхлүүлэхээр Польшоор дамжин Европын холбоог зорьж байгаа олон мянган цагаач Беларусийн хил дээр гацаад байгаа юм. Тэдний заримыг эх орон руу нь буцаан татаж эхэлсэн юм. Энэхүү үйл явдлыг олон улсын хэвлэл хэрхэн мэдээлж буйг товчлон хүргэж байна.
"Польш болон Беларусийн хил дээр үүсээд байгаа цагаачдын хямрал нь Польш улсын Засгийн газарт Европын холбооны зөрчил болон дотоодын олон таагүй асуудлаас холдуулж, иргэдийн анхаарлыг сарниулахад тусалсан” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв. Польш улсад 2015 онд олонх болсон “Хууль ба шударга ёс” нам (PiS)-ын эрх мэдэл жилээс жилд суларсаар байгаа юм. Тус намын эрх баригчид Европын холбоотой эрхэмлэн баримтлах ёстой зарчмын асуудлаар байр суурь зөрчилддөг. Гэвч энэ удаагийн цагаачдын хямрал Европын холбоо болон Польшийн хурцадсан харилцааг зөөлрүүлэхэд тус болсон хэмээн ажиглагчид үзэж байна. Тухайлбал, Европын холбооны дээд шүүхээс өнгөрсөн сард Польшийг Европын холбооны хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж өдөрт 1.2 сая ам.доллар төлөх торгууль оногдуулснаар зөрчил илүү хурцадсан билээ.
Польш болон Европын холбоо хил дээр үүссэн энэ асуудалд Беларусь улсыг буруутгаж зохиомлоор цагаачлалын хямрал, тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна хэмээн буруутгасан. Ойрхи-Дорнод болон Азийн зарим орны цагаачдад Польшийн хилийг хялбархан давахад туслах амлалт өгч, онгоцоор тээвэрлэн авчирсан гэж Беларусийг хардаж байгаа юм.
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрсөн наймдугаар сард сонгуульд дахин ялсан ч түүний ялалтыг хууль бус, луйвар хэмээн үзэж, иргэд нь хэдэн сарын турш жагссан билээ. Гэвч Лукашенко иргэдийн жагсаалыг хүчээр дарж, сөрөг хүчнийхнийг баривчилсан. Үүний хариуд Европын холбооноос Беларусийн эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм. Үүнээс хоёр сарын дараа олон мянган цагаач Европын холбоог зорин Беларусийн хил дээр цугларч эхэлсэн билээ.
Иймээс Беларусийн эсрэг хориг тавьсны хариуд Европын холбоонд цагаачлалын хямрал үүсгэж “бэлэг барьж байна” гэж ажиглагчид дүгнэжээ. Харин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко үүнийг үгүйсгэж, цагаачдыг хил нэвтрүүлэхгүй хориглосон Польш улсыг буруутгаад байгаа билээ. Мөн Лукашенко цагаачдыг Польшийн хилийг давж, Европын холбоонд хүрэхэд нь цэргийн хүчээр тусалж болно гэж мэдэгдсэн нь олон улсад шуугиан тарьсан. Тэрбээр BBC" суваг төгсөн ярилцлагадаа “Бид славян хүмүүс. Бидэнд зүрх сэтгэл бий. Манай цэргүүд дүрвэгчдийг Германд очих хүсэлтэйг мэдэж байгаа. Тиймээс тэдний зарим нь дүрвэгчдэд тусалсан байхыг үгүйсгэхгүй. Би дүрвэгчдийн нүүдэлд саад хийхгүй гэдгээ Европын холбоонд хэлсэн. Учир нь тэд манай улс биш, өөр улс руу нэвтрэх гэж байна. Би тэднийг уриагүй. Беларусийг дүрвэгчдийн дамжин өнгөрөх гарц болгохыг би хүсэхгүй байна” гэсэн. Мөн Польш-Беларусийн хил дээр үүссэн цагаачдын хямралын ард ОХУ байна гэж хардаж байгаагаа зарим албаныхан илэрхийлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн удирдагчтай ойрын холбоотон учир Польшийн хилд цагаачдыг бөөгнөрүүлж, Украины хил дээр цэргийн хүчээ зузаатгасан нь ижил зорилготой гэж хардахад хүргээд байгаа юм. Украины Дотоод хэргийн сайд Денис Монацирский “Польш, Украины хил дээр сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу хямрал үүсгэсэн. Одоогоор Украины хил дээр нөхцөл байдал хяналтад байна. Гэхдээ цагаачид хил давахыг оролдвол, гал нээгээд ч болов тэднийг зогсоох хэрэгтэй” гэж мэдэгджээ.
ОХУ нь цэргийн сургуулилт хийх зорилгоор Украины хилийн ойролцоо олон тооны цэрэг, байлдааны техник хэрэгсэл төвлөрүүлсэн нь Киев болон Европын холбоог түгшээж байгаа аж. Харин ОХУ-ын талаас “АНУ, Европын холбооноос Хар тэнгисийн ойролцоо байлдааны хөлгүүдээ илгээж, Украинтай хамтарсан цэргийн сургуулилт хийн ОХУ-ыг өдөөн хатгасан үйлдэл хийж байгаа тул хилийн хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авсан” гэж тайлбарлаж байна.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл (0)