Б.Энхлэн: Хүүхдэд харилцааны хэрэгцээ дутагдахаар түгших, стресстэх, уурлах, бухимдах шинжүүд илэрдэг
- 2021-12-02
- Өөр өнцөг
- 0
Сэтгэл судлалын үндэсний төвийн сургалтын албаны дарга Б.Энхлэнтэй ярилцлаа.
-Хүүхдийн сэтгэлзүй хөл хорионоос өмнө ба дараа яаж өөрчлөгдөж байгаа талаар та бүхэн судалсан уу?
-Манайх одоогоор тийм судалгаа хийгээгүй байгаа. Бид жил бүр зөвлөгөөний кейсээс тайлангаа гаргадаг. Мөн дээрээс нь сэтгэл судлаач бүр өөр өөрсдийн зөвлөгөөнд кейс анализ хийгээд явдаг. Түүн дээрээс ажиглаж байхад цар тахал эхлэхээс өмнө ба хойно гэр бүлийн хүрээнд хүүхэд өөрийгөө илэрхийлэхээс зайлсхийх, найзуудтайгаа харилцах харилцаа нь багасах, өөрийгөө харилцааны хувьд бүрэн дүүрэн илэрхийлэхээс татгалзах зэрэг байдал илэрч байсан. Хүүхэд гэхээсээ илүү гэр бүлийн харилцаа хүүхдэд илүү илэрдэг. Хүүхдийн нөхцөл байдал гэж нэг зүйл бий шүү дээ. Тухайн нөхцөл байдал нь хүүхэд хичээлдээ явж чадахгүй байх, найзуудтайгаа уулзах боломж хязгаарлагдмал, гадуур тоглох нь хязгаарлагдсан ийм нөхцөл байдалд хүүхдийн бие махбодын болон сэтгэл зүйн хэрэгцээ гэж юм бий. Бага насны хүүхэд бол гүйх, хөдлөх, дуугаа чангаар илэрхийлэх зэрэг хэрэгцээнүүд хүүхэд бүрийн насны онцлогоос шалтгаалан янз бүрээр илэрдэг. Тэр нь хязгаарлагдаад ирэхээр хүүхэд стресстэх, уур бухимдалтай болох зэрэг шинжүүд илэрдэг.
Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн хүн хүртэл хөдөлгөөн хийхгүй стрессийнхээ дааврыг гадагшлуулахгүй болоод ирэхээр бухимдаж эхэлдэгтэй адилхан хүүхэд ч гэсэн стресстдэг. Хамгийн гол нь хүүхэд насанд хүрэгчдээс ялгаатай нь стресстээд байгаагаа мэддэггүй. Уйлдаг, өөрийгөө илэрхийлэхээс дургүйцдэг, түрэмгий байдлаар илэрхийлдэг ч гэдэг юм уу янз бүрийн үйлдэл гаргана.
-Тэгэхээр хүүхдэд үүсээд байгаа стрессийг яаж гадагшлуулах вэ?
-Мэдээж гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчид хүүхдэдээ илүү цаг гаргах, хүүхэдтэйгээ харилцан ярилцах, ойлголцох үйлдлүүдийг хийх, гар утасны хэрэглээг багасгах, сахарын хэрэглээг багасгах, утас, компьютерээс хол байлгах зэрэг үйлдлүүдийг хийж болно. Дээр нь чанартай цаг гэж зүйл маш чухал. Үүнийг маш олон сэтгэл зүйч урт хугацааны турш ярьсаар ирсэн. Ээж, аав ажлаас ирээд гэртээ телевизээ үзээд сууж болно. Гэхдээ түүнийхээ хажуугаар хүүхдэдээ цаг гаргаад орой бүр хүүхэдтэйгээ ярилцдаг, тоглодог, зураг зурдаг эсвэл өнөөдөр хийсэн зүйлийг нь асуудаг, ямар мэдрэмж төрснийг нь хуваалцдаг байх хэрэгтэй. Түүний үр дүн маш томоор илэрдэг гэдгийг л эцэг эхчүүд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Дүүтэй болсон ч хүүхэд гэдгээр нь харьцах хэрэгтэй. Дүүтэй боллоо гээд тэр хүүхэд шууд том болчихсон гэж ойлгож болохгүй. Тухайн хүүхдийн насны онцлогоос шалтгаалаад авах ёстой мэдрэмжүүд, хийх ёстой үйлдлүүд гэж юм бий. Түүнийг нь хийлгэдэг байгаасай. Тэгж байж хүүхдийн сэтгэлзүй илүү тайван байдаг.
-Гэр бүлийн суурь хүмүүжлээс л хүүхэд төлөвшиж гарна шүү дээ. Тэгэхээр хүүхэдтэйгээ эцэг эхчүүд яаж харилцах ёстой юм бэ?
-Хүүхэд бол цагаан цаас. Тэр цаасыг базах уу, урах уу, дээр нь сараачих уу гэдэг нь эргэн тойрон, гэр бүлийнхнээс нь шалтгаална. Бага насны хүүхэд ямар нэгэн буруу үг хэллэг хэлж байвал гэр бүл эргэн тойронд нь тийм үг хэлдэг хүн байна гэсэн үг. Эсвэл олон нийтийн хэрэгсэл сошиал сүлжээнээс сонсдог болж. Тэгэхээр эцэг, эх өөр өөрсдийн үйлдлээ үнэлж цэгнэх, амнаасаа юу гаргаж байна, үйлдлээрээ юу үзүүлж байна тэр бүхнээ хянах хэрэгтэй. Нэгэн жишээ хэлэхэд, хүүхдээ битгий худлаа хэлж бай гэж сургасан мөртлөө өөрийх нь утас дугарангуут ээжийгээ байхгүй гээд хэлчих гэж хэлүүлдэг. Энэ чинь хүүхдэд зааж өгч байгаа сургаал, үйлдэл хоёр нь зөрөөд байна. Хүүхэд үүнийг ухамсарлаж процесслож чаддаг. Энэ үйлдлүүдээ ээж, аавууд сайн анзаарайсай. Үнэхээр хүүхдээ шударга байгаасай гэж хүсч байгаа бол хүүхдэдээ шударга ханд. Хүүхдийн онцлог гэж бий. Өөрөө дотогшоо хүүхэд байж болно. Гэтэл тэр хүүхдийг заавал дуулдаг, бүжиглэдэг, олны өмнө гардаг байгаасай гэж шахах хэрэггүй. Хүүхдийг байгаагаар нь хүлээн зөвшөөр.
-Сурган хүмүүжүүлэгч багш нар хүүхэдтэй яаж харилцах ёстой вэ?
-Багш нарын тал дээр надад хэлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл багш гэдэг өөрөө бие хүн. Бие хүний онцлог ямар байх, тийм байх ёстой гэдэг тухайн зарчмууд нь өөрөө багшийн ёс зүй дээр нь заагаад өгчихсөн. Би бол түүнийг хэлэх шаардлагагүй. Багш хүн ямар байх ёстойг хууль дүрэм, эрх зүйн акт, ёс зүй дээр нь биччихсэн байгаа. Гэхдээ хүүхэдтэй ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч гэдэг үүднээс маш сайн сонсогч, хүүхдийн сэтгэл хөдлөл мэдрэмжийг ойлгодог, хуваалцдаг. Тэр хүүхдийн онцлогийг мэдэрдэг зэрэг суурь чадамжууд байвал илүү зохимжтой гэж бодож байна.
-Сэтгэл зүйчид сургалт хүмүүжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг уу?
-Боловсролын сэтгэл судлаач хөтөлбөр хэрэгжээд эхний сэтгэл судлаачид бэлтгэгдээд сургуулиудад оччихсон ажиллаж байгаа. Үүн дээр маш олон сэтгэл зүйн, сэтгэл судлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд оролцдог. Тэр байгууллагуудын нэг нь манайх. Ганцхан манайх ч биш, энэ чиглэлийн нэлээд хэдэн байгууллагууд бий. Миний хувьд энэхүү үйл ажиллагаанд оролцож, дадлагажигч багшаар ажилласан. Тэрхүү ажлыг хийгээд явж байхад сургууль бүрт ядаж нэг сэтгэл судлаач ажиллах шаардлага үүссэн. Эхнээсээ хэрэгжээд явж байна. Манай байгууллагын хувьд бол багш нартай байнгын хамтын үйл ажиллагаатай байдаг. Багш нарт зориулсан олон төрлийн сургалт хүмүүжлийн ажил хийх, сургалт зохион байгуулах, хүүхдэд зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож явдаг.
-Яагаад үүнийг ярьж байна гэхээр ЕБС-ийн хүүхдүүд нэг нэгнийгээ нийлж дээрэлхэх, үзэн ядах, гутаан доромжлох үйлдлүүд их гарах боллоо. Энэ байдлыг яаж засч, залруулах вэ?
-Хүүхэд бүртэй уулзаж ярилцах, сэтгэл зүйн үйлчилгээ явуулах ёстой. Өөр олон төрлийн судалгаа явуулах хэрэгтэй гэж бодож байна. Хүүхдүүдийн дунд гэр бүлээсээ авч байгаа мэдээлэл болон гэр бүлийн боловсрол гэдэг зүйл дээр нь илүү ажиллаад, эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгөөд хүүхэдтэйгээ ингэж ажиллаарай, ингэх буруу шүү гэдгийг зааварлаад өгөх юм бол арай илүү хурдан хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой байх гэж таамаглаж байна. Түүнээс биш шууд нэг хүүхдийг хүчээр зөвлөгөөнд оруулаад ингэ, тэг гээд заагаад байх нь өрөөсгөл. Тэр хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөл ямар гэдгийг бид мэдэхгүй.
-Орчин нөхцөл гээд ярихаар гэр бүлээрээ сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлага үүсээд байна уу даа?
-Сэтгэл зүйн зөвлөгөө авдаг маш олон гэр бүл бий. Ээж аавууд нь өөрсдөө би ажил дээрээ их стресс бухимдалтай байгаад хүүхдэдээ, гэр бүлдээ түүнийгээ гаргаад байна, гэр бүлээрээ зөвлөгөө авч болох уу гэж ханддаг. Энэ бол маш авууштай давуу тал. Нөгөө талаас тэгж чадахгүй маш олон гэр бүл байна. Түүн дээр эцэг, эхчүүд би ямар байна, гэр бүлтэйгээ яаж харилцаж байгаа билээ, би ирээдүйд ямар хүүхэдтэй болно гэж бодож байна гэдгээ ухамсарлаасай. Таны одоо хийж байгаа үйлдэл тань ирээдүйн хүүхэд ямар байх гэдгийг шийдвэрлээд байгааг ойлгож бодож ухамсарлаасай.
-Стресст орчихсон хүүхэд хэр удаан хугацаанд тухайн байдлаас гарах боломжтой вэ?
-Хүүхэд бүр өөр өөр. Яг тэдэн настай хүүхэд тэдий хугацаанд гарна гэсэн тогтсон зүйл байхгүй. Өссөн орчноосоо хамаараад бие хүн бүрэлдэн бий болж байгаа. Тэгэхээр зарим хүүхдүүд асуудлыг маш хурдан ойлгоод түргэн шийдэж чаддаг. Хүүхэд болгоны онцлог өөр. Тухайн хүүхдийн өгөгдөл болон гэр бүлийн харилцаанаас хамаараад нэг бүхэллэг зүйл болчихсон байдаг. Стресс үүсгэж байгаа шалтгаануудаасаа бас хамаарч болно.
-Хүүхэд стрессээ гаргаж чадахгүй бол ямар үр дүн гарах бол?
-Бага насны хүүхэд бол уйлж, орилж илэрхийлдэг. Арав гаруй насны хүүхдүүд дээр аваад үзэхэд хичээлдээ муудах, ямар нэгэн зүйлд санаа зовоод эхлэхээр анхаарал төвлөрөхөө болино. Бие организм дээр нь аваад үзэхэд ходоод нь өвдөх шинж тэмдэг илэрч болно.
Харилцааны хувьд хүмүүсээс зугтдаг. Харилцаа тогтоохгүй байх зэрэг маш олон төрлийн нөлөөлөл үзүүлдэг. Гэхдээ яг ингэнэ гэсэн үг биш. Янз бүрээр илэрч болно. Хүүхэд хүлээж авч байгаа байдлаасаа шалтгаална. Үүсгэгчээсээ болоод өөр өөр.
-Өсвөр насны хүүхдүүдийн онцлог өөр шүү дээ. Өсвөр насныхны сэтгэлзүйн талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч?
-Хүүхдүүд анги хамт олон, найз нөхөдтэйгөө харилцан, стрессээ тайлж байх ёстой. Гэтэл одоогийн нөхцөлд энэхүү байдал нь хязгаарлагдмал болчихлоо. Тиймээс гэртээ байгаа үедээ хүүхдэдээ цаг гаргаарай. Тэгж байж хүүхэд сэтгэл зүйн хувьд тайван, тогтвортой байх боломж нь ихэснэ. Дээрээс нь хүүхэдтэйгээ ярилцдаг, мэдрэмжийг нь асуудаг, нарийвчилсан асуултыг ялангуяа их асуугаасай. Хүүхэд бүгдийг мэдэж, ойлгож байдаг. Битгий үл тоомсорлоосой. Хоолны ширээний ард гар утсаа битгий ашиглаарай. Боломжтой бол бөөнөөрөө ширээгээ тойрч суугаад бүгдээрээ цуг хооллож байгаарай. Тэр хэсэгхэн хугацааг хүүхдүүддээ чанартай зориулаарай. Өсвөр насны хүүхдийн хувьд найз нөхөд нь үнэ цэнэтэй байдаг.
Тиймээс хүүхдийнхээ найзууддаа зориулах цагийг нь битгий хязгаарлаарай. Энэ нь гэр бүлээ хүндлэхгүй хайрлахгүй байна гэсэн үг биш. Найзуудыг нь хүндлээрэй. Өөрсдийн гэсэн зүйлийг нь хүндэтгэж хамаагүй битгий халдаарай. Хүүхдээ том болж байгаа гэдэг үүднээс харилцаарай. Биеийг нь даалгахыг хүсвэл бие хүн шиг харилцаарай. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх боломжийг нь олго. Түүнийг нь сайн сонс. Найз нөхдийнх нь талаар асуу. Эцэст нь хэлэхэд та хэдэн ч насны хүүхэдтэй байсан хүүхдийнхээ сэтгэл зүйн онцлогийг уншиж судлаарай.
Сэтгэгдэл (0)