Шинэ Канцлерт тулгарах шинэ сорилтууд

Герман улсад бүр 9 дүгээр сарын 26-нд парламентын сонгууль болсон хэдий ч бүхэл бүтэн хоёр сарын дараа буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эвслийн засгийн газар байгуулагдлаа. Учир нь, сонгуульд ялалт байгуулсан Социал-демократ нам дангаараа гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооны суудал авч чадаагүй тул Чөлөөт ардчилсан нам ба Ногоон намтай эвсэхээс аргагүйд хүрчээ. Хамтарсан засгийн газар байгуулах яриа хэлэлцээ сунжирсаар хэдхэн хоногийн өмнө эвслийн гэрээг олон нийтэд танилцууллаа.

Уг эвслийг гурван намын тугны өнгөөр “гэрлэн дохионы эвсэл” гэж хэвлэлүүд нэрийдсэн бол А.Меркелийг орлох шинэ Канцлер бол Социал-демократ намын дарга Олаф Шольц гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Тэрбээр энэ сарын 8-ны дотор тангараг өргөх ёстой тул үүнээс өмнө эвслийн гэрээг дэмжин батлахаар гурван намын удирдах байгууллагууд хэлэлцэж байна.

“Ногоонтнууд”-ын мэдэлд Сангийн яам, Байгаль орчны яам, Эдийн засгийн яам ирж байгаа бол Чөлөөт ардчилсан намынхан Сангийн, Хуульзүйн, Тээврийн сайдуудын суудлыг авахаар болжээ. Харин эрэгтэй эмэгтэй сайдуудын харьцаа 50:50 байх засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг хуулийн дагуу Ерөнхийлөгч, Бундестаг хоёр албан ёсоор батлах ёстой.  Гэхдээ энэ нь тогтсон журмын дагуух бэлгэдлийн шинжтэй шийдвэр юм.

 

“Гүдэс шулуун зантай робот”

Өдгөө 63 настай Олаф Шольц 1985 онд Хамбургийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд хөдөлмөрийн эрхзүйн чиглэлээр дагнан ажиллаж байжээ.  Сүүлийн 20 жилд их улс төрд байхдаа тэрбээр Хамбург хотын даргаар ажиллаж, Меркелийн засгийн газарт Сангийн сайд, дэд канцлерын албан тушаалыг хашиж байв. Энэ хугацаанд мэргэшсэн чадварлаг, ажлын гүйцэтгэл сайтай хүн гэдгээ харуулж чаджээ. Нөгөөтэйгүүр, түүнийг маш уйтгартай, бусдыг өөртөө татах чадвар султай, байдаг л нэг түшмэл маягийн хэв шинжтэй хүн гэж дүгнэдэг ба “тэг харизмтай хүн”, “робот мэт хариу үйлдэлтэй”, “сэтгэлийн хөдөлгөөнгүй” гэх мэтээр хэвлэлүүдэд гоочлон бичсэн байдаг.

сонин mn

О.Шольц хэзээ ч уран илтгэгч байгаагүй боловч сонгуулийн өмнө Христосын Ардчилсан холбоо намын /Меркелийн/ А.Лашет, Ногоон намын удирдагч А.Бербок нартай хийсэн мэтгэлцээнд ялалт байгуулж чаджээ.  

Сонгогчдод таалагдахын тулд янз бүрийн попорсон үйлдэл хийдэг хүн бол Шольц биш. Жишээ нь, өнөө цагт моодонд орж буй ногоон эрчим хүч, экологийн асуудлаар болсон мэтгэлцээний үеэр А.Лашет аль хэдийнэ цахилгаан автомашин унаж байгаа тухайгаа, Бербок бүр хэтрүүлж, нийтийн тээврээр зорчдог тухайгаа тун бахархалтайгаар ярьсан бол Шольц дотоод шаталтын хөдөлгүүртэй энгийн машин унадаг, “албан тушаалын зиндаагаар бол надад нисэх онгоц, хамгаалалт гаргаж өгөх ёстой” хэмээн хээвнэг хэлж байсан ажээ.

Түүний улс төрийн мэдрэмж, тэсвэр хатуужил, өөртөө итгэлтэй тайван занг нь улс төрийн өрсөлдөгчид нь хүртэл өндрөөр үнэлдэг. Гурван жилийн өмнө намынх нь рейтинг хамгийн доод түвшинд уначихаад байхад хүртэл “социал-демократууд ялна” гэж тэрбээр “Нью-Йорк таймс” сонинд ярилцлага өгөхдөө итгэлтэйгээр хэлж байсныг саяхан тус сонинд сануулан дурджээ. Өөрийг нь байнга дутуу үнэлсээр байсан бол Шольц үргэлж л алс хэтийг харж, улс төрийн үйл ажиллагаа явуулсаар ирлээ.

Америкийн сонинд бичсэнээр бол “Шольц бол прагматик улстөрч, “улс төрийн хамелеон” бөгөөд баруун, зүүн тийшээгээ амархан холбирдог, яг аль талд нь орчихоод байгааг тодорхойлоход заримдаа хэцүү байдаг ажээ. Эерэг талаас нь харвал, ийм “улс төрийн уян хатан байр суурь” нь шинэ канцлерт тун их хэрэг болох учиртай. Яагаад гэвэл, социал демократууд үзэл баримтлалын хувьд нэлээд ялгаатай Чөлөөт Ардчилсан нам ба Ногоон намтай хамтран эвслийн засгийн газар байгуулсан үед зөвшилцлийн орон зай зайлшгүй байх ёстой. Жишээ нь, байгальд ээлтэй ногоон эрчим хүчинд шилжихийн тулд 50 тэрбум евро зарцуулахаар Ногоон намынхан төлөвлөж байгаа бол чөлөөт зах зээлийг дэмжигч Чөлөөт Ардчилсан намынхан Сангийн яамыг хянахаар болсон үед яах ёстой вэ гэх мэтчилэн асуудлууд үүснэ. 

 

Эвслийн засгийн газрын их зорилтууд

Одоогоор Германы иргэдэд өгч буй шинэ Канцлер, эвслийн засгийн газрын амлалтуудаас илүүтэй анхаарал татаж буй гол зүйлүүдийг дурдвал:

 

- Нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 12 еврод хүргэж нэмэгдүүлэх

- 16 наснаас эхлэн сонгуульд оролцох эрхийг олгох

- Жилд 400 мянган айлын шинэ орон сууц барих

- Орон сууцны түрээсийн үнэ хэт өсөж буйг хязгаарлах

- 2045 он гэхэд Герман улсыг агаар мандалд хорт бодис ялгаруулдаггүй орон болгох

- Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх

-Төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг болно.

Эдгээрээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны түрээсийн зах зээлийг хянах гэсэн хоёр чухал санаачилгыг Шольц сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дэвшүүлж байжээ. Тэрбээр Сангийн сайд байхдаа цар тахалд нэрвэгдсэн бизнесийн салбарыг уналтаас аврахын тулд 750 тэрбум еврогийн тусгай санг ашиглан Германы эдийн засгийг хямралын ирмэг дээрээс холдуулж чадсан гавьяатай хүн. 

 

“Умардын урсгал-2” ба бусад асуудал

Гадаад бодлогын тухайд тэрбээр А.Меркелийн чиг шугамаас төдийлөн хазайхгүй бөгөөд ЕХ ба НАТО-гийн хүрээнд цаашид интеграцийн үйл явцыг гүнзгийрүүлэх байр суурийг баримтлах нь тодорхой гэж шинжээчид үзэж байна.

Харин Орос улстай харилцахдаа Меркелиэс илүү прагматик хандлагатай байх болов уу. Тэрбээр “Дорно зүг рүү хандсан шинэ бодлого Герман улсад хэрэгтэй” гэж үздэг. Ташрамд дурдахад, Шольцын намын төв байр Вилли Брандт-ын ажиллаж байсан барилга дотор байрладаг ажээ. Германы Социал-демократ намын дарга асан В.Брандт бол Зүүн ба Баруун Европын харилцааг бэхжүүлэхийн төлөө  амьдралынхаа туршид ихээхэн хүчин зүтгэл гаргасан хүн билээ. Ер нь бол, соцдекүүд /тухайлбал, Герхард Шрёдер/ засгийн эрх барьж байх үед Оросын талаарх бодлого зөөлөрч ирсэн байдаг. Үүнтэй холбогдуулан дурдахад, шинэ канцлер “Умардын урсгал-2” хийн хоолой барих төслийг дэмждэг бөгөөд нэгэн удаа ярихдаа “үүнийг бид эдийн засгийн төсөл гэж хардаг. Биднийг Оросоос хэт хамааралтай болох гэж байгаа мэт ташаа ойлголт америкчуудад төрсөн бололтой” гэж байв. Гэтэл эвслийн засгийн газарт багтсан Ногоон намынхан хийн хоолойн төслийг эрс эсэргүүцдэг бөгөөд тэд Гадаад харилцааны яам, Эдийн засаг, уур амьсгалын яамыг авах гэж байгаа билээ. Тодруулбал, Эдийн засгийн сайдаар томилогдож магадгүй байгаа Роберт Хабек “Умардын урсгал -2” хийн хоолойг ажиллуулж эхлэхийг Герман улс зөвшөөрч болохгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгэхээр Шольц зөвшилцөх авьяас чадвараа ашиглахаас өөр аргагүй.

сонин mnТангараг өргөснийхөө маргаашаас эхлээд тэрбээр Германд дахин дахин дэгдэж буй Ковид-19-ийн ээлжит давалгаа, Польш-Беларусийн хил дээр үүссэн цагаачидтай холбоотой хямрал, Орос-Украины хил дээрх цэргийн бөөгнөрөл, БНХАУ, АНУ-тай харилцах харилцаанд гарч болзошгүй өөрчлөлтүүд гэх мэт олон ярвигтай асуудлуудтай шууд нүүр тулгарна. Хэрвээ Шольц дотоодын асуудлуудтай хэт их зууралдах аваас дэлхий дахин А.Меркелийн манлайлагч шинж чанарыг үгүйлэх болно гэж “Нью-Йорк таймс” сонинд дүгнэн бичжээ. Үүний зэрэгцээ шинэ Канцлерын хувьд Америкийн засаг захиргаанд төдийлөн их найдвар тавихгүй болов уу.

Дээр дурдсанчлан Шольц бол прагматик улстөрч учраас нэгдсэн Европ, НАТО-гийн гэхээсээ илүүтэй Герман улсынхаа ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь тодорхой гэж шинжээчид дүгнэж байна. Энэ нь АНУ-ын ба өөрийн орны эрх ашгийн тухайд арга эвийг нь олж зохицуулах гэж хичээсээр ирсэн өмнөх канцлерын бодлогоос ялгаатай байх болно.

Эцэст нь хэлэхэд, ХБНГУ бол манай улсын Европын Холбоон дахь гол түнш, хандивлагч орон бөгөөд тус улсын улс төрийн тавцанд 16 жилийн дараа томоохон өөрчлөлт гарч байгаа нь бидний анхаарлыг татах нь зүйн хэрэг. Ийм учраас ноён Шольц тангараг өргөсний дараа өрнөх үйл явдлуудыг анхааралтай ажиглаж, тойм мэдээллүүдийг тухай бүрт нь нийтэлж байх болно.

 

Б.Адъяахүү 

Эх сурвалжуудhttp://www.nytimes.com, ukraina.ru, kp.ru

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)