Жинхэнэ улс төрч гэж хэнийг хэлдэг юм бэ?
- 2021-12-06
- Нийтлэл
- 0
МАН-ын 30-р их хурлын төлөөлөгчид танаа
Насанд хүрсэн том хүний хувьд ухаан нь, ухамсар нь, боловсрол нь эзнээ удирдаж, үйл ажиллагааг нь чиглүүлж байдаг. Харин хүүхдүүдийн хувьд бол эцэг, эх нь, ах, эгч нар нь, багш нь удирддаг.
Улс, үндэстэн, ард түмэн гээд томроод ирэхлээр удирдагч нь төр, засаг болдог.
Дэлхий дахины хэмжээнд бол удирдагч нь Нэгдсэн Үндэстний Байгууллага...
Ухаалаг, өндөр боловсролтой, зөв хүмүүжил, ёс суртахуунтай хүмүүс сайхан амьдардаг, ихийг бүтээдэг. Хууль дээдэлдэг, хариуцлагатай, чадварлаг төр, засаг бүхий ард түмэн, улс үндэстэн айх аюулгүй, эрүүл, баян чинээлэг аж төрдөг. Ковид-19-ийн үед энэнийг дээр, дооргүй , их, багагүй нилээд сайн ойлгосон байх. Энэ бол саяхны л жишээ, сургамж. Дэлхий дахины түүхэнд энэнээс ч тод, энэнээс ч том жишээ, сургамж олон буй...
Өнөө үед аль ч улс орны төр, засагт "улс төрч" хэмээн нэрлэгддэг хүмүүс ажиллах болжээ. Гэхдээ яг ийм мэрэгжил олгодог их, дээд сургууль байхгүй, 4-5 жилийн туршид үзэж судалдаг тусгай хөтөлбөр гэж бас үгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд бэлддэг сургууль уг нь хэрэггүй ч биш юм...
Монгол хүмүүс (өвөг Монголчууд) анхандаа өөрөө өөрийгөө л удирдаж, аюулгүй байдлаа хангаж, аж амьдралаа дээшлүүлж, бусадтайгаа зэрэгцэн оршиж байжээ. Харин Монгол угсаатан болж томроод, Монгол улс болж нэгдээд төр, засагтай болжээ. Төр, засгийн үүрэг нь эдүгээ Монголчуудын аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлж байх явдал болж хэлбэржиж төлөвшжээ. Ийм шаардлагыг хангах чадваргүй төр, засаг сохор зоосны ч үнэгүй. Энэ бол дэлхий нийтээр мөрддөг, баримталдаг ганц, гол зарчим, үнэлгээ. Аль ч улс орны төр, засаг (эрх баригчид) үндсэн хууль бусад хуулиар олгогдсон их эрх эдэлж, их хөрөнгө захиран зарцуулж, өндөр цалин, хангамж авч, тусгай хамгаалалтын дор "дур зоргоороо" шахам амьдардаг. Зөвхөн хуулиар олгогдсон эрхийг л эдлэх ёстой байтал улс төрчид, эрх баригчдын ихэнх нь тийм өндөр соёлтой байж чаддаггүй. Ялангуяа ард иргэд нь боловсрол багатай, дуулгавартай, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намуудын олонхи нь хулхи, удирдах хүмүүс нь авилгачид, ард олноо өрөвдөх, өмгөөлөх сэтгэлгүй популистууд байх аваас тэр улс орон бүх талаар доройтож, хямарч, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг, архидалт, мансуурал, хулгай, луйвар ноёрхсон өрөвдмөөр, жигшмээр байдалтай болдог. Заримд нь бүр иргэний дайн гарч, бослого, үймээн дэгдэж, хүүхэд, хөгшид нь өлбөрч, ёстой там болж хувирсан тохиолдол ч гарсан удаатай. Шинжлэх ухааны нотлогдсон мэдлэг, үнэн мэдээлэлд тулгуурлан улс орон, ард түмнээ зөв, оновчтой удирдаж хөгжил, дэвшилд хүргэхийг чин сэтгэлээсээ хүсдэг, тэр хүслээ биелүүлж чадах түвшний мэдлэг, боловсролтой, ардчилсан үзэл, ухамсартай бие хүнийг улс төрч гэдэг. Ийм хүн өөрийгөө бүрэн золиослоод ч болов ард түмэн, эх орноо өөд нь татахыг хичээдэг. Гэтэл манай ихэнхи "улс төрчид" эх орноо золиослоод ч болов баяжих, хөрөнгөжихийг оролдож ирсэн нь гутамшиг, эмгэнэл юм. Хулхи, тоглоомын, компанийн нам байгуулж, худал сурталчилгаа хийж, сонгогчдыг хуурч, санал худалдан авч, луйвар, булхайгаар төр, засагт шургалан орсон хүмүүсийн ихэнхи нь эх орны ашигт малтмал, ард нийтийн өмч, улсын төсөвд хачир, хувалз мэт шигдэж, авилга авч, луйвар хийж, эрүүгийн гэмт хэрэгтэн болцгоож, "хар мөр" үлдээгээд улс төрийн "амьд хүүр" царайлан явцгаах болов. Тэдэнд ичих нүүр ч алга бололтой. Манай улс төрч хэмээгдэгчийн дунд "нэгэн гоц халдварт өвчин" гараад удлаа. Энэ халдварыг эрх баригч хоёр намын удирдлага тараасан нь одоо нотлогдоод байна.
Энэ бол "улс төрийг хамгийн ашигтай бизнес" гэж ойлгодог, "өвчин, хорт хавдар" юм.
Ардчилсан Намын анхны дарга нар бараг бүгдээрээ авилгачид, луйварчид болж тодорлоо. МАН-ын удирдах бүлэгт хамаарагдах олон хүн мөн л авилгачид, луйварчид байсан нь илэрлээ.
Олон мянган жилийн төрийн түүхтэй, хүчирхэг хаад, гарамгай жанжид, шударга түшээдтэй байсан, тэр нь хуулийн дагуу, шилдэг уламжлалын дагуу, эртнээс мөрдсөн ёс суртахууны дагуу ажиллаж байсан Монголын төр, засаг өнөө үед ямар ичгүүртэй, жигшүүртэй "улс төрчдөөр" бохирлогдоод байна вэ?
Жинхэнэ улс төрч хүний гол шинж бол бүхний дээр, бүгдийн түрүүнд эх орон, ард түмнээ гэх хоёргүй сэтгэл, зүтгэлийг тавьж, өөрийгөө золиослоод ч болов улс орноо хөгжүүлэх, дэвшилд хүргэхийн төлөө тэмцэх, ялах чин зориг, ариун хүсэл билээ. Жинхэнэ улс төрчдөд, ард түмнийхээ эцэг, эх нь болсон удирдагчдын хувьд албан тушаал, эрх мэдлээ ашиглаж баяжих, хөрөнгөжих, өндөр алдар нэрийг олох, өөрийгөө хаан болгох сонирхол, хүсэл ер байдаггүй. Жинхэнэ улс төрчид ард түмэндээ л үйлчилдэг, тэднийхээ төлөө л амьдралаа зориулдаг. Ингэж чадсаныгаа л гавьяа гэж ойлгодог. Чухам тийм улс төрчиддөө ард түмэн, эх орон нь гэрэлт хөшөө босгож, үеийн үед дурсаж, хүндэлж, мөнхжүүлж иржээ. Өнөөдөр манайд, бидэнд тийм хэмжээ, зиндаанд үнэлэгдэхээр улс төрч байна уу?
Улсын бүртгэлтэй 35 намын ядаж дарга нар нь жинхэнэ улс төрчид, ард түмнээ, улс, эх орноо гэсэн элгэн халуун сэтгэлтэй, улс орноо үнэн мэдлэг, зөв мэдээллийн үндсэн дээр хэн ч өөлөхөөргүй зохистойгоор удирдаад явчих хүмүүс мөн үү?
Улсынхаа нөөц, баялаг, боломж, нөхцлийн талаархи мэдээлэлд ойр байх гэж, өөрсөддөө ашигтай хууль гаргуулах гэж, албан тушаалаа ашиглаж авилга авах гэж, өөрийн компани, аж ахуйдаа тааламжтай нөхцөл олгуулах гэж, төрийн өмчийн аж ахуйн газруудад бараа, бүтээгдэхүүн шахах гэж, нууц далд аргаар ашигтай тендерүүдийг авах, төрөл садандаа өгөх гэж, товчилж хэлэх аваас зүй бусаар хөрөнгөжих гэж улс төр рүү орж байгаа бол тэр хүн эх орон, ард түмэндээ дайсан болохоор шийджээ гэсэн үг. Ийм зам дээр гарч ирсэн хүнд итгэл үзүүлж, санал өгч дэмжих аваас сонгогчид бид л том нүгэл үйлдэж буй нь тэр юм. 1990-2020 оны хооронд Монгол Улсад "хамгийн ашигтай бизнес" бол улс төр байлаа. Гэхдээ энэ бол яг үнэндээ хулгай, луйвар, авилга, дээрэм юм. Ийм үзэгдлүүд үүрлэсэн төр, засгийг, түүний субьектуудыг ард олон, сонгогчид л өөрчилж чадна. Өөрчилж чадах өөр хүч байхгүй. Одоо байгаа нь бүгд л эсвээс зөв чанаргүй, эсвээс луйвар, булхайн эзэд гэдэг нь нотлогдчихсон, эсвээс найдаж, итгэж болохгүй эрээвэр хураавар хүмүүс, хүч юм.
АНУ-ын анхны Ерөнхийлөгч нар цалин, урамшуулал авалгүй ажиллаж байж л төр, засгаа төвхнүүлсэн түүхтэй. Иргэний дайны дараа ард иргэдийн нь байдал маш хүнд байжээ. Өнчирсөн хүүхдүүд, гэр оронгүй болсон хүмүүс, дайны хөлд сүйдсэн айл өрх, аж ахуйг нь өөд нь татаж хэвийн байдалд нь оруулахын төлөө тэд өөрсдийгөө золиослон, байгаагаа бусадтай хуваалцан, улс орныхоо эзэн нь, эцэг нь мэтээр зүтгэцгээж байв. Чухамдаа тийм байсныг нь үнэлж, дурсаж Америкчууд тэднийхээ хөшөө, дурсгалыг бүтэн уул эзлүүлэн бүтээжээ. Гэтэл манай өнөөгийн улс төрчид эх орноо тонож, элэг нэгтнээ хохироож, мулзалж байдаг. Энэ бол ялгаа шиг ялгаа мөн биз дээ?
Зарим нь өнөөдөр луйвардаж авсан бүхнээ хамгаалж "иргэдийнхээ хувийн өмчид халдлаа" хэмээн орилох болжээ. "Хуулийн хүрээнд, зөв арга, хэлбэрээр бүтээж, эзэмшсэн хувийн өмчтэй, ардчилсан үзэл, ухамсартай бие хүн" би мөн үү? гэж тэд өөрсдөөсөө асууж үзээсэй дээ...
Энэ болзол, шаардлагад бүрэн нийцэж буй хүмүүс л "иргэний нийгмийн гишүүн, субьект, чөлөөт иргэн" мөн юм. Түүний эрх чөлөөнд хэн ч, төр засаг ч халдах учиргүй, эрхгүй. Бид бүхэн тийм нийгмийг л хүсэж, тийм чиг, баримжаагаар урагшилж байгаа билээ.
Авилга, луйвар, рекет, шахаа, цавчаа мэтэд гаршсан орчин үеийн зальхай этгээдүүд өнөөдөр "төрөөс төрсөн тэрбумтан", "тендерийн ченж", "зээл зуучлагч", "лицензийн хаан, хатан" гэхчилэн нэг нэгнээ дөвийлгөж, магтах шахам ярьцгаах болжээ. Зарим нэгэн байгууллагаас зохиодог "Тансаг ёолк"-ийн хүндтэй зочдын 40-60 хувь нь тийм хүмүүс, илчлэгдээгүй эрүүгийн гэмт хэрэгтнүүд байх болов. Тэд "манай үеийн баатрууд" ажээ.
Ардчилсан намын удирдлага, гол лидерүүд тараа бүрэн таниулж, хэн бэ гэдгээ харуулчихлаа. Ардчилсан нам хулхи, хулгайч удирдлагынхаа балгаас болоод дахиад ер өөдлөхгүй л болов уу. Шинэчлэгдсэн шиг шинэчлэгдэх, түмэнд тэрнийгээ нотлох аваас сонгогчид харин өөрөөр хандах биз ээ. Энэ нам тэгж чадахгүй байх аа...
Монгол Ардын Намын лидерүүд хэлсэндээ, амласандаа хүрч, үнэхээр хариуцлагатай ажиллаж чадах юм бол наад зах нь л ирэх 12 жилийн туршид Монгол улсыг тэд толгойлсоор л байх нь тодорхой. Гэхдээ энэ намын толгойн хэсэгт тун ч эвгүй, мөн ч шуналтай, хачиг хувалз олон бий дээ. Ард түмэн тэднийг сайн таньдаг болсон цаг шүү дээ. Энэ намын залуу гишүүд хачиг, хувалзнуудаасаа салахыг л эн тэргүүнд хичээх нь зүйтэй. Эс тэгж чадваас ах нартайгаа хамт нэгэн хаяг, адилхан шошготой хайрцганд орцгоох биз ээ.
1992 оноос хойш сонгогдон ажилласан 8 парламентаас онцгой том нүгэл үйлдсэн, мэрэгжлийн чанараар сул, авилгачид олонтой нь Д.Дэмбэрэл даргатай УИХ байлаа. Энэ УИХ Оюутолгойн гэрээг яг хэрэг дээрээ бол судалж таниа ч үгүй, ойлгоо ч үгүй, жинхэнэ ёсоор хэлэлцэж нягтлаа ч үгүй атлаа баталжээ.
Юунаас болоод тэр билээ? Ихээхэн хэмжээний авилга авсан удирдлага, намынхаа нөлөө бүхий хүмүүсийн дарамтанд орсон бололтой...
Сонгууль, сонгуулийн УИХ болон түүний дарга нар, гишүүдийн нь санаатай үйлдсэн нүгэлийг илчлэх, нийтэд мэдээлэх нь шударга ёсонд нийцнэ. УИХ-ууд бүгд нүгэл хийсэн гэх аваас тэр нүглүүдийг хамтран хийлцсэн буюу хийгдэж байхад нь хараад , мэдээд сууж байсан гишүүд гэж бас бий. Жишээ нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан... Тэд 1990 оноос 2020 оны хоорондох 30 жилийн туршид ард түмний элч, төлөөлөгчөөр ажиллажээ. Энэ хүмүүс гавьяатай юу, нүгэлтэй юү?
Чингисийн одонгоор Монголд их гавьяатай хүн шагнагдаж байгаа юм уу, эсвээс их нүгэлтэй хүн шагнагдаж байгаа юм уу? Жирийн иргэд бид ойлгохоо бүр больсон шүү дээ!
Ерөнхийлөгч асан зарим эрхмийн олгосон шагналын талаар үнэхээр инээд хүрмээр, тохуурхал төрөхөөр онигоо олон зохиогдож тархжээ. Тэдний чихэнд тэр онигоонууд хүрдэг болов уу? бас уг шагналыг авсан эздэд нь?
Манай Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын дарга нарын "зөвлөхүүдийн" талаар нам намын удирдлагын нь хүрээнд мөн ч сонин зүйл бас их яригддаг юм байна. Тэр бүх яриаг цуглуулаад цээжилчихсэн, явцуу хүрээнд дэлгэн ярьж нөхдөө хөгжөөж байдаг алиа марзандуу хүн ч цөөн биш байх юм. Монголын улс төр цэвэрших, хариуцлагатай болох, саарал ордон зөвхөн, гагцхүү шударга улс төрчдөөс, халуун эх орончдоор дүүрэх цаг хэзээ ирэх юм бол оо?
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл (0)