Ц.Лут-Очир: 35 төслийг царцаахад 236 тэрбум төгрөг хэмнэнэ

Эдийн засагч, хөгжлийн судлаач  Ц.Лут-Очиртой  ирэх оны улсын  төсвийн талаар ярилцлаа.

- Ирэх онд төсвийн орлогыг хэт  өөдрөгөөр төсөөлжээ. Гэтэл орлого нь  энэ жилийн тухайд тасрахаар байна. Түүнчлэн татварын орлогыг мөн өсгөхөөр тусгажээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд хүнд тусах байх даа?

- Ирэх оны төсвийн орлогыг хэт өндөр, өөдрөгөөр тооцсон. Тодруулбал, 2022 оны төсвийн орлогыг 15.8, зарлагыг 18.2 их наяд төгрөг гэж төсөөлжээ. Орлого, зарлага өнгөрсөн жилээс 2.7 их наядаар нэмэгдсэн. Ирэх оны төсөвт  зэсийн үнийг 8.900, алтыг 1.800, нүүрсийг 129 ам.доллараар таамагласан. Биет хэмжээний хувьд нүүрс 36.5 сая тонн, зэсийн баяжмал 1.2 сая тонн, алт 20 тонныг экспортолно гэжээ. Гэтэл энэ онд 46 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 20 сая ч хүрэхгүй байдалтай байгаа. Ямар ч хорио цээр, тээврийн болон бусад эрсдэл тооцоогүй. Энэ байдлаар ирэх жилд төсвийн орлого тасарна. Татварын нийт орлогыг 20 хувь буюу 2.7 их наядаар өсгөхөөр тусгасан байна. Нүүрс, зэс, алт зэрэг экспортын бүтээгдэхүүний нөөц ашигласны татвар ингэж ихээр өсөх боломжгүй тул ирэх жил НӨАТ, орлогын татварын хувийг өсгөхөөр төлөвлөсөн. Тухайлбал,  үл хөдлөх хөрөнгийн албан татвар 158 тэрбум төгрөгөөр буюу 25 хувиар өснө л гэнэ. Мөн нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлж тооцжээ.

- Тэгэхээр ирэх оны төсвийн орлого бүрдүүлэлтэд НӨАТ-ыг 20 хувиар  өсгөсөн нь татвар төлдөг цөөн хэсэгт дарамт нэмэгдүүлэхээр болж байна уу?

- Хүн амын орлогын албан татварын нийт орлогын 14 хувь, НӨАТ-ыг 20 хувиар тус, тус өсгөжээ. Энэ нь нэг талаас төсвийн алдагдлын хувийг хуульд нийцэж байгаа мэтээр харагдуулах заль, нөгөө талаас татвар төлдөг цөөн хэсэг дээрээ татварын дарамтыг нэмэх буруу бодлого юм. Ирэх онд төсвийн зарлага 2.4 их наяд буюу 15 хувиар эрс өссөн. Сонгуультай жилд ч ийм том төсвийн тэлэлт хийж байгаагүй. 2020-2021 онд ковид хямралтай тэмцэх нэрээр төсвийн тэлэлт хийх гэж оролдсон боловч төсвийн орлого бүрдээгүйн улмаас хөрөнгө оруулалтын зарлагууд царцсан, тендерт орсон компаниуд алдагдал хүлээсэн алдааг дахин давтаж байна.

- Төсвийн алдагдлыг ДНБ-д эзлэх өрийн таазыг  тултал нь баталсан. Цаашид өрөө хэрхэн барагдуулах юм бол?

- Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг. 2015 онд УИХ-аас “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” баталж, төсвийн алдагдал хоёр хувь, ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан. Гэтэл үүнээс хойш энэ заалтыг зургаан  удаа өөрчилсөн бөгөөд хувийг дандаа өсгөж явсаар засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа бараг тэнцүү болж цаашид өр төлөхөд улам хүндрэлтэй боллоо. Төсвийн алдагдлыг гадаадаас авсан валютын зээлээр нөхдөг. Гадаад өрийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг судалж үзвэл нийт 5.9 их наяд төгрөгийн төслүүдийг дэмжиж энэ онд 2.1 их наяд төгрөг зарцуулах төсөв баталжээ. Багийн иргэний танхим, ахмадын өргөө, шинэ хорооны байр барьж, сумын төвийг шинэчлэх зэрэгт 263 тэрбум, орон нутагт сургууль цэцэрлэг, дотуур байрны барилгын 492 тэрбум төгрөгийн төслийг шинээр эхлүүлэхэд 157 тэрбум, театр, музей, соёлын төв барих 450 тэрбумын төсөл баталж ирэх онд 107 тэрбумыг зарцуулах нь. Ковидын үед соёлын төв, музей барьдаг улс манайхаас өөр байхгүй. Хөшөө, архитектурийн шийдлийг урлагийн бүтээл гэж үздэг учраас тендер зарлалгүй, шууд худалдан авдаг болохоор төсвийн хулгай хийдэг шилдэг арга болсон шинжтэй. Эдгээр булхайгаа хаахын тулд орлогыг өсгөж алдагдлыг өндөр тавьж байна.

-Таныхаар хэмнэж болох зардлууд юу, юу байж болохоор байна вэ?

-Богд Зонховын хөшөө шиг төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах, эсвэл огт хэрэггүй төслийн жагсаалтыг 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтаас арай томхоноос нь түүж, нийт 844 тэрбум төгрөгийн 35 төслийг царцаахад 2022 онд 236 тэрбум төгрөг хэмнэж болно. Нийт үр ашиггүй төслүүдийг бүгдийг шүүж үзвэл том дүн болно. Гэтэл нөгөө талаас олон жил дуусгаж чадахгүй байгаа Түлэнхийн төвд мөнгө тавиагүй нь төсөв бүрдүүлэлт үнэхээр хэцүү байгаа бус уу.  2022 онд гишүүн бүрийн тойрогт дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан нь авилгын нэг хэлбэр бөгөөд сонгогчдын саналыг худалдан авах чиглэлтэй, төсвийн хөрөнгө оруулалтыг тарамдуулах, үнэгүйдүүлэх алхам боллоо. Энэ нь  цаашид олон жил үргэлжлэх буруу жишиг. Хэнтийн аймгийн сумдаар дайрч Ульхан боомт хүрэх чиглэлд 225 тэрбум төгрөгөөр 250 км зам тавих эдийн засгийн үр ашигт эргэлзэж байгаа. Өдөрт 20 машин явдаг, хүмүүсийн урсгалгүй газарт хатуу хучилттай зам тавих нь үргүй зарлага. Харин Сүхбаатар аймгийн Хавиргын боомт, төвийн бүсийн аймгуудад авто замын сүлжээг нэмэгдүүлэх болсон нь зүйтэй санагдсан.

- Төсвийн бодлогын тухайд шинэчлэл хийсэн гэж байсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ жилийн төсөв дээр төрийн байгууллагын орон тоо, урсгал зардлыг бууруулах зорилт дэвшүүлсэн нь сайшаалтай. Гадаад томилолт, сургалт хийхгүй, дэд даргын туслахын орон тоог байхгүй болгох, бичиг хэргийн зардлыг 50 хувь бууруулах нь зөв. Гэхдээ үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх тухай сайн бодох ёстой болов уу. Зардлыг өөр нэр төрлөөр бүртгэх, туслах гэлтгүй мэргэжилтэн нэртэй туслах хийлгээд суудаг нь үнэн. Төсвийн бодлогодоо хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг дэмжих гэсэн лоозон дэвшүүлсэн нь сайхан сонсогдож байгаа боловч бодит байдалтай нийцэж байгаа гэдэгт би эргэлздэг. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн  арван жил 10 тэрбум доллараас өсөлт гарахгүй таг зогслоо. Эдийн засгийн өсөлтийг боомилж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын дутагдал, эрчим хүч, усны менежментийн талаар шинэ оны төсөв дээр дорвитой зардал харагдсангүй.  Мөн 2022 онд цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, гол мөрний усыг хамгаалах, усны менежмент хийх төсөл огт байхгүй. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн гол асуудалд гадаадын зээл тусламжаас хамааралтай байж болохгүй. Хэнтий аймаг улсын төсвийн бүх хөрөнгө оруулалтын хамгийн том хувийг залгидаг нутаг боллоо.

Хүн амаа газар нутгаар нь ялгаварлаж болох уу. Төсвийн тэнцвэртэй бодлого үнэндээ алдагдсан. Богд Зонхов, Байгалийн түүх, Археологи, Чингис хааны музей бүгд ижил. Хэзээ ч хөрөнгө оруулалт дуусахгүй, үргэлжлээд засвар хийх, үзмэр, шилэн хорго, тавилга, гадна тохижилт, урсгал зардал гээд жил бүр төсвөөс саагаад явна. Энэ бол ирээдүйд урсгал зарлага нэмэх болохоос хөрөнгө оруулалт биш. Зүй нь төрөөс эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлтэй цахилгаан, дулаан ус хангамжийн төслүүддээ илүү анхаараад бусдыг хувийн хэвшилд даатгах хэрэгтэй юм. Гэтэл одоо хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байгаа жаахан цахилгаан дулааны эх үүсвэрээ булаалдаад байгаа.

Үр дүнд нь төрийн оролцоо ДНБ-ний 60 хувиас дээш гарч улам нэмэгдсээр байна. Одоогийн эрх баригчдаас төсвийн төлөвлөлтийг зөв болгох, хулгайг зогсоох бодол, чадвар, зориг харагдахгүй байгаа. Нөгөө талаас энэ байдлыг гаднаас нь хэлж, эрүүлээр шүүмжилдэг хүмүүс байгаа ч залхаж байна. Хэзээ ч сонсдоггүй, хүлээж авч засах оролдлого хийдэггүй. Тиймээс зөв өөрчлөлт гарна гэдэгт итгэхээ больсон.

 

 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)