"Хүннү" гэх нэрийн учир, холбогдол

Баримт, мэдээлэл дутуугаас болоод шийдвэрлэгдэх боломжгүй байх асуудал гэж бий. Хүрэлцээтэй мэдээлэл байхгүй нь бүгдэд тодорхой байхад олдсон цөөхөн баримтад тулгуурлан хийгдэх боломжгүй дүгнэлтийг хүчлэн хийх гэж оролдох, бүрэн нотлогдоогүй дүгнэлт хийж төөрөгдөл үүсгэх зэрэг нь шинжлэх ухаанд харш, хүсэмгүй зүйл юм. Мэдээлэл илэрхий дутуугаас болж эцэслэн шийдэх боломжгүй асуудал Хүннү судлалд олон бий.

Монгол хэл дээр бичиж үлдээсэн баримт, мэдээлэл, сурвалж байхгүй. 2-3 өөр хэл дээр бичиж үлдээсэн, харьцуулах боломж олгож буй мэдээлэл, баримт бас үгүй. Гагцхүү Хятад эх сурвалжид л байгаа мэдээлэл, баримт тодорхойгүй, олон янзаар ойлгох, өөр өөрөөр тайлбарлах боломжтой байгаа нь олон асуудлыг нээлттэй хэвээр нь үлдээхэд хүргэж байна.

 

Хүннү судлаачид хэдэн арван жил үг, үсэг, нэр, хочийн хойноос хөөцөлдөөд олон тохиолдолд тодорхой үр дүнд хүрсэнгүй. Одоо энэнийг орхих, цэглэх хэрэгтэй болоод байна. МЭӨ II мянганы зуунуудад, мөн МЭӨ I мянганы зуунуудад хятад хүмүүс (хааны ордны бичиг хэргийн түшмэдүүд) нүүдэлчдийг хэд хичнээн янзаар, яаж нэрлэж байсан нь асуудлыг тодруулах шижим биш болох нь үнэн юм.

 

Энэ олон нэр, үгсийн цаана чухам хэн, юу байгаа нь тэдгээрээс тодрох боломжгүй байна. Өнгөрсөн хугацаанд судлаачид аман түүх, домог, шүлэг, дуу, Хятадын төрийн түүхүүд зэргийг ашиглаж судалж шинжлээд Хятадын умардад оршиж, аж төрж байсан нүүдэлчдийн талаар ноттой, нэг мөр болсон мэдлэгийг буй болгож чадсангүй. Асуудлын тайллыг байхгүй газраас нь эрсэн тохиолдол ч олон байлаа. Хуурамч шинжлэх ухаанчирхлаар дүүрэн ном, өгүүлэл, илтгэлийн тоо хаа сайгүй олширлоо. Хятад сурвалжид дурьдагдсан нүүдэлчин овог, аймгуудын нэр, хочны учрыг тайлах гэсэн, ханз үсгийн цаг цагийн утга, учрыг олох гэсэн нөр их хөдөлмөр хэрэг дээрээ юуг ч тодруулж юуг ч шийдвэрлэсэнгүй. Эцэст нь одоо оршин буй энэ л уугуул газар нутаг дээрээ наад зах нь сүүлийн 10 орчим мянган жилийн туршид байнгад байж нааш цааш нь нүүдэллэн шилжин аж төрсөөр ирсэн Монголчууд бид өөрсдийгөө, өвөг дээдсээ энэ олон хятад нэр, хоч, өөр өөр дуудлага, бичлэгийн дотроос эрэх, хайхад хүрсэн инээдэмтэй нөхцөл, байдал үүсээд байна. Одоо эрэл хайгуулын энэ талбарыг орхиод эсгий туургатан нүүдэлчдийн өвөг дээдсийн түүхийг өөртөө агуулж, тусгаж үлдсэн тэр талбар руу бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Бидний өвөг дээдсийн үнэн түүх, жинхэнэ намтрыг археологийн олдворууд л хадгалж үлджээ. Одоо аль болохоор их малтлага хийх, малтаад олдсон зүйлсээ бүх талаар эцэслэн судалж агуулагдан буй мэдээллийг нь шавхан, шувтлан гаргаж ирэх, тодруулах хэрэгтэй байна. Энэ ажилд бүх талын дэмжлэг хэрэгтэй. Тэгэхдээ бүүр онцгойлон үзсэн дэмжлэг хэрэгтэй. Энэ хэрэгт улс, үндэстнийхээ боломж, нөхцлийг дээд зэргээр дайчлан ашиглахын зэрэгцээ бусад орны оролцоо туслалцааг ч хамгийн өргөнөөр авах шаардлагатай байна Археологийн биетэй, бодьтой олдворууд л бидэнд маргаангүй үнэнийг хэлж өгөх болно. Археологийн олдворуудыг шинжилж таних, түүнд агуулагдан буй мэдээллийг бүрэн гаргаж авахад туслах салбар шинжлэх ухаануудын чадамж ч их дээшилжээ. Физик, Хими Биологи, палеантропологи, микробиологи, эпигенетикийн-орчин үеийн чадавх урьд өмнө нь байгаагүй их өндөрлөгт хүрчээ. Эдгээр шинжлэх ухаан бидэнд үнэнийг хэлж өгөх болно.

 

Түүхийн сурвалжууд дахь үг, нэр, хоч болон тэдгээрийн олон салаа утга, санааагаар хөөцөлдөх үр дүн багатай ажлаас судлаачдыг эдгээр шинжлэх ухаан чөлөөлж өгөх болно. Хүннү судлаачдын өмнөх хөдөлмөрийн ихэнх нь асуудал бүрээр элдэв хувилбарыг дэвшүүлэхээс цааш нь нэг их хэтэрсэнгүй. Чухам хэний нь дэвшүүлсэн санаа, хувилбар үнэнд ойрхон болохыг нь үзүүлэх, нотлоход мөн л мэдээлэл дутагдаж шалгах, нягтлах бололцоогүй болчихож байна. Жишээ болгож Хүн, Хүннү гэх нэрийн талаар цөөн зүйл өгүүлье.

 

Хүн гэдэг нэр үг өвөг монгол хэл анх үүсэх үед лавтай байсан эртний үг болов уу. Учир нь хүнийг амьтнаас ялгаж нэрлэх шаардлага бол нэн эртний хэрэгцээ юм. Эхэндээ хүн ба мал, хүн ба хонь, ямаа, хүн ба адуу үхэр гэх мэтээр нэрлэж ирсэн байх ёстой. Өвөг монгол хэлэнд өөрсдийгөө нэрлэх нь, өөрсөддөө оноосон нэр өгөх нь нэн түрүүний хэрэгцээ байсан байх учиртай. Өөрсдийгөө Хүн гээд, үр төлөө Хүү, Хүүхэд гээд мөн хүйс ялгаж Хүүхэн гэж, олныг зааж Хүмүүс, төрөл гарал ялгаж Хүргэн, Хүргэцүүл хэмээн нэрлэж ирсэн байх. Энэ үг монгол угсаатныг насан туршид нь дагалдаж яваа болов уу.

 

Манай хүмүүс, харийн хүмүүс, манай хүн нар, харийн хүн нар гэж ч ярьж байсан байх... Хятад сурвалжид МЭӨ 2033-МЭӨ 1562 оны үесэд нүүдэлчдийн дунд Хянь Юнь нэртэй овог, аймаг байсан тухай олон судлаач дурьджээ. Хүннү гэдэг нэр чухамхүү энэ Хянь Юнь гэсэн нэрийн эртний нэгэн бичлэг, дуудлага мөн байх боломжтой.

 

 

 

Монголчуудын өөрсдийгөө Хүн нар хэмээн нэрийдэж байсныг Хятадууд анхандаа Хянь Юнь, хожуу нь Хүннү болгож дуудах болсон байж ч болно. Гэвч энэний үнэн, худлыг харьцуулж үзэх, шалгах өөр мэдээлэл үгүй нөхцөлд энэ нь бас л нэгэн санаа, хувилбар болж үлдэж байна. Уул нь Монгол угсааны хүмүүсийг нэгтгэсэн, Хянь Юнь хэмээн хятадуудын нэрлэж асан овог, аймаг МЭӨ 2033-МЭӨ 1562 онд оршиж байсаар биеэ даасан төр улс болж хувирсан байх магадлал тун их юм.

 

 

 

 

Энэ улс хөрш зэргэлдээ орших Хятадын улсуудын халдлагад сөрөн зогсохын тулд хүчээ зузаалсаар байгаад МЭӨ III зууны эхээр Хүннүгийн эзэнт гүрэн болон хувирсан байхад гайхах зүйл алга байна.

МЭӨ II мянганы дунд үеэс МЭ II зууныг хүртэл бараг 2000 жилийн туршид Хятадын улсуудад умраас заналхийлж байсан гол хүч бол Монгол угсааны аймгийн холбоод, улсууд байжээ. Хаяа нийлэн суух хөршүүд мөртлөө хэл, заншил өөр, эрхлэх аж ахуй өөр, нэг нь тариалангийн талбайд хөдлөшгүйгээр хадагдсан, нөгөө нь цагаан зээр шиг нүүдэлчид, нэгэнд нь боолчлол, боолын хөдөлмөр ихэд дэлгэрсэн, нөгөө нь дураар, чөлөөт байдлыг дээдэлж боолчлолыг үзэн яддаг, нэг нь суурин аж төрж шавар байшинд амьдардаг, нөгөө нь гэр сууцаа ачаад мал аж ахуйн технологийн дагуу шилжин нүүдэллэсээр байдаг энэ хоёр ард түмэн байнгад шахам дайны байдалд оршсоор ирсний гол буруутан нь Хятадын улсуудын хаад, хааны ордныхон байжээ.

 

Хөрш улс орнуудын хооронд заавал байх ёстой худалдаа, солилцоог Хятадын хаадууд байнгад шахам хааны ордны монопол болгосон хатуу зарлиг гаргаж хилээ цагдан хааж, худалдаа наймаа хийсэн нүүдэлчид болон өөрийн иргэдийг яллаж, цаазалж байв. Хятадын хаад, түшмэдүүд хэзээнээсээ ихэд дээрэнгүй, ихэмсэг байдлаар нүүдэлчдэд хандаж, тэднийг хорон муу үгээр нэрлэж, хочилж, доорд үзэж ирсэн нь нүүдэлчдийг хариу дайсагнахад хүргэдэг байжээ. Хятадын хаад бүхэн шахам нүүдэлчдэд хоч өгсөөр эцэсдээ хочоор нэрших, нэр ба хочны ялгааг хятадууд өөрсдөө ч мэдэхээ больсон бололтой. Ямар ч болов нүүдэлчдэд өгсөн олон хоч доромж нэрний ихэнх нь Монгол угсааны улстөрийн нэгжүүдэд өгсөн нэрүүд болж түүхэнд үлджээ. Тэдгээрээс хамгийн түгээмэл хэрэглэгдэж ирсэн, хожуу ч хэрэглэх болсон нэр нь Ху, Сюнну (Хүннү) болно. Энэ нэр монгол угсааны улсуудаас НТ VI зуун хүртэл бараг салаагүй байна. Хүннүчүүд, Сүмбэ нар, Нирунчуудын үндсэн, гол хэсэг нь монгол угсааныхан байснаас тэднийг мөнөөх л хоч нэрээрээ тэмдэглэн үлдээсээр байжээ. Харин Монголчуудын уугуул газар нутаг дээр төр улсаа байгуулж асан Түрэг, Уйгар, Киргиз нарын үед уг доромж нэрс орхигдож тэднийг дор бүрний нь оноосон нэрээр дуудах, тэмдэглэх болжээ. Мөн түрэг хэлтнүүдийн дараах үеийн Монгол угсаатнуудыг өмнөхөөс өөрөөр, цаг цагийн нь оноосон нэрээр нэрлэж эхэлсэн байна. Чингэж Монголчууд бараг 2000 шахам жилийн туршид Хятадын аман болон бичгийн түүхэнд Ху, Сюнну болон бусад олон хоч үгсээр тэмдэглэгдэн үлджээ.

 

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)