Э.Анар: Цахим мөнгө нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэв
- 2021-12-09
- Эдийн засаг
- 0
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа.
-Төлбөрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар Монголбанкнаас авч буй зохицуулалтын арга хэмжээ юу байна вэ?
-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд заасны дагуу санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Сэндбоксын орчинг бий болгон ажиллаж байна. Энэ нь төлбөрийн болон санхүүгийн үйлчилгээнд дэвшилтэд технологийг нэвтрүүлэхийг зорьж буй финтек байгууллагыг дэмжих зорилготой эрх зүйн орчин юм. Өнгөрсөн долоо хоногт энэхүү Сэндбоксын хүрээнд Монголбанкнаас зөвшөөрөлтэй цахим мөнгөөр үнэт цаасыг нийтэд санал болгосон нь төлбөрийн үйлчилгээнээс гадна санхүүгийн үйлчилгээг цахим мөнгөөр авах боломжтой гэдгийн нэг жишээ боллоо. Монголбанк Инновацийн оффис байгуулсан нь дэвшилтэт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд санал болгох финтек байгууллагууд хүрэлцэн ирж, эрхзүйн орчин болон дэд бүтцийн шийдлийн талаар санал солилцож зөвлөлдөх бүрэн боломжийг бий болгосон.
-Цахим мөнгөөр үнэт цаас худалдаж авах давуу тал нь юу вэ?
Үнэт цаас ба мөнгө гэсэн 2 талт төлбөр тооцоон дээр суурилж явагддаг уламжлалт хэлбэрийг халж, цахим мөнгөөр үнэт цаас худалдан авах, брокерын данс, бонд захиалгын данс зэргийг цахим мөнгөний аппликэйшнээр дамжуулан шуурхай, түргэн гүйцэтгэх боломжийг цахим мөнгө олгож байна. Мөн, цахим мөнгөний үйлчилгээг шинэ зах зээлд нэвтрүүлснээр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнтэй холбоотой төлбөр тооцоог түргэн шуурхай, саадгүй гүйцэтгэх, үр дүнгийн тооцоолыг хийх цаг хугацааг хэмнэх, үйл ажиллагааг хялбаршуулах зэрэг давуу талууд бий болж байна. Цахим мөнгө нь банкан дахь мөнгөн хөрөнгөөр баталгаажсан байдаг тул үр ашигтай, ашиглахад хялбар, найдвартай гэсэн үг. Цахим мөнгөний гүйлгээ нь бага дүнтэй төлбөрийн системээр дамжиж 7/24 горимоор тасралтгүй хийгддэг зарчимтай.
- Цахим мөнгө нь төлбөр тооцооны шинэ арга хэлбэр мөн үү?
-Технологийн өндөр хурдтай 21-р зуунд төлбөр тооцоо хийх нь зөвхөн өр төлбөрийг барагдуулах гэхээс илүүтэйгээр та бидний цахим харилцааны бас нэгэн шинэ соёл болж байна.
Өөрөөр хэлбэл, 2 хүн нэг ижил төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол гуравдагч этгээд түүнд заавал нэгддэг. Энэ нь төлбөр тооцоог цаасан мөнгөөр хийхээс илүү хурдан, найдвартай бөгөөд хүн хоорондын харилцааг сонирхолтой болгож байдаг шинэлэг арга юм.
Цаашид финтек компаниуд нь санхүүгийн үйлчилгээний зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд санаачлагатай ажиллаж, хууль тогтоомжийг мөрдөж, улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Сэтгэгдэл (0)