Койны эрсдэл ба санхүүгийн ирээдүй
- 2021-12-10
- Нийтлэл
- 0
Аливаа үйл хэрэг, хичээл зүтгэл, оролдлого, ер бүхий л үйлдэл ямарваа зүйлийг бүтээх, болгох гэсэн эрмэлзэл, хүсэл тэмүүллээс үүдэн гардаг нь зүй ёсны хэрэг. Тодорхой ажил үйлийн зүтгэх хүч, арга ажиллагаа, тоног төхөөрөмж, удирдлага, санхүүжилт нь ч юм уу, эс бөгөөс хүсэл тэмүүлэл, сэтгэлийн аль нэг нь л дутагдвал тэрхүү үйл хэрэг огт хийгдэхгүй, таг зогссоор байх нь гарцаагүй. Элдэв хориг саад, хязгаарлалтанд орж, юугаар ч юм хүлэгдэж баглуулан хөдөлж чадахгүй байгаад, энэ нь бүхэл бүтэн салбар, олон олон ажил хэрэг, бизнес санаа, хэрэгцээ шаардлагыг хамран хав дарж, яс цоожлох юм бол халуун уур битүү савыг дэлбэ татан гардгийн адил нэг л өдөр тэсрэх нь дамжиггүй.
Монголчууд өнөөдөр койноор халуурч байна. Өдрийн нэг койн, токенууд анхдагч арилжаагаа хийж, тэр болгонд зорьж төлөвлөсөн санхүүжилт нь хэд нугалан биелж, олон нийтээс их наядаар нь хөрөнгө татаж байна. Иргэд юу болов гэмээр койн руу хошуурцгааж, бодит хөрөнгөөр баталгаажаагүй, хуулиар зохицуулагдаагүй, найдвартай хөрөнгө оруулалтад тооцогдохгүй гэж мэргэжлийн хүмүүс сануулсаар байтал “мөлхөх шахам байж” цуглуулсан хэдэн төгрөгөө хийсээр байгаа нь чухам ямар учиртай юм бол? Богино зайд хялбар тоглолт явуулж, огцом ашиг хийн, хэд нугалсан орлого олох гэсэн хүмүүний хязгааргүй шунал, бусдын алдах, хохирохыг юман чинээ бодохгүй пирамид луйврын тэргүүн эгнээнээс ашиг олох эхний хэдэн хүний нэг болох гэсэн адын улайрал гэж чичилсээр байтал Монголын нийт хөрөнгийн зах зээлийн 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл крипто захыг тэлээд, үүгээр зогсохгүй дараа дараагийн койнуудаас худалдаж авахаар цахим түрийвчүүдээ “сэгсчин” суугааг хэрхэн ойлговол зохих вэ?
Албан бус статистикаар өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэн 400 000 гаруй хүн крипто койн, токен худалдан авчээ. Мөн л албан бус мэдээгээр манай улсын криптовалютын зах зээлийн үнэлгээ иргэдийн нийт хадгаламжийн 20 орчим хувь, гадаад валютын албан нөөцийн 17.0 хувьтай тэнцэж байна. Товчхондоо маш их мөнгө виртуаль хөрөнгө рүү орж байна. Хүмүүсийн хөрөнгө оруулалт хийх сонирхол, эрэлт хэрэгцээ асар их байгааг энэ их халуурал харуулж байна. Бусдыг дагаж, сэтгэлийн хөөрлөөр койн, токен авч байгаа хүмүүс ч бий л байх. Гэвч нийтээрээ ингэж сүргийн сэтгэхүйгээр хуйларч байна гэвэл хэтэрхий гүтгэсэн хэрэг болох биз ээ.
Саяхан даа, сар гаруйхны өмнө криптовалютын CoinGecko бирж зах зээлийн нийт үнэлгээ 3.0 их наяд ам.доллар давсныг мэдээлсэн. Ердөө жил хүрэхгүй хугацаанд криптовалютын зах зээлийн үнэлгээ үндсэндээ дөрөв дахин өсөөд байгааг Bloomberg сүүлийн үеийн онцлох мэдээллүүдийнхээ нэгээр нэрлэж байна. Хоёр сарын өмнөөс Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр биткойны фьючерсийн ETF (exchange traded fund) багц албан ёсоор арилжаалагдаж эхэллээ. Энэ бүхэн зөвхөн монголчууд халуураад байгаа юм биш гэдгийг хэлэхэд хангалттай жишээ гэж бодож байна. Дэлхийн криптовалютын зах зээлийн огцом өсөлтийн тодорхой хэсэгт хөөсрөлт, хөөрөгдөл нөлөөлсөн байж болох ч ихэнх нь бодитой байгааг олон улсын шинжээчид мэдэгдээд эхэллээ. Ялангуяа биткойныг мэргэжлийн хөрөнгө оруулагчид инфляцаас хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн нь түүний ханшийг бодитойгоор өсөхөд нөлөөлж буйг судлаачид дүгнэн хэлж байна.
Ерөөсөө хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагатай уялдан цаасан мөнгийг дижитал мөнгө орлон гарч ирэх нь зайлшгүй бөгөөд гарцаагүй үйл явдал байсан. Сатоши хэмээх “үл үзэгдэгч” япон эрхмийн бичсэн блокчэйн энэ зайлшгүй агаад гарцаагүй явдлыг нөхцөлдүүлж, улмаар технологийн төсөөлшгүй хурдтай, ритмлэг өрнөлийг үүтгэсэн нь өнөөдөр биднийг энэ улангассан халууралд хүргээд байгаа гэж хэлж болно. 2017 онд ICO зонхилж байсан бол, өнөөдөр IEO зонхилж, төвлөрсөн бүтцэд STO буюу security token offering, төвлөрсөн бус бүтцэд DeFi зонхилох болж байна. Хөгжил улам гүнзгийрч, нарийссаар байна. Нэгэнт хөгжил эргэлт буцалтгүй тул улс орнууд дижитал валютуудынхаа бодлого, концепцыг боловсруулаад эхэллээ. АНУ, Европын холбоо, Англи, Япон, Хятадын төв банкууд дижитал мөнгө гаргах туршилт эхлүүлж байна. Одоогоор дэлхийн 175 төв банкны 70 орчим хувь нь дижитал мөнгө гаргах шийдэл, дизайнаа зурж байна. Хэдийгээр өнөөдрийн байдлаар криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж албан ёсоор баталсан улс байхгүй байгаа ч төв банкууд ойрын үед дижитал мөнгөний талаарх хууль ёсны шийдлүүдээ гаргаж эхлэх нь ойлгомжтой байна.
Канадад амьдардаг орос програмист Виталик Бутерин 2013 онд Ethereum бичсэн юм. Энэхүү blockchain дээр суурилсан төвлөрсөн бус санхүүгийн платформоо 2015 онд олон нийтэд анх танилцуулсан нь дижитал санхүүгийн секторт хувьсгал хийсэн гэж болно. Ethereum-ийн онцлог нь түүний платформыг ашиглан smart contract буюу ухаалаг гэрээ үүсгэх боломж нь юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хөгжүүлэгчдэд Decentralized Finance буюу төвлөрсөн бус санхүүгийн хэрэглээний програмуудыг бүтээх, ажиллуулах боломжийг олгодог. Интернет орчинд хэн бүхэнд санхүүгийн бүхий л үйлчилгээг зуучлагч шаардалгүйгээр нээж өгдөг Decentralized Finance буюу DeFi-гээс өнөөдрийн бүх койн, токенууд мэндэлсэн гэж хэлж болно.
Мэдээж, Ethereum платформ ямар ч эмх замбараагүй, стандарт шаардлагагүй, дүрэм журамгүй зүйл биш. Үүнд, токен үүсгэх техникийн стандарт шаардлага байдаг бөгөөд түүнийг ERC буюу Ethereum Request for Comment гэдэг. Энэ нь Ethereum сүлжээн дэх бүх ухаалаг гэрээнд хэрэглэгддэг бөгөөд уг сүлжээг ашиглан токен гаргагчдын дагаж мөрдөх дүрмийг тодорхойлж өгсөн байдаг. Үүнд заавал баримтлах зургаан дүрэм болон нэмэлтээр хэрэгжүүлэх гурван дүрмийг багтаадаг. Сүлжээний платформ улам л сайжирч байна. Харьцангуй түвэгтэй “proof of work” системээс илүү хялбар дэвшилтэт “proof of stake” систем уруу шилжээд байна. Ингэснээр өмнө нь хэрэглэгчид ERC20 зоос илгээх, түрийвч хооронд шилжүүлэх бүрдээ төлбөр төлдөг, шинэ гүйлгээг олборлогчид blockchain дээр нэмж баталгаажуулаад төлбөр авдаг байсан бол шинэчлэлээр хүмүүс эзэмшиж буй зоосныхоо хүрээнд гүйлгээг баталгаажуулж, олборлолт хийдэг болсон. Сүлжээний аюулгүй байдал ч илүү дээшилсэн.
Блокчэйнийг хөгжүүлсэн технологийн үсрэнгүй хөгжил өөрчлөлтүүд ялангуяа санхүүгийн салбарыг асар инновацилаг, үр ашигтай, хүртээмжтэй болгож байгаагийн илрэл нь бидний виртуаль, дижитал, крипто гэхчлэн олон янзаар нэрлээд байгаа биет бус хөрөнгө буюу койн, токенууд. Арилжих, гүйлгэхэд хялбар, зардал багатай, түргэн шуурхай, дээр нь мэдээж өндөр нууцлалтай, уламжлалт санхүүгийн үйлчилгээг хүртэх боломжгүй хүн ч ашиглах боломжтой, өөрөөр хэлбэл хэнийг ч ялгаварлахгүй зэрэг олон давуу талтай крипто мөнгөнд чухам ямар зохицуулалт, хяналт хэрэгтэй вэ, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр улс орнууд нэгдсэн байр суурьтай болоогүй байгаад л асуудал байгаа юм. Магадгүй хэн бүхний мэддэг, шунадаг, халуурдаг зүйл атлаа чухамдаа хэний ч мэдэхгүй, ойлгохгүй, яаж ч чадахгүй байгаа энэ виртуаль хөрөнгө, крипто мөнгө гэгч чухам юу юм бэ?
Олон улсын зохицуулагч байгууллагууд виртуал хөрөнгийг илэрхийлж буй зүйл, чиг үүргээр нь бараа, үйлчилгээ худалдан авах боломжтой төлбөрийн токен, бараа, үйлчилгээ авах эрх агуулсан хэрэглээний токен (utility token), мөн хөрөнгөжүүлсэн буюу үнэт цаасжуулсан токен (asset/security token), нэг бүрийн шинжээр тодорхойлогдох буюу орлуулшгүй токен (non-fungible token, NFT) гэж ангилан үзэж байна. Төлбөрийн токенд ерөнхийдөө хэн нэгэн өмчилдөггүй bitcoin, bitcoin cash, bitcoin gold, ether зэрэг криптовалютыг оролцуулан ойлгодог боловч alternative coin (altcoins) гаргаж буй байгууллагууд түүнийгээ төлбөрийн койн гэж нэрлэх нь бий. Эдгээр нь ч дотроо олон төрөл болж үүрэг, агуулгаараа ялгардаг. Нарийндаа виртуал хөрөнгө хүмүүсийн яриад байгаа шиг оргүй хоосон зүйл биш. Тэдгээрийг анхлан гаргаж байгаа байгууллага, хүмүүс тодорхой үүрэг зорилгыг шингээж, хэтийн төлөв, замын зургийг нь төлөвлөж байж гаргана. Тэгж байж арилжаалагдана. Гагцхүү тэр тодорхойлж тогтоосон үүрэг зорилго, илэрхийлж байгаа агуулгад ямар үнэ цэн оршиж байна вэ гэдгээс тухайн койн, токены ирээдүй шалтгаалж байдаг.
Хүмүүст ирээдүйг урьдчилж харах чадвар байхгүй шүү дээ. Тиймээс л хожих, хожигдохын дундуур эрсдэл үүрэн явцгаадаг. Азтай, одтой байх нэгэн байхад алдаж, хохирох нь олон. Криптовалютын зах зээлд оролцох, койн, токенуудын үнэ ханшийн хэлбэлзлээс ашиг хийх боломж хэн бүхэнд нээлттэй байгаа ч энэ тийм хялбар тоглоом бас биш. Койны зах зээлийн тухай ойлголт, санхүүгийн наад захын мэдлэг, хөрөнгийн захын зүй тогтол, орчил хөдөлгөөний талаарх ерөнхий төсөөлөл, дээр нь мэдрэмж шаардлагатай. Хамгийн гол нь эрсдэл даах чадвартай байх нь чухал. Бодитойгоор өгөгдсөн нөхцлүүдийг харгалзан тооцож ирээдүйг таамаглах боломж бидэнд бий. Наад зах нь өөрийнхөө хэрэглээг нягталж үзээд, одоо хэрэглэж байгаа зүйлсээ ирээдүйд илүү их хэрэглэх, илүү их цаг, мөнгө зарцуулах хандлага байна уу гэдгийг тогтоохоос бидний тоглолт эхэлнэ. Ирээдүйгүй зүйлд хөрөнгө мөнгөө оруулж шатахгүйн тулд авах гэж байгаа койны чинь үүрэг, агуулгад байгаа зүйлсийг сайтар нягталж, бидний ирээдүйд, магадгүй олонхийн ирээдүйд цаашид байсаар байх уу гэдгийг тооцох учиртай.
Тун удахгүй анхдагч арилжаагаа хийх гэж байгаа MGLCaelum токеноор жишээ авъя. Энэ токенийг Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Дорноговь аймагт хагас коксжих нүүрсний гурав, жоншны ес, цахиурын хоёр, бал чулуу, шохойн чулууны нэг, гөлтгөнийн хоёр, мөсөн шүүний мөн гурван ашиглалтын лиценз эзэмшдэг, Төв аймгийн Баян сумын Цайдамнуур хэмээх газарт 600МВт-ын хүчинн чадалтай цахилгаан станц барих зөвшөөрөлтэй, Монгол Улсын Засгийн газартай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ байгуулчихсан Тэнгри холдинг ХХК гаргаж байгаа гэдэг бол маш том үзүүлэлт юм. Төсөлд салбар салбартаа олон жилийн туршлагатай NovaTerra ХХК, Мезорн ХХК, Комплексити ХХКболон Сингапурын хөрөнгийн биржийн төлөөлөл хамтран ажиллаж байгаа нь токений баталгааг улам нэмэгдүүлж буй юм.
Өнөөдөр дэлхийн хөрөнгийн зах зээл дээр ямар салбарын үнэ ханш өсөлттэй байна вэ, ямар чиг хандлага тренд болж байна вэ гэдгийг мэдэх тийм ч хэцүү биш. Интернэтэд энэ тухай мэдээ, мэдээлэл хангалттай бий. 2020 оны эцсийн байдлаар технологийн салбарын өсөлт 37 хувьд хүрсэн. Цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэм ч нөлөөлсөн биз. Үүний ард дундаас дээш түвшний хэрэглэгчдийн хэрэглээний салбарын өсөлт 31 хувь, Communication service буюу харилцаа холбооны үйлчилгээний салбарын өсөлт 18 хувиар дараалсан байгаа юм. Араас нь эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбар, мөн зэсийн салбарын өсөлт эрчимжсэн байна. Өөрөөр хэлбэл, ард талдаа эдгээр салбар чиглэлийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаар баталгаажсан койн, токенуудыг сонгох нь эрсдэл багатай гэсэн үг.
Мэргэжилтнүүд нийтлэг хоёр тохиолдлыг санал болгодог. Нэгдүгээрт, уналтаас сэргэх үе буюу койн, токений ханш хангалттай унасан бол цааш унах газар байхгүй. Хоёрдугаарт, өсөлт тогтвортой хадгалагдаж байгаа үе. Энэ хоёр үе мөчлөгийг зөв тооцож хөрөнгөө оруулах нь таны эрсдлийг тодорхой хэмжээгээр багасгах төдийгүй ашигтай ажиллах боломж олгоно.
Сүүлийн таван жилийн хугацаанд крипто зах зээл хэт огцом буюу 143 дахин өссөн, зохицуулалтгүй тул үнийн зохиомол хөөрөгдөлт бүхий манипуляци ихтэй, 95 хувь нь ардаа ямар нэгэн баталгаагүй гэх мэт олон сөрөг үзүүлэлтүүд койн, токенуудыг илэрхийлж байна. Энэ бүхэн үнэн. Тэдгээрийн аль нь манипуляци агуулж байна вэ, аль нь “Памп энд Дамп” буюу үнийг зохиомлоор хөөрөгдүүлэн өсгөж, санаатайгаар унагаах луйвар вэ гэдгийг ялгаж танихын тулд whitepaper буюу төслийн баримт бичигтэй сайтар танилцах ёстой. Тэр дундаа тухайн койныг гаргаж байгаа субьект нь хэн байна вэ, тэд ямар бизнесийн түүх, амжилтын замналтай байна вэ, мөн койн, токеноо юугаар баталгаажуулж байна вэ, тэрхүү баталгаажуулж байгаа зүйл нь хэр ирээдүйтэй вэ гэх мэт олон эргэлзээтэй асуултын чинь хариу энд бий.
Дээр жишээ татсан MGLCaelum токеныг гаргагчид босгосон хөрөнгөөрөө ашигт малтмалын ордууд болон эрчим хүчний нөөцийг орчин үеийн технологийн шийдэлтэй хослуулсан цогц төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсныг whitepaper-ээс нь харж болно. Үүнд, ногоон эрчим хүч үйлдвэрлэх “яндангүй” цахилгаан станц, уул уурхайн түүхий эд, ялангуяа жонш, цахиур, шохойн чулуу, мөсөн шүү, гөлтгөнө, хагас коксжих нүүрс зэрэг түүхий эдээс цемент, шохой, гипс, натрийн сульфат, натрийн карбонат, нано бордоо, тунамал кальцийн карбонат зэрэг импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эко-тех аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулахаар ТЭЗҮ-ээ боловсруулсан байна. Дээр нь крипто майнинг фарм, хиймэл оюун ухаанд тулгуурласан дата центр, блокчэйн болон эд юмсын интернет хосолсон ухаалаг ханган нийлүүлэлтийн сүлжээ, блокчэйнд суурилсан эрдэс баялаг, түүхий эдийн бирж байгуулах зэргээр токеныхоо эко-системийг бүдүүлж, үнэлгээ, үр өгөөжийг богино хугацаанд бодитойгоор нэмэгдүүлэн, ашгаас токен эзэмшигчдэдээ хүртээдэг байхаар тооцсон байна. Ингэж баялгаар баталгаажуулан, бодит төслүүдэд хөрөнгө оруулж, тоо хэмжээ, нийлүүлэлтийг нэмэхгүйгээр хоёрдахь зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ арилжаа, борлуулалтанд байнга хэрэглэж, бүх гүйлгээг токеноороо хийхээр төлөвлөсөн нь энэхүү виртуаль хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг илэрхий нэмэгдүүлэх төсөөлөл бууж байгаа юм.
Дэлхийн жишгээс харахад ихэнх койны, тодруулбал нийт койн, токенуудын 99 хувийнх нь амьдрах хугацаа ихдээ зургаан сар байдаг. Үүнээс цааш амьдрах чадвартай нь тун цөөн бөгөөд ихэнх нь идэвхгүй хэлбэрт шилждэг. Үүний гол шалтгаан нь бодит хэрэглээ байхгүйтэй холбоотой. Хэрэглээг нь урьдчилж төлөвлөөгүй, үнэ цэнийхээ агуулгыг урт хугацаанд тогтвортой авч явах бизнесийн багтаамжгүй, богино хугацааны ч юм уу, нэг бол ерөөсөө үр ашиггүй үйл ажиллагаанаас гарч ирсэн койн, токенууд хэтэрхий олон байгаа нь крипто зах зээлийн үр өгөөжийг арагш чангааж, үлдсэн нэг хувийнхаа хөрвөх чадварыг бууруулж байна.
Халуурч байна, халуурч байна гэж байгаа ч дэлхийн зах зээлийн макро үзүүлэлтээр авч үзвэл койн, токенуудын хоёр дахь зах зээл дээр хөрвөх чадвар хангалтүй байгаа нь энэ төрлийн бүтээгдэхүүний хөгжил яагаа ч үгүй, анхан шатандаа явааг илтгэж буй юм. АНУ-ын бондын зах зээлийн өдрийн арилжаа 450 тэрбум ам.доллар, USD/GBP хослолын дүн 430 тэрбум ам.доллар, Японы Засгийн газрын бондын гүйлгээ 378 тэрбум, S&P500 үнэт цаасны багц 125 тэрбум, алтны арилжаа 113 тэрбум ам.доллар байдаг бол биткойны эргэлт ердөө 6-17 тэрбумын хооронд хэлбэлзэж байна. Эрин зуун маань “технологийнх” гэдэг нь үнэн л юм бол уламжлалт санхүү, цаасан мөнгөний гүйлгээндээ цахим хөгжил, дижитал шинэчлэл хийхээс гарцаагүй бөгөөд одооноос виртуаль хөрөнгө, төлбөр тооцооны хэрэгслүүдээ хөгжүүлэх, бойжуулах шаардлага байгааг хөрвөх чадварынх нь энэ дутмаг байдал бидэнд харуулж байна.
Халуурч байна, халуурч байна л гэх. Хийх ёстой боловч хийхгүй байгаа ажлууд бугшиж буцлаад, тэсэрч байгаа юм.
Сэтгэгдэл (0)