Хууль гэж юу юм бэ? Бид түүнгүйгээр амьдрах боломжтой юу?
- 2021-12-15
- Нийтлэл
- 0
Хуулийн тухай товчхон
- Хууль гэж юу юм бэ? Бид түүнгүйгээр амьдрах боломжтой юу?
Хууль гэхээр хүний нийгмийн хууль, байгалийн хууль, физик, математикийн хуулиуд гээд хөвөрч өгнө. Би энд нийгмийн хуулийн талаар л үзэл бодлоо илэрхийлье.
Хүний нийгмийн хувьд энгийнээр хэлэхэд хууль гэдэг маань нийгмийн харилцааны хэм хэмжээг зохицуулсан дүрэм журам юм. Хүний нийгэмд бид хуульгүйгээр амьдрах боломжгүй юм. Хэрэв та ганцаараа эзгүй арал дээр амьдарч байвал танд хүний нийгмийн хууль хэрэггүй. Та 100 хувь эрх дураараа, эрх чөлөөтэй амьдарч болно. Гэхдээ та байгалийн хуулинд захирагдах л болно. Хэрэв та хоёулаа болбол та хоёрын харьцаанд заавал нэг зохицуулалт хэрэгтэй болно.
Ер нь хууль хэрхэн үүсэж хөгжсөн, төр гэдэг чинь юу юм бэ? Төргүй амьдарч болох уу үгүй юу гэдгийг ойлгоё гэвэл "Өрх гэр, өмч төрийн үүсэл" гэгч Фридрих Энгельсийн бяцхан зохиолыг уншаарай.
Хүн гэдэг чинь хүний нийгэмд төрсөн цагаасаа эхлэн бичигдсэн, бичигдээгүй хуулинд захирагдаж амьдардаг. Хүн, нийгмийн харилцааны бүх зүйлсийг цаасан дээр буулгаж, хуульчилан зохицуулах боломжгүй бөгөөд шаардлагагүй юм. Бичигдээгүй хууль гэдэг маань тухайн улс үндэстний ёс заншил, ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулагддаг. Бичигдээгүй хууль зөрчигдөхөд түүнийг хууль эрх зүйн талаас нь шахаж, шаардах боломжгүй. Энэ бол хүмүүсийн ухамсар, ёс суртахууны хэмжээнд л шийдэгдэнэ. Үүнийг орхиод бичигдэж, хуулчилагдсан хуулийн талаар ярья.
Ямар засаглалтай байна тийм л хуультай байх болно. Хаант засаг болон дарангуйлагч засаглалтай бол тэдний л хуульд захирагдана. Төрийн эрх мэдэл хэний гарт байна тэдний эрх ашиг, сонирхолд нийцсэн хуультай байна. Бид үндсэн хуулиндаа ардчилсан нийгмийг байгуулж, төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэж тунхагласан. Гэтэл өнөөдөр манай төр ард түмний гарт байна уу? Манай хууль ард түмний эрх ашигт нийцэж, үйлчилж байна уу?
Өнөөдөр Монголд ардчилал бус анархизм (эмх замбараагүй нийгэм) ноёрхож байна. (Ардчиллын талаар жич тусад нь ярихаас өөр аргагүй. Энэ бол бас л барагдахааргүй сэдэв)
Нэгэнтээ хууль байгаа бол сайн ч бай, муу ч бай дагаж мөрдөхөөс өөр аргагүй л болно. Хууль бол хууль. Төр гэдэг чинь баталсан хуулиа дагаж мөрдүүлэх шүүх, прокурор, цагдаа гэх мэтийн бүтэцтэй. Тэгэхээр мэдлэг чадваргүй, сэтгэл зүтгэлгүй хүмүүст эрх мэдэл өгч буруу, муу хууль гаргуулж өөрсдийнхөө хувь заяагаар тоглуулж, дарлуулж байгаа маань хэний буруу вэ? Хуулийг хэн дуртай нь боловсруулдаггүй, хэн дуртай нь орондоо хэвтэнгээ засварладаггүй.
Үндсэн хуулиараа ард түмэн төрөө сонгох эрхтэй. Тэгээд яагаад буруу хүмүүсийг сонгоод байна? Тэгвэл манай өнөөгийн улс төрийн тогтолцоо, үндсэн хууль, сонгуулийн хууль үйлчилж байхад ард түмэнд ямар ч сонголт байхгүй байна. 30 жил та нар зөв сонголт хийж чадаагүй. Та бүхэн ардчиллаар халхавчилсан, барууныхны заавраар бүтээгдсэн маш зальтай, буруу, муу улс төрийн тогтолцоо, үндсэн хууль, сонгуулийн хуулийн золиос болоод хууртагдсаар байна. Энэ байдлыг үндсээр нь өөрчлөхгүйгээр 100 жил сонгууль явуулсан ч жинхэнэ ардчилал, шудрага ёс тогтохгүй.
Бид нэн даруй жинхэнэ ардчиллын зарчим, шудрага ёсыг тогтоох нөхцөлийг хангасан Үндсэн хуулийн засвар (эсвэл шинэ Үндсэн хууль?), цоо шинэ сонгуулийн хуулийг боловсруулах хэрэгтэй байна. Харин түүнийгээ хэрхэн амьдралд хэрэгжүүлэх нь тусдаа маш том асуудал. Бид төрөө зөв төвхнүүлэн засаж чадвал цэнгэлийн манлайд хүрэх нь ядах юмгүй. Бүх зүйл хуулиндаа байгаа гэдгийг ойлгоорой.
Төрөө засахгүй бол эдийн засагчид өнөөдөр хичнээн мундаг эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулаад хэрэггүй. Тэр чинь хэрэгжихгүй хоосон цаас болно. Хүний нийгмийн харилцааны бүх үйл ажиллагаа тэр тусмаа эдийн засгийн үйл ажиллагаа бүгд хууль дүрмэнд захирагдаж явагдана....
Нийтлэлч Гочоогийн Ламжав (Эрдэнэт)
Сэтгэгдэл (0)