Монгол "ДЭН"

Эргэлт

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болов. 1980 онд төрсөн залуу Улсын Ерөнхий сайд, 100 жилийн түүхтэй намын дарга болж байна. Хуулиар намын даргыг их хурлаар батлаж ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАН-ын дарга У.Хүрэлсүх тамгаа түүнд шилжүүлсэн. Тамга шилжүүлэх шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ парламентаас Ерөнхий сайдаар томилогдсонд байв. Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар хагас жилийн дараа л намын дарга болно. Үүнээс өмнө тэр “де факто” намын дарга байсан бол одоо л “де юре” дарга боллоо.

Түүхэнд хэрэв гэж байдаггүй ч... энэ зуур, жишээ нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан бол ээдрээтэй нөхцөл байдал үүсчихэж мэдэхээр байв. Тэр буцаад Ерөнхий сайд болох уу? Эсвэл ялагдлын хариуцлагаа хүлээж хоюул огцрох уу? Ялагдсан бол У.Хүрэлсүх хариуцлагаа хүлээе гэчихэж мэдэх л хүн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар тэсэхгүй, нам нь их хурлаа зарлаад өөр хүнийг дарга болгоод тэр нь шууд Ерөнхий сайд болоод явчих байв. Парламентад хэт олонх намын шийдвэрийг “гудамжнаас” эсэргүүцэх боломж бараг байхгүй. 

Чухам үүнийг хүсэн хүлээж байсан хүчирхэг бүлэглэл МАН дотор байсан. У.Хүрэлсүх ч, Л.Оюун-Эрдэнэ ч МАН-д шинэ үеийн төлөөлөл болж байсан бөгөөд хуучин хотын, санхүүгийн, оффшорчдын бүлэглэлүүд хэрэв сөрөг хүчнээс У.Хүрэлсүхийг ялчихаар нэр дэвшигч тодорсон бол түүнийг далдуур дэмжихэд ч бэлэн байв. Гэхдээ Х.Баттулга л биш... Хэрэв Х.Баттулга дэвшсэн бол сонгуулийн кампанийн үед эсрэг этгээдийн ийм сонирхол дээр тоглохоос юунд татгалзах вэ? Гэвч Х.Баттулга хуучин МАНАН-гийн “№ 1” дайсан байсан юм. Түүнийг холдуулахын тулд яасан ч яах вэ!?

Х.Баттулгаас өөр ялах боломжтой нэр дэвшигч АН-д байсангүй. Тиймээс У.Хүрэлсүхийг Х.Баттулгаас арай дээр гэж тэд үзсэн, тэгээд л У.Хүрэлсүх итгэл төгс ялсан. Чухамдаа У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гурав ялалтын төлөө үхэн зүтгээгүй бол, С.Эрдэнийг дэвшүүлээгүй бол байдал өөрөөр эргэчихээр байлаа. Тэд АН-ын дотоод зөрчил дээр гарамгай тоглож, хүссэн нэр дэвшигчээ амласан. 

МАН их хурлаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зарлаж “чадаагүй”, намын даргын суудлыг “ёс төдий” хэвээр үлдээсэн ийм үед Ерөнхийлөгчийн сонгууль байтугай нөхөн сонгуулийн ялагдал ч энэ “гурвал”-ыг зайлуулах шалтаг болчихож мэдэхээр байлаа. Ковидын хүндрэлийн оргил үед, эдийн засгийн уналтын шалтгаар Л.Оюун-Эрдэнийг хоёр хөлтэй сандал дээр дэнжигнүүлсээр байсан. Түүний аз болоход Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ “өрөөл” тулгуурыг ганхуулаагүй юм. Дээрээс нь “Рио Тинто”-той хийж буй сунжирсан хэлэлцээрт түүний ЗГ амжилт олж байсан нь нийтийн дэмжлэгийг татсаар байв. Ерөнхийлөгч болоод У.Хүрэлсүх ч Засгийн газарт хатуурхсангүй, намд нь ч бослого үймээн гарсангүй.

Энэ зуур Л.Оюун-Эрдэнэ нэг хоног ч амар тайван засаглаж байсангүй л дээ. Боомтууд хаагдаж, вакцин тасалдаж, элдэв жагсаал, цуглаан цуварч, аж ахуйнууд дампуурч, шатахуун тасарч, намынхаа яруу алдарт 100 жилийн ойгоо ч бүрэн тэмдэглэж чадахгүй бужигнуулж байв. Нэг ч өдөр түүнийг амар суулгаагүй, үлдсэн тулгуурыг нь хөрөөдөж унагахын тулд шүдээрээ ч мэрж байлаа. Л.Оюун-Эрдэнэ ЗГ-аа төдийгүй сайд нараа хамгаалах үүргийг өөртөө авч байв. Сөрөг цохилт бүрийн хариуг дор нь өгсөөр байлаа.

Замын-Үүд дэх “Ариутгагч төхөөрөмжийн будлиан”-аар шалтаглан эхлүүлсэн дотоод цэвэрлэгээний хүрээнд 30 гаруй этгээдийн авилгын хэрэг “илрүүлсэн”. Тэд нь Л.Оюун-Эрдэнийн эсрэг бүлэглэлийн төлөөлөгч, гар хөл байсан. Хатуурхвал түүгээр шалтаглан намд нь бослого гарах магадлалтай тул олонхийг “хялбаршуулан” шийтгэхдээ “улстөрийн эрх мэдэл, нөлөөг багасгаж” замаасаа зайлуулан цэвэрлэж, нөгөө талаар энэ төлөөлөгчдийг нь дүүжилж цаад бүлэглэлийг нь айлгах замаар эрх мэдлээ бэхжүүлж байлаа. Улсын санхүүгийн хүчирхэг зангилаанд байршсан Д.Хаянхярваа намын хурлын өмнө “хялбаршуулсан хонгилоор” шийтгүүлэхийг гуйн мөргөж, гэмээ наманчилснаар сүүлчийн “дүүжлүүр” амжилттай болов. Амжилттай болсныг харуулсан үзүүлэлт нь тэр 99,71%-иар намын дарга болсон юм. Эцсийн эцэст нам нь сахилгажиж, эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрөв.

Хэдий ийн сахилгажуулсаар байсан ч анх Ерөнхий сайд болохдоо л хэлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” нь ахиц, дэмжлэг ололгүй гацаад байв. Энэ төлөвлөгөөг нь МАН-ын гишүүдээс илүүтэй бизнес эрхлэгчид чих тавин хүлээсээр, “коммунизмын хий үзэгдэл” шиг ”шинэ эргэлт гэнэ үү, сэргэлт гэнэ үү?” нэг юм сонсогдоод л... Яг асуудлыг хэлэлцэх болохоор УИХ-ын гишүүд, “Байгаа хууль тогтоомжийнхоо хүрээнд л явчихъя, нэг их өөрчлөх юу байгаа юм бэ?” гэлцэн алгаа дэлгэж байсан ч ардаа хутгатай л суусан хэрэг. Ингэсээр яаж ийгээд тэд эцсийн ашгаа хүртэж, асар үрэлгэн төсөв батлуулж аваад сая нэг юм намын хурлаараа батлав. Уг нь Ерөнхийлөгч төсөвт хориг тавьчихаж болох байсан ч намын хурал таарсан тул Л.Оюун-Эрдэнийг дэмжихийн тулд чимээгүй өнгөрлөө. Одоо, хууль ёсоор намын дарга болсны дараа асуудал өөр болох байх, учир нь Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Ялын бодлогыг чангатгана” гээд зарлачихлаа.

Ингээд намын их хурлаа нээхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо ил тод зарлалаа. Де юре бол “Хэрэв энэ бодлогыг дэмжвэл намайг даргаар сонго”, де факто бол “Би дарга болно, тэгээд үүнийг хийнэ!”...

Одоо бүх эрх мэдлийг гартаа авлаа. Би эрт хэлсэн. Энэ шинэчилсэн “Үндсэн хууль” бол “Ерөнхийлөгч нь биш канцлер нь дарангуйлагч болох боломжтой Ваймерийн БНУ-ын Үндсэн хуультай маш төстэй” гэж...

Үндсэн хуулиар одоо хамгийн хүчирхэг хүн бол Ерөнхий сайд. У.Хүрэлсүх энэ эрх мэдлийг эхлүүлсэн боловч Ерөнхий сайд эрх мэдэлтэйн хэрээр ачаалал ихтэй ажил. Хоногийн 24 цаг ч богинодно. Тиймээс Ерөнхийлөгчийн ажлыг “тодорхой” эрсдэлтэйгээр сонгосон. 

Ялангуяа ковидын үеийн эдийн засгийг удирдана гэдэг хүсэх юм биш. Л.Оюун-Эрдэнэ ч өөрөө түүнийгээ хэлсэн. Гэхдээ... Улстөрийн цоо шинэ орчинд өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа, эдийн засгийн цоо шинэ орчинд тодорхой хэлбэл дэлхийн хамарсан ковидын хямралын дараа, гадаад орчны цоо шинэ нөхцөлд тэр Ерөнхий сайд-Намын дарга боллоо. Магадгүй ийм үед цоо шинэ хүн, шинээр бодож сэтгэдэг хүн Ерөнхий сайдаар ажиллах нь улсад, иргэнд ашигтай ч байж магадгүй.

Шинэ ертөнц

Өмнөд хөрш БНХАУ далайд АНУ ба түүний холбоотнуудтай сөргөлдөж байна, алс баруун этгээдэд умард хөрш Украйны асуудлаар сунжирсан хямралтай хутгалдчихлаа. Хоёр хөршийн аль аль нь өнөө манай гадаад бодлогын гурав дахь тулгуур, гурав дахь хөрштэй зөрчилдөж байна. Бээжингийн өвлийн олимпийг яг 1980 оны Моксвагийн зуны олимп шиг бойкотлох сонирхол манай “гурав дахь хөршүүдэд” бий. Афганистаны асуудлаас болж хийсэн бойкот амжилттай болж, ЗХУ санхүүгийн асар их алдагдал үзсэн! Өнөөдөр АНУ Афганаас цэргээ гаргаж, бүс нутагт тогтворгүй голомт үлдээгээд байна, түүх яг ухарч байх шиг, гэхдээ асар хурдтайгаар... магадгүй ерийн хурдаар ч юм уу?

Үүнээс болгоомжилсон Хятадууд ковидын шалтгаанаар бойкотод орчихгүйн тулд хамгийн хатуу арга хэмжээнүүдийг авч байна. Ингэснээр манай экспорт-импортын гол боомтуудад гацаа үүсчихээд байна. Ер нь ганц манайх ч биш тус улстай хиллэдэг 20 гаруй улс бүгд ийм байдалтай байна. Учир нь Хятад бол том зах зээл, том худалдан авагч! 

Тэгсэн хэр нь АНУ ковидоос үл хамаарсан бойкотод уриалчихлаа. Олон улсад энэ гол маргаан болж байна. АНУ Хятадтай зөрчилдөхийн хэрээр ОХУ-ыг талдаа татахыг хичээж, Европын холбоо болохоор аюулгүй байдлын үүднээс АНУ-ыг ОХУ-тай ойртуулахгүйг хичээж гурвалжин, дөрвөлжин юм болж байна. Яг дайны өмнөх шиг байдал... 

Их сүржигнэмээргүй авч энэ яг л тэртээх 1930-аад оныг санагдуулна. Оросууд ойр ойрхон ирээд л, эрхбиш өнөөгийн Герасимов тэр үеийн Фриновский шиг “Заговор” төлөвлөгөө, төсвийнхөө тэн хагасыг армидаа зарцуулах шаардлага барьж ирээгүй л дээ, гэхдээ армийг чинь аюулын болгоод өгнө л гээд байна. 

Нууц протоколын нэгдүгээр заалт нь “Гадаад Монголын статус квог одоо байгаагаар нь хадгалах” гэсэн байдаг Ялтын гэрээгээр тохирсон дэлхийн шинэ дэг журам эвдэрч эхлээд удсан. Ковидын тархалтын улмаас улс бүр хилээ чангатгаснаар эрчимтэй даяачлагдан байсан дэлхий ертөнц буцаад хуваагдчихлаа. Одоо улс бүр өөрийн эрх ашгийн төлөө, тусгаарлагдмал байдалд тэмцэхээс аргагүй болоод байна.

Муу юм болохгүй байх гэж найдъя, гэхдээ Д.Намдаг гуай “Ээдрээ” жүжигтээ “Танай ёсонд яадаг юм мэдэхгүй, цэргийн номонд бол хашир илүүдэхгүй ээ л гэдэг” гэсэн байдаг.

Шинэ сэргэлт

Улс орнууд дотоод дэг журмаа чангатгаж, эдийн засгаа цэгцэлж, ковидын дараахь хүндрэлүүдээ шийдэхийг чармайж байна. Манайд ч ялгаагүй. Үүний илэрхийлэл болсон баримт бол “Шинэ сэргэлт”-ийн бодлого юм. Санаандгүй ч энэ нэрийг сонгоогүй л байх.

Ямар боловч дотоод улстөрийн тогтвортой байдлаа хадгалах нь манай давын өмнө тавих зорилт, манай эрх ашиг. 2024 оныг хүртэл сонгууль байхгүй, 2025 онд Ерөнхийлөгчийн сонгуульгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах анхны сонгууль 2020 онд болсон, одоо хэдхэн өдрийн дараа 2022 он гарах гэж байна. Сонгуулийн бүрэн эрхийн хугацааны тэн хагас нь өнгөрчихлөө. 

Ийм үед тогтвортой, зоримог ажиллах үндсэн нөхцөл болсон тогтвортой байдал 12 дугаар сарын 6-ны МАН-ын XXX их хурлаар хангагдаж байна. Үүнээс өмнө Үндсэн хуулийн дагуу ЗГ улстөрийн эрсдлээс хол ажиллах нөхцөл байсангүй, магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль болтол нэг жил тогтвортой байсан. Тэр үед Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн ЗГ-ын эсрэг ямар нэг алхам хийгээгүй. Энэ оны хагасаас шинэ Ерөнхий сайд намын даргын албаа авч чадаагүйгээс өмнө хэлсэнчлэн дотоод хямрал эхэлсэн ч мөн л Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй тогтовортой байдал хадгалагдлаа. Энэ үйл явц түүнээс улстөрийн багагүй ур дүй, сүрхий тэсвэр тэвчээр шаардсан нь харагдсан.

Одоо нэгэнт улстөрийн тогтвортой байдал 2024 он хүртэл хадгалагдана гэж үзвэл илүү эрх мэдэлтэй Ерөнхий сайдын чармайлт л улс орныг энэ хүндхэн байдлаас түргэн хугацаанд гаргах бололцоотой. Учир нь парламент эрхээ хязгаарлуулсан, Ерөнхийлөгч оролцоо багатай болсон. Ийм үед “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг дэмжээд хашгичаад байдаггүй юм гэхэд эсэргүүцээд байлгүй хамтдаа хямралаас гарахыг бодсон нь олон нийтэд ашигтайг бүгд ойлгож байх шиг.

Хэдийгээр нийгэмд бухимдал их, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тодорхойлсноор дотоод эдийн засгийн нөхцөл байдал байдал 1992 оныхтой зарим талаар төстэй болсон, гадаад орчин ОХУ-ын тарифын хаалт, БНХАУ-ын шууд хязгаарлалтаас үүдсэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан нь мөн л 1990-ээд оны эхэнд үетэй адилавтар байгаа ч үүнийг даван туулах боломжийг “Шинэ сэргэлт”-ийн бодлогоос харж болно.

Сөрөг хүчин дотоодын будлианаа давж чадсангүй, үүнд МАН-ын оролцоо байгаа эсэх нь тусдаа асуудал, эцсийн дүндээ асуудлаа өөрсдөө л шийдэх ёстой. Энэ байдлаараа тэд 2024 онд амжилт олох эсэх нь ч тун эргэлзээтэй болчихлоо. Нийтийг хамарсан эсэргүүцлийн үйл ажиллагаа газар авахгүй байна, хэдий нийтээрээ эсэргүүцэлд бэлэн авч удирдан зохион байгуулагч хүчин алга болов. Энэ нь нэг талаас ардчиллын шалгуураар тааруу үзүүлэлт авч нөгөө талаас эрх баригчид хэрэв зоригтой, тууштай бодлого явуулбал амжилт олох улстөрийн платформ бүрдсэн гэсэн үг.

“6 дугаар сэргэлт”

Өнөөгийн нөхцөлд удирдах гэж оролдохоос огт удирдахгүй орхих нь илүү үр дүнтэй байх. Эдийн засгийн талаасаа шүү! Түүхэн дэх шинэ эргэлтийн бодлогуудын мөн чанар үүнд л оршиж байсан юм. 

Л.Оюун-Эрдэнийн зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний тав бол яах вэ дээ, үндсэндээ өмнөх 30 жил хуримтлагдсан проблемууд л юм. Дутуу алсан могой шиг орхисон төмөр зам, авто зам, цахилгааны хангамжийн асуудал бол эдийн засгийн суурийг бэхжүүлэх, тодорхой хэлбэл дэд бүтцийн, “дэд” асуудал. Улстөрийн бүлэглэлүүд маргаан мэтгэлцээн, дотоод зөрчил, улстөрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ төсөл хөтөлбөрүүдээ хутгасны л гор. Ер нь тэдгээрийг дэс дараатай гүйцээн хийх нь зөв гэдэг нь 30 жилийн амьдрал, ахуйгаар батлагдсан л эд. Улстөр-эдийн засгийн тогтвортой нөхцөлд зайлшгүй хийх ёстой зүйлүүд мөнөөсөө мөн!

Гол үр дүнг би хувьдаа зургадугаар “сэргэлт”-ээс л хүлээнэ, тэндээс бүх зүйл эхэлнэ. Хэрэв үүнийгээ хийж чадвал нийгмийн олонхийг хамарсан таагүй уур амьсгалыг богино хугацаанд зөөллөж чадна.

“Төрийн бүтээмжийн сэргэлт” гэдэг нэр зохисон эсэхийг бүү мэд “Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай. 1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн “Шинэ эргэлтийн бодлого” ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч, гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм” гэдэг бол зөв хандлага.

Мөнгө шаардахгүй ч, бүтээмжийг сайжруулах олон боломж бий. Ийм л байх ёстой гээд дасчихсан асуудал, хэвшсэн сэтгэлгээ ч цөөнгүй байна гэдэг үнэн. Ерөөсөө төр бүхнийг мэддэг, зааж зааварладаг, чиглүүлдэг байх нь хэт төвлөрсөн догматик хандлагыг эвдэх нь туйлын хэцүү ч хийхээс аргагүй. 

Эдийн засагт ч олон ургальч үзэл хэрэгтэй, олон байх тусмаа сайн. Ерөөсөө мөнгө зарцуулахгүй, өнөө шаардлагатай 120 гаруй тэрбум ч хэрэггүй, эдийн засгийн сэргэлт авчрах арга нь ерөөсөө удирдахгүй байх, зөнгөөр нь орхих юм. Зөнгөөр нь орхино гэдэг элдэв зөвшөөрөл, лиценз, шалгалт, торгуулиар боомилохгүй, түүнийг эрс цөөрүүлж, хэнд ч чөлөөтэй сэргэж ажиллах боломжийг бүрдүүлнэ л гэсэн үг. Дэлгүүр нээхийн тулд дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн түшмэлд сая төгрөг өгдөггүй байх, мэргэжлийн шантаажлагчдад байнга мөнгө төлдөггүй байх, цагдаа нар орж ирээд дээрэмддэггүй байх боломжийг... 

Шинэ эргэлтийн туршлага

1930-аад онд яаран эхлүүлсэн, Монголд социализм байгуулах оролдлого нь улсын аж ахуйг сүйтгэсэн. Тэр үеийн ЗХУ-д ч ийм алдаа гарч, нийтийг хамарсан өлсгөлөн гаарч, хүмүүс сая саяараа үхэж байсан. Монгол хэдий аж үйлдвэржээгүй ч аж ахуйн онцлогоор арай ч хүн өлбөрч үхээгүй, харин ч эзэнгүй болгон нийгэмчилсэн дундын мал сүргийг дураар эдлэж хэрэглэснээс малын тоо толгой цөөрч, чинээлэг иргэд хохирч, аж ахуй хүнд цохилтонд орсон. Чинээлэг иргэд, жасынхан, язгууртнууд өмч хөрөнгөө хамгаалж бослого дэгдээж улс оронд эмх замбараагүй байдал нүүрлэж, дүрвэн зугтаж, талж, шатааж эхэлсэн билээ. Өнөөдөр ч хил нээгдвэл чинээлэг иргэд гарч “зугтахад” бэлэн байна. 

Өнөөдөр Монголд юу болж байна? Хулгайлж л байна. Яаран хийсэн хувьчлал, яаран хийсэн элдэв гэнэн реформууд нь улсын аж ахуйг бүрнээ сүйтгэчихсэн 30 жилийн дараа...

Овоо хөрөнгөтэй хүн үйлдвэр байгуулжээ. Гэтэл ажилчид нь бүтээгдэхүүнийх нь ихэнхийг хулгайлаад өөд нар үзүүлэхгүй байгаа гэнэ. Цагдаад өгөөд ч нэмэргүй, халаад өөр хүн ажилд авахад ялгаагүй. Яагаад? Яагаад гэвэл баян, хоосны ялгаа ихсэхээр хулгай ихэсдэг. Ухамсаргүй, хувиа хичээсэн люмпэн пролетариуд бий болдог. Тэд бага цалингаасаа илүү орлогоо ингэж олдог. Нийтээр ядуурахаар бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос шагнал авахыг хүлээснээс хулгайлчихсан нь өнөө, маргаашийн амь зуулгад хэрэгтэй гэж ажилчид үздэг. Хэрэв ийм байдлаас аж ахуйнууд дампуурвал ажилчид нь бүгд гудамжинд гарна! Үүнийг хувьсгалын тохироо гэдэг “Дээдэс хуучнаараа захирч чадахгүй, доодос нь хуучнаараа захирагдахыг хүсэхгүй!

Үүнээс гарах арга зам бол баячуул мөнгөө аваад гадагшаа нүүх биш, улам их хулгайлж баяжих ч биш юм. Угаасаа ковидоос болоод Монголоос баячуулыг нь ч хүлээж авах дургүй болсон. Тиймээс ядуустаа мөлжүүлээд суухаас аргагүй. Хэрэв ядуустаа мөлжүүлэхгүй гэвэл зүгээр суухаас аргагүй. Ганц ядуус ч биш мэргэжлийн хяналт, гааль, татвар, цагдаа, хороон дарга, намын байгууллагууд бүхэлдээ төр мөлжинө, дээрээс нь ТББ ч мөлжинө. Яаж олсон тэгж алдахдаа тулаад эхлэхээр энэ улсад эдийн засгийн тухай ярих хэрэггүй болчихдог юм байгаа биз дээ? Тэгээд...

Зохион байгуулалтгүй амиа бодсон жижиг хөрөнгөтөн, буржуй этгээдүүд тэмцэж чадахгүй гэсэн Лениний онол худал байв. 1932 онд бослого гарсан. Бослогыг харгислан дарсан ч аж ахуйгаа сэргээхийн тулд буулт хийхээс аргагүйг Коминтерн ч, зүүнтнүүд ч ойлгосон. Гэхдээ хожим нь малыг нь хураахын оронд эзнийг нь буудчих ёстой байсныг мэдсэн л дээ! Тэгэхдээ “Шинэ эргэлтийн бодлогыг” гардан эхлүүлэгчдийг тэр хэлмэгдэлд хамруулчихсан билээ.

Энэ түүхээр 1932 онд тун товчоор “Баяжигтун!” гэж, бүрнээр бол “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэж уриалаад “орхисон”. Ангийн тэмцлийн онолоор удирдуулсан намын тухайд нийгмийн ухралт хийхгүйн тулд “мөлжлөгөөс” сэргийлэх нь онолын үндэстэй. Баян хоосны ялгаа мөлжлөгийг бий болгодог. Харин өнөөгийн ардчилсан Монгол улсын төр засаг Марксын формацийн онолоор “зэвсэглээгүй” учраас мөлжлөгийн асуудал байхгүй. Зүгээр л нийтээр баяжигтун! Хэн ажиллаж чадна тэр баяжна. С.Данзангийн “Иргэн баян бол улс баян” гэдэг рүү л орох ёстой гэдэг тун таатай мэдээ. 

Шинэ эргэлтийн бодлого 1950-иад оныг хүртэл үргэлжилсэн бөгөөд дайнд нэрвэгдсэн аж ахуйгаа сэргээхийн тулд хөдөлмөрч малч хүмүүсийг урамшуулж, анхны мянгаас дээш малтай 97 “Улсын сайн малчин”-ыг тодруулахад хамгийн баян хүн нь Увс аймгийн Өмнөговь сумын малчин Бөөрийн Иргэл байв, тэрээр 23 600 толгой малтай байсан гэдэг. Энэ бол мал аж ахуйн оронд “Шинэ эргэлтийн бодлого” үр дүнгээ өгсний тод жишээ. 

Яг ийм үед ”Шинэ сэргэлтийн бодлого” зарлалаа. 23600 толгой малтай Иргэлийн оронд 23,6 тэрбумтай шинэ Иргэл бий болгоход 6 дугаар зүйл үйлчилбэл ирээдүй зөв харагдана. Энэ бодлого баячуудад ч ашигтайг ойлгосон бол нэмж хулгайлахын тулд эрх мэдлийн төлөө улстөрийг хямраагаад хэрэггүй, хаашаа ч гарахгүй бахинд орсон тул нийтээрээ дэмжсэн нь дээр. Хэрэв одоо хийхгүй бол өнөөдөр хулгайлж байгаа үгээгүйчүүд маргааш бүгдийг нь дээрэмдэх болно. Нөгөөдөр... 

Сэргэлтийн үндэс

Ерөөсөө Монголд ганцхан л юм дутуу байсан. Эдийн засгийн эрх чөлөө. Аж ахуй эрхлэх, наймаа худалдаа хийх, ашиг олз олох эрх чөлөөг хангаагүй юм. Учир нь түүнийг нь төр зохицуулах гээд хянаж байдаг үй олон албатуудтай, төр зохицуулна гэдэг хааж бооно л гэсэн үг. Түшмэлүүд эдийн засгийг биш хүмүүсийн халаасан дахь мөнгийг л зохицуулахдаа сурамгай. Тэд бол өнөө цагийн мөлжигчид мөн! Энэ мөлжлөгөөс нийтийг чөлөөлбөл яриангүй хувьсгалтай дүйх үйл хэрэг мөн. 

Хэрэв Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд үүнийг хийж чадвал “Шинэ сэргэлтийн бодлого”-тойгоо түүхэнд үлдэх болно. Надад хэн нэгэн түүхэнд үлдэх нь чухал биш байна, зүгээр л эдийн засаг сэргээд иргэд чинээлэг амьдрах нь илүү чухал! Яагаад гэвэл тэр иргэдийн нэг нь би! “Шинэ сэргэлтийн бодлого” бол энэ эдийн засгийн эрх чөлөөг бүх хүмүүст өгөхийн нэр хэмээн бодном. Ёжлох ч яах вэ, үнэнээсээ тийм байгаасай. 

Монгол бол сүрхий чөлөөт зах зээл хөгжсөн орон биш. Улсын гол орлого уул уурхайн баялаг, ашигт малтмалын экспортоос ордог. Уул уурхайн гол компаниуд улсын мэдлийнх. Тэднээс олдог орлого, цөөхөн олигополь компаниудын татвар төсвийн голыг бүрдүүлдэг. Бусад нь авилга өгч түшмэлүүдийг нь тэжээж тусладагийг эс тооцвол улсад нэмэр болоод байх юмаар маруухан. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэгчдээс төр нь татвар дээрэмдээд байх шаардлагагүй. 

Хэрэв шинэ сэргэлтээ үнэхээр л амжилттай болгоё гэвэл жижиг дунд үйлдвэрлэгчдийг төрийн албаныхны мөлжлөгөөс чөлөөлчих хэрэгтэй. Өнөөгийн ЗГ-т тулгамдаад байгаа гол асуудал бол олонхийг ядуурлаас гаргах. Олонхийг ядуурлаас гаргах арга нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих. Зөвшөөрлийг түшмэл биш машин олгоод эхэлбэл авилга хумигдана гэдэг яалт ч үгүй үнэн. Тийм болохоор л “Шинэ сэргэлтийн бодлого дээр цахимжуулалтыг нэмбэл хөгжил ирнэ” гэдэг үнэн.

Жижиг дунд үйлдвэрлэл бол хамгийн олон ажлын байр бий болгодог. Хэдий өндөр ашиггүй боловч нийгмийн тогтвортой байдлын суурийг бүрдүүлдэг. Өнөөдөр нийт ажиллагсадын 70 хувь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд харъяалагдаж байгааг л харчих хэрэгтэй. 

Тиймээс мөнгө өгч чадахгүй бол эрх чөлөөг нь өг! Энэ эрх чөлөө эдийн засгийг илбийн юм шиг босгоод ирнэ. Ингэж байж чинээлэг дунд давхарга бий болно. Ингэвэл ДНБ хоёр дахин өснө, гэхдээ баялгийг энэ эрх чөлөө л шударга хуваарилна. Шударга хуваарилалт бол төрийн өглөгөөр биш, харин иргэний оролцоо, хөдөлмөрлөх эрх чөлөөгөөр дамжиж хүнд очдог. 

Дэн

Одоо "шинэ сэргэлт"-ийг нь харъя! Хуучны улстөрчдөд найдлага байхгүй, тэд 30 жил хийгээгүй одоо тэдэнд итгэлтгүй. Шинэ залуу үеийнхэнд найдахаас өөр арга байхгүй юм.

Суудалдаа бүрэн суугаагүй үедээ чийрэгнээд байсан энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл Л.Оюун-Эрдэнэ П.Гэндэн, Пак Жон Хы, Дэн Сяопин нартай нэг дор бичигдэж түүхэнд үлдэнэ! Аливаа хүнд хямралын дараа заавал ийм сэргэлтийн бодлого хэрэгтэй болдог! Хүмүүст ч, эдийн засагт ч ковид туссан. Дэлхий дахинд ковидоор өвчлөөгүй эдийн засаг байхгүй, өнгөрсөн жил дэлхий дахинаар эдийн засгийн бууралт 3,2% болсон гэж тооцсон байсан. Энэ жилийнх хараахан гараагүй байна. Одоо манай эдийн засагт ковидын дараах эмчилгээ зайлшгүй хэрэгтэй.

В.И.Ленин иргэний дайнд сүйдсэн аж ахуйгаа сэргээх төлөвлөгөөгөө "Шинэ эргэлтийн бодлого (НЭП) дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм болно" гэж хэлээд "Кремлийн мөрөөдөгч" гэгдэж байв даа! 

П.Гэндэн эртэдсэн хамтралжуулалтын сүйрлээс "Шинэ эргэлтийн бодлогоор", Пак Жон Хы мөн л дайнд сүйдсэн аж ахуйгаа "Шинэ тосгон" хөдөлгөөнөөр, Дэн Сяопин "Соёлын хувьсгал"-ын доройтлыг "Нээлттэй хаалганы бодлого"-оор давж гарсан. 

Ковидын сүйрлээс эдийн засгийн либералчлал, эрх чөлөөгөөр л сугарч гарна! Эдгээрээс хамгийн амжилттай хэрэгжиж байгаа нь Дэн Сяопины бодлого, Хятадыг дэлхийн хамгийн том эдийн засаг болгон хувиргалаа. Тэрээр “Улс орныг удирдах нь жараахай шарахаас амар” гэсэн Лаозын үгийг хэлэх дуртай байж. Үүний учир нь хүмүүст зүгээр л аж ахуй эрхлэх эрх чөлөөг нь өг!

Тариачдын улаан хаант улсын энэ улстөрчийн санаачлагаар иргэддээ газрыг нь, харин Өвөрлөгчдөд малыг нь гэрээ, түрээсээр өгч орхиод төр нь цөмийн, сансрын хөтөлбөр хэрэгжүүлж байв. “Өвсөн хоол, дэрсэн шаахайнаасаа салаагүй” Хятадуудыг өнөөгийн энэ хөгжилд хүрнэ гэж хэн ч итгээгүй. Өөрөөс нь түрүүлж Сингапурыг босгосон Ли Куан Ютай уулзахдаа Дэн: “Надад ганцхан Шанхай байсан бол ч...” гэж байсан юм гэдэг.

Монгол бол цомхон эдийн засаг. Улстөрийн болоод иргэний эрхийн хөгжлийг тэдэнтэй харьцуулах ч юм биш, үүн дээр эдийн засгийн эрх чөлөөг нь өгчихвөл маш хурдан босч ирэх боломжтой. Дэргэд хамгийн хүчирхэг эдийн засаг, хамгийн өгөөмөр түүхий эд худалдан авагч байна. Түүнийг Дэн Сяопин байгуулсан юм. Дэн Сяопиний амжилтыг хараад Зөвлөлтийнхөн манай “НЭП” гэж, барууныхан либералчлал, эдийн засгийн эрх чөлөөний үр дүн гэж булаацалдаж байв. Өөрөө бол муурны үлгэр л хэлсэн.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг энэ харанхуйгаас гаргах “ДЭН” болох байх гэж найдаж байна, хандах зүг нь зөв юм. Тэртээ 30-аад жилийн тэртээ хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэж П.Жасрай гуай хэлсэн, одоо хонгилоос гарцгаая л даа! 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)