Д.Батмөнх: Чөлөөт хэвлэл дэх төр, иргэний хослол, олон нийтийн оролцоог төлөвшүүлэх боломж бүрдлээ
- 2021-12-17
- Өөр өнцөг
- 0
ШУА-ын Бага чуулганы гишүүн, Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, сэтгэл судлалын ухааны доктор/Ph.D/, дэд профессор, сэтгүүлч Д.Батмөнхтэй хийсэн ярилцлагыг нийтэлж байна.
-Та философич, эрх зүйчийн мэргэжилтэй судлаач хүн. Ямар тохиолоор сэтгүүл зүйн салбарт хөрвөсөн юм бэ? Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Хувь тавилан гэх үү дээ. Намайг 1980 онд МУИС-ийг төгсч байх үеийн цаг хугацаа монголын төр, засгаас нийгмийн амьдралын бүх салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдаж зохион байгуулах чиглэлд томоохон дэвшил гарсан үетэй давхцдаг юм. Энэ үеийн төгсөгчид сургалт, судалгааны өндөр шаардлагыг хангаж дипломын бараа харж байлаа. Одоогийнх шиг төгсмөгц дипломыг нь гардуулахгүй, томилогдсон газартаа 2-3 жил ажилласны дараа сая гартаа барьж, өвөртөлнө. Харин их, дээд сургуулийн багш, ШУА болон судалгааны байгууллагад эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдсон бол дипломыг нь шууд олгоно, бас сайдын зиндааны цалинтай золгоно. Шинжлэх ухааныг ингэж өндөр үнэлж, судлаачдад их итгэл, найдвар тавьж байлаа. Биднийг төгсөх ангид сурч байхад МУИС-ийн математикийн багш С.Төмөр-Очир /УИХ-ын дарга асан/, Д.Баттөмөр, биологийн багш Т.Дорждагва, орос хэлний багш Т.Энхтүвшин нарын зэрэг залуу судлаачдыг бидэнтэй хамт лекцэнд суулгаж, Формаль болон математик логик, диалектик, түүхэн материализм, этик, эстетикийн чиглэлээр мэргэшсэн багш болгон “хувиргаж” билээ.
Хэд хэдэн салбарт хөрвөх чадвартай байх “туршилт”-ыг манай ангийн оюутнууд дээр ч хийсэн. Манай философийн ангийнхан анх гучин дөрвүүлээ хичээллэж эхэлсэн боловч, таван жилийн эцэст гуравны хоёр нь тэр өндөр босгыг давж төгссөн. Миний хувьд нийгэм судлаач, философич гэсэн диплом гардсан хэдий ч “Үнэн” сонинд хуваарилагдаж, Философич-сэтгүүлч гэсэн хос мэргэжилтэн болж хувирсан. Тэр үед “Үнэн” сониныг 250 мянган уншигч захиалан уншдаг байсан. Ийм том сонинд шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд түгээж сурталчилах ажил улам эрчимжиж, сэтгүүл зүйн философийн асуудлыг анхаарч судалсан ид үед нь би төгсч таарсан. Тэгээд л сонины босго давсан анхны өдөр “Онол, улс төр, үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, Философийн ухааны дэд эрдэмтэн Д.Нямсүрэн” гэж өөрийгөө танилцуулсан дуу цөөнтэй, дөлгөөн маягийн дүр төрхтэй дарга надаас шалгалт авч, орос хэлээр хэд гурван асуулт тавьж, хариулт аваад л өөрийн багтаа элсүүлсэн юм. Миний анхны дарга Д.Нямсүрэн гуай орос хэлнээс гадна англи, хинди хэлтэй, сэтгүүл зүйн ур чадвар, танин мэдэхүйн философиор мэргэшсэн, өргөн дэлгэр мэдлэгтэй сэтгүүлч байсан. Хүрэн зандан гансаа зуугаад суухаараа онгод нь орсон юм шиг улс төрийн тойм, тайлбар, тэргүүн өгүүллийг тэр дор нь бичиж туурвиад шидчихнэ. Ер нь бол үглэж яншаад байхгүй, бичиг-үйлээрээ үлгэрлэж заахыг чухалчилна. Ингэж л би философич-сэтгүүлч мэргэжилтэй хатуухан даргын гараар орж, сэтгүүлчийн хөдөлмөрт эргэлт буцалтгүй орсон юм. Энэ цаг үе бол Монголын сэтгүүл зүйн салбарын хөгжил, судалгааны ажил эрчимжиж, доктор Г.Дэлэг, Д.Нямсүрэн, Ц.Мөнхжаргал, Б.Дашцэрэн, С.Чулуунцэрэн, С.Жамбалдорж, Т.Баасансүрэн нарын олон эрдэмтэн төрөн гарч, ид бүтээж туурвиж байсан цаг үе байжээ.
-Монголд сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөн түүхэн замналын талаар та тодруулж хэлнэ үү?
-Өнгөрсөн ХХ зууны эхээр шашин, төрийг хосолсон нийгмийн байгууламжууд задарч, үйл ажиллагаа нь шинжлэх ухаанд тулгуурлаж явагдах болсон тийм хувьсгалт өөрчлөн байгуулалтын шинжтэй юмс үзэгдлээр дүүрэн зуун болж өрнөлөө. Түүний нэг нь Монголд орчин цагийн сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөн явдал юм. Гэхдээ энэ салбар шинжлэх ухааны бусад салбарыг бодвол даруй арван жилийн өмнө тулгын чулуугаа тавьсан байдаг. Тухайлбал, Нийслэл Хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод 1911 оны 12-р сарын 31-ний өдөр анх хэвлэл бий болсон тухай Монголын түүхий тайлбар толь хэмээх сошиал сайтад /info@history.mas.ac.mn/ бичжээ., Монгол үсгийн хорголжин хэвлэл бий болсон тухай баримтууд шинээр гарч ирж, Орос улсын Шинжлэх ухааны академийн үсэг цутгах газарт 1911 оны орчим монгол хорголжин үсгийн хэв байсан тухай мэдээ зарим хэвлэлд гарсан байна. Мөн манай шинжлэх ухааны доктор Г.Дэлэг, хожим доктор/Sc.D/ Л.Норовсүрэн нар Монгол дахь сэтгүүл зүйн үүсэл хөгжлийн талаар хийсэн судалгааны чамбай бүтээлүүд хэвлүүлсэн. Тэд манай сэтгүүл зүйн салбарыг шинжлэх ухааны бусад байгууллагаас харьцангуй өмнө үүсч төлөвшсөнийг судалж гаргасан.
Монгол Улсын сүүлийн 110 жилийн түүхэн хөгжлийг 10:70:30 жилийн харьцаагаар гурав ангилж үзэх нь танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүйн ач холбогдолтой. Энэ үүднээс авч үзвэл, хөгжлийн эхний шатанд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан монголчууд өөрийн сонин байгуулж, “Шинэ толь”, “Монголын үнэн” зэрэг сонин гаргаж шинэ соёл, шинжлэх ухааны мэдлэгийг түгээж эхэлсэн үйл явцыг нэлээд чамбай судалж гаргасан. Хөгжлийн хоёр дахь шат буюу социализм байгуулахын төлөө 70 жилийн түүхэнд улс орны эдийн засгийн амьдралыг таван жилээр төлөвлөж, хэрэгжүүлэх ажлыг 8 удаа зохион байгуулсан үеийн онцлогийг судлаачид нарийвчилж судалсан. Монгол Улсыг феадлын хоцрогдсон орноос өнөөгийн зарим улс төрчдийн шүүмжлээд байгаа социалист нийгмийн байгуулалд дэвшүүлж, тухайн үедээ илүү өндөр түвшинд боловсорч дэлгэрсэн соёлт нийгэмд дэвшин орох үеийн мэдээллийн тогтолцоо ч сайн судлагдсан. Харин гурав дахь шат буюу ардчилсан өөрчлөн байгуулалтын 30 жилийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн судалгааны ажлууд одоо ид хийгдэж байна.
Судалгааны ажилд мэдээллийн хэрэгслүүдээс монголын ууган хэвлэл “Үнэн” сонины редакциас тусгайлан анхаарч Ц.Мөнхбаатар, Ц.Балдорж, Б.Ганболд, Д.Батмөнх нарын сэтгүүлчдийг ОХУ-д сургаж, эрдмийн ажлын сэдэв өгч хамгаалуулдаг сайхан уламжлал 1980-1990 онд тогтсон байлаа. Сэтгүүлч боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиуд ч судалгааны ажилд онцгой хувь нэмэр оруулж ирсэн. МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим байгуулагдаад 60 жил болж байна. Энэ тэнхмийг орчин үеийн сургалт-судалгааны төв болгож хөгжүүлэхэд өөрийн дөчин жилийн хөдөлмөрийг зориулсан эрхлэгч-багш бол шинжлэх ухааны доктор, профессор М.Зулькафиль юм. Түүн шиг 40 жилийн турш олон зуун оюутан залуусаар сэтгүүлчдийн армийг сэлбэсэн профессор одоогоор гарч ирээгүй л байна. МУИС, МУБИС-ын сэтгүүл зүйн тэнхмүүд шинэ үеийн судлаачдын чадварлаг багийг бүрдүүлж, монголын сэтгүүлчдийн 100 гаруй жилийн үйл ажиллагааг онол, практикийн үүднээс нэгтгэн дүгнэж, шинжлэх ухааны гольдрилд оруулахад тус тусын үүрэг гүйцэтгэсэн. Сэтгүүл зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах Зөвлөл /1995-2007/, шинэчлэн байгуулагдсан Зөвлөл /2017-2021/-өөр Л.Норовсүрэн, Б.Болд-Эрдэнэ, Ч.Чойсамба, С.Батмөнх, Г.Өнөрбаяр, Д.Дагиймаа, Т.Оюунбилэг, Ч.Базар, Т.Батзориг, Д.Сандагсүрэн, М.Наранчимэг, Б.Галаарид, Б.Чинзориг нарын зэрэг арав гаруй судлаачийн зэрэг горилсон бүтээлийг хэлэлцэж хамгаалуулсан нь орчин үеийн монголын сэтгүүл зүйн хөгжлийг түргэтгэсэн, шинэ тутам төрж гарсан үндэсний судлаач эрдэмтэдэд өндөр итгэл найдвар өгсөн, хэвлэл мэдээллийн салбарыг шинжлэх ухаанжуулсан оюунлаг, ирээдүйн “хөрөнгө оруулалт” болсон юм. Энэ үеэс хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага, сэтгүүл зүйн онол, үзэл баримтлалыг судалж дэлгэрүүлэх үйлс мэдэгдэхүйц эрчээ авч, энэ хэрээр монголын сэтгүүлчдийн “арми” эрдэмжиж, чадваржиж, ёс зүйн хүрээнд өөрчлөгдөж эхэлсэн. Сэтгүүлч, доктор М.Зулькафиль, Л.Норовсүрэн, Т.Баасансүрэн, Ю.Эрдэнэтуяа, Ж.Батбаатар, Н.Ариунзаяа, Л.Ариун, С.Амартүвшин, Б.Наранбаатар, Д.Цэнджав, Г.Мэндхүү, Т.Өнөрсайхан, М.Одмандах, Н.Цэрэнжав, Х.Энхтуяа нарын зэрэг олон судлаач тус тусын чиглэлээр нарийвчилсан судалгаа хийж бүтээлээ туурвиж байна. Мөн “Глоб интернэйшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчинг судалж, дүн шинжилгээ хийх тал дээр олон зүйлийг санаачлан хэрэгжүүлж байгаа.
-Хэвлэл мэдээллийн салбар өдгөө манайд ямар түвшинд хөгжиж байна вэ?
-Монголын сэтгүүл зүйн салбар өнгөрсөн хугацаанд мэдлэг түгээсэн шинжлэх ухааны өндөрлөгт хүрсэн. Энэ бол монголын хэвлэл мэдээллийн салбарынханы хөгжлийн сүүн цагаан замын нэг л хэсэг нь юм. Үнэндээ бол үүсэл хөгжлийн дийлэнх хугацаанд хүн амыг соён гэгээрүүлж, нийгмийг соёлжуулахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн гэдгээр нь сэтгүүлчдээрээ бахархахаас аргагүй. Гэхдээ сүүлийн хорь гаруй жилд буюу 1998 оноос хэрэгжиж эхэлсэн “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулиас хойш хувийн өмчид түшиглэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олноор үүсч байгуулагдсан сайн тал байгаа ч өмчийн бусад хэлбэр, ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслийг төлөвшүүлж амжаагүй нь нөгөө нэг дутагдалтай тал болчихоод байна. Хэвлэлийн эрх чөлөөг эрх зүйн хувьд бэхжүүлж, олон нийтийн хяналтыг зүгшрүүлэх талаар гучин жил ярьж ирсэн боловч өнгөрсөн хугацаанд тодорхой дэвшил бас л гарсангүй. Ил тод байдал, олон ургальч үзлийг дэлгэрүүлж, хэвлэлийн эрх чөлөөг хангахад урагш том алхсан ч, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд дорвитой арга хэмжээ авч чадахгүй явж ирлээ.
Чөлөөт, ардчилсан, хараат бус хэвлэл, мэдээллийн байгууллагын харилцааг зохицуулсан бие даасан хуульгүй явж ирсэн тус салбарын өнөөгийн эрх зүйн орчинд энэ мэт судалж үзүүштэй хоосон орон зай байсаар байна.
Хуульчид, сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний тухай Үндсэн хуулийн үзэл санааг өөр өөрийн дур зоргоор ярьж тайлбарлах, маргаж мэтгэлцэх явдал цэгцрээгүй л байна. Өнөөдөр Монголд 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, уншигч, үзэгч, сонсогч “мэдээллийн үер”-т автаж, төөрч будилсан хэвээр байна. Ийм нөхцөлд мэдээллийн эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, зөв оношлох шаардлага нэн чухал байна.
-Манайд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн аль чиглэл, салбар нь түлхүү хөгжиж байна вэ?
-XX зууны хамгийн хүчирхэг мэдээллийн хэрэгсэл гэгддэг телевиз шинэ зуунд ноёрхогчийн байр сууриа цахим сэтгүүл зүйд алдах хандлага ажиглагдаж байна. Тэр тусмаа хэвлэл мэдээллийн зах зээлд цахим мэдээлэл, хүмүүсийн хоорондын харилцааны орон зайг ашиг, орлого олох оюуны бизнесийн талбар болж хувирсныг бизнес эрхлэгчид төдийгүй сэтгүүлчид өөрсдөө олоод харчихлаа. Сонин, сэтгүүлүүд хабрид маягаар цахим хэлбэртэй хосолж гараад эхэлсэн шүү. Сонин хэвлэл, цахим сайт, телевизийн студи гэх гурвалсан орон зайг зах зээлийн нүдээр сэтгүүлчид сонирхож байна. Сүүлийн үед манай оронд төдийгүй дэлхий дахинд мэдээллийн хэрэгслийн бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэж, тэдгээрийн эзэгнэсэн орон зай ийнхүү байнга хувьсаж өөрчлөгдсөөр байна.
Өнөөдөр дэлхий дахинд 370 сая веб сайт үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл Монголд өнөөдөр 100 мянга орчим сайт ажиллаж байна. Иймээс өнөө үеийн мэдээлэлжсэн нийгмийн харилцааны өнгө төрхийг агуулсан мэдээллийн орон зайн өөрчлөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсэд сэтгүүл зүй, социологийн шинжилгээ хийж, цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлох нь орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны уулварт зайлшгүй хийх ёстой зорилт болж байна.
-Цаашдын хөгжлийн хандлага, хэрэгцээний тухайд та юу хэлэх вэ?
-Хүн төрөлхтөн үсрэнгүй хөгжлийн өнөө үед орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан мэдээллийн эрин /media era/-д хөл тавьж, мэдээлэлгүйгээр амьдрал ахуйгаа төсөөлөх аргагүй болж байна. Мэдээлэл, харилцааны цоо шинэ тогтолцоо нь улс орны эдийн засаг, бизнес төдийгүй нийгмийн салбарыг бүхэлд нь хамарлаа. Нийгэм улам бүр мэдээлэлжсэн шинж чанартай болж, нийгмийн харилцаанд ухаалаг технологи нэвтэрч буй үйл явц, үзэгдлийг өмнөх уламжлалт аргаараа, дан ганц сэтгүүл зүй, хэл шинжлэл, түүхчдийн хүчин чармайлтаар судалж шийдвэрлэх аргагүй болжээ. Тиймээс философи, социологи, олон нийтийн харилцаа, нийгмийн сэтгэл зүйчдийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх хэрэгцээ үүсч байна.
Мэдээллийн шинэ орон зай огцом тэлж, хэрэглэгчдийн тоо мэдээллийн агуулга, багтаамжаараа уламжлалт мэдээллийн хэрэгслийг ардаа орхиж, орчин цагийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны салбарын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох боллоо. Энэ нь сонин сэтгүүл, радио, телевиз зэрэг уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийн талаарх тогтсон ойлголтыг эвдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг чигт чиглэсэн харилцааны загварыг өөрчилчихлөө. Үүний үр дүнд “уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрэглэгчдэд ямар мэдээллийг, ямар хэмжээгээр тулгадаг байсан тэр монополь эрхийн ноёрхол үеэ өнгөрөөж, редакц болон уншигч, сонсогч, үзэгчдийн хоорондын нэг талтай харилцааг эцэс болгон халж байна. Ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчдийн үнэлэмжинд тодорхой өөрчлөлт гарч, уншигч, үзэгчдийн бүтэц, бүрэлдэхүүн ч шинэчлэгдэж байна. Манай өдөр тутмын сонины өдөрт хэвлэгддэг тоо дунджаар 2-4 мянгад эргэлдэж байхад мэдээллийн сайтын нэг өдрийн дундаж хандалт 300 мянгаас давах болжээ.
-Манай боловсон хүчин, сэтгүүлчид юунд анхаарвал зохилтой вэ?
-Мэдээллийн тогтолцооны орон зайн өөрчлөлт сүүлийн гучаад жилд эрс идэвхжсэн байна. Тухайлбал, 1995 онд дэлхийн хүн амын дөнгөж 1 хувь нь л интернет хэрэглэгч байсан бол 2005 онд нэг тэрбум хүрч, 2014 онд 3 тэрбум, 2018 онд 4 тэрбумд хүрчээ. Харин өнөөдөр дэлхий нийтэд 5 тэрбум хүн интернет хэрэглэдэг болсныг олон улсын интернет хэрэглэгчдийн судалгаанд дурьджээ. Энэ бол дэлхийн нийт хүн амын 60 гаруй хувь нь интернет тогтмол хэрэглэдэг гэсэн үг.
Манай улсын хувьд л Үндэсний статистикийн хорооны 2020 оны судалгаагаар давтагдсан тоогоор 5 гаруй сая интернет тогтмол хэрэглэгч байна. Эндээс харахад интернет орчин нь бусад мэдээллийн сувгийг давж гарчээ. Энэ бол сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар, ёс зүйн шаардлагыг өндөрсгөж, хэрэгчлэгчдийн итгэл үнэмшил, оюуны соёлд өөрчлөлт шинэчлэлийг авчирч байна.
Эдгээр өөрчлөлтүүд мэдээлэлжсэн нийгэм, түүний харилцааны үндэс болсон чөлөөт хэвлэл дэх төр, иргэний оролцооны хослол, олон нийтийн мэдээлэл зүйг багтаасан мэдээллийн тогтолцооны орон зайн асуудлыг шинээр авч үзэхийг шаардаж эхэллээ. Энэ бүхнийг шинжлэх ухааны үүднээс судалж шийдвэрлэх оюуны чадавхи хэдийнэ бүрдэж төлөвшсөнийг ашиглахгүй алдаж болохгүй тийм цаг үе ирээд байна.
Сэтгэгдэл (0)