Улс төрийн намуудын тухай өчил

Дэлхий дахинд болон Монгол эх оронд минь болж байгаа бүх үйл явц та бидний амьдралд шууд нөлөөтэй болохоор бид бүхэн дуугүй байж болохгүй юм. 

Яг өнөөдөр Монголд болж байгаа үйл явц болон Монголын гарцын тухай, манай өнөөгийн улс төрийн тогтолцоог яаж хэрхэн өөрчлөх арга замын тухай, нийгмийн хувьсгалт өөрчлөлтийн тухай зэрэг олон асуудлаар та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцмаар байгаа боловч юуны өмнө зарим нэгэн үндсэн чухал сэдвийг хөндөж ярих нь зүйтэй юмуу?- гэж үзлээ. 

Өнөөдөр бид улс төрийн намуудын мөн чанарыг сайн ойлгохгүйгээр нийгмийг өөрчилөх нь амаргүй болоод байна. 

Нэвтэрхий тольд: Улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрх авах эцсийн зорилго бүхий хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага юм-гэж тодорхойлжээ. В.И.Ленин түүнийг “хуйвалдааны бүлэглэл” хэмээн тодорхойлсон нь ч бий.

 

1921 оны ардын хувьсгалаас хойш 1990 он хүртэл Монголд нэг намын тогтолцоотой, МАХН дангаараа ноёрхож байв. 

 

1990 оноос хойш бид олон намын тогтолцоотой болж янз бүрийн үзэл бодол ярьцгаасан баахан намтай болов. 

Ганц намтай байхад монголчууд нэгдмэл нэг үзэл бодолтой байв. Харин олон намтай болсноор ард түмэн үзэл бодлоороо талцан хуваагдав. 

Өнөөдөр Монголд Дээд шүүхэд бүртгэлтэй 36 улс төрийн нам байдаг юм байна. Тэдний хамгийн их гишүүнтэй нь МАН. Ардчилсан Нам гишүүний тоогоор удаалдаг. Бусад нь бол шалихгүй. Ихэнхи нь мянга орчим гишүүнтэй байдаг юм байна. Бид ингээд засгийн эрхийг авах туйлын зорилт бүхий 36 том, жижиг хуйвалдааны бүлэглэлтэй байх нээ. 

Аль ч том нам нь нийт ард түмнийг төлөөлж чадахгүй бөгөөд намуудын хувьд тэдний өөрийнх нь намын эрх ашиг л (хэрэг дээрээ томилгооны!?) тэргүүн зэрэгт тавигддаг. 

 

Ер нь намд хэн элсдэг вэ? Яагаад ийм олон нам байгуулагдав? 

Ихэнхидээ намд хүмүүс ашиг хонжоо харж элсэнэ. Нийгэмд намтай бол хоолтой гэсэн сэтгэхүй ч газар авсан. Бас чадвар муутай хүмүүс намын нөмөр нөөлөгт орох гэж их элсэнэ. Жинхэнэ чадвартай өөртөө итгэлтэй хүмүүс бол нам гэгч хуйвалдааны бохир бүлгээс хол явахыг эрхэмлэнэ. Тийм учраас Монголын аль ч намд чадвартай боловсон хүчин тун бага. Үүнд цөөхөн хэдэн сэхээтнүүд нь олон намд хуваагдан орсон байдал бас нөлөөлж байна. 

Нам гэдэг бүтэц нь эрх мэдэлд хүрч, ашиг хонжоо олох боломж олгодог тул Монголд ийм олон намууд байна. Ер нь намаа байгуулмагц л намын дарга болж эрх мэдэлтэй болж байгаа юм. Жижиг намуудын дарга нарт бүгдэд нь засаг төрийн эрх мэдэл рүү авирах боломж нээгдэж байгаа юм. Аз таарвал шүү. Тэдний хувьд нам нь тэдний эрх мэдэл рүү авирах дөрөө нь.

Сүүлийн 30 жилд АН, МАН хоёр л ээлжлэн буюу хамтран засгийн эрхийг барьж ирлээ. Яагаад? Энэ нь сонгуулийн буруу хуулиндаа байна. Хамгийн олон гишүүнтэй том намын хувьд, санхүүгийн илүү чадамжтайн хувьд тэд л бүх 76 тойрогт өрсөлдөх чадвартай болж байна. Ард түмэн энэ хоёр намаас залхаж байгаа боловч бусад намууд нь сонгуульд энэ хоёрын хэмжээнд хүрч өрсөлдөж чадахгүй. 

 

Ер нь бол аль ч намын мөн чанар нь адилхан тул бид тэднээс юу ч хүлээх хэрэггүй. Аль ч намын төлөөлөл зөвхөн тэр намынхаа ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт тавина. Өөрөөр байх боломжгүй. Чамайг дэмжиж гаргасан намдаа чи заавал үйлчлэх ёстой гэсэн үг. Намаасаа хараат байх болно. 

 

Нам гэдэг маань нийтийн ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт тавьж чаддаггүй бүтэц болохоор бид тэднээс юугаа хүлээх вэ? 

Улс төрийн намууд нь өнөөдөр нийгмийг үзэл бодлоор нь хагалан бутаргаж, боловсон хүчнийг тарамдуулж байна. Тэдний аль нь ч нийгмийг зөв мэргэн удирдан жолоодож, улс орныг амжилттай хөгжүүлэх төрийн ойрын болон хэтийн тогтвортой бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх чадамжгүй бөгөөд боломжгүй юм. 

Хүн төрөлхтөнтэй түүхэнд улс төрийн намууд нь нийгмийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан үе бий. Харин одоо бол тэд нийгмийн хөгжилд саад болж байна. Ардчиллыг хэрэгжүүлэхэд улс төрийн намууд саад болж байна. Улс төрийн намууд нь засгийн эрхийг гартаа авах зорилготой хуйвалдааны бүлэг болохыг дээр өгүүлсэн.

 

 

Нам гэдэг маань ард түмэн биш. Тэр бол зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл. Засгийн эрх үргэлж тэдгээр бүлэглэлийн гарт ордог болохоос ард түмний гарт бус. Хуйвалдаан байсан цагт ардчилал, шудрага ёсны талаар ярих нь илүүц бизээ. 

 

 

 

Тэгвэл бид улс төрийн намгүй амьдрах боломжтой юу? Хүн төрөлхтөнд тийм боломж саяхан нээгдсэн юм. Энэ бол та бидний, хүн бүр хэрэглэх болсон ухаалаг гар утас юм. Бид одоо дэлхийн аль ч өнцөг булангаас үзэл бодлоо чөлөөтэй солилцон эвлэлдэн нэгдэх боломжтой болсон. Улс төрийн намууд бидэнд огт хэрэггүй. Сонгуулийг яаж улс төрийн нам болон мөнгөний нөлөөллөөс бүрэн чөлөөлөх, төр засгаа яаж эмхэлж цэгцлэх, төрийн тогтвортой бодлогыг яаж хэрэгжүүлэх, нийгмийн хувьсгалыг яаж хийх талаар дараа ярилцъя. Та бүхэн үүнийг цааш нь түгээж санал, бодлоо нэмэрлээрэй.

 

Нийтлэлч Гочоогийн Ламжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)