Өөртөө лай чирсэн амьдрал
- 2021-12-17
- Нийтлэл
- 0
–Амьдрал өөрөө үнэ цэнэ
Ард түмэнд буруу байхгүй гэдэг дээр би “90:10” гэсэн харьцаа гаргаж ярьдаг. Гэмгүй цайлган цагаан ард түмний ядуу дорой, арчаагүй, гуйлгачин байгаагийн 90 хувь төр–засаг, улс төрчдөөс болдог гэдгийн эсрэг тэдний оролцоо үсрээд л 10 хувь гэж би ямагт сөргүүлдэг. Ерөөсөө Та бидний аж амьдрал сайн муу, сайхан муухай байхын чинь 90 хувь нь Та бидний өөрсдийн ажил үйлс, овсгоо самбаа, хандлага, эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, нэг үгээр Таны адгууснаас ялгарах тэр тархины чинь ид шидэнд орших учиртай юм. Та бүхнийг (нийт ард түмнийг) хэт эрхлүүлж дураар нь дургиулж амьдруулсан бурууг Төр–засаг нь хүлээх ёстой. Ард түмэндээ шаардлага тавьж чадахгүй болтлоо эрхлүүлчихсэн!
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын лекцнээс хэдэн баримт эшлэнгээ гарчигт өгүүлсэн санаагаа баяжуулъя. Асар их боломжин дээр бид сууж байгаа ба тэр боломж нь ид шидийн юм шиг гэнэт хүрээд ирсэн. 1990-1991 онд “Хүйтэн дайн” дууссанаар хүн төрөлхтөн асар их дэвшилд хүрсэн. Хөгжлийн урт удаан замаа товчилсон, дэлхийгээрээ.
Хэрэв “Хүйтэн дайн” үргэлжилсэн бол 130 жил зарцуулахаар байсан эдийн засгийн ба баялгийн өсөлтөнд 30 жилд хүрсэн. 130 жил бүтээхээр байснаа 30-хан жил бүтээсэн гэсэн үг. Хэрэв “Хүйтэн дайн” үргэлжилсэн бол гадаад харилцааны таатай орчин бүрдэхгүй, ихээхэн өртөг, хүч хөрөнгө зарцуулахаар байлаа. Тэр нь 150 жил зарцуулах цаг хугацаа. Гэтэл гадаад харилцааны таатай орчин 30-хан жилд бүрэн бүрдчихсэн. Гадна талдаа дайсангүй болсон, олон улсын харилцаа нээлттэй байна. Тэр чинь асар их боломж. Хэрэв “Хүйтэн дайн” үргэлжилсэн бол гадаадын хөрөнгө оруулалт хэзээ ч бүтэхгүй, хэдэн зуун жил зарцуулахаар байсныг 30-хан жилд бүтээж хийж чадсан. Бид өөрсдөө хичээвэл гадаадын хөрөнгө оруулалт бүтэхгүй биш, өлхөн бүтнэ. Бид хичээвэл (олон утгыг илэрхийлнэ) шүү дээ.
Энэ дэвсгэр дээр Монгол руугаа татаж ярья.
Социализм сайн сайхан нийгэм байсныг ардчилал сүйтгэчихсэн гэдгээс арай өөр. Монголын эдийн засаг Зөвлөлт Холбоот Улс, ЭЗХТЗ-өөр тэтгүүлээд дэмжүүлээд 1990 онд 2.5 тэрбум ам.доллар хүрч байсан бол одоо арван хэдэн тэрбум. “Хүйтэн дайн”-тай байсан бол 180 жил зарцуулахаар байсан үзүүлэлтдээ 30-хан жилд хүрчихсэн.
Эндээс л үндсэн яриа эхэлнэ дээ. “Амьдрал чинь одоо зөрүүтэй санагдаад байвал хувь тавьлантайгаа л ярь даа” гэсэн мэргэн үг буй. Хувь тавьлан гэдэг нь “Хохь чинь” гэсэн утга биш шүү. Та өөрөө хичээ л гэсэн үг. Үр хүүхдээ зөв хүмүүжүүл ээ л гэсэн үг.
Ажиллах боломж байгааг аз жаргал хэмээн үздэг. Гадаад орнуудын туршлага түүнийг харуулдаг. Бүтээн байгуулах эрх чөлөө нь барууны сайн сайхан нийгмийг босгосон. Ардчилал эрх чөлөөний тухай ярьж байгаа ч тэр нь ганц улс төрийн ардчилал биш, олон ажил үйлсийн түлхүүр болж ирсэнийг нь би хэлж байна. Манайд урвуугаараа.
Сонгуульд санал өгөхийг нь сайшаана, сонгуулиас өөрөөр Та бид чинь хөдөлмөрлөж амьдрах ёстой гэсэн логик манайд алдагдаад бас 30 жилийг туулжээ. Хөгжсөн улсуудыг ажаад байхад тэд ямагт хөгжил рүүгээ шунах, бүр илүү шунах, амьддаа хөгжсөн байхыг үзэж мэдрэх гэж зүтгэдэг байсан байх юм.
Гэтэл Монголд өсч болох хурднаасаа хамаагүй бага хурдаар урагшилж явах аж. Гучин жилээрээ л яриад байна. Зах зээлд шилжих хөндүүр үеийг би хэлээгүй байна. 1990-ээд он хүнд хэцүү байсныг уучлаад өнгөрөөе гэтэл одоо байж байгаа маань нэг л биш. Шилжиж дуусдаггүй, шилжиж ханадаггүй улс болчихжээ.
Амьдрал өөрөө үнэ цэнэ гэдгийг одоо цагийн монголчууд огтоос тоохгүй, мэдрэхгүй яваа нь л ёстой том гамшиг юм. Амьдарч байгааг нь ажваас ядуу дорой, эмзэг гээд байгаа иргэдийн ихэнхи нь өөртөө лай чирсэн амьдрал бүтээчихээд түүнтэйгээ тулалдсаар хамаг насаа элээх юм. Нүднээ ил харагдаж байна, өдөр тутам. Хэн буруутайг нотлох гэхгүйгээр зүгээр л хар, ажигла. Нийгмийн тандалт судалгаа хийгээд үз.
Хэнээс ч шалтгаалахгүй хэцүү амьдрал бий болгочихсон, хэцүү амьдрал нь хэцүү бодлыг л төрүүлнэ гэдгээр өөрөөсөө бусдыг харааж зүхээд, тулга тойрсон хэрүүл хийгээд л явж байна. Ертөнцийг таних мэдэх чадвар, ухаан улам бүр хумигдаж байх шиг харагддаг. Хамар хашааны тэр, хажуу айлын энэ ингэчихлээ гэдгээс хэтрэхгүй болчих вий гэхээс яс хавтаймаар. Алдаанд хязгаар гэж үгүй. Нэгэнтээ буруу замаар эхэлчихсэн бол ямар ч цайлган цагаан монгол хүнийг адгууслаг шинж нь дотроос нь идчихдэг юм байна.
Худалдан авах наад захын чадваргүй үй түмэн монголчуудыг яаа гэж ухуулах билээ. Төр ч цөхөрсөн, өөрсдөө ч цөхөрсөн, гадны зууш л болчихгүй бол гэсгээд нүдээ аниад сууж байхаас өөр гарцгүй.
Нийгэм дэх тэсрэх цагтай мина, бөмбөгний тухай үлгэр миний нийтлэлд мэр сэр цухалздаг. “Монгол хүн тэгэхгүй дээ” гэсэн санаа амарлингуйг чинь би сөргүүлэн бичиж дохио сануулга өгөх санаатай юм.
Энэ их ядуурал, тэгш бус байдал, улс төрчдийнх нь авилгажсан олхиогүй байдал нь Монголын нийгэмд ганц л гамшиг дагуулах болно. Тэр бол бугласан их өс хонзон, тэсэшгүй их атаархал нь юм. Нэг л өдөр тэсрэнэ. “Өлсгөлөн ядуусын бослого самуун” гэж хүний нийгмийн түүхнээ өөр улс орнуудад зөндөө тохиосон байдаг даа. “Арабын хавар” ч түүний нэг илрэл нь. Хэт ядуу олон жил аргацааж байсан нь тэсэрсэн хэрэг, лав миний ажиллаж байсан Египетэд. Ардчилын төлөө жагсаал тэмцэл сүүлдээ галдан шатаалт, тонуул дээрэм, хуйгаар нь цөлмөх явдал болж шат ахисныг зах зухаас нь би харж мэдэрсэн.
Манайтай ижил төстэйвтэр, нүүдэлчин малч удамтай Төв Азийн Киргизэд мөн л “өлсгөлөн ядуусын бослого самуун” өнгөт хувьсгалын далбаан дор хэд хэд хийгдсэн.
Манайд нууцаар буглаж байгаа хэмээн би үздэг. Ийм их ядуусыг улам үржиг, өсөг гэсэн аятай байлгаад хадгалаад байгаа чинь нэг л өдөр тааж хэлэх аргагүй аюулыг бидэнд тулгаж мэднэ. Цагдаа, До яам тэр үед ёстой хүчгүйднэ шүү.
Улс үндэстнийг, улс төрийн дэглэмийг юу мөхөөдөг вэ гэсэн сэдвээр маш олон ном бүтээл, эрдмийн ажил, илтгэл айлтгал дэлхийгээр нэг байна. Тэнд юу гэж заадаг вэ гэхлээр, ядуурал гуйранчлал (1), авилга хахууль (2) гэж бичсэн байх аж.
Гэх мэт яриад энд хүрээд зогсоё, хойшдоо ч бичихээс хойш.
Интернэт монгол сайтад тавигдсан нэг эрхмийн (хатагтай Банзрагчийн Oюунчимэг) ярилцлагаас эшлэе.
- Ач гавьяа, хувь нэмэргүй, биеэ оторлогч олширч байна. Хүний эдлэх эрх нь түүний ач гавьяа, хичээл зүтгэлд үндэслэгдсэн, өөрөөр хэлбэл нийгэмд оруулсан хувь нэмрээс нь хамаардаг байх ёстойг хаана ч хэлж ярихгүй байна.
- Хэрэгцээг нь хангахыг төр засгаас бусдаас шаардан суугчид олноор төрсөөр. Тэд шаардаж буй зүйлээ авах ач гавьяатай юу, эдэлж буй зовлон бэрхшээл нь залхуу, сахилга батгүй, хариуцлагагүй байсных нь шийтгэл биш байгаа гэсэн асуултыг өөртөө хэзээ ч тавьдаггүй.
- Биеэ оторлогчид олширч байна. Ямар ч хүчин чармайлт гаргахгүй, өчүүхэн ч болов бүтээлч эрчим зарцуулахгүй, оньст хүүхэлдэй, ороонго (шимэгч ургамал) шиг бусдын эрчмээр хооллож, хүч чадлыг нь ашиглан амьдрагчид олширлоо.
- Юу ч үйлдвэрлэж бүтээдэггүй хүмүүс бол бусдын бүтээлч хүч, хөдөлмөрийг завшин таатайхан амьдардаг шимэн мөлжигчид. Нас залуу, оюун саруул, бие эрүүл мөртлөө авьяас, чадвараа бүтээлчээр ашигладаггүй, нийгэмд хэрэг болох зүйл хийж хувь нэмэр оруулахыг хүсдэггүй, чаддаг юмгүй хэрнээ өөрт ашиг гаргахыг оролддог хүмүүс ч бий болсоор гэжээ.
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл (0)