Эдийн засгийн 2021 оны тойм, анхаарах асуудлууд
- 2021-12-20
- Нийтлэл
- 0
1. Эдийн засгийн өсөлт
2020 оны эхээр ковид-19 халдварт цар тахал эрчимтэй дэгдэж дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэл учирч эхэлсэн юм. Монгол улсын эдийн засаг ч нэлээдгүй “хүчтэй цохилт” амслаа. Манай эдийн засаг сүүлийн 25 жилд анх удаагаа -5.3 хувь хүртэл агшив. Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -12 хувьд хүрсэн нь 4.6 их наяд төгрөгтэй дүйцэж буй бөгөөд манай улсын түүхэн дэх муу үзүүлэлтүүдийн нэг билээ. Үүний учир шалтгааныг зөвхөн цар тахал руу чихээд өнгөрч болохгүй. Цар тахлын хүнд хэцүү үед эдийн засгаа унагах бус харин өсгөсөн жишээ олон байдаг аж. Харин манай эдийн засаг огцом агшихад эрх баригч намын хэрэгжүүлсэн алдаатай бодлогын үр нөлөө багагүй байсныг дурдахгүй өнгөрч боломгүй байна. Монгол Улсын төсвөөс гадна төсвийн орлогоос давсан хэмжээний санхүүжилт бүхий хоёр ч томоохон хөтөлбөр хэрэгжүүллээ. Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийхийн тулд асар их мөнгөн дүнтэй хөтөлбөрүүдийн үр дүнг орхигдуулж болохгүй нь мэдээж билээ.
2020 оны дөрөвдүгээр сарын эхнээс авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг хадгалж, иргэдийн амьжиргааг хамгаалах”-д чиглэсэн гэх тодотголтой, 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээг авч үзье. Тус хөтөлбөрт аж ахуйн нэгж, компаниудыг НДШ (нийгмийн даатгалын шимтгэл)-ээс чөлөөлөх, ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХХОАТ(хувь хүний орлогын албан татвар) ногдуулахгүй байх, ноолуурын зээл олгох, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс бензин, шатахууныг литр тутамд нь 300 төгрөг, түүнээс дээш төгрөгөөр бууруулах зэрэг долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэв.
Гэвч хямралд чухам ямар аж ахуй нэгж өртөж байгаа талаар огт тооцоогүй байсан нь хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц шууд анзаарагдсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө ямааны кг ноолуур тутамд 20 мянга байхаар тооцоолж тэрбум тэрбумаар мөнгө тараасан.
Энэ нь лавтай ковидтой тэмцэж байгаа арга хэмжээ огт биш, харин малчдын санал худалдаж авах арга хэрэгсэл байсныг тайлбарлах шаардлагагүй. Ийм жишээ олныг дурдаж болно. Гэтэл бусад орны төр засаг манайхаас эрс ялгаатай хөтөлбөр санхүүжүүлжээ. Дэлхийн нийт ажил эрхлэлтийн талаас илүү хувь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд оногдож байна. Хөгжиж буй орнуудын жижиг, дунд үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ийх нь 40 орчим хувь, хөгжингүй орнуудын хувьд 55 хүртэлх хувийг эзэлдэг. Энэ нь аливаа улс орны эдийн засгийг жижиг, дунд үйлдвэрлэлгүйгээр төсөөлөх аргагүй гэсэн үг. Цар тахлын хямралд санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал, үйл ажиллагаа нь банкны санхүүжилтээс шууд хамаардаг жижиг дунд үйлдвэрлэгчид хамгийн түрүүнд өртсөн юм. Тиймээс ихэнх улсын Засгийн газар хөнгөлөлтийн багцаа энэ салбарын үйл ажиллагааг дэмжихэд зориулжээ.
Харин энэ онд шинээр байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлэх шийдвэр гаргав. Өмнөх хөтөлбөрт хаягдсан зарим чухал арга хэмжээг нөхөн оруулж хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай. Үүнд репо санхүүжилт, гурван хувийн хүүтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих зээл, ипотекийн хөтөлбөрүүд багтсаныг онцолмоор байна. Мөн дөрөвдүгээр сараас хүн амын зорилтод хэсгийг эрчимтэй вакцинжуулж, хөл хориог үе шаттай сулруулснаар аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаа сэргэх хандлага анзаарагдсан юм.Аливаа улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудын анхааруулга, зөвлөгөөг ягштал мөрдөж ажиллах тохиолдолд бодлогын алдаа гаргах нь харьцангуй бага байдаг. ОУВС-гаас “Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд банкнаас олгож буй хөнгөлөлттэй зээл бизнес эрхлэгчдэд тавих шаардлагыг зөөлрүүлж, харьцангуй сул нөхцөлөөр зээл олгож байгаа нь ажлын байрыг хадгалж, бизнесүүдийг дампуурлаас сэргийлж байгаа боловч үр ашиггүй ААН-үүдийг дэмжих, өрийн дарамтыг нэмэгдүүлэх, улмаар хөнгөлөлтийн арга хэмжээ дуусах үед санхүүгийн салбарт гэнэтийн сөрөг шок үүсгэх эрсдэлтэй” гэж зөвлөв. (ОУВС, Санхүүгийн тогтвортой байдлын тайлан, 2021).
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас 2021 оны есдүгээр сарын 22-нд танилцуулсан шинэ тайланд дурдсанаар БНХАУ-ын эдийн засгийн огцом сэргэлт, экспортын эрэлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засгийн сэргэлт 2021 онд үргэлжилнэ гэж таамаглажээ. Уг шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2021 онд 4.6% байхаар тооцжээ.
“Хэдийгээр Монгол Улсын хүн амын 65 гаруй хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа ч, эрүүл мэндийн эрсдэл өндөр, эдийн засаг дахь тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Эдийн засгийг тогтвортой сэргээхэд эрүүл мэндийг сахин хамгаалах хариу арга хэмжээг үргэлжлүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үүссэн нөхцөл байдалд тохирсон, өөр хоорондоо харилцан уялдаатай, эдийн засгийг дэмжих бодлогууд хэрэгжүүлэх, нийгмийн хамгааллыг зорилтот түвшинд үзүүлэх зайлшгүй шаардлагатай” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцолсон байдаг.
2021 оны эхээр Калифорнийн Их Сургуулийн профессор Пьер-Оливье Гуранчесийн ахалсан эрдэмтэн судлаачдын баг дэлхийн улс орнууд хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүн, цаашид дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хийсэн судалгааны тайлангаа нийтэд танилцууллаа. Судлаачид дэлхийн нийт ДНБ болон гадаад худалдааны 90 орчим хувь нь оногддог 64 улсын өгөгдөлд судалгаа хийжээ. Тэдний хийсэн дүгнэлт олон орны Засгийн газрын шийдвэрт нөлөөлсөн байж таарна. 2020 онд дэлхийн эдийн засаг -3.6% буурсан. Хэрвээ засгийн газрууд ойролцоогоор ДНБ-хээ 11 хувиар хэмжигдэх санхүүжилтийг цар тахлын эсрэг зарцуулаагүй тохиолдолд дэлхийн эдийн засгийн уналтын хэмжээ ердөө 0.67% нэмэгдэх байсан гэх дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл нэг ам.долларын дэмжлэг эдийн засгийн гарцыг дөнгөж 6-7 центээр дэмжсэн байх юм.
Цар тахлын сөрөг нөлөөллөөс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг багцлан тооцвол, хөгжингүй орнууд ДНБ-нийхээ 16.6 хувь, хөгжиж буй улсууд 5.9 хувийг зарцуулжээ. Харамсалтай нь, хөнгөлөлттэй санхүүжилтийн 40 орчим хувийг санхүүгийн боломжтой компаниуд авсан ажээ.Монгол Улсын Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Донор улс орон, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашиглаад байна. “Эрдэнэт” улсын үйлдвэрийн газраас 650 тэрбум, Оюу Толгой ХК-ийн арбитрын шүүхийн барьцаанд байсан нэг их наяд төгрөг… гэх мэтээр ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр хувь эзэлнэ. Харамсалтай нь, гарсан үр дүн дэндүү чамлалттай байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын их наядаар хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд “бай”-гаа оноо¬гүй эсхүл хугацаа хожимдож хэрэгжүүлсэн нь эдийн засаг¬таа сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлт хийж болно.
Хятадын зах зээлийн эрэлт нэмэгдэн, түүхий эдийн үнэ өссөн тул уул уурхай түшиглэдэг манай улсын эдийн засаг 2021 оны эхний улиралд 15.7 хувь хүртэл өслөө. Цар тахлын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наядын төлөвлөгөөний үр дүнд зээл олголт сэргэж, улмаар эдийн засагт орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар дотоодын эрэлтийг дэмжсэн бодлого хэрэгжиж эхэллээ. Экспорт эрчимжиж, хувийн секторын хөрөнгө оруулалт, тэр дундаа уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2021 оны эхний хагаст 6.3 хувьд хүрсэн юм. Гэвч энэхүү сэргэлт нь 2021 оны тавдугаар сард тогтоосон хөл хорио, импортоор авдаг үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлтийн саатал, түүхий эдийн экспортын тасалдал зэргээс шалтгаалан III улиралд саарч эхлэв. Цар тахал хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж улмаар өрхийн орлого зогсонги байдалд орсон нь өрхийн хэрэглээнд нөлөөлж байна. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл саатаж, хүнсний импорт тасалдсаны зэрэгцээ шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, хүнсний үнэ огцом нэмэгдлээ. Ингээд III улиралд эдийн засгийн өсөлт 3.6 хувь болж буурчээ. Оны эцсийн улирлын дүн гараагүй боловч түүнээс олигтой үр дүн хүлээх шаардлагагүй юм.
2. Улсын төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 13.6 их наяд төгрөг болж,тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Улсын төсвийн өнөөгийн нөхцөл байдлыг төсвийн үндсэн үзүүлэлт болох хэдэн хуурай тоогоор илэрхийлэх нь учир дутагдалтай. Улсын төсөвт эрс шинэчлэл хийх цаг аль хэдийн болсон ганц нэг жишээ, баримт дурдъя.
Сүүлийн хэдхэн жилд төсвийн зарлага хэт данхайлаа. Гэвч манай улсын эдийн засагт ийм хэмжээний өсөлт харагдахгүй байна. Төсвийн зардлыг сүүлийн жилүүдэд гурав дахин нэмсэн ч манай улсын ДНБ ердөө 12-13 тэрбум ам.долларт эргэлдэж, нэг иргэнд ногдох ДНБ-ний хэмжээ 4000 ам.долларт уяастай арван жил өнгөрчээ. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, энэ оных 3.7 их наяд төгрөгт хүрч, ирэх жил 2.4 их наяд төгрөг байхаар УИХ хуульчлан батлаад байна. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргалаа. Энэ нь цаашид үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавар дагуулахыг эрхбиш анзаарах буй за.
3. Монгол улсын гадаад өр
Улсын нийт гадаад өр 2021 оны эхний 9 сард 33.3 тэрбум ам.доллар болж, ганцхан жилд 2.1 тэрбум ам.доллароор нэмэгджээ! МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар “аюулын харанга” дэлдэж, энэхүү “гамшиг”-ийгн асуудлыг шийдэхээ амласан. Гэвч энэ үзүүлэлт одоо 30 сая төгрөгтэй тэнцэж ирлээ. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 2018 онд босгосон 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит компаниудын өр, өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ний 100 хувиас хол давжээ. Энэ нь Монгол улс “Гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдсэнийг батлан харуулж буй үзүүлэлт. Ийнхүү гадаад өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирчээ.
УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР, жил бүрийн эхний 9 сарын жилийн байдлаар,
Хэмжих нэгж: сая ам.доллар
4. Гадаад худалдаа
Монгол Улс 2021 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 15 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 8.8 тэрбум ам.доллар, импорт 6.2 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт хоёр тэрбум ам.доллароор, импорт 1.3 тэрбум ам.доллароор өсжээ. Ийнхүү экспорт өсөхөд зэсийн баяжмалын экспорт 1.3 тэрбум ам.доллар, нүүрсний экспорт 608.3 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Мөн уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөн. Тухайлбал, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийн түвшинд байхад үнийн дүн нь 85.5 хувиар өсжээ. Нүүрсний экспорт биет хэмжээ нь эрс багассан ч үнийн дүн нь 155.6 сая ам.доллароор өссөн байна.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БИЕТ ХЭМЖЭЭ БОЛОН ҮНИЙН ДҮН
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Дээрх графикаас нэг зүйлийг анзаарч болно. Бид нүүрсний үнийн супер циклийг огт ашиглаж чадсангүй. Коксжих нүүрсний үнэ өмнөд хөршид 600 ам.доллар давсан ч манай төрийн өмчит компаниуд хэд дахин хямдаар борлуулалт хийжээ. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь нэн харамсалтай. Энэ нь цар тахлаас бус харин Засгийн газар төмөр замаа тавьж, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэх асуудлаар хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийж, зохион байгуулж чадаагүйтэй холбон үзэхээс өөр аргагүй. Хэрэв Засгийн газар экспортын бүс нутгаа ковидгүй байлгаж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх “Алтан боломж” ийнхүү алдагджээ.
5. Инфляц
Цар тахлаас улбаатай дэлхийн улс орнууд олон төрлийн хөнгөлөлттэй арга хэмжээнүүд, мөнгөний зөөлөн бодлого авч хэрэгжүүлсэн нь инфляц өсөх үндсэн шалтгаан болсон юм. Манай улсын хувьд 2021 оны 1-3 дугаар сард 2.5 хувь орчимд тогтвортой байсан инфляцын түвшин дөрөвдүгээр сараас эхлэн нэмэгдэж арваннэгдүгээр сарын дүнгээр хоёр оронтой тоонд буюу 10.5 хувьд хүрч өслөө. Инфляц өсөхөд бага орлоготой иргэд, тэтгэврийн ахмадуудын амьдрал нэн хүндэрч, жижиг дунд аж ахуй нэгжүүд хаалгаа барих эрсдэлд ордог.
Эрх баригчид инфляцын өсөлтийг нийлүүлэлтийн шалтгаантай гэж тайлбарладаг. Инфляц ийнхүү өсөхөд БНХАУ-ын хилээр нэвтрэх ачаа тээврийн хязгаарлалттай холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүний өртөг өссөн нь үнэн. Нөгөө талаас дотоодын шатахууны үнэ өссөн нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, хүнсний бүлгийн барааны үнийг нэмэгдүүлсэн. Ийнхүү нийлүүлэлтийн гаралтай, түр зуурын шинжтэй хүчин зүйлс инфляцад нөлөөлж байна гэж тайвшрах нь ноцтой байдалд хүргэж болзошгүй байна.
Монголбанкныхан мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлж ирсэн нь инфляц нэмэгдэх үндсэн шалтгаан юм. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 онд тасралтгүй өсөж арваннэгдүгээр сарын байдлаар 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс даруй дөрвөн их наяд төгрөгөөр өсчээ!
Засгийн газраас өрхийн орлогыг хамгаалахад чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Төв банктай хамтран цар тахлын эсрэг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж зээл олголтыг нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай. Гэвч мөнгөний нийлүүлэлтийг ингэж гаргуунд нь хаях аваас инфляц гэрлийн хурдаар өснө. Үүнийг “хэт хөөсөрсөн” мөнгөний зах зээл инфляцын дүнгээр дамжуулан анхааруулж байна.
Дэлхийн зах зээл дээрх уул, уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөж, эрэлт нэмэгдсэн хэдий ч ковид-19 цар тахлын нөлөөгөөр хилийн боомтууд дээр хүндрэл үүсэж түүхий эдийн экспортыг гацаасан нь эдийн засгийн өсөлтийн хурдцыг сааруулж, жилийн эцэст ДНБ хэмжээнд нөлөөлөх нь тодорхой байна. Ямар ч байсан манай улсын эдийн засаг жилийн эцсээр 2019 оныхоо хэмжээнд хүрч чадахгүй нь тодорхой боллоо. Засгийн газар гоё ганган уриа лоозонгоор хөөцөлдөх бус хямрал даллах төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэн харах, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, эдийн засгийн эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг энэ оны эдийн засгийн нөхцөл байдал маш тодорхой илтгэн харуулж байна.
Эдийн засгийн ухааны доктор Р.ДАВААДОРЖ
Сэтгэгдэл (0)