Мухардалд орсон хэлэлцээ ба Ойрхи Дорнодын хямрал хурцдах магадлал
- 2021-12-20
- Дэлхий
- 0
Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээх асуудлаар хийж буй хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй болж, мухардалд орсон тухай барууны хэвлэлүүдэд бичээд эхэлжээ. The Wall Street Journal сонинд дурдсанаар, Ираны шинэ ерөнхийлөгч Ибрахим Раиси-гийн томилсон хэлэлцээний баг байр сууриа гэнэт өөрчилж, “АНУ хэлэлцээрийг сэргээхийн тулд урьтал алхам болгож хориг арга хэмжээнүүдээ цуцлах ёстой” гэсэн шаардлагыг тавьсан байна.
Австрийн нийслэл Вена хотод “4+1” форматаар болж буй Ираны цөмийн асуудлаарх 7 дахь үе шатны яриа хэлэлцээнд нэг талаас АНУ, Их Британи, Франц, Герман, нөгөө талаас Иран оролцож байгаа юм. Барууны орнуудын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр бол, Ираны тал зөвшилцөлд хүрэх замыг хааж боосон шаардлагууд тавьж байгаа учраас Венийн хэлэлцээ ямар ч утга учиргүй, хий хоосон цаг үрсэн явдал болон хувирчээ. Учир нь, Ираны тал өмнөх 6 шатны уулзалтуудын бүх тохиролцооноос ухарсан бололтой.
Их Британи, Франц, Германы төлөөлөгчдийн үзэж байгаагаар, хэлэлцээрийг сэргээх хугацаа тун хомс үлджээ. Гэрээний шинэ нөхцлүүдээс гадна хуучин нөхцлүүдийг ч хэлэлцэхээс өөр аргагүй бөгөөд хэлэлцээрийг царцаагаад байсан үед Ираны тал цөмийн хөтөлбөрөө хэр ахиулсан бэ гэдгийг харгалзан үзэх ёстой. Үүний тулд өргөтгөсөн форматаар хуралдах хэрэгтэй болно.
Барууныхны мэдэгдлийн хариуд Ираны төлөөлөгчдийн тэргүүн Али Багери Кани “Хэлэлцээрт оролцож буй түншүүд маань асуудалд бүтээлч бусаар хандаж, биднийг буруутгах өнгө аясаар ярьж байна, зарим нь жинхэнэ ёсоор дипломат яриа хэлэлцээ хийхийн оронд бидэн рүү хуруугаараа чичлэн харьцаж байна” гэж твиттер хуудсандаа жиргэжээ. “Дипломат яриа хэлэлцээ гэдэг бол хоёр урсгалтай гудамж шүү дээ. Хэрвээ алдаагаа засах гэсэн чин хүсэл байвал харилцан ашигтай хэлцэл хийх арга зам заавал олдоно” гэдгийг тэрбээр санууллаа.
Түүнчлэн Ираны шинэ эрх баригчид мэдэгдэхдээ “АНУ цөмийн хэлэлцээрээс өөрөө эхэлж гарсан учраас хэлэлцээрийг сэргээх алхмыг мөн өөрөө эхэлж хийх ёстой” гэсэн бөгөөд Трампын үед тогтоосон Ираны эсрэг авсан бүх хоригийг цуцлахыг шаардаж байгаа юм.
Сануулан дурдахад, 2015 онд Б.Обамагийн үед АНУ уг хэлэлцээрт нэгдсэн хэдий ч Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа 2018 онд хэлэлцээрээс гарч, цуцлагдаад байсан Ираны эсрэг хоригуудыг сэргээсэн билээ. Харин Жо Байден гэрээнд буцаад нэгдэх байр суурьтай байгаа юм.
АНУ хэлэлцээрээс гарсны дараачаас буюу 2019 оноос хойш Ираны тал цөмийн судалгаагаа эрчимжүүлж, 2021 оны 8 дугаар сарын байдлаар ураныг 60 хувь хүртэл баяжуулах боломжтой болжээ. Харин атомын бөмбөг үйлдвэрлэхийн тулд ураныг 90 хувь хүртэл баяжуулах шаардлагатай. Энэ тухайд Ираны эрх баригчид “энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна” гэж мэдэгддэг боловч шаардлагатай үед атомын бөмбөг үйлдвэрлэхэд тус улс бараг бэлэн болчихоод байгаа бололтой.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен-ий мэдэгдсэнээр, Иран улс хэдхэн сарын дотор цөмийн зэвсэгтэй болох техникийн боломж нэгэнт бүрджээ.Гэтэл “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” буюу Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн гол үзэл санаа бол “цөмийн зэвсэг хийхэд шаардлагатай цөмийн материалыг хуримтлуулах хугацаа Ираны хувьд дор хаяж 12 сар байх ёстой, эл хугацаа наад зах нь 10 жил хадгалагдах ёстой”.
Бооцоо өндөртэй хэлэлцээ
АНУ-Ираны хэлэлцээ энэ оны 4 дүгээр сард эхэлсэн боловч Ибрахим Раиси Ираны ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа гэнэт хойшлогдсон байна. Барууны орнуудтай харилцах тал дээр хатуу байр суурь баримталдаг Раиси ярихдаа, барууны эдийн засгийн хориг нь манай улсад ашигтай, энэ бол бидний хувьд эдийн засгаа шинэчлэх боломж гэж байсан юм.
Харин энэ оны сүүлчээр Ираны тал хэлэлцээний ширээний ард суухыг зөвшөөрч, төлөөлөгчдөө Венад илгээсэн хэдий ч маш хатуу нөхцлүүдийг тавьж байгаа юм.
Тухайлбал, шинээр гэрээ байгуулсан тохиолдолд Америкийн дараа дараачийн Засгийн газрууд гэрээний заалтуудыг тууштай биелүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Гэтэл Америкийн улс төрийн тогтолцооны онцлогийг тооцож үзвээс энэ бол хэзээ ч биелэх боломжгүй шаардлага.
Венад “маш өндөр бооцоо” тавигдаж байгаа учраас хэлэлцээ бүтэлгүйтсэн тохиолдолд Ойрхи Дорнодын хямрал дахин хурцдаж болзошгүй. Учир нь, Ирантай хэлэлцээ хийх боломж бий гэдэгт хэзээ ч итгэж байгаагүй Израиль улс гар хумхин суухгүй нь ойлгомжтой.
“Израиль улс Ираны цөмийн хэлэлцээрийн оролцогч тал биш учраас бид түүний заалтуудад захирагдахгүй, Венийн хэлэлцээний үр дүнгээс үл шалтгаалан Иран руу чиглэсэн үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрх бидэнд бий” гэж Беннет мэдэгдэж байв.
Ираны цөмийн хөтөлбөр улс орных нь аюулгүй байдалд шууд заналхийлнэ гэж үздэг израильчууд Ирантай дайсагналцдаг Арабын Нэгдсэн Эмират улс болон Саудын Арабын дэмжлэгийг авахаар оролдож байна. 2020 оны 9 дүгээр сард Д.Трампын зуучилснаар Арабын ертөнцийн тус хоёр улс Израильтай эвлэрлийн гэрээ байгуулж, агаарын орон зайгаа харилцан нээсэн билээ. Хэдхэн хоногийн өмнө Абу-Даби хотноо Израилийн ерөнхий сайд Нафтали Бенет ба Эмиратын угсаа залгамжилсан хунтайж Аль Нахайян нар түүхэн уулзалт хийсэн бөгөөд хэдийгээр Ираны сэдэв уулзалтын протоколд тусгагдаагүй боловч хоёр тал уг асуудлыг хэлэлцсэн нь гарцаагүй.
Эцсийн сануулгууд
Индонезид айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгий дарга Э.Блинкен-ий мэдэгдсэнээр бол, Венад болж буй хэлэлцээ бүтэлгүйтсэн тохиолдолд өөр хэд хэдэн хувилбарыг хэрэгжүүлэхээр Вашингтон нөөцлөөд байгаа ажээ.
“Энэ мөчийг хүртэл бид дипломат замаар явсаар ирлээ, энэ бол хамгийн сайн хувилбар, гэхдээ бид өөр хувилбаруудыг боловсруулах талаар холбоотнуудтайгаа идэвхтэй хамтран ажиллаж байна” гэж Блинкен хэлжээ. “Тун ойрын үед жинхэнэ ёсоор ахиц дэвшил гарахгүй бол Ираны цөмийн хэлэлцээ зүгээр л дэмий хоосон яриа болно” гэж тэрбээр анхаарууллаа.
Үүний зэрэгцээ, Ираны талаар нэмэлт арга хэмжээ авч магадгүй гэж ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн боловч чухам юуны тухай ярьж байгаагаа тодотгож тайлбарласангүй. Мөн Их Британийн Гадаад харилцааны сайд Элизабет Трасс “бүтээлч бодит саналууд дэвшүүлэх, хэлэлцээг үргэлжлүүлэх сүүлчийн боломж та бүхэнд үлдлээ” гэж Ираны төлөөлөгчдөд анхааруулсан байна.
Цэргийн хүч хэрэглэх хувилбар буюу “Б төлөвлөгөө”
Дээр дурдсанчлан Ираны асуудалд маш хатуу хандаж байгаа Америкийн холбоотон бол Израиль. Хэдхэн хоногийн өмнө тус улсын Батлан хамгаалахын сайд Бени Ганц, “Моссад” тагнуулын албаны дарга Давид Барнеа нар Вашингтонд ирж, “Ираны түрэмгийллийг сөрөн зогсох” асуудлыг Америкийн талтай хэлэлцжээ. Израилийн хэвлэлүүдэд бичсэнээр, Ганц, Барнеа нар цэргийн хүч хэрэглэх “Б төлөвлөгөө” гэдгийг санал болгосон бололтой. Өөрөөр хэлбэл, Венийн хэлэлцээ бүтэлгүйтсэн тохиолдолд Ираны цөмийн объектуудыг устгах хувилбарыг боловсруулах зорилгоор цэргийн сургуулилт хийх асуудлыг хэлэлцсэн болов уу.
Хэдийгээр иймэрхүү мэдээллүүд ирж байгаа боловч Америкий тал хямралыг энхийн замаар шийдвэрлэх байр суурьтай байна. Израилиас ялгаатай нь гэвэл, америкчууд “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө”-г цэргийн хүч хэрэглэхээс илүү үр дүнтэй хувилбар гэж үздэг. Цэргийн хүч хэрэглэх нь “зүлэг тайрах”-тай адил бөгөөд учир нь, Ираны цөмийн дэд бүтцийн зарим хэсгийг устгасан ч гэсэн хэсэг хугацааны дараа дахиад сэргэж, ажиллаад эхэлдэг. Ийм учраас дээр дурдсан цогц төлөвлөгөөний дагуу цөмийн объектуудад системийн цогц хяналт хийх нь хамаагүй илүү үр дүнтэй.
Харин Израиль улс цөмийн хэлэлцээр байгуулахыг хэзээ ч дэмжиж байгаагүй бөгөөд Иранд дээд зэргээр шахалт үзүүлэхийг шаарддаг. Хэрвээ Ираны эсрэг эдийн засгийн хоригуудыг цуцлах аваас тус улс бүс нутаг дахь өөрийн гар хөл бологч хүчнүүдийг улам хүчтэй дэмжиж, орчин үеийн баллистик пуужингуудаа ХАМАС, Хезболлах бүлэглэлүүдэд илүү олноор нийлүүлэх болно гэж израильчууд болгоомжилж байгаа юм.
Магадгүй АНУ, Израиль хоёр “Б төлөвлөгөө”-гөө боловсруулж байж мэдэх юм, гэхдээ Байдены засаг захиргаа дипломат арга хэрэгслийг илүүд үзэж байна.
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: http:// ВВС, tass.ru, russian.rt.com
Сэтгэгдэл (0)