Монголчуудын нийгэм-иргэншил, үндэсний үзлийн өвөрмөц байдал

Өнөөгийн Монгол хүний анхдагч өвөг дээдэс хэзээ ч юм буй болж, тэд эрт цагийн өвөг монгол хэлээр хоорондоо харилцдаг болж, аажмаар тэд нэгэн газар нутагт зэрэгцэн амьдардаг, нэгэн янзын аж ахуй эрхэлдэг, оюун санааны амьдрал нь ч бас адил, төсөөтэй болсноос үүдэн өөрсдийгөө Монгол угсаатан (анхны нэр нь монгол гэж байгаагүй ч байж болно) гэж бусдаас ялган таних болжээ.

Монгол угсааны олон олон овог, аймаг дараа нь салаалан, сүлэлдэн оршихуйн цагт тэд бусад нүүдэлчин овог, аймгуудтай цус холилдож эхэлжээ. Түрэг хэлтэн олон овог, аймагтай, мөн манж, тунгус, солонгос, бас өнөөгийн эвенки, чукча, тундрчуудын өвөг дээдэстэй ч цус холилдсон бололтой. Монголчууд том том эзэнт гүрнийг (Хүннү, Сүмбэ, Нирун) үүдэн байгуулах үедээ, мөн зарим том эзэнт гүрний хаяа, нөлөөнд орж явахдаа ч бас их цус холилджээ. Монголчуудын эрин зуун гэгдэх XIII зуунд бол бүр хамгийн ихээр, хамгийн өргөнөөр цус холилдсон болов уу. Өнөө гэхэд монгол хэлэнд өөр хэлний үгс олон байна. Мөн Өрнө, Дорнын олон олон ард түмний хэлэнд Монгол үгс ч бас их бий. Тив бүхэнд өөрийгөө Монгол цустай гэж үздэг хүмүүс мөн олон. Сайтар нягтлах аваас тэдний тоо хэдэн арван саяд хүрч ч болох юм. Гэхдээ төрөлх, уугуул газар нутагдаа одоо суугаа, эсвээс түүнийгээ бараадан оршиж аж төрж, монгол хэлээр ярьж, монгол соёл, ёс заншлаа хадгалж, дээдэлж, өөрийгөө монгол хүн хэмээн үзэж, үнэлж яваа олон сая хүнийг бусад хэлний хүн ардууд “тэд бол монголчууд, монгол үндэстэн” гэж нэрлэж байна. Ийн нэрийдүүлэгч хүн зоныг өнөөдөр монголчуудын гэгдэх үндэсний үзэл, монголчуудын гэгдэх түүхийн ухамсар нүүдэлчдийн гэгдэгч соёл- иргэншил холбож, нэгтгэж буй юм. Хойно энэ талаар товч үзье.

 

Монгол хүмүүс, монгол угсаатан, монгол үндэстэн анх үүссэн цагаасаа нааш ихээхэн зөв, зохистой шинж бүхий үндэсний үзэлтнүүд байжээ. Асар уудам нутаг дэвсгэр дээр тархай, сарниу оршин аж төрж, байгаль-цаг уурын бэрхшээл, гамшгийг хүмүүний бие ба сэтгэлээр мэдэрч, даван туулж, зарим зарим цаг үед хүмүүний мөрөөсөлд ортлоо ганцаардаж, хүчин мөхөсдөн байсан бэрх хүнд ахуй, нөхцөл нь хүний өөрийн гэлтгүйгээр хүмүүсийг ойлгох, хайрлах хүмүүнлэг энэрэнгүй үзэл, хандлагыг монголчуудад нэн эртнээс зуршуулсан юм. Наад захын жишээ, илрэл гэхэд монголчуудын зочломтгой, итгэмтгий, найзархаг зан авир зуун зуундаа л дэлхийд хосгүй байжээ. Товчилж хэлэх аваас Монголчуудын үндэсний үзэл бүр эрт дээр үеэс аваад л хүмүүнлэг үзэл, зөвөөр боловсрогдож, мах цусанд нь ортлоо эзэмшигдсэн энэрэнгүй үзэл, хэн хүнийг өөрсдийнхөө оронд тавьж уужуу сэтгэлээр ойлгож, ухаардаг нигүүлсэнгүй үзэл мөн болно. Монголчууд арьс, махан дээрээ, “элэг ба зүрхээрээ” хүн хэмээх ухаант амьтны зовлон хийгээд жаргалыг өөр аль ямар ч угсаатан, үндэстнээс илүү сайн, илүү гүнзгий, илүү их тод томруунаар ойлгож чадсан хүмүүс юм. Байгалийн ширүүн, догшин үзэгдлүүдийг гэтлэн давж амьд үлдэхийн төлөө, удам судраа үлдээж угсаа, гарвалаа үл таслахын төлөө, тэрчлэн хэл заншил нь харийн гэлээ ч хүн л бол хүн, тэдэнтэй ойлголцож, ханьсан дотносож болно гэдгийг эрт ухаарсныхаа хувьд, мөн эрт дээр цагаас мал аж ахуй эрхэлж амьд амьтны хань ижлээ, үр төлөө, сүргээ гэх харилцан таталцлын учрыг таньж, ивээж, энэрч ирсэн хүмүүс болохынхаа хувьд монголчууд төрөлхийн гэхээр гуманистууд байв.

 

Мал аж ахуйд суурилж, цаг ямагт амьд амьтантай ойр дөт байж, хүмүүсээс бүрэн хараат болчихсон олон төрлийн амьтдыг арчилж, хамгаалж, малын ашиг, шимийг хүртэн аж төрж ирсэн тавилан заяа нь амьтай бүхнийг, тэр дундаас адилхан гэхээр сэтгэл санаа, заяа төөрөг бүхий хүмүүн болгоныг, үндэстэн болгоныг ойлгох, нигүүлсэх сэтгэлийг Монголчуудад буй болгож, бүр удамшуулжээ. Хувиа хичээхдээ хүртэл бусдыгаа бодож, тооцож хувиа хичээдэг ард түмний тоонд монголчууд зүй ёсоор багтсаар байжээ. Хүмүүнийг эд хөрөнгө мэтээр үзэж, таваар болгон зарж, боолчилж байсан ахуй, оршил монголчуудыг тойрч гарсан нь тэдний төрөлх гуманизмыг хэвээр нь үлдээхэд тусалсан байна.

 

Хүн төрөлхтний түүх бол тусгаар үндэстнүүдийн үндэсний үзлийн хэрхэн яаж боловрогдож, хэрхэн яаж хэрэгжиж ирсэн тухай түүх биш юм. Хүн төрөлхтний түүх бол хүмүүсийн нийтлэгүүдийн (овог, элкэн, аймаг, аймгуудын холбоо) харилцааны түүх, тусгаар улс үндэстнүүдийн харилцааны түүх байх ёстой мэтээр зарим судлаач үздэг.

Ингэх аваас хүн төрөлхтний түүх ядуурч зөвхөн улстөрийн эрх мэдэл хэнээс хэнд, хэрхэн шилжиж ирсний түүх болж үлдэнэ. Хүмүүсийн бүтээсэн соёлын бүх тал, хэсэг энд цухас дурдагдах төдий болдог. Ялангуяа хүмүүсийн оюун санааны амьдралын талууд, хэлбэрүүд ихэнхдээ орхигддог. Хөгжмийн түүх, бүжгийн түүх, уран зургийн түүх, жүжгийн түүх, уран зохиолын түүх, анагаах ухааны түүх, уран барилгын түүх, бичгийн соёлын түүх...бүгд л орхигдох байдалд ордог байна. Иргэний түүх, иргэншлүүдийн түүх байдлаар хүн төрөлхтний түүхийг бичих оролдлого удаа дараа хийгддэг боловч тэдгээр нь ихэнх төлөв шашны түүхчдийн бүтээл болж өнгө аяс нь шинжлэх ухаанч байр сууринаас олон газар холдсон, ухарсан байх нь ажиглагддаг.

 

XXI зуун хүртэл хүн төрөлхтний түүхийг бичихэд хэрэг болох материал арвин ихээр цуглуулагдаж байснаас биш үнэндээ бол жинхэнэ түүх нь харьцангуй төгс төгөлдөр хувилбараар бэлэн болчихоогүй байна гэж дүгнэж болох юм. Учир нь хаад, жанжид, эзэнт гүрнүүд, дайн мөргөлдөөн, хил хязгаарын өөрчлөлтүүд зэрэг нь хүн төрөлхтний түүхийн багаахан хэсэг нь, тэгэхдээ хүмүүний цаашдын, ирээдүйн сайн сайханд шууд тус болох, шууд нөлөө үзүүлэх, шууд тодорхойлох утгаар бол тийм ч их бишид, чухал бишид тооцогдох хэсэг нь билээ. Зөвхөн улстөрийн харилцаа, улстөрийн эрх мэдлийн хувьслын гинжин хэлхээнд дулдуйдан түүх бичиж, түүхийг танин мэдэж, түүхээс сургамж авч, түүхийн асуудал дэвшүүлж, зөвхөн мөнхүү өнцгөөсөө шийдэлд хүрч болохгүй нь тодорхой юм.

Хувь хүний зурхай, заяа, төөрөг гэхийн адилаар хувь үндэстний зурхай, заяа, төөрөг гэж байдаг мэтээр үзэх нь саяхныг хүртэл түгээмэл байлаа. Бараг л үндэстэн бүхний хувьд заяа, төөргийн нь талаарх домог, түүх байх ба түүнд уг үндэстний гарвал, түүх, нөхөр, дайсан, ирээдүй нь элдвээр дүрслэгдэн тусгагдсан байдаг байв. Аль ямар хүч, хүмүүс, угсаатан зэргээс хорлол ирж болох, тэр цагт хэнийг түших нь өлзийтэй болохыг ч мөнхүү домог өгүүлдэг байжээ. Тухайн угсаатан, үндэстэнд аль зүг чиг ээлтэй, аль зүг чиг хорлолтой, хэнд итгэж болох, хэнээс хөндий явахыг ч гэсэн тэнд заасан байдаг байлаа. Чингэж угсаатан, үндэстэн бүрийн түүх урдаас зураглагдан тогтоогдсон мэт ойлголт нэн тархмал байв. Үнэндээ бол аль ч угсаатан, үндэстэнг тодорхой зорилготойгоор, урдаас товлосон замыг туулуулахаар бүтээсэн биш билээ. Нийт дүнгээр нь ч тэр, нэгээхэн хэсэг хэрчмэнд нь ч тэр урдаас товлосон, заасан учир утга аль ч улс үндэстний түүхэнд байхгүй юм.

 

Байгалийн орчин, нөхцөл хувьсаж өөрчлөгддөг. Нийгмийнх нь ч бас өөрчлөгддөг, хувьсдаг. Энэнээс болж түүх ямраар ч эргэж болно. Энд болохгүй юм гэж ер үгүй. Дэлхий дахины түүх энэний гэрч болж байна. Ялангуяа цэрэг, зэвсгийн хүчээр нэгтгэн хурааж, төрийн нэгэн далбааны дор тууж оруулсан олон угсаатан, олон үндэстэн, олон хэл, соёл бүхий ард түмний хувьд байдал онцын тогтворгүй байдаг. Харин язгуурын ойр төрөл угсаатнуудаас анх бүрэлдэж буй болсон, түүхэн ухамсрын хувьд нэгдмэл, хэл ба соёл нэгтэй нэгэн том үндэстнээс дагнаж бүтсэн улс, ард түмэн бол дархлаа сайтай, урт настай, эв нэгдэл нь бат бэх, эрмэлзэх тэмүүлэх зүйлс нь ч адилхан байх магадлалтай юм. Ийм дан, ганц үндэстэнд түшиглэн тогтсон төр улс өнөөдөр олон биш байна. Жишээ нь Оросын Холбооны Улс гэхэд л 180 шахам жижиг, том үндэстнээс бүтэх ба манай урд хөрш БНХАУ бараг 60 шахам үндэстэнг өөртөө багтааж байна. XXI зууны хамгийн хүчирхэг орон АНУ-д үндэстэн жинхэнэ ёсоор бүрэлдэх, төлөвших үйл явц дөнгөж эхнийхээ шатанд байгаа билээ. Энэ гурван орны хувьд үндэсний нэгдмэл үзлийн тухай, төрөлх түүхэн ухамсрын тухай ярихад хэцүү юм. Харин язгуурын монгол овог, аймгуудаас улбаалсан нэгэн том үндэстэн болох Монголчуудын хувьд түүхийн ухамсар ба үндэсний үзэл нь нэгдмэл нэг байх бололцоотой байна.

 

 

“Бид Нэг угсаатан, нэг үндэстэн, нэг ард түмэн” гэсэн сэтгэлзүй, ухамсрыг ихээхэн эрт дээр цагт олсон хүмүүсийн нийтлэг тийм ч олон биш юм. Тэр дундаа язгуурын төрөлх нутаг, төрөлх хэл, төрөлх заншил, соёлоор нягт холбогдсон, төв төрийн ач холбогдлыг ч эрт ухаарсан нь гэвэл бүрч цөөхөн ажээ.

 

 

 

Төв Азийн өндөрлөг дэх үржил шимт газрууд, голуудын хөндий, уулсын бэл, хотос, толгодоор “мөнхөд” гэхээр аж төрж байсан хүмүүс бол монголчуудын өвөг дээдэс юм. Наад зах нь сүүлчийн мөстлөгийн дараах дулаарлын үеэс эхлэн Монголчууд энэ газар нутагт хадагдсан мэт байнгад суух болсон байна. Язгуурын монгол овог аймгуудтай мөнхүү газар нутгийг булаацалдах шаардлага ба хүч ойр орчны нүүдэлчдэд байсангүй. Мал аж ахуй ба ан гөрөөгөөр амьдардаг нүүдэлчид ихэнх төлөв ус ба бэлчээрт, мөн ан амьтадын байрших орчинд татагддаг, тэр бүс нутагдаа л эргэлдэж аж төрдөг билээ. Жилийн ихэнх цаг улиралд хонь, ямаагаа туугаад хол явах аргагүй, мөн агнасан олзоо ачаад алсад одох ч боломжгүй юм. Харь улс орны цэрэг зэвсгийн их хүчинд автагдан эзлэгдэж цохигдоогүй л бол богино хөлийн мал адуулж амьдардаг хүмүүс мал ба хүндээ ивээл, ээлтэй төрөлх орчноосоо хэзээ ч холддоггүй байна. Ус ба бэлчээр “мөнх” болохлоор өөр тийшээ нүүдэллэн зайлж явах хэрэг ч алга юм. Чингэж монгол угсааны хүмүүс нэгэн орон зайд олон мянган жил зэрэгцэн оршиж, хамтдаа амьдарч, бүх талаар адилсаж дотносчээ.

 

Тэдний оюун санааны амьдрал ч нэгэн янз, шинжийг олж хоорондоо бол ижилсэж, ойрхны хөршүүдээсээ бол ондоосчээ. Ийм байдал, төлөв язгуурын монголчуудын хувьд бүр хүрлийн үед буй болчихсон байсан гэж үзэх үндэс бий. Мөнхүү цаг үеийн монголчууд бусдад эзлэгдэж тарж сарниж байсан удаагүй. Бас бусад руу халдан довтолж, эзэлж, алс холд шилжин суурьшиж байсан тохиолдол мөн үгүй билээ. Одоогоос 3-4 мянган жилийн тэртээд хүчирхэгжин эзэмшил нутгаа тэлж томруулж байсан их хаад, жанжидын гар Монголчуудын ахуй, оршлыг хөндөж байсан баримт бас үгүй юм. Газар дундын тэнгис хавийн бүс нутгууд дахь түүхэн их идэвхижил, их хөдөлгөөн Монгол орныг шууд чиглэн, онилон өрнөж байсангүй. Төв Азийн чиглэлд гарсан дайн, түрэмгийлэл бүгд л замдаа саарч, зогсож байжээ. Энэ бүхэн нь монголчууд төрөлх газар нутаг дээрээ үржиж өсөх, дэгжиж хүчирхэгжих, өвөрмэц нэгэн угсаатны хувьд өөрийгөө таньж мэдэх, өөрсдийн бүтээсэн үнэт зүйлсээ хамгаалах, үндэс угсаагаа дээдлэх сэтгэлзүй, ухамсартай болох, газар нутаг, хэл, соёл, хүн ардаа хамгаалах үндэсний мэдрэмж, үзэл сурталтай болоход нь нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлэн өгчээ.

 

Дээр дурдсан тааламжтай нөхцөл, тохирооны ачаар монголчууд эв нэгдэл, харилцан ойлголцлын нь илрэл, үр дүн болсон төв төрөө мөн эрт дээр үед байгуулж чадсан байна. Монгол газар нутаг дээр монголчуудын байгуулсан Хүннү улс нийтийн тооллын өмнөх II мянганы дунд хэрд анх үүсэж аажмаар хүчирхэгжсээр, төрийг бүрэлдүүлэгч үндсэн хүчин зүйлүүдийг үүсгэн цогцлуулсаар байжээ. Монголчуудын харьцангуй оорцог тасархай оршил нь төв төрийн нь хөгжлийн явцыг нилээд удаашруулж, бас өвөрмөц болгожээ. Гэвч Төв Ази дахь улстөрийн шинжтэй зөрчил, тэмцэл цаашдаа өргөсөх, хурцдахын хэрээр ихэвчлэн гадаад хүчин зүйлүүдийн нөлөөгөөр монголын төрийн хөгжил ч мөн хурдасчээ.

 

Монголчууд сүүлийн гурван мянган жилийн дотор удаа дараа том, хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж дэлхийн түүхнээ тодорч байсан нь тэдний хүчирхэгжих, дархан дайчин байсан өнгөрснөө санагалзах, улстөрийн мэдрэмж сайтай байх зэрэг төрөлх гэхээр чухал шинжүүдтэй нь ихээхэн холбоотой байлаа.

Монголчуудын үндэсний үзлийн язгуур уг нь, үндсэн зарчмууд нь монгол хүний хүмүүнлэг, энэрэнгүй үзэл, хандлага бусдыг өөрсдийнхээ оронд тавин байж бодож ухаарсан үнэлэмж, баримжааллууд юм. Чухам иймийн учир монголчуудын үндэсний үзэл нь бусад үндэстэн, ард түмний эрх, ашиг, сонирхлын эсрэг шууд хандсан шинж огтоос үгүй байна.

 

Мал аж ахуй, ан ав эрхэлдэг нүүдэлчдийн хувьд бүр овгийн байгууллын задрах үеэс эхлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүний амьдрал, үйл ажиллагаа ясан болон цусан төрлийн ойрхны хамаатал бүхий арав орчим өрх айлын хүрээнд, тэдгээрийн дотоод зохион байгуулалтын нөлөөнд, ихэвчлэн өндөр настай ах, зах хүмүүс, өвөө, эмээ нарын зааварчилгаа, сургалт, сургамжид түшиглэн хэрэгжиж байжээ. Аяндаа, сулдаа, амьжиргааны шаардлага даган бүрэлдэж гарсан, яс, цусан садан сүлбээнд тулгуурласан өрхүүдийн холбоо, хамаатал нь алсдаа аймгууд, аймгуудын холбоо үүсэх үесэд албан ёсны гэхээр захиргаа-цэргийн аравтын зохион байгуулалтаар бүр зүхшрэн бэхжих “хуульчлагджээ”.

Захиргаа-цэргийн хосолсон шинж бүхий аравтууд нь бүх алба, ноогдлыг биеэ дааж хариуцан гаргадаг, дотооддоо өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг өвөрмөц нэгж болж байлаа. Аймгийн ноёд, зонхилогчдын өмнө хүлээдэг бүх үүргээ сааталгүй биелүүлэхийн зэрэгцээ аравтдаа хамаарагдах айл өрхүүдийн амьдрал, үйлдвэрлэл, сургалт, хүмүүжил, уламжлал, шинэчлэлийн хэргийг хүртэл аравтын ах зах хүмүүс хариуцан хэрэгжүүлдэг байв.

Эдүгээчлэн дүрсэлж хэлэх аваас аравт бүрийн дотор гавъяа, хүндтэй хүмүүс, багш нар, ан авын мэргэжилтэн, мужаан, дархан, цэрэг-зэвсгийн багш, аливааг үзэж хашир суусан өтгөс буурлууд бүгд л бэлхнээ байдаг байжээ. Аравтын дотоод дахь бүхий л сургалт, хүмүүжлийн ажлыг чадварлаг өвөө, эмээ нар биеээрээ үлгэрлэн үзүүлж хэрэгжүүлдэг байв. Аравтын дотоодод гурваас таван үеийн хүмүүс зэрэгцэн оршиж, хамтран аж төрж, ахмад үе нь залгамж халаагаа бэлтгэж хүү, охин, ач, зээ нараа өсгөж, сургаж, хүмүүжүүлж, өтлөх насандаа тэднээрээ тэтгүүлж байсаар хорвоогоос хальдаг байжээ. Чингэж нүүдэлчдийн иргэншил нь гол төлөв уламжлал, залгамжлалын хүчинд дулдуйдсан, элдэв мунхруулга, төөрөгдлөөс харьцангуй чөлөөтэй, дархлаа, чадамж сайтай ихээхэн өвөрмөц иргэншил мөн байв.

 

Захиргаа-цэргийн хосмог шинж бүхий аравтын зохион байгуулалт нь монголчуудын хувьд сүүлийн дөрвөн мянган жилийн турш дахь хамгийн оновчтой, шуурхай, өгөөж, үр дагавар сайтай хэлбэр болж үлдсэн юм. Овгууд аймаг болон томорч, улмаар монгол угсааны аймгуудын холбоо үүсэж, түрүү төрийн зохион байгуулалтанд орох үесэд мөнхүү аравтуудад түшиглэсэн хэлхээ, холбоо нь улам ур нарийсаж, төгөлдөржжээ. Нүүдэлчин ахуй, орчноос аяндаа төрөн гарч бэхэжсэн аравтын систем аль эртнээс бэлхнээ оршин байсан нь Монголчуудын хувьд хүчирхэг төв төрийн байгууламжийг бүтээхэд нь, мөн чадварлаг армийг буй болгоход нь сайнаар нөлөөлжээ. Түүхэн ийм байдал, нөхцлөөр улбаалагдан Хүннү улс мөн анх үүсчээ. Хятад угсааны аймгууд нэгдэж төр улсыг анх үүсгэсэн үйл явцтай бараг зэрэгцэж шахам Хятадын хойд талаар нутаглаж байсан нүүдэлчин аймгууд мөн төр улсаа байгуулжээ. Тэр үеэс эхлэн суурин иргэдийн төр засаг ба нүүдэлчдийн төр засгийн хооронд элдэв шинжтэй зөрчил гарсаар, жижиг дайн тулаан болсоор, аливаа хэрэг, явдал төв төрүүдэд түвшинд яригдах болж, хэн нь хэнээ хараа, нөлөөндөө авахаа үзэж, туршсаар нтө II- нтө I мянганыг элээсэн түүхтэй билээ.

 

Монголчуудын сэтгэлзуй, ухамсар бүр НТӨ III- НТӨ II мянганы үеэс нааш дараах шинжүүдтэй байж иржээ.

 

Үүнд:

 

-Өмнө зүгийн зарим суурин иргэд, хятад угсааны ноёд, эзэд нийт нүүдэлчдэд тааламжгүй, дээрэнгүй ханддаг, нүүдэлчдийг нийтэд нь муу доромж үгээр нэрлэж, басамжилж, доорд үздэгээс улбаалан монголчууд өөрсдийгөө болон мөн малчин, анчин жижиг овог, аймгуудыг тэднээс байнгад өмгөөлж, хамгаалж ирснээс нийт эсгий туургатанд ямагт элэгтэй байдаг, найрсгаар ханддаг,

 

-Хятадын хойд талын улсуудтай байнгад шахам зөрчил, тэмцэлд орж байснаас нүүдэлчид өөрсдийгөө зэвсэглэж, цэрэг, зэвсгээ болж л өгвөл суурин иргэд, харь орныхноос илүү чадвартай байлгахыг зөвтгөж, дэмждэг,

 

-Монголчууд өөрсдөөсөө баруунчаа, хойд талдаа, мөн зүүн талдаа орших нүүдэлчидтэй эв найртай байхыг чухалчилж ирсний дээр шаардлагатай үед тэднээс тусламж авах бололцоотой байхыг эрхэмд үздэг,

 

-Дотоод эв нэгдлээ ямагт дээдэлж, бас гадаад талдаа энхийг сахьж, гэрээ хэлэлцээрийг хатуу мөрдөж, өөртөө дайсангүй байхыг эрхэмлэдэг,

 

- Аливаа хүн, ардын шашин суртлыг хүндэтгэн үзэх нэгэн төр, нэгэн дээврийн доор олон шашин, суртал зэрэгцэн оршиж болохыг зөвшөөрч, дэмждэг,

 

-Төрөлх газар нутгаа төр засгийн үндэс гэж үзэж хамгаалдаг,

 

-Бусад хүн, ардын хэл, соёлыг ойлгох, тэднээс сайнь үлгэр авахыг хичээдэг,

 

-Бусад улс орны ном, эрдэмтэй хүмүүсийг үнэлдэг, тэднийг төрийн хэрэгт ашигладаг,

 

-Төр, ёс бол хүмүүжлийн үндэс, цэрэг ард бол үндэсний баялаг, чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа бол сайны тэмдэг, хэн хэндээ ашигтайгаар харилцах шудрага ёс хэмээн үзэж сахихыг хичээдэг,

 

-Сайн төр засаг, сайн хаан бол хүн ардыг хэл ба суртал, заншил, хувцсаар нь үл ялгаварлан бүгдийн эцэг, ивээгч байх ёстой хэмээдэг байжээ. Эдгээр нь Монголчуудын үндэсний үзлийн гол багана, үндсэн, байнгын шинжүүд болсоор эдүгээг хүрчээ. Энэ шинжүүд эдүгээ ардчилсан бие хүний бүрэлдэх, төлөвшихөд ч таатайгаар нөлөөлж байна.

 

Нүүдэлчдийн нийгэм-иргэншил нь бүр анхнаасаа ихээхэн зохист шинжтэй, хүмүүний бодит ахуйгаас үүсэл, гарвалтай, хүмүүнлэг энэрэнгүй, түүхийн амьд явц, тунгаамал материалаар өөрөө бүтэж бүрэлдсэн үр дүн болох нь өмнө өгүүлснээс тодорхой харагдах ажээ.

 

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)