Богд хааны Монголын ирээдүйн талаар буулгасан хоёр зарлиг
- 2021-12-27
- Нийтлэл
- 0
1911 оны Монголын үндэсний хувьсгалын түүхэн ач холбогдол: Богд хааны Монголын ирээдүйн талаар буулгасан хоёр зарлигийн тухай
1911 оны Монголын үндэсний хувьсгалын 110 жилийн ойд зориулан зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Оохнойн Батсайханы илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
1911 онд тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулсан цаг үеэс монголчууд өөрийн үндэсний соёл, уламжлал, үнэт эрхэм зүйлсээ таньж мэдэх уламжлан өвлүүлэх үндсийг тавьсан билээ.
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны ширээнд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ. Богд хаан тэргүүтэй Монгол Улсын засгийн газрын сайд нар, ноёд, түшмэд сэргээн байгуулж буй Монгол улсын тусгаар тогтнол, төр улс бол хууль ёсных гэдгийг сайтар нотлохыг ихэд хичээсэн нь илэрхий байна. Өвлийн дунд сарын шиний 9-ний өдөр Монгол Улсын эзэн хааны суудалд бурханы шашны тэргүүнээ өргөмжилсөн төрийн ёслол нь олон улсын хууль ёсны дагуу, бүр нарийвчлан хэлбэл Хенри Вытоны Түмэн улсын ердийн цаазын 2 дугаар бүлэгт буй "хааны бие нь улсын дүрс лугаа ялгаваргүй" (Хенри Вытон Түмэн улсын ердийн цааз 2006: 28), "Эзний эрхийг алдаагүй ба улс төр мөхөөгүй нь хэрэв шинээр байгуулсан улсыг олон улс харилцан хүлээж хүлээв хэмээх нь түүний өөрсдөө тогтнох ба өөрсдөө эзэрхэх улс болохыг хүлээх бөгөөд нааш цааш явуулах нь буюу их угсаанд угтан оруулах эсэхийг бүрнээ олон улсаас дуртайяа, эсхүл түүний дотоод дахь улсын цаазыг үзэх ба эсхүл тэрхүү улсын хааныг үзэж тогтоох болой" (Хенри Вытон Түмэн улсын ердийн цааз 2006: 28), "Энэ улсын хаан эзэн бус улсад очвоос тэр улсад хамаарагдан захируулахгүй. эзэн... айл улсын хууль цаазад захирагдахгүй", "тус улсын сүр эрх мөн эзний биед хэвээр бүхий" (Мөн тэнд 68) гэсэн заалтуудыг баримталсан болох нь тодорхой байна. Хенри Вытоны Түмэн улсын ердийн цааз бичгээс монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан дэвтрүүдийг харах аваас улсын тусгаар тогтнол, эзэн хааны эрх, бие даасан байдал, суверенитеттэй холбогдол бүхий "Түмэн улсын ердийн цааз"-ын тэргүүн, 2, 3, 4 дугаар дэвтэр, "Олон улсын ердийн цааз"-ын тэргүүн, 2 дугаар дэвтэр, "Нийтийн олон улсын хууль зүйлийн бичиг"-ийн 2 дугаар дэвтэр, " Олон улсын ерийн цагт нааш, цааш явалцах хуулийн бичиг"-ийн 3 дугаар дэвтэр, "Түмэн улсын албан цааз"-ын 2 дугаар дэвтэрүүдийг сонгон авч монгол хэлээр буулгасан байх нь өөрийн эрхгүй анхаарал татна. Мөн түүнчлэн Тусгаар тогтнолоо тунхаглан зарласан төрийн их ёслол, мөн өдөр Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтын буулгасан зарлиг, Засгийн газраа эмхлэн байгуулсан шийдвэр зэрэг бүхий л үйл ажиллагаандаа олон улсын хууль эрх зүйг ягштал мөрдөхийг хичээсэн нь илт байна.
Богд гэгээнтнийг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн нь Монголын төрийн хаант ёсны уламжлалыг сэргээж буй хэрэг мөн боловч олон улсын хууль ёсны үүднээс авч үзвэл тусгаар тогтнож, бие даасан улсын нэгэн илэрхийлэл, шинж болох нь гарцаагүй байна. Улсын эзэн хаан хэн байх нь чухал боловч үүнээс илүү чухал зүйл бол тусгаар тогтносон улсын нэгэн шинжийг илэрхийлсэн эзэн хаантай байх явдал гэдгийг Монголын угсаа залгамжилсан хан вангууд, ноёд, хутагт, хувилгаад, түшмэд сайтар ойлгосон байжээ. Тиймээс Бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын буулгасан зарлиг лүндэнг шагштал мөрдөж, үндэстэн улсынхаа алдагдсан эрх чөлөө, амин эрх ашгийг бүхнээс дээгүүр эрхэмлэн байж, эвлэлдэн нэгдсэн нь үр дүнд хүрч, 1911 онд монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж чадсан байна. Энэхүү түүхэн үйл явдал нь Орчин үеийн Монгол Улсын үндэс суурь учраас өнөө хэр түүхэн ач холбогдолтой хэвээр байгаа болно.
Олноо өргөгдсөний тэргүүн он өвлийн дунд сарын 10 буюу 1911 оны 12 сарын 30-ны өдөр тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсаны маргааш нь Богд хааны засгийн газраас Манж Чин улсын Гадаад хэргийн журган, Дотоод яам, Засаг дор тус хийх яамдад Монгол тусгаар улс болсон учирыг мэдэгдэж цахилгаан утас илгээж, түүндээ "Монголчууд хэрэв өөртөө эс тогтновоос цэрэг дайнд холбогдон хуваагдахаас хэлтэрхүйеэ бэрх. Иймийн тул түмэн зүйлийн арга үгүйгээс өдөгдөж алтан ордоны зүг хандаж тэнгэрийн гэгээнээс хагацахын ёсоор мөргөөд бүгдээр Богдыг өргөмжлөн эзэн болгож улсын цолыг Монгол хэмээн үе уламжлан умар зүгийн дэлхий дахины орон газрыг уул эзэн нь хураан авч бүрэн болгон батлавай" (Монголын түүхийн эх сурвалж (1911-1921) 2010:133) хэмээн мэдэгджээ. Энд гарч буй "уул эзэн" гэсний "эзэн гэсэн үгийг" эл цахилгаан мэдээнд оруулахдаа Хенри Вытоны Түмэн улсын ердийн цаазийн (Elements of International law) "аливаа өөртөө эзэн болсон улс" (Хенри Вытон Түмэн улсын ердийн цааз 2006: 60), "аливаа нэгэн улс өөртөө эзэн байгуулсан" (Мөн тэнд 65) гэсэн заалтуудыг үндэс болгосон байна. Мөнхүү цахилгаан утсанд буй "уул эзэн", "уул" гэсэн үгүүдийн цаад утга нь "Холбоотоны гэрээний шинжийг агуулсан" (М.Полумордвинов Түүхэн нотолгоо 2020: 39) тэртээ Өмнөд Монгол Манж гүрэнтэй байгуулсан гэрээ буюу 1936 оны 5 сарын 17-ны өдрийн Манжийн хааны зарлиг, "Халх Монгол Манж гүрний хоорондын харилцааны мөн чанарыг тодорхойлсон анхны баримт бичиг болох Манжийн хааны 1688 оны Манжийн хааны зарлиг"-т заасан ёсоор "улс түмэн бүрт тусдаа өмнө байсанаар орших байдал эргүүлэн өгч буй", "нэгэн цагт сайн дураар энэ засагт дагаар орж, өөрийн засаглах эрхээ династид буулт хийн өгсөн тэр үеийн байдалдаа эргэн" (М.Полумордвинов Түүхэн нотолгоо 2020: 43) очиж байгааг илэрхийлсэн хэрэг юм.
Энэ бол Монголын тусгаар тогтносон, бие даасан байдал юм. Үүнийг сайтар ойлгосон монголчууд, тухайлбал Удай ноён өвөг дээдсээс хадгалж ирсэн тэрхүү зарлигийг өөрийн биеэр авчран, гал голомтоо сэргээн бадраасан Богд хааны засгийн газарт өргөн барьсан нь мадаггүй хэмээн үзүүштэй байна. Үүнийг нотлох баримтыг М.Полумордвиновын Түүхэн нотолгоо номоос олж болохоос гадна ОХУ-ын архиваас уг баримтын талаарх сэжүүрийг олж болох билээ.
Энэ талаар молхи судлаач О.Батсайхан миний бие, доктор Кузьмин С.Л-ийн хамтаар нэгэн өгүүлэл бичиж, Восток сэтгүүлд 1 хэвлүүлсэн болно. Үүгээр өдрөөр өлзий хутаг, шөнөөр өлзий хутаг, өдөр шөнийн цаг тасралтгүй бүх улсын дэлхий дахинаар амгалан, жаргалан, баясгалан гурвыг бүгдээр цэнгэлдэн эдлэх болжээ хэмээн шастирт тэмдэглэжээ.
Монгол улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт "Түмэн улсын ердийн цааз"-д буй "Аливаа өөртөө эзэн болсон улс хуулийг тогтоон зохих нь өөрийн иргэний засацгаах хувь эрх ашиг зэргийн учир болой" (Хенри Вытон Түмэн улсын ердийн цааз 2006: 79) хэмээсэн заалтыг баримтлан Зарлигаар тогтоосон Монгол
Улсын Хууль зүйлийн бичиг 65 дэвтэрийг зохиож батлан мөрдүүлсэн билээ. Үүнээс гадна Богд хаан монголчуудын одоо, ирээдүйг заан тольдсон олон зарлиг, лүндэн буулгаж байсаны дотор үндэсний шашин, улсын газар нутаг, хил хязгаар, монгол овогтоны талаар буулгасан зарлигууд нь өнөө хэр ач холбогдолтой билээ. 1915 онд буулгасан бурханы шашинтай холбогдол бүхий нэгэн зарлигийн талаар өгүүлье. 1915 онд Богд хаанд Монгол улсын шашин төрийг хослон баригчийн хувьд нь алтан тамга, алтан өргөмжлөлийг үйлдүүлэн өргөн барьсан байна. 1911 онд Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан суудалд залрахад төрийн хаш, мөнгөн тамгыг өргөн барьсан бол 1915 онд Богдын ламын хувьд барих алтан тамга, алтан өргөмжлөлийг хийж өргөн барьсан билээ. Энэ нь Хиагтад болж байсан Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын гэрээнээс Монголд харштай шийдвэр гарвал түүний үр дагавараас урьдчилан хамгаалах зорилгоор ийнхүү Богдын ламын алтан тамгыг шуурхай хийж өргөн барих шаардлага гарсан болов уу. Нөгөөтэйгүүр Богд бээр энэ үе хүртэл анх 1874 онд Монголд залагдаж ирэхэд нь Манжийн хааны Бадруулт төрийн тэргүүн он Зуны тэргүүн сарын арван тавны өдөр буулгасан зарлигаар өргөн барьсан алтан тамга, алтан навчит өргөмжлөлийг барьж байсан учир түүнийг халах нь зайлшгүй хэрэг байв.
1915 онд Монгол тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш хаандаа өргөн барьсан Богд хааны Алтан тамганы үг нь “Шашныг мандуулагч амьтныг жаргуулагч аврал итгэл, хамгийг айлтгагч оройн чандмань Очирдара Жавзандамба ламын тамга” хэмээсэн үгтэй бол тамганы хамт алтан өргөмжлөл дагалдсан байдаг.
Богд хааны эл зарлиг нь Сэргэн мандсан Монгол улс шашны тэргүүнээ тусгаар тогтносон, бие даасан улсын хувьд анх удаа эзэн хааны зарлигаар тохоон томилсон түүхэн шийдвэр юм. Эл зарлигаараа Богд хаан Манжийн хаанаас удаа шийтгэн үе үеийн Богдуудад олгож байсан алтан тамга, алтан өргөмжлөлийг зогсоож, үүнээс хойш Монгол улс бие даасан улсын хувьд шашны тэргүүнээ тусгаар улсын хувьд өргөмжилж, оюун санааны хувьд аливаа гадны улсын эрхшээлээс ангид байх үүд замыг нээсэн байдаг. Богд хааны эл зарлигийг Алтан өргөмжлөлөөр хоёр удаа хийсэн нь эдүгээ Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа. Эл зарлигийн эхэнд “Би тэнгэрийн цагийг дагаж төр шашиныг хослон барьж, Монгол улсыг жолоодон тогтоохуй дор үнэнээр тус хийж чадагчдыг хэтэрхийеэ эрхэмлэх бөгөөд эн тэргүүн өргөмжилбөөс зохих Жавзандамба лам болбоос эртний Мин улсын цаг Их Юань улсын тайцу хааны үе, Халхын Очирбат Түшээт сайн хан Гомбодоржын гэрт хувилгаан гарч, бурханы шашиныг дэлгэрүүлэн хамаг амьтаныг гийгүүлж” хэмээн төр, шашныг хослон барьж буй,
мөн “Их Юан улсыг үндэслэгч -Эзэн Чингисийн үеийн төрийн үргэлжлэл, Халхын Анхдугаар Богд Жавзандбамба хутагт Өндөр гэгээн Занабазарын хувилгаан дүр болохоо тэмдэглэсэн байдаг. Энэ бол 1911 онд сэргээн тунхагласан Монголын төр бол эзэн Чингис хааны байгуулсан Их Монголын улсын гал голомт болохыг илэрхийлжээ.
Мөн түүнчлэн “судар таринийн шашиныг мандуулж” ирсэн уламжлалыг онцлон тэмдэглэсэн байдаг. Зарлигт “хамаг Монгол овогтоныг сайн дор удирдан” хэмээн ар, өвөр монгол, барга, буриад, халимаг гээд бүхий л монголчуудаа Монгол Улсад хамруулж буйгаа илэрхийлжээ. Зарлигт заасан бас нэгэн чухал заалт бол “төрийн хэрэгт хаан би ахална” хэмээсэн үг нь юм. Энэ нь төр бол шашнаас дээгүүр зиндаатай гэдгийг илэрхийлсэн хэрэг бөгөөд шашин төрөө дээдэлнэ хэмээн ойлгож болох биз ээ. Энэхүү зарлигт “Жавзандамба лам чамайг шашины эзэн охь манлай хэмээн өргөмжлөх бөгөөд энгийн өдөр номын хурлын газраа ахлуулж сүслэх хэшгийг тахиж бадруулбай” хэмээн бурханы шашны тэргүүн болохын хувьд тодорхой зааж өгсөн байна. Ийнхүү шашны хэрэгт алтан тамга барьж шийтгэж байхыг эл зарлигаар баталгаажуулж өгсөн байдаг билээ. (О.Батсайхан Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба: амьдрал ба домог, нэмж баяжуулсан гурав дахь хэвлэл, 2014: 202) Богд эзэн хаанаас Монголын бурханы шашины талаар буулгасан энэхүү зарлигийн агуулгыг Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичгийн 34 дүгээр дэвтэр буюу Лам нарын хэргийн хууль дээд дэвтэрийн "Жавзандамба ламыг өргөмжлөх нь" хэмээх нэгдүгээр зүйлд бараг тэр хэвээр оруулан хуульчилсан байна. Энэ бол Монголын бурханы шашины тэргүүнийг өргөмжлөх үйл явдлыг хуульчилсан хэрэг болно.
1915 онд буулгасан Богд хааны эл зарлигийг үндэслэж, хожим 2012 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай 15 тоот зарлиг буулгаж, “Монголын бурханы шашны лам хувраг, сүм хийдийн нийтийн зөвшилцлөөр Есдүгээр дүрийн Богд Жавзандамба хутагтыг Монголын бурханы шашны тэргүүнээр өргөмжилсөнийг соёрхон” батламжилсан билээ. Тиймээс Богд хааны 1915 онд буулгасан эл зарлиг өнөө хэр ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Богд хаанаас Монголын газар нутаг, хил хязгаар, монгол овогтоны хувь заяатай холбогдол бүхий буулгасан бас нэгэн зарлигийн талаар товч өгүүлье. Богд хаанаас Түмэн улсын ердийн цаазын "Аливаа нэгэн улс өөртөө эзэн байгуулсан нь гадаад улсын хүнийг оруулан нутаглуулах тус улсын иргэн болгох эрх цөм буй", "гадаадын хүн нүүж ирээд нутаглан суух ба нутагт орвоос түүний нутаглан суух, орсон нутагт газрыг цөм олж эдлэмүй" хэмээсэн заалтыг баримтлан 1914-1915 онд Хиагтад Монголын тусгаар тогтнолын хувь заяаг хэлэлцэж байсан тэр эгзэгтэй мөчид улсынхаа хил хязгаар, газар нутаг, монгол овогтоны талаар буулгасан зарлиг байдаг юм.
Эл үеийн монгол үндэстэний хувь заяа, монгол овогтоны байдал хайшаа эргэж буйг сайтар ухаарсан Богд хаантан 1914 оны 11 дүгээр сарын шинийн гуравнаа “Монгол овогтон нийтэд зориулсан ухуулах зарлиг” буулгажээ. Уг зарлигт өгүүлэхдээ: "... Монгол овогтон нийтээр салж сарнихад хүрэв хэмээн зориг мохож хэрхэвч үл болно” гээд “Эдүгээ Хиагтын газар Орос, Хятад, Монгол гурван этгээд хуралдан хэлцсээр нэгэнт гурван сар илүү болсон ба Орос, Думдад хоёр улсаас бидний Монгол улсад дотоод засгийн элдэв хэргийг өөрөө эзэрхэх ба гадаад улс лугаа худалдаа нэвтрүүлэх зэргийн онц эрх олгохыг зөвшөөрсөн боловч мөнхүү эрх ашгаас булаалдан тэмцэлдэх ба зах хязгаарыг Нийслэл Хүрээ, Улиастай, Ховдын харьяат газраас хэрхэвч хэтрэхгүй хэмээн гүжирээр нотод баримтлах тул эдүгээ хүртэл хэлэлцэн тохироогүй. "Одоо хэрэв монгол язгууртаны нэгэн хэсэг нь үүсгэл болон чадвал нэгэн үндэс, нэгэн шашинт олон монгол хэзээ ч болов хамтдаж үл болох зүйлгүй", "олон монгол овогтон хэрэв зовлон, жаргаланг хамтатгах чин зориг буй ахул эрхгүй цаг тохиолыг олж болно", Миний энэхүү санааг дотоод, гадаад олон монгол овогтонд зарлан ухуулж, ....миний нигүүлсэн үзэх таалалд нийлүүлэгтүн” 2 хэмээжээ. Өөрөөр хэлбэл, одоо хэрэв монгол язгууртаны нэгэн хэсэг нь гал голомтоо авч хадгалж үлдэж чадвал “хэзээ ч болов” нэгдэж болох боломж нээгдэх нь дамжиггүй хэмээн айлдсан хэрэг юм. Богд хаан монгол овогтоноо хандан 1914 онд гаргасан эл зарлигтаа: “одоо хэрэв Монгол язгууртаны нэгэн хэсэг нь үүсгэл болон чадваас нэгэн үндэс, нэгэн шашинт олон монгол овогтон хэзээ ч болов хамтдаж үл болох ёсонгүй” 3 хэмээсэн нь монгол овогтоны гал голомт аль нэгэн хэсэгтээ тухайлбал халх Монголдоо төвлөрөн тогтож үлдвээс алсдаа монгол олон овогтон нэгдэн нийлж болохыг ухуулсан хэрэг байв. Энэ бол Богд хаанаас монгол овогтоны хувь заяанд ямар их анхаарал тавьж, алс хэтийн бодлоготой хандаж байсаныг илтгэнэ.
Энэхүү Богд хааны зарлигийг Монгол Улсын Дээд Доод хуралд уншиж сонсгосон байдаг. Мөн Монгол Улсын таван яам, Шашин төрд туслах сайд, Зүүн, баруун хязгаарын сайд, хутагт гүн, Хөлөнбуйр, Нийслэл Хүрээний цэргийг захирах сайд, Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийн дарга, Хөвсгөл, Урианхайн гүн, Дарьгангын бүгдийн тэргүүн, Эрдэнэ шанзавын яам, Жирим, Зост, Зуу Од, Шилийн гол, Улаанцав, Их зуу, Хиагтын хоёр этгээд харуулыг захирах гүн, Улиастай, Хиагтын түшмэдэд буухиагаар хүргүүлсэн байдаг.
1926 онд эрдэмтэн Жамсрангийн Цэвээн абугай МАХН-ын их хуралд хэлсэн үгэндээ Богд хааны буулгасан эл зарлигийн үзэл санааг авч илэрхийлсэн бол тэрбээр "Ард Жамсраны Цэвээнээс 1931 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Монгол Ардын Хувьсгалт намын төв хороонд бичсэн өргөдөл"-даа илүү тодорхой тусгасан байдаг. Тэрбээр өргөдөлдөө: "Монгол Улс нь өөрийн тусгаар газартай байх хэрэгтэй. Үүнд Монголын газар дэлхий нь уудам их бөгөөтөл ард иргэн нь цөөн, ийм шингэн сийрэг ардтай байгаа цагт соёл боловсролыг эрчимтэй боловсноор байгуулж болшгүй хэрэг болох тул харьяат ард иргэний тоог ядваас нэгэн хувь нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд ардын төрөлхийн өсвөр дутмаг тул гаднаас нүүлгэн оруулах хэрэгтэй. Нэгэнт монгол үндэстний улс байгуулж буй тул зүй нь Дотоод Монголоос монголчуудыг ба СССР-ээс буриад, торгууд мэтийн монгол үндэсний ардыг нүүлгэн ирүүлж, дэвсгэр газар орон юугаан дан монгол язгуурын ард олноор эзлүүлэн авч эрт цагаас инагши орос, хятадын тариачин иргэнээр нүүдэллэн эзэмшихийг тэмүүлэн бүхий түүхт замыг хөндөлдөн тулж монгол үндэстэн өөрийнхөө эзэмшсэн газартай байх хэрэгтэй болой" 4 хэмээн тэмдэглээд "СССР, Хятад хоёроос баталсан бөгөөд бусад олон улсаас зөвшөөрөн хүлээсэн төвийг сахих улс болох хэрэгтэй. Энэ нь үлгэрлэвээс Швейцари улс лугаа адил буй" гэжээ. Ерөнхий сайд Х.Чойбалсангийн уриалга 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ЗХУ Японд дайн зарлав.
Мөн 8 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ Японд дайн зарласан тухай Улсын Бага Хурал, засгийн газрын тунхаглал нийтлэгдэв. Чойбалсан 1945 оны 8 дугаар сарын 10-нд монголын ард түмэнд хандаж радиогоор хэлсэн үгэндээ: “... бид баатар Улаан цэрэг болон нэгдсэн улс үндэстний хамт Японы фашистуудыг бүрмөсөн устгаж, японы түрэмгийлэн эзлэгч нарыг бут цохьсоны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт нэгэн ах дүү улс гэр болгон нэгдүүлэх явдлыг хангах болно” хэмээсэн билээ. Үүний эрдэмтэн багш Л.Бат Очир авугай “Монгол овогтон нэгэн гэр улс болох эрмэлзлэлтэйгээ зарлан мэдэгдсэн байна” 5 хэмээн тэмдэглээд панмонголист үзлийн өчүүхэн төдий илрэлийг хатуу зэмлэн буруушааж байсан тэр үеийн нөхцөлд энэ нь гагц Чойбалсангийн толгой мэдэж хийх ажил биш нь ойлгомжтой. Тийм атал асуудлыг ингэж тавьснаар барахгүй, дэлхий дахинд зарласан нь Сталин, Чойбалсан нар харилцан зөвшилцсэнтэй холбоотой байж таарна” 6 хэмээн бичсэн буй.
БНМАУ-тай нийлж нэгдэх гэсэн Өвөр Монголын ард түмний хөдөлгөөн Өвөр Монголын өөртөө засах хөдөлгөөнөөр хязгаарлагдсан учир Чойбалсангийн дэвшүүлсэн дээрх зорилт биелээгүй юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ҮГ
2011 онд монголчууд 1911 оны Үндэсний хувьсгалын 100 жилийн ойг Монгол Улсын төрийн шийдвэрээр өндөр дээд хэмжээнд тэмдэглэж, Улсын их хурал хүндэтгэлийн чуулган хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн 2011оны 12 дугаар сарын 28-ны өдрийн чуулганд “МИНИЙ МОНГОЛ МӨНХ ОРШИГ” хэмээх үгээ хэлсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдөр та бид Монгол улсад, магадгүй өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал түүхэн үйл явцын тухай ярилцаж, гүн хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байна” гээд “Монголын ард түмнээс төрөөс энэ жил, энэ өдрүүдэд гүн хүндэтгэл үзүүлж, өргөн дэлгэр хэлэлцэж, улс үндэстнийхээ бахархал болгон тэмдэглэж байгаа эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой бол цар хүрээгээрээ ч, ач холбогдлоороо ч, өнө мөнхийн шинж чанараараа ч үеийн үед бахархан дурсагдах үнэхээр хосгүй түүхэн үйл явдал юм” хэмээн дүгнэж тэмдэглэсэн юм. Тэрбээр "Би монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа хүний хувьд өнөөдөр монголчууддаа хандаж нэгэн зүйлийг уриалах гэсэн юм. - “Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалах гэсэн юм. Би энэ уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаа юм...
Би энэ үгийг төрийнхөө энэ хүндэт индрээс зөвхөн иргэддээ төдийгүй, монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчуудад, монгол үндэстэн, угсаатан, хүн бүрт хандан хэлж 5 Л.Бат-Очир Чойбалсан, намтрын нь балархайг тодруулахуй., УБ., 1998 он, 176 дахь тал
6 Л.Бат-Очир Чойбалсан, намтрын нь балархайг тодруулахуй., УБ., 1998 он, 176 дахь тал байна. Би энэ үгийг зөвхөн монголын сайн сайхны төлөө хэлж байгаа юм”
хэмээсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эл үгс монгол туургатанд ямар их давалгаа болон хүрснийг хэлээд яах вэ. Үндэсний хэмжээнд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, манжийн эрхшээлд хэдэн хэсэг хуваагдан оршиж байсан монголчуудын газар нутгийнхаа зөвхөн Ар Монголын төв Нийслэл Хүрээнд монгол үндэстэний гал голомтоо сэргээн бадрааж, хүрээлэн буй нийт монгол овогтон хийгээд тэдгээрийн оршин буй газар нутгийг бүрнээ хамруулахыг хичээж, төр улсаа Монголын төрийн уламжлал, дэлхийн төр ёсны баримтлалын дагуу, эмхлэн байгуулж, үндэсний үзэл, шашнаа дээдлэсэн нэгдмэл улс байгуулахыг зорьж байв. Иймээс улсын хшүз цолыг МОНГОЛ хэмээн бүхнээ илт зөвшөөрөгдөх уламжлалт нэрээ өргөмжилсөн байна. 7 Орчин үеийн Монгол улсын үндэс суурь 1911 оноос эхэлснийг түүх нотлон харуулж байна. Үүнд л 1911 оны Монголын үндэсний хувьсгалын ач холбогдол оршино.
Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Оохнойн Батсайхан
Сэтгэгдэл (0)