“Омикрон” хувилбарын улмаас дэлхий даяар 7000 гаруй нислэг цуцлагджээ
- 2021-12-27
- Дэлхий
- 0
Зул сарын баярыг гэр бүл, төрөл төрөгсөдтэйгөө хамт тэмдэглэх гэсэн олон хүний хүсэлд коронавирусийн Омикрон хувилбарын тархалт саад болсон байна.
Delta, Jet Blue, Allegiant, United Airlines зэрэг томоохон авиа компаниудад гарсан вирусийн халдварын улмаас Зул сарын баярын болон өмнөх өдрүүдэд дэлхий даяар 4,200 орчим нислэг цуцлагджээ.
Зөвхөн АНУ-д цуцлагдсан нислэгийн тоо 1,200 давсан байна.
“Энэ долоо хоногт орон даяар Омикрон хувилбарын тархалт нэмэгдсэн нь манай нислэгийн баг, бусад ажилтнуудын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүллээ. Бид нислэгүүдийг цуцалсандаа уучлал гуйж, аль болох олон зорчигчдын тасалбарыг богино хугацаанд буцаах арга хэмжээ авч байна” гэж United Airlines компаниас мэдэгджээ.
Баасан, Бямба гарагуудад тус компани нийт 361 нислэгээ цуцалсан юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Ник Калио тус улсын халдварт өвчин судлалын төвд хандаж бичсэн захидалдаа вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс халдвар авахад тусгаарлах хугацааг богиносгож өгөхийг хүсэж байжээ.
Ингэхгүй бол нислэгийн компаниуд ажиллах хүчний дутагдалд орохоор байгааг тэр анхааруулсан юм.
Одоо мөрдөгдөж байгаа зөвлөмжийн дагуу дархлаажсан хүмүүс халдвар авсан тохиолдолд 10 хоног тусгаарлагдах ёстой. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд үүнийг тав хоног болгон бууруулахыг нисэхийн салбарынхан хүссэн байна.
Коронавирусийн Омикрон хувилбар одоо АНУ-д шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудад давамгайлж байгаа. Зарим судлаачдын тооцоолсноор нэгдүгээр сарын дунд үед өдөрт 230,000-550,000 тохиолдол бүртгэгддэг болох өндөр магадлалтай гэнэ.
Эх сурвалж: Business Insider
Сэтгэгдэл (0)